| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1176/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1313 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1313
2025 05 20 2025/ШЦТ/1330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
улсын яллагч Б.Очгэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч К.Н,
шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “З” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лд холбогдох эрүүгийн “2502000000183” дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Л нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "С" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2020 оны 6 дугаар сарын татварын тайлант хугацаанд "Р" ХХК-иас 14 ширхэг падаанаар 518,181,818.18 (таван зуун арван найман сая, нэг зуун наян нэгэн мянга, найман зуун арван найман төгрөг, арван найман мөнгө)-ийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,818,181.82 (тавин нэгэн сая, найман зуун арван найман мянга, нэг зуун наян нэгэн төгрөг, наян хоёр мөнгө)-өөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2502000000183 дугаартай хэргээс:
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 47240016 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 3-22);
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч К.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "С" ХХК-ийг 2020 оны 06 дугаар сарын НӨАТ тайланд 14 ширхэг падааны нийт 518.181.818.18 төгрөгийн ногдох татвар нь 51.818.181.62 төгрөгийн "Р" ХХК-иас худалдан авалт хийж НӨАТ-ын ногдуулах орлого бууруулсан зөрчил илэрсэн. Тус компани нь 2020 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайланд Рп ХХК-иас худалдан авсан 14 ширхэг падааны 518.181.818.18 худалдан авалтыг НӨАТ-ын тайлангийн 60 дугаар мөр "Худалдан авалтын буцаалт хөнгөлөлтийн дүн хэсэгт тайлагнаж" худалдан авалтын буцаалт хийж 51.818.181.62 төгрөгийн татвараа тайлагнасан тул илтгэх хуудас бичсэн болно. Дээрх аж ахуйн нэгжийн хувьд худалдан авалт, борлуулалт болон, төлөлтөөр 2022 оны жилийн эцсийн байдлаар 4,046,111,68 төгрөгийн илүү төлөлтэй өрийн тооцоололт харагдаж байна. Тийм учир "С" ХХК-ийн хувьд НӨАТ-ын хуурамч падааны шивэлттэй холбоотой өр төлбөрийг 2022 оны жилийн эцэс гэхэд бүрэн барагдуулж дууссан. Улсад учруулсан хохирол төлбөргүй гэж үзэж байна...." гэх мэдүүлэг (хх-ийн 29-30);
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн танилцуулга (хх-ийн 79-85);
Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд тухайн компани ажил нь 2015 он хүртэл явагдаад тэрнээс хойш зогсонги байдалд ороод хөрөнгө оруулагч нь ирэхээр больсон. Тэгээд энэ талаар А.Сгээс асуутал манай хөрөнгө оруулагч нар санхүүгийн хүндрэлд ороод Монголд ажил хийх боломжгүй болсон байна гэж хэлсэн. Тэр үед А.С надад хөрөнгө оруулагч нартай ярилцаад миний цалинг авч егне гэсэн боловч авч өгөөгүй. Ерөнхийдөө бол 2015 оны намраас хойш "Р" ХХК-ийн үйл ажиллагаа зогссон..." гэх мэдүүлэг (хх-ийн 98-99);
Гэрч Ч.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр орчим Р ХХК-ний нэр дээр их хэмжээний НӨАТ-ийн өр үүссэн байсан. Тэгээд Р ХХК-ний захирал Эрдэнэтуяад утсаар мэдэгдэхэд 2020 оны 9 дүгээр 16-ны өдөр ирж уулзсан. Эрдэнэтуяа нь ирээд манай компани нь үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ их хэмжээний өр байх ёсгүй гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 161);
Гэрч Ш.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д нь Р ХХК болон түүний нар дээр хуурамч худалдан авалт хийх компаниудтай уулзаж олж ирсэн. Миний бие Дгийн олж ирсэн компанийг Ад санал болгодог. Харин А нь уг компаниудад дээр хуурамч бичилт хийгдсэн үед Татварын албанаас хяналт орох уеийн асуудлыг хянах, шалгах ажиллагааг хүмүүстэй уулзаж зохицуулах ажиллагааг хариуцаж хийдэг. Харин Хүрэлбаатар нь намайг гуйсны дагуу хуурамч баримтыг Р ХХК-ний нар дээр бичиж өгсөн. Дээрх асуудлаар А нь 70.000.000 төгрөг, Хүрэлбаатар мөнгө аваагүй. Харин намайг Д нь БЗД-ийн бөхийн өргөөний хажууд ................... тоотод байранд оруулсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 106-107)
Шүүгдэгч Д.Лгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 63-76/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Лд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн санал гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Л нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны рооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "С" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2020 оны 6 дугаар сарын татварын тайлант хугацаанд "Р" ХХК-иас 14 ширхэг падаанаар 518,181,818.18 (таван зуун арван найман сая, нэг зуун наян нэгэн мянга, найман зуун арван найман төгрөг, арван найман менге)-ийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,818,181.82 (тавин нэгэн сая, найман зуун арван найман мянга, нэг зуун наян нэгэн төгрөг, наян хоёр мөнгө)-өөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь:
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 47240016 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 3-22);
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч К.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 29-30);
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн танилцуулга (хх-ийн 79-85);
Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 161);
Гэрч Ш.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 106-107) болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилж, уг зүйлийн 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.
Шүүгдэгч Д.Л нь татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 518,181,818.18 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,818,181.82 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Д.Лгийн хувьд татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан ба дээрх гэмт хэргийн субьектийн шаардлага хангасан төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил байна гэж зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч Д.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Иргэний нэхэмжлэгч К.Н шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирол хор уршиг төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн саналуудыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Д.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлснийг хөнгөрүүлэх байдалд хамааруулан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрлийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд 2,500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд 2,500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Лад оногдуулсан 2,500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР