2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1256

 

   2025        05         14                                    2025/ШЦТ/1256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч М.Нямжав,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2506004890807 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны хажууд хамт ажилладаг Ө.Зтой маргалдаж улмаар түүний биед халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Эрүүгийн 2506004890807дугаартай хэргээс:

Хохирогч Ө.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны гадаа Билгүүний хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тухайн үед бид 2 бие засахаар ажил руугаа ороод гарч ирсэн тэгээд хоорондоо маргалдаад Билгүүн миний нүүр болон хамар руу баруун гараа хүчтэй цохиж би газар унасан тэгээд би өөр зүйл санахгүй байгаа ухаан алдаад сэрсэн чинь гэмтэл рүү ах болох Саруул-Эрдэнэ аваад явж байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цаг 50 минутын үед би ээлжээ хүлээгээд авцан байсан ба гаднаас Билгүүн, Золбоо хоёр нэлээн согтуу орж ирсэн ба 00 оръё ахаа гэж хэлсэн тэгээд би за за гэж хэлээд ажлаа хийж байсан ба тэр хоёр 00 орчоод юм яриад байж байгаад гараад явсан. Тэгээд удаагүй гадаа чанга чанга дугараад хүмүүс орилоод би гайхаад хаалга нээж хартал нөгөө хоёр дээр доороо гарсан зодолдож байсан тэгээд би гараад хөөе хаая гээд салгаад Билгүүнийг салгаад явуулсан. Тухайн үед Билгүүн арай гайгүй Золбоогийн нүүр ам цус болцон байсан тул Золбоог ажил руу дагуулж оруулаад нүүр гарын угаалгаж цусыг нь арилгасан тэгээд эхнэр лүү нь залгаад энэ хоёр гадаа зодолдсон одоо ирж нөхрөө авмаар байна цус нөж болцон байсныг арилгасан гэж хэлтэл эхнэр нь за би дүүгийн явуулъя гэж хэлсэн ба цагийн дараа дүү болон эмэгтэй хүн хоёр ирээд аваад явсан ба тухайн үед хамар нь далийсан харагдсан тэгээд би хоёр дүүд нь одоо гялс гэмтлийн эмнэлэг яваад халуун дээр нь тэгшлүүлээрэй гэж хэлээд явуулсан. Тухайн үед ийм л зүйл болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Д.Ггийн "... гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Зд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 223.642 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Бд гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1305 дугаартай"...Ө.Згийн биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулайн хуйх, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, хамар, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой..." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/,

Хохирогч Ө.Згийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 68/,

Шүүгдэгч Г.Бий хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-65/  зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Улсын яллагч “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн санал гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны хажууд хамт ажилладаг Ө.Зтой маргалдаж улмаар түүний биед халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ө.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1305 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.

Шүүгдэгч Г.Бий үйлдлийн улмаас хохирогч Ө.Згийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч Г.Б нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Г.Бий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Хохирогч Ө.З нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй /хх-ийн 68/, “шүүгдэгч Г.Б эмчилгээний мөнгө болох 3.000.000 төгрөгийг  төлсөн” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан.

Мөн шүүхийн шатанд Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд 223.642 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.2 дах хэсэгт заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд  оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР