Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00059

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Д.Одонтунгалаг, Д.Сарангэрэл, Д.Отгонхүү,
хохирогч Д.Отгонхүүгийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,
насанд хүрээгүй шүүгдэгч О.Баянмөнхийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонцэцэг,
насанд хүрээгүй шүүгдэгч Л.Ариунболдын хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвдулам,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир, М.Найдан, Э.Алтан-Уяа,
шүүгдэгч У.Сэрээтэр, насанд хүрээгүй шүүгдэгч О.Баянмөнх, Л.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Баянмөнх, У.Сэрээтэр, Л.Ариунболд нарт холбогдох 201606000102 дугаартай, 132/2017/0050/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хялганат суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан-Өргөө Политехникийн коллежийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 9-2-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Ууганбаярын Сэрээтэр /РД:ФЖ98061217/.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, овто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр дугаар баг 30-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Отгонцэцэгийн Баянмөнх /РД:ГМ99070116/.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2Б хэсгийн 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвадоржийн Ариунболд /РД:ГМ99072813/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Сэрээтэр, О.Баянмөнх нар нь бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сүүдэр царам” зах руу хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 270000 төгрөгийн хохирол, 2016 оны 5 дугаар сарын 30-ний өдрөөс 31-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2в хэсгийн 5-01 тоотод байрлах “Тэс” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан авч 601750 төгрөгийн хохирол, 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Булган аймгийн 5 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хашааны гадна талаас иргэн Д.Отгонхүүгийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн хөх өнгийн мотоциклийг хулгайлан авч 1317500 төгрөгийн хохирол, Шүүгдэгч У.Сэрээтэр, О.Баянмөнх, Л.Ариунболд нар нь бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Малчдын хороо”-нд орших суух иргэн Н.Энхтайваны хашаанаас 04-06 БУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг хулгайлан авч 1105000 төгрөгийн хохирол, 2016 оны 06 дугаар сарын 25-ны шөнийн 03 цагийн үед Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт байрлаж байсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн сонгуулийн штабын гаднаас иргэн О.Эрдэнэбаярын эзэмшлийн 21-83 ТӨЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг хулгайлан авч 1105000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч У.Сэрээтэрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Баянмөнх бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 05-ны шөнийн 01-02 цагийн үед зугаалах зорилгоор Булган аймгийн Булган сумын төвөөр явж байсан юм. Хүүхдүүд "Сүүдэр царам" зах руу орсон гэдгийг сонссон учраас бид хоёр орохоор болсон. Бид хоёр "Сүүдэр царам" захын хойд талын дээврийн төмрөн хаалтыг сөхөж байгаад дээвэр дотор орсон. Үүний дараа банзыг нь сөхсөн, тэгээд таазыг нь авч байгаад дотогш орсон. Эхлээд би орсон, дараа нь Баянмөнх орсон. Утас зардаг лангуунаас утас, спикер авсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөн Баянмөнх бид хоёр тамхи авч татмаар санагдсан. Тэгээд "Тэс" дэлгүүр дээр ирэхэд хаалттай байсан, дэлгүүрийн хажуу талын төмөр сараалжин торыг татахад доод булан хэсэг онгойхоор нь Баянмөнх бид хоёр орж тамхийг боодлоор нь авч Баянмөнхийн гэр рүү явсан. Мөн 2016 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянмөнх бид хоёр гадуур явж байгаад шөнийн 02 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гадна Мустанг-5 маркийн мотоцикл байхаар нь бид хоёр түрээд Гурилын үйлдвэрийн урд талд аваачиж асаагаад Буриадын хороо гэх газар луу ууланд тавьсан. 2016 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянмөнх, Ариунболд бид нар Баянмөнхийн гэрлүү явж байгаад шар өнгийн Даюун мотоцикл байхаар нь Ариунболд бид хоёр түрж авч явсан ба бид нар тэндээсээ Малчны хорооны тийшээ авч явсан. Энэ үед таарсан хөх өнгийн мотоциклийг мөн авч явсан. Бид нар Өлийн даваа гэх газраар яваад Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр сум руу явсан. Замд дугуй нь хагарсан мотоциклоо үлдээгээд нэг мотоцикл дээрээ гурвуулаа сундлаад Бүрэгхангай сум руу яваад буцаж Булган суманд явган ирцгээсэн. Хохирогч нарын хохирлыг бид нар хувааж төлөхөөр болсон. Хулгайлан авч өөрсдөө унаж ашигласан мотоциклоо өөрсдөө нэг нэгээр нь, Тэс дэлгүүр, Сүүдэр царам захын хохирлыг Баянмөнх бид хоёр хувааж төлөхөөр болсон. Би хохирогч Эрдэнэбаярын мотоциклийг, Тэс дэлгүүрийн өөрт ногдох 300000 төгрөгийг, Сүүдэр царам захын 175000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, би цаашид сурч сайн мэргэжилтэн болох хүсэлтэй байгаа учраас хөнгөн ял оноож өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Баянмөнхийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Ариунболдын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Өөрт оногдох хохирлыг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Одонтунгалагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэмт хэргийн талаар тодорхой мэдүүлэг мөрдөн байцаалтад өгсөн. Сэрээтэр өөрт ногдох хохирол төлбөрийг төлсөн, харин Баянмөнх төлөөгүй байгаа. Хохирол төлбөрийг төлсөн тохиолдолд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Монгол улсын ирээдүй болсон энэ хүүхдүүд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байгаасай гэж хүсэж байна гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Болсон үйл явдлын талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Сэрээтэр өөрт ногдох 300000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй. Баянмөнх төлөөгүй байгаа, хохирол төлбөр төлсөн тохиолдолд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Отгонхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр би жижүүрт гарч байсан юм. Би ШШГА-д хянагч ажилтай. Шөнө 01 цаг 40 минтын үед камер шалгахад миний мотоцикль байхгүй байсан. Баянмөнх миний мотоциклийн хохирол төлбөрийг төлөхөөр болсон байна. Миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирлоо гаргуулна гэх мэдүүлэг,
201606000102 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Одонтунгалагийн өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 15 цаг 40 минутын үед Сүүдэр царам зах дээр түрээсэлж ажилладаг 3 лангуугаа цоожлоод хүүтэйгээ эртхэн харьсан юм. Тэгээд маргааш өглөө нь 9 цаг өнгөрөөгөөд иртэл манай зах дээр хулгай орсон байсан. Бид нар дотогш орж үзэхэд манай лангууны цоожийг татаж онгойлгоод нүүрэн талын шилэнд өрөөтэй байсан 13 ширхэг утас өрөөтэй байснаас 5 ширхэг утас, доод талын тавиур дээр байсан 3 ширхэг хөгжимний өсгөгч зэргийг хулгайлаад аваад явсан байсан гэх мэдүүлэг /хх- 63-р тал/,
Хохирогч Д.Сарангэрэлийн өгсөн: Би Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2в-5-1 тоотод байх хашааны залгаа "Тэс" нэртэй хүнсний мухлаг ажиллуулдаг юм. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Ч.Баасанжав хүнсний мухлагаа ажиллуулаад орой 23 цагийн орчим хаасан. Гэртээ унтаж байхад шөнийн 03 цагийн орчим манай нохой олон удаа хуцаад байхаар нь нөхрийгөө гараад хараадах гэж хэлсэн. Миний нөхөр байшингаасаа гарч дэлгүүрийнхээ хойд талыг хараад зүгээр байна гээд орж ирсэн. Өглөөний 5 цагийн орчим дахин нохой хуцаад байхаар нь бие засчихаад хашааныхаа орчмоор харчихаад зүгээр байхаар нь буцаад гэртээ орж ирэн унтсан. Өглөөний 7 цаг 30 минутын орчим миний нөхөр сүү авах гэж мухлаг руу орсон чинь мухлагийн гадна талын цонх дарсан төмрийг хөндийлгөж, шилийг хагалаад дэлгүүрт орсон байсан, 13 нэр төрлийн тамхи ...зэргийг алдсан гэх мэдүүлэг /хх-65-66-р тал/,
Хохирогч Д.Отгонхүүгийн өгсөн: Би 2016 оны 06 дугаар сард болсон Улсын Их Хурлын сонгуулын үеэр буюу 26-аас 27-ны үед шиг санаж байна, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлалтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гадна хашаанаас “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хөх өнгийн мотоциклийг шөнийн цагаар буюу 01 цаг 40 минутын орчимд хулгайд алдаж байсан. ...Надад мотоциклийн өвдөгний төмөр хамгаалат, үрүүл зэргийг харууллаа. Өвдөгний төмөр хамгаалалтанд хийсэн гагнуураар уг хамгаалалтыг минийх гэж танилаа. Үрүүлний толины суурийг наалдан падаар наасан цавууны үлдэгдэл нь хэвээрээ байна. Мөн баруун талын атгагчийг зүүн талд нь авч дээшээ харуулж хийсэн нь хэвээрээ байна. Үрүүлний кундокторыг /асаалтын түлхүүр/ өөр түлхүүр буюу юугаар ч хамаагүй эргүүлдэг болсон зэргээр өөрийнхөө хулгайд алдсан мотоциклийн үрүүл гэж таньж байна гэх мэдүүлэг /хх-70-р тал/,
Хохирогч О.Эрдэнэбаярын өгсөн: Би 2016 оны 06 дугаар сард болсон Улсын Их Хурлын сонгуулиас 2 хоногийн өмнө шиг санаж байна, шөнийн 03 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын Зүүн түрүүний 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлаж байсан Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулын штабын гэрийн гаднаас “Даюун” маркийн улбар шар өнгийн, 21-83 ТӨЗ улсын дугаартай мотоциклоо хулгайд алдаж байсан. Миний мотоцикл улбар шар өнгийн бусад “Даюун” маркийн мотоциклтой ижил, дугуйн обудыг нь шар өнгөөр будсан байгаа гэх мэдүүлэг /хх-77 тал/,
Хохирогч Н.Энхтайваны өгсөн: 2016 оны 06 дүгаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө буюу Улсын Их Хурлын сонгууль дехөж байх уед Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “малчдын хороо”-нд байх өөрийн хашаанаас байшингийн цонхон доор байрлуулж тавьсан байсан “Даюун” маркийн 04-06 БУЗ улсын дугаартай мотоцикл хулгайд алдаж байсан. ...Би өөрийнхөө мотоциклийг ямар онцлог содон шинж тэмдэгээр нь таньж байгаа талаараа яръя. Мотоциклийн моторон дээр "Даюун" гэсэн бичиглэлтэй, арын шаврын хаалтны хар өнгийн хуванцар нь 2015 оны 06, 07 дугаар сарын үед хойш нь ухарч байгаад өөрийнхеө байшинг мөргүүлэхэд хугарсан, 4 амартизатор зэргээр таньж байна. Миний мотоциклийн бензиний "Даюун" гэсэн бичиглэлтэй хөх өнгөтэй савыг улаан өнгөтэй “Мустанг-5” гэсэн бичиглэлтэй саваар, хажуу талынх нь мөн хувцанцар шанаануудыг сольсон байна. Мөн урд талын дугуй, хянах самбар нь солигдсон байна. Гар тормосснууд ажиллахгүй, зүүн талын толь, улсын дугаар нь байхгүй болсон байна гэх мэдүүлэг /хх-73-74 тал/,
Гэрч Ж.Дэнсмаагийн өгсөн: “..Урьд орой нь би 19 цаг өнгөрөөгөөд өөрийнхөө лангууг цоожлоод харьсан. Маргааш өглөө нь иртэл хулгай орсон байсан. Би жижиглэнгийн бараа зардаг ба миний өөдөөс харсан лангуун дээр Оюунтунгалаг гар утас зардаг юм. Тэрний лангууны нүүрэн талын шилэн тавиур дээр 4 тавиур байдаг, утаснууд өрөөтэй хамгийн доод талд өсгөгч байдаг, түүнээс нь 4-5 утас алдсан байна. Өсгөгч бас алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-78-р тал/,
Гэрч Б.Эрдэнэбатын өгсөн: ...Тэгээд өглөө гэртээ хариад Шинэ хороо руу айлд очоод байж байхад “ээж ажил дээрээ иртэл хулгай орчихсон байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд очоод үзэхэд манай павлионы шилэн хананы тавиур дээр байдаг утас, өсгөгчнөөс хулгай хийсэн байсан. ...Миний мэдэхээр хятад, цэнхэр утас байсан 2 сим ордог, “Нокио” маркийн 4 ширхэг утас, спикер 3 ширхэг байсан алга байна гэх мэдүүлэг /хх-79-р тал/,
Гэрч Д.Сарантуяагийн өгсөн: “Одонтунгалагийн павилонд хулгай ороод байна. ...Миний эсрэг талын павилонд суудаг юм. Бид хоёр бие биенийхээ лангууг онгойлгоод л зогсдог итгэлтэй хүмүүс байгаа юм. Одноогийн лангууны шилэн тавиур дээр өрөөтэй 3 эгнээ утас, доор нь өсгөгч байсан. Хуу хамаад явсан байна гэх мэдүүлэг /хх-80-р тал/,
Гэрч Ч.Жамбалдоржийн өгсөн: ...Сүүлийн үед камер хөгжөөд үүд болон хойд мухартаа 2 камер суурьлуулаад, үүдний камер ажиллагаагүй болоод салгасан байсан. Харин одоо эргүүлээд үүдэндээ дахин камер тавиад байгаа. Дээврээр орж байсан салхивчийг янзлаж хаагаад битүү дээвэр болгосон, одоо дээврээр орох боломжгүй байгаа гэх мэдүүлэг /хх-81-р тал/,
Гэрч Ш.Баасанжавын өгсөн: Би эхнэр Сарангэрэлийн хамт "Тэс" гэх нэртэй тамхины мухлаг ажиллуулдаг юм. 2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад шөнийн 16-17 цагийн орчим нохой хуцаад байхаар нь гарч харахад дэлгүүрийн хойд хаалга нь зүгээр байсан. Тэгээд өглөө босоод тамхины мухлагынхаа хаалгыг онгойлгоход урд талын цонхыг хагалаад хулгай орсон байсан гэх мэдүүлэг /хх-82-р тал/, Гэрч Б.Отгонбаатарын өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдөр шиг санаж байна. Бүрэгхангай сумын 1-р багийн нутаг "Шанаган" гэх газарт оршин сууж байхад Л.Ариунболд нь хөдөө амрах гэж манай гэрт ирэхдээ бензиний сав нь хөх өнгөтэй, "Даюун" маркийн улсын дугааргүй, хуучин мотоциклийг жолоодож ганцаараа ирсэн. ...Манайд байж байгаад 2016 оны 09 дүгээр сард мотоциклийг унаж аймгийн төв орчихоод эргээд манай гэрт мотоциклийг авчирч тавьсан. Тэгээд л манайхыг өвөлжөөнд буулгаад мотоцикпийг гэрийн гадаа орхиод явсан. Уг мотоциклийн маниул нь хугарсан, хойд дугуй нь хагарсан өөр эвдрэл гэмтэлгүй байсан. Ариунболд утсаар над руу залгаад та гэрийнхээ гадаа байгаа мотоциклийг аваад ирээч гэж хэлэхээр нь мотоциклийг авчирч Ариунболдын гэрийн гадаа буулгаж өгсөн. Анх манай гэрт "Даюун" маркийн мотоциклийг унаж ирэхдээ хөх өнгийн бензиний савтай байсан ба дараа нь улаан өнгөтэй болсон байсан. Өөр мотоциклийн ямар нэгэн эд ангийг солиогүй байсан гэх мэдүүлэг /хх-86-р тал/, Гэрч Л.Лхагвадоржийн өгсөн: 2016 оны 09 дүгээр сард "Даюун" маркийн хөх өнгийн банкыг нь сольсон улсын дугааргүй мотоциклтой Отгонбаатарын гэрээс ирсэн. Хаанаас хэний мотоциклийг унаж яваа талаар асуухад Отгонбаатар ах авч өгсөн гэж ярьсан. Манай гадаа нэг хонуулаад Отгонбаатарын гэр рүү мотоциклийг унаад явсан. Тэрнээс хойш тэр мотоцикл Отгонбаатарын гэрт байсан ба Ариунболд унаж дахин ирээгүй. ...Би хүүхдийнхээ унаж явсан мотоциклийг нь хулгайн мотоцикл гэдгийг мэдээгүй байж байгаад 2017 оны 03 дугаар сард цагдаагаас дуудахаар нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-87-р тал/,
Насанд хүрээгүй шүүгдэгч О.Баянмөнхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 2016 оны 04 дүгээр сард, өдрийг нь сайн санахгүй байна. Шөнийн 00 цагийн үед манай гэрт Сэрээтэр ирээд бид хоёр аймгийн төвөөр явж байгаад “Сүүдэр царам” захын дээвэр хэсгээр нь том төмөр торыг Сэрээтэр бид хоёр төмрөөр сөхсөн ба Сэрээтэр дотогш орсон. Араас нь би ороод Сэрээтэрийг доош нь буулгахад Сэрээтэр зах руу ороод гар утас авсан. Тэрний дараа би Сэрээтэрийг дээш нь татаж захаас гараад манай гэр рүү явсан. Манай гэрт Сэрээтэр бид хоёр байсан ба авсан гар утаснуудыг нь үзэхэд 5 ширхэг Nokia маркийн гар утас, спикер байсан. 2016 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Ямар ч гэсэн хичээл амраагүй байсан. ..."Тэс" гэх дэлгүүрээс тамхи авъя гэж Сэрээтэр бид хоёр ярилцаад дэлгүүрийн урд талд очиход дэлгүүр хаалттай байсан. Дэлгүүрийн модон рамтай шилэн цонхыг гадна талаар нь төмрөөр хаасан байсан ба Сэрээтэр бид хоёр цонхыг хаасан төмрийг нь хажуу тийш болгоход Сэрээтэр цонхыг нь хагалаад дэлгүүр дотор цонхоор ороод хаалгыг нь онгойлгосон. Тэгэхээр нь би дэлгүүр рүү орсон. Дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байсан 10 гаран хайрцаг тамхийг аваад Сэрээтэрийн жижиг үүргэвчэн дотор хийгээд дэлгүүрээс гарч явсан. Тэгээд доош засмалаар уруудаад Зүүн түрүүнд байх манай гэрт очсон. Тамхийг татахыг нь татаж дуусгасан. Мөн 2016 оны 06 дугаар сарын сүүлээр ...шүүхийн шийдвэрийн хашааны гадна “Мустанг-5” маркийн хөх өнгийн мотоцикл байсан. Сэрээтэр тэр мотоциклийг авъя гэхээр нь чадахгүй өөрөө ав гэж хэлэхэд Сэрээтэр мотоциклийг Гурилын үйлдвэрийн хаалга руу түрж авчирсан. Мотоциклийн кунтакторыг нь харахад эвдэрсэн байсан болохоор шууд түрээд асаасан. Тэгээд Сэрээтэр бид хоёр малчдын хорооны наахан талд мотоциклийг аваачаад хаясан. Маргааш нь Сэрээтэр бид хоёр мотоцикль дээр очоод моторыг нь задалж аваад мотоциклийг тэнд нь хаясан. ...Би хаанаас мотоцикль болон эд зүйлс авснаа зааж өгч чадна. Бензин дуусахаар нь орхисон. Шүүхийн шийдвэрийн хашааны урд талаас авсан мотоциклийг малчны хорооны урд аманд моторыг нь аваад хаясан. Одоо хаана хаяснаа зааж өгч чадна. ...Намайг хэн нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэж айлган сүрдүүлж, зодож дарамталсан зүйл байхгүй. Би хэн нэгний өмнөөс гэмт хэрэг хүлээгээгүй, өөрөө хийсэн хэргээ хүлээж байна гэх мэдүүлэг /хх-149-151-р тал/, Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Ариунболдын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 06 дугаар сарын сонгуулиас өмнөхөн юм. Өдрийг нь сайн санахгүй байна. ..Тэгээд буцаж гарч ирээд засмал зам даган алхаад явж байхад сонгуулийн гэрийн зүүн талд шар өнгийн "Даюун" маркийн мотоцикл байхаар нь Баянмөнх, Сэрээтэр бид гурав очиж аваад засмал зам дагуулаад чигээрээ урагшаа голын ар талд аваачсан. Сэрээтэр бид хоёр майхан авах гэж явахад Баямөнх нөгөө мотоциклийн номерийг аваад байсан. Тэгээд Сэрээтэрийн амбаараас майхан аваад Гандангийн ар талын замаар яваад малчны хорооны тэнд байх айлаас мотоцикл авъя гэж Баянмөнх Сэрээтэр нар хэлэхээр нь бид нар байшингийн урд талд байсан хөх өнгийн "Даюун" маркийн мотоциклийг түрж авч яваад урагш нь аваачиж кундактор /асаалтын түлхүүр/-ыг нь салгаад урагшаа Өл даваад үүр цайж байхад Орхон сум руу ороод тэндээсээ Бүрэгхангай сум, цааш Хишиг-Өндөр сум орсон. ... хөх өнгийн "Даюун" маркийн мотоциклийн урд дугуй хагарахаар нь шар мотоциклийн урд дугуйг аваад нэг мотоцикль дээрээ гурвуулаа сундлаад Гурванбулаг сум руу явсан. ... Тэгээд мотоциклийг наадмын талбайд орхисон. 2-3 хоногийн дараа би мотоциклийг унаад Бүрэгхангай суманд байх Отгонбаатар ахын гэр рүү явсан. Тэгээд л мотоцикль Отгонбаатар ахын гэрийн гадаа байж байгаа юм. .. Сэрээтэр Баянмөнх нар гаргасан. Сэрээтэр, Баянмөнх бид нар нь жоохон зугаалгаар явъя гэж ярьж байгаад Баянмөнхийн мотоцикль асахгүй болохоор нь гэрт нь орхиод мотоцикль хулгайлсан. Хөх өнгийн "Даюун" маркийн мотоцикл харагдахаар нь Шар өнгийн "Даюун" маркийн мотоциклийн урд дугуйг хийгээд шар өнгийн "Даюун" маркийн мотоциклийг хаясан. ...Сонгуулийн гэрийн гадаах мотоцикл, малчны хороонд байх байшингийн гадаанаас мотоцикл авахдаа Баянмөнх, Сэрээтэр нар нь кундакторыг эвдээд асаагаад байсан. Малчны хороонд байх айлын байшингийн гаднаас авсан хөх өнгийн "Даюун" маркийн мотоцикл байсан. ..Отгонбаатар ахын гадаа байгаа. Маниул байхгүй, 2016 оны 07 дугаар сард хөх өнгийн бензиний сав нь цоорохоор нь улаан өнгөтэй саваар сольсон. Өөр эвдэрч, гэмтсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 165-166 тал/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №Б/16/47 дугаартай хохирогч Д.Одонтунгалагийн хулгайд алдсан эд зүйлийг нийт 270000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-90-96 тал/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №Б/16/102 дугаартай хохирогч Д.Сарангэрэлийн хулгайд алдсан эд зүйлийг нийт 601750 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-101-105 тал/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №17/40/2 дугаартай хохирогч Н.Энхтайваны хулгайд алдсан мотоциклийг нийт 1105000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-111-114 тал/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №17/40/3 дугаартай хохирогч Д.Отгонхүүгийн хулгайд алдсан мотоциклийг нийт 1317500 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-120-122 тал/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №17/40/1 дугаартай хохирогч О.Эрдэнэбаярын хулгайд алдсан мотоциклийг нийт 1105000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-129-132 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 2-3 тал/ эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх 11-12 тал/, гэмт хэргийн талаархи өргөдөл гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх 18-20 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 21-23 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-31 тал/, сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 40-49 тал/, мотоцикль хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-53-56 тал/ насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-58-59 тал/, насанд хүрээгүй этгээдийг сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /хх 144-151, 164-167 тал/, сэжигтэн, яллагдагчаар тооцох тогтоол /хх 152-162, тал/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 171-173 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх 174-183, 196-197 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг таниулж судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шунахайн сэдэлт бүхий давтан үйлдлээр, бүлэглэн шүүгдэгч У.Сэрээтэр, О.Баянмөнх нар нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сүүдэр царам” зах руу хууль бусаар нэвтрэн орж гар утас зэрэг эд зүйлсийг, 2016 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2в хэсгийн 5-01 тоотод байрлах “Тэс” дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж тамхи зэрэг эд зүйлсийг, 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Булган аймгийн 5 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хашаанаас Д.Отгонхүүгийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн, хөх өнгийн мотоциклийг,
шүүгдэгч У.Сэрээтэр, О.Баянмөнх, Л.Ариунболд нар нь 2016 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Малчдын хороо”-нд орших суух Н.Энхтайваны хашаанаас 04-06 БУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны шөнийн 03 цагийн үед Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт байрлаж байсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн штабын гаднаас О.Эрдэнэбаярын эзэмшлийн 21-83 ТӨЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг тус тус хулгайлан авч захиран зарцуулсан үйлдлээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, тэдгээрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Одонтунгалаг, О.Эрдэнэбаяр, Д.Отгонхүү, Н.Энхтайван, Д.Сарангэрэл, гэрч Ж.Дэнсмаа, Б.Эрдэнэбат, Д.Сарантуяа, Ч.Жамбалдорж, Ш.Баасанжав, Б.Отгонбаатар, Л.Лхагвадорж нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлийн үнэлгээний талаархи шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар батлагдсан байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч У.Сэрээтэр, О.Баянмөнх, Л.Ариунболд нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.Сэрээтэр, О.Баянмөнх, Л.Ариунболд нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Одонтунгалагт 270000 төгрөгийн, Д.Сарангэрэлд 601750 төгрөгийн, Н.Энхтайванд 1105000 төгрөгийн, Д.Отгонхүүд 1317500 төгрөгийн, О.Эрдэнэбаярт 1105000 төгрөгийн шууд хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар нь хулгайлан авсан 3 ширхэг мотоциклийг тус тусдаа эзэмшилдээ авч захиран зарцуулж байсан байх ба мөрдөн байцаалтын шатанд өөр өөрийн эзэмшилд байсан мотоциклийн хохирлыг хариуцан төлөхөөр тохиролцож, шүүгдэгч У.Сэрээтэр хохирогч О.Эрдэнэбаярт ижил төрлийн мотоциклийг, шүүгдэгч Л.Ариунболд хохирогч Н.Энхтайванд мотоциклийг биет байдлаар нь тус тус хүлээлгэн өгснөөр хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Мөн шүүгдэгч У.Сэрээтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлынхоо өөрт ногдох хувийг буюу хохирогч Д.Одонтунгалагт 135000 /270000₮:2/ төгрөг, Д.Сарангэрэлд 300000 /601750₮:2/ төгрөгийн хохирлыг тус тус төлснөөр хохирогч нар шүүгдэгч У.Сэрээтэрээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч О.Баянмөнхөөс хохирогч Д.Отгонхүүгийн мотоциклийн үнэ 1317500 төгрөг, хохирогч Д.Одонтунгалаг, Д.Сарангэрэл нарт учруулсан хохирлын түүнд ногдох хэсэг буюу хохирогч Д.Одонтунгалагийн 135000 /270000₮:2/ төгрөг, Д.Сарангэрэлийн 300875 /601750₮:2/ төгрөг буюу нийт 1753375 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч О.Баянмөнх, Л.Ариунболд, У.Сэрээтэр нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9 дэх хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, шүүгдэгч Л.Ариунболд, У.Сэрээтэр нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүх насанд хүрээгүй шүүгдэгч О.Баянмөнх, Л.Ариунболд нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, Булган аймгийн Хүүхдийн болон Цагдаагийн байгууллагаас хамтран гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж, түүнчлэн шүүгдэгч У.Сэрээтэрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон Дархан-Уул аймгийн Дархан-Өргөө Политехникийн коллежид суралцаж мэдлэг боловсрол эзэмших гэсэн хүсэл эрмэлзлэл зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж тус тус дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргаж, мотоциклийн өвдөгний төмөр хамгаалалт, төмөр үрүүл тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294-299, 377 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Халх овогт Ууганбаярын Сэрээтэр, насанд хүрээгүй Чонос овогт Отгонцэцэгийн Баянмөнх нарыг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн, насанд хүрээгүй Боржигон овогт Лхагвадоржийн Ариунболдыг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч У.Сэрээтэр, Л.Ариунболд, О.Баянмөнх нараас эд хөрөнгө хураахгүйгээр, шүүгдэгч У.Сэрээтэр, О.Баянмөнх нарыг 3 /гурав/ жилийн, шүүгдэгч Л.Ариунболдыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч У.Сэрээтэрт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Л.Ариунболдод оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч О.Баянмөнхөд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч У.Сэрээтэр, Л.Ариунболд, О.Баянмөнх нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч У.Сэрээтэр, Л.Ариунболд нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдьсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Баянмөнхөөс нийт 1753375 /нэг сая долоон зуун тавин гурван мянга гурван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 4-6 тоотод оршин суух, Сартуул овогт Дандарын Д.Отгонхүүд 1317500 /нэг сая гурван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3а хэсгийн 13-4-01 тоотод оршин суух, Боржигон овогт Дагвын Одонтунгалагт 135000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг, хохирогч Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2Б хэсгийн 5-01 тоотод оршин суух, Дархан овогт Дэмбэрэлжавын Сарангэрэлд 300875 /гурван зуун мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч У.Сэрээтэрт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Л.Ариунболдод 2 /хоёр/ жилийн хугацаагаар, О.Баянмөнхөд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд дөхөм үзүүлж, хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Булган аймгийн Цагдаагийн газар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6а-6-01 тоотод оршин суух, Чонос овогт Гомбын Отгонцэцэг, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2б-2-06 тоотод оршин суух, Тайж овогт Баасангийн Пүрэвдулам нарт тус тус даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мотоциклийн өвдөгний төмөр хамгаалалт, төмөр үрүүл тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Сэрээтэр, Л.Ариунболд, О.Баянмөнх нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД