Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/384

 

 

 

 

 

 

 2021             04            14                                          2021/ДШМ/384                        

           

Б.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

хохирогч П.Д-гийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

            шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.М-т холбогдох 2006026122300 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Б-ын М-, Төв аймагт 1974 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ээлжийн ахлагч ажилтай, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/

Б.М- нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 145 дугаар байрны орцонд согтуугаар хувийн таарамжгүй харилцааны улмаас П.Д-гийн зүүн нүд рүү 3 удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-аас 1,671,840 төгрөгийг гаргуулан хохирогч П.Д-д олгож, хохирогч эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шуух хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Д-тэй хэл амаар маргалдсанаас бус зодолдсон зүйл байхгүй. 20 гаруй хоногийн дараа цагдаад гомдол гаргасан байсан. Хэрэг, үйл явдлын цорын гарц гэрч С.С- нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт Б.М- нь хохирогч П.Д-г цохьсон, зодсон явдал үгүйг нотлон ярьдаг. Гэтэл үүнийг аль ч шатанд авч хэлэлцэхгүй байна. Гэрч Х.А- 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Д- миний баруун нүдийг хавдтал цохьсон. Би хэн нэгний биед гэмтэл учруулаагүй ...” гэсэн. Х.А-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Яллах дүгнэлтэд гэрч Х.А-ийн мэдүүлгээс иш татан оруулсан. Тэрээр “Би 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн үед гэртээ байж байгаад машинаас юм авах гээд гартал миний машины урд талын сандал дээр Д- согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглээд тасарсан байдалтай, зүүн нүд нь хавдчихсан сууж байсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №004122 тоот өвчний түүхэнд хохирогч П.Д- нь “2020 оны 05 дугаар сарын 16-нд үл таних хүмүүст зодуулсан” гэсэн атлаа цагдаад гомдол гаргахдаа намайг зодсон гэж зөрүүтэй мэдүүлэг өгснийг шалгаагүй. Хэргийг шийдвэрлэхдээ Б.М- цохиж гэмтээсэн гэсэн хэт нэг талыг барьж таамгаар шийдвэрлэж, үйлдээгүй хэргийг үйлдсэн болгож, эрүүгийн ял оноож, хэлмэгдүүлсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруугийн талаар гэсэн хэсэгт “...шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг шүүдэгч өөрөө ... гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн... зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно... хохирогч П.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ ... өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, Б.М- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “Гэрч Х.А-ын гэрээс хохирогч П.Д-, гэрч С.С- нартай орц руу цуг гараагүй, хохирогчийг цохиогүй, түүнд хөнгөн гэмтэл учруулаагүй” гэдгээ тогтвортой мэдүүлсээр ирсэн байхтал шүүх түүнийг хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн хохирогч П.Д-гийн мэдүүлгүүд нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтуудтай зөрүүтэй, эргэлзээтэй байхад хохирогчийн мэдүүлгийг бодитой, үнэн зөв гэж дүгнэн, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хууль бус байна. Хохирогч мэдүүлэгтээ “Б.М- намайг цохиж байхыг С.С- хараад салгасан” гэдэг. Гэтэл С.С- мэдүүлэгтээ “Бие биедээ халдаагүй” гэх үгүйсгэсэн мэдүүлгийг удаа дараа өгсөн. Дээрх байдлаар онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд болох хохирогч, гэрчийн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад шүүх хохирогчийн мэдүүлгийг үнэн, зөв гэж авахдаа гэрч С.С-гийн мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь хууль бус юм. Түүнчлэн гэрч Х.А- “...Д- миний баруун нүдийг хавдтал цохьсон... Д-г хэн гэмтээснийг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байхад энэ талаар огт шалгаагүй атлаа энэ эргэлзээтэй асуудлыг тодруулахаар гэрчийг оролцуулах хүсэлт гаргахад авч хэлэлцээгүй. Гэрч Х.А-ийн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээс уулзсан хүмүүс, хохирогчийн биеэ авч явсан байдал зөрүүтэй, хохирогч 16 цагт орцонд цохиулаад 19 цагт хажуу айлын хашаанд гэрчтэй уулзах орох хооронд хаана, юу хийж байсан нь тодорхойгүй төдийгүй, өөрт хэн гэмтэл учруулсныг асуухад тодорхой хүний нэрийг хэлээгүй байдаг. Түүнчлэн хохирогч, гэрч Х.А- нарын дээрх мэдүүлгийн зөрүүг хохирогчийн мэдүүлэгтээ дурдсан О-, А- нарыг гэрчээр асууж гаргаагүйг дурдах нь зүйтэй. Мөн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7040 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2-т “дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэж заасан атал хохирогчийн мэдүүлэгт “намайг 3-4 удаа цохисон” гэдгээс зөрүүтэй, хохирогч 2020 оны 05 дугаар сарын 25-нд /гэмтэл авснаас хойш 9 хоногийн дараа, цагдаад гомдол гаргахаас 8 хоногийн өмнө/ төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэхдээ “өвчний түүх” №004122, клиникийн оношийн үндэслэл дээр удаа дараа “2020.05.16-нд үл таних хүнд зодуулсан гэж эмч Ч.Хүрэлчулуунд мэдүүлсэн нь хохирогчийн мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтэй тус тус зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Дээрх байдлаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан “Удаан хугацаанд цагдаад мэдэгдээгүй” талаар тайлбар хэлэхэд П.Д-гийн ээж нь нас барсан. Уг хугацаанд Х.А- “Манай найз хэрэгт орчих гээд байна, чи манай найзыг гэж битгий хэл” хэмээн удаа дараа утсаар гуйсан. Х.Ариубат гэдэг хүнийг анхан шатны шүүхээс удаа дараа дуудсан. Гэтэл ирээгүй нь хамаатан болохоор бодит байдлыг мэдэж байсан ч санаа нь зовоод ирээгүй гэж ойлгож байна. Хохирогч П.Д- өөрөө шүүх хуралдаанд холбогдож чадаагүй учраас надтай утсаар холбогдоод хэлсэн үгийг нь дамжуулъя. “Намайг зодсон нь үнэн. С.С- ах салгаагүй бол шүүгдэгч Б.М- намайг аймар зодох байсан. Харин С.С- ахад баярлаж байна. Гэхдээ С.С- ахын санаатайгаар худал мэдүүлэг өгч байгаад нь гомдолтой байна. Өөр хэлэх зүйлгүй” гэсэн. Хавтас хэргийн 40 дүгээр хуудаст авагдсан мэдүүлгээс харахад шүүгдэгч Б.М- худал мэдүүлэг өгч, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь төрийн албан хаагч учраас ажилгүй болно гэсэн үзсэнтэй холбоотой гэж хардаж байна. Энэ хэрэг бол гэрч О-, Х.А- нарын мэдүүлгээр тогтоогдсон. 16 цагийн үед болсон зодоон, 19 цагийн үед болсон мэтээр гэж өмгөөлөгч гомдолдоо дурдсан. 16 цагийн үед Х.А- архи аваад ир гэж П.Д-г гэртээ дуудсан байдаг. 16 цагийн үед тэднийд очсон болохоос биш, 19 цагийн үед зодоон болоогүй. Б.М- гарч явахдаа орцонд хохирогчийг зодчихоод, малгайгаа гэрт орхисон болохоо санаад буцаж орж авсан нь нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн хүний хувийн байдлыг харгалзан үзээд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн. Уг хэрэгт хохирогч өөрөө гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд заасан байдаг. С.С- бол Б.М-ын 20 гаруй жил найзалсан найз нь байгаа. Шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн зодоон болоогүй гэдэг. Б.М-ын давж заалдах гомдолд дурдагдсан хохирогч П.Д-тэй муудалцсан гэж ярьдаг. Хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцсан асуудал хавтас хэрэгт байгаа. Түүнчлэн П.Д-, Х.А-ын нүдийг цохисон гэж гомдолд дурдсан. Энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтрээд байна. Х.А-ын зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй, шүүх эмнэлэгт ч үзүүлээгүй байдаг. Мөн 3-4 удаа хохирогч цохисон гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр 1-2 удаа мохоо зүйлийн үйлчлэлээр цохиж уг гэмтэл үүсгэгдсэн гэж гарсан. Хохирогч хэдийгээр 3-4 удаа цохисон гэж мэдүүлж байгаа боловч тухайн гэмтэл үүсэж байгаа нь 1-2 удаа цохилтын улмаас үүсэх боломжтой гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжээч дүгнэлтдээ тусгасан байдаг. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр шийтгэх тогтоолд тусгагдаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн талаар ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болохуйц хүмүүсийг байцаагаагүй, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй зэргээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн байхад анхан шатны шүүх эдгээр зөрүүтэй мэдүүлгүүдийн нэг хэсгийг үндэслэн шийдвэр гаргахдаа эсрэг өгсөн мэдүүлгүүдийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсанаас шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч П.Д-, гэрч С.С-, шүүгдэгч Б.М- нар байжээ. Гэтэл хэргийн талаар хохирогч П.Д- “...орц руу С-, М- бид гурав хамт гараад, М- миний зүүн нүд рүү 3-4 удаа баруун гараараа цохьсон. С.С- салгасан...” гэж /хх 9-10/, гэрч С.С- “...М-, Д- нар бие биедээ халдаагүй...” гэж /хх 24-25/ тус тус эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх тул үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн эдгээр хохирогч, гэрчийн хэнийх нь мэдүүлэг хэргийн бодитой байдалтай нийцэж байгааг мөрдөн шалгах явцад тогтоогоогүй байна.   

2. Хохирогч П.Д- “...Би А- ахын орцноос гараад О- хашаанд ороход “Нүүр ам чинь ямар аймар болчихсон юм бэ? А-аар хүргүүл” гэж хэлсэн ...” /хх 9-10/ гэсэн мэдүүлэг байхад “А-”, “О-” гэсэн хүмүүсийг гэрчээр асууж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа эсэхийг тодруулах ажиллагаа хийгээгүй байна.

3. Гэрч Х.А-ын “...Д- миний баруун нүдийг хавдтал цохьсон...” /хх 29-30/ гэсэн мэдүүлэг өгснийг шалгаж, тэдний хооронд хэрүүл, маргаан, зодоон болсон эсэх, хохирогч П.Д-д гэмтэл учирсан хэрэгтэй холбоотой эсэхийг тодруулах нь зүйтэй.

Дээрх асуудлууд нь хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Б.М-т холбогдох хэргийг прокурорт буцааж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                 ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН