Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00060

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч М.Нямдаваа,
шүүгдэгч Л.Анхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Лувсандоржийн Анхтөрд холбогдох эрүүгийн 201706000074 дугаартай, 132/2017/0051/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг, Мэргэний даваа гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Богшид овогт Лувсандоржийн Анхтөр /РД:ЖН81070574/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Анхтөр нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шөнө Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт иргэн М.Нямдаваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолоор/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Л.Анхтөрийн өгсөн: Бид 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу хадам аав, ээжтэйгээ золгохоор явсан юм. Үүний дараа бид өөр айлд очсон бөгөөд энэ үед төрөл, садангийн ах нас барсан. Ийм учраас би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм. Харин энхэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид хөдөө гэр рүүгээ явахаар болсон. Хөдөө гэр рүүгээ явах замд эхнэр хүний тээврийн хэрэгсэлд бөөлжсөн юм. Үүнд нь би уурласан юм. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг, Хохирогч М.Нямдаваагийн өгсөн: Бид 2017 оны 03 дугаар сарын 02-ны орой маргалдсан юм. Үүнээс болж нөхөр намайг зодон миний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан. Бид өмнө нь маргалддаг байсан боловч миний бие махбодид гэмтэл учруулж байгаагүй. Нөхөр шүүх хуралдаанаас өмнө надаас уучлалт их гуйсан. Мөн цаашид хамтран амьдарна, дахин намайг зодохгүй гэдгээ хэлсэн. Хүүхэд маань одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Би хүүхдийнхээ ирээдүйг бодоод нөхөртэй цаашид хамтран амьдрах бодолтой байна гэх мэдүүлэг,
201706000074 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шүүгдэгч Л.Анхтөрийн сэжигтнээр өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2-р багийн нутаг Мэргэний даваа гэх газар байх гэрээсээ эхнэр хүүхдийн хамт хадам аав, ээждээ золгохоор Орхон аймаг орсон юм. Тэгээд хадмындаа золгуутаа хийчихээд эхнэрийн хоёр найзынд очиж золгуут хийнгээ тэр хоёр айлд нийт 3 шил архи уусан. Гандолгорынд байхад манай авга ахын охин Хулан утсаар яриад аав нас барлаа гэж хэл дуулгаж байсан. Тэгээд эхнэр хүүхэд бид гурав шөнийн 02 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн замд явж байхад эхнэр бөөлжсөн юм. Тэгээд гэртээ ирээд би эхнэрт чи хүнтэй явж байж архиа жаахан замбараатай ууж байхад яадаг юм гэж хэлэхэд миний ууж идэх чамд ямар хамаатай юм гээд уурлаад агсам тавьж миний нүүрийг маажих гээд болохгүй болохоор гартаа таарсан юмаа авч шидээд байхаар нь миний уур хүрч орноосоо босоод нүүр лүү нь 3-4 удаа алгадсан. Тэгээд надруу дайраад байхаар нь цааш түлхсэн чинь орны толгой мөргөөд унасан. Тэгэхээр нь хөл рүү нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд нүд нь хавдсан мөн хүүхэд уйлаад байсан болохоор би больсон юм. Тэгээд би эхнэрээс чи архи уумаар байна уу гэхэд уумаар байна гээд архи уугаад гэртээ үлдсэн ба малдаа явсан юм. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хромон гутлаар 2-3 цохьсон юм. Намайг тухайн үед айлд муушиг тоглож байгаад ирсэн чинь уурлаад миний толгойруу цохихоор нь уур хүрээд цохьсон юм гэх мэдүүлэг /хх 44 тал/,
Хохирогч М.Нямдаваагийн өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 02-ны 16 цагийн үед Булган аймгийн Хангал сумын нутаг Мэргэний давааны ард байх гэрээсээ Орхон аймагт байдаг өөрийн аав ээж дээрээ золгохоор нөхөр хүүхдийн хамт ирсэн юм. Тэгээд золгуут хийчихээд өөрийн хоёр найз болох Гандолгор, Нандинцэцэгийнд байж байхад буцах машин маань бид гуравыг авахаар Нандинцэцэгийн гадаа ирсэн. Би найзындаа 2-3 хундага архи уусан байсан учраас миний дотор муухай оргиж машиныг түр зогсоож бөөлжсөн. Тэгэхэд нөхөр Анхтөр явж байгаа машин зогсоолоо, чиний архи уусан тэндээ юм байгаа биз гэж уурласан.Тэгээд бид 3 гэртээ харьчихаад унтахаар орондоо орж хэвтсэн. Тэгтэл нөхөр Анхтөр бэлгийн харьцаанд орох гэхээр нь би хүсээгүй болохоор боль гээд хөлөөрөө цааш нь өшиглөсөн чинь уурлаад орноосоо босож ирээд намайг нүүр нүдгүй цохиод хамаатны минь ах нас барсан байхад тоосонгүй айлд архи уусан. Энэ тэнэг хүүхнээс сална, урьд нь намайг цагдаад барьж өгч байсан гэх зэргээр хэлээд зодсон. Тэгээд би хэсэг ухаан алдаж унасан байсан. Тэгэхэд хөл рүү өшиглөхөд нь сэргээд босож ирэхэд ахиад намайг багалзуурдаад эднийхэн гуйлгачин хүмүүс мөн охиныг маань золбин гөлөг гэж доромжилж байсан. Тэгээд намайг Анхтөр зодож байхад Анхтөрийн эгчийнх нь хүүхэд болох Төмөрөө гэж залуу байсан ч хамгаалаагүй. Маш их гомдолтой байна.." гэх мэдүүлэг /хх 22 тал/, Гэрч О.Цэцэгсүрэнгийн өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос гарах гэж байхад манай охин М.Нямдаваа миний утсаар хүргэн Анхтөрийн утаснаас залгаад та нар наашлах болж байна уу гэхээр нь яасан бэ? гэхэд Анхтөр намайг зодлоо би та нарын замыг тосч суугаад Эрдэнэт ороод эмчид үзүүлье гэхээр нь за за гарч явна дөхөж очоод ярья гэсэн. Явах замдаа Баруун-бүрэн сум өнгөрөөд залгахад за би замруу дөхөж байя гэсэн ингээд би утасгүй яваа. Анхтөрийг утасыг гэртээ орхиод гарлаа гээд холбоо тасарсан. Тэгээд бид нар Жаргалант сум дээр ирээд Анхтөрийн утасруу залгахад авахгүй хэсэг байснаа өөр дугаараас нэг залуу залгаад хэн бэ гэхээр нь би наад дугаарлуу чинь залгаагүй чи өөрөө хэн бэ гэхэд утсаа салгасан тэгээд ахиад залгаад Нямдавааг хаанаас олж авах бэ гэхээр тэр гурав гурвуулаа явсан гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд ямар сураггүй байхаар нь Жаргалант сумын зам дээр зогсоод хүлээгээд байж байтал нэг танихгүй дугаараас Нямдаваа би байна Даваа даваад давааны баруун талын айлд ирсэн байна гэж ярихаар нь би өөдөөс чинь очлоо салах замаа заагаад өг гэхэд зам зааж өгөөд тэгээ явж явж өөдөөс нь очиж аваад Эрдэнэт ирээд маргаашнаас эмнэлэг цагдаа шүүх эмнэлэг гэж явсан даа. гэх мэдүүлэг /хх 13 тал/,
Гэрч М.Төмөрсүхийн өгсөн: Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн орой бэр эгч Нямдаваа Орхои аймгаас Хангал суманд хөдөө гэртээ согтуу ирээд архи ууна архи авч өг гэхээр нь Анхбаяр одоо унтаж амар гээд байсан. Нямдаваа өөрөө авдарт байсан 0,75 граммын ерөөл архи ганцаараа ууж дуусгаад дахиад 0,75 бүтэн шил ерөөл архи уучихаад Анхтөрд агсан тавиад би чамайг унтуулахгүй гээд ахын нүүр лүү нь нулимаад толгойруу нь цохиод байхаар нь Анхтөр Нямдавааг 2 удаа алгадаад унтуулах гээд орон дээр дараад байсан. Маргааш нь Анхтөрийг хонинд яваад ирэхэд нь Нямдаваа үлдсэн ерөөл архиа уучихаад агсан тавиад хоорондоо хэрэлдээд байсан. Тухайн үед би хурга ишигээ тэжээгээд гадуур байсан. Нямдаваа эгч, ээж, аавтайгаа утсаар яриад аав, ээж нь машинтай ирээд Орхон аймаг руу сууж явсан гэх мэдүүлэг /хх 31 тал/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 243 тоот:
1. Магадлуулагч М.Нямдаваагийн биед нүүр, эрүүний зүүн хэсэг, хоёр гарын бугалга, цээж, 2 хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.
2. Дээрхи гэмтэлүүд нь хатуу зүйлийн шууд чиглэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтоонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 35 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3 тал/, захиргааны шинжтэй зөрчил, материалыг гэм хэргийн гомдол мэдээлэлд шилжүүлэх тухай тогтоол /хх 8 тал/, М.Нямдаваагаас асууж авсан тайлбар /хх 9 тал/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх 15-21 тал/, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол /хх 44 тал/ болон хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүгдэгч Л.Анхтөр нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шөнө Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт иргэн М.Нямдаваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан
болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Нямдаваагийн өгсөн: “хамаатны минь ах нас барсан байхад тоосонгүй айлд архи уулаа гэж намайг нүүр нүдгүй цохьсон. Энэ тэнэг хүүхнээс сална, урьд нь намайг цагдаад барьж өгч байсан гэх зэргээр хэлээд зодсон” гэх мэдүүлэг, гэрч О.Цэцэгсүрэнгийн өгсөн: “Анхтөр намайг зодлоо би та нарын замыг тосч суугаад Эрдэнэт ороод эмчид үзүүлье гэхээр нь за за гарч явна дөхөж очоод ярья гэсэн” гэх мэдүүлэг, гэрч М.Төмөрсүхийн өгсөн: “Анхтөрд агсан тавиад би чамайг унтуулахгүй гээд ахын нүүр лүү нь нулимаад толгойруу нь цохиод байхаар нь Анхтөр Нямдавааг 2 удаа алгадсан. Маргааш нь Анхтөрийг хонинд яваад ирэхэд нь Нямдаваа үлдсэн ерөөл архиа уучихсан хоорондоо хэрэлдээд байсан” өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 243 тоот дүгнэлт, шүүгдэгч Л.Анхтөрийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Анхтөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Л.Анхтөр, хохирогч М.Нямдаваа нар нь сайн дураар эвлэрч байгаагаа илэрхийлсэн, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Богшид овогт Лувсандоржийн Анхтөрийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Л.Анхтөрд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Л.Анхтөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Анхтөрд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ