| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 2434004090401 |
| Дугаар | 2025/ШЦТ/238 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Цогзолмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/238
2025 5 27 2025/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг хөтөлж,
-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор Б.Цогзолмаа,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.И,
-иргэний хариуцагч Д.Т,
-шүүгдэгч Т.Д түүний өмгөөлөгч Н.Нарангарав /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Т-ийн Д-д холбогдох эрүүгийн ****** дугаартай 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Т-ийн Д, регистрийн **** дугаартай, 2005 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тайз угсралтын туслах ажилтан ажилтай, ам бүл 5, аав, дүү нарын хамт Улаанбаатар хот, ***** тоотод орших суудаг боловч Өмнөговь **** тоотод албан ёсны бүртгэлтэй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Д нь 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын 01 дүгээр багийн нутагт **** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 18 настай, эрэгтэй Б.Ө-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т.Д нь: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.И: “Хүүхдийн маань найз нь байсан. Өмнөговь аймаг явсныг нь би мэдээгүй. Эд нар хотоос машиныг унаж явсан гэж яриад байдаг байсан. Гэтэл хүүхэд өнгөрсний дараа халааснаас нь Өмнөговь аймгаас 200.000 төгрөгийн юм авсан баримт гарч ирэхээр нь мэдсэн. Урьд өдөр нь надтай машин барьж явж байгаад таарсан. Дуудахад намайг хараагүй. Хүү рүүгээ залгаад “ээж нь цөсний хагалгаанд орох гээд байна. Хүрээд ирээ” гэж хэлэхэд “очно” гэж хэлсэн. Тухайн өдрийн орой нь Нарт хотхоны тийшээ зодоон хийх гэж очсон байсан. Д-ийн найз охин нь наадам үзэх гэж ээж аавтайгаа явсных нь араас очих гэж, барилдах гэж явсан хүүхдүүд. Өнгөрөхийнх нь өмнө хийсэн бичлэг байсан. Хойноос нь өндийж босож ирээд хуруугаа гозолзуулаад бүгд машин дотроо бүжиглэж байсан. Хэцүү байна. Сэтгэл санааны дүгнэлт дээр шүүх, хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Сэтгэл санааны хохирол гаргуулна” гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,
Шүүгдэгч Т.Д нь 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын 01 дүгээр багийн нутагт **** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 18 настай, эрэгтэй Б.Ө-ын амь насыг хохироосон нөхцөл байдал дараах баримтуудаар тогтоогдсон байна.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдагдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, /хавтаст хэргийн 8-12 тал/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, /хавтаст хэргийн 13-17 тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, /хавтаст хэргийн 18-20 тал/,
-Хохирогч О.И-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 тал/,
-Иргэний хариуцагч Д.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 тал/,
-Насанд хүрээгүй гэрч Б.С-ын мэдүүлэг, /хавтаст хэргийн 37 тал/,
-Гэрч Б.А-ын мэдүүлэг, /хавтаст хэргийн 39 тал/,
-Гэрч Ү.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 тал/,
-Гэрч М.Г-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 44 тал/,
-Гэрч Э.Э-ны мэдүүлэг, /хавтаст хэргийн 49 тал/,
-Иргэний хариуцагч Д.Т-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 51-52 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 29- ний өдрийн 147 дугаартай ...Амь хохирогч Б.Ө-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас зүрх, судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ..." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 61-65 тал/,
-Шинжээч С.Бямбасүрэнгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 48/22, 24/291 дугаартай "... Тоёота приус маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Т.Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна..." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 78-80 тал/,
-"Гарьд Гүрү Үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 07/238 дугаартай "Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 8.834.000 төгрөг" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86-101 тал,
-Яллагдагч Т.Д-гийн "Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар үнэн зөв тодорхой ярьсан дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. шүүх хурлаас өмнө хохирлоо барагдуулна, ажил хийж мөнгө цуглуулж байгаа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй..” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Хэргийн оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Эрх зүйн дүгнэлт.
Шүүгдэгч Т.Д нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон хүний амьд явах эрхийг зөрчиж,
Шүүгдэгч Т.Д нь тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасан бөгөөд уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 18 настай, эрэгтэй Б.Ө-ын амь насыг хохироосон болох нь Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 147 дугаартай дүгнэлтэд тусгагдсан байна.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно.” мөн зүйлийн 15.1.1-“тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн” мөн зүйлийн 15.1.2-т “тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн”, мөн зүйлийн 15.1.3-т “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэж тус тус хуульчлагдсан бөгөөд мөн хуулийн 15.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэж заасан байдаг.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Д нь дээрх хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй байх тул түүнийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Т.Д нь тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.
Шүүгдэгч Т.Д нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хууль бус бөгөөд дээрх үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн“ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэн явсны улмаас хүний амь нас хохирсон нь тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчих гэмт хэргийн объектив талыг “ хүний амь насыг хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Т.Д-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон нь шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,
Шүүгдэгч Т.Д нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” тээврийн хэрэгсэл жолоодож “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг зөрчсөний улмаас “хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5.Хохирол, хор уршиг.
Уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь хохирсон байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.И мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн оршуулгын зан үйлтэй холбоотойгоор 13.687.311 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч Т.Д 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр /хэрэгт авагдсан баримтаар/ төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах санал гаргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар **** улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Түмэндэмбэрэлийн эзэмшлийнх бөгөөд сайн дураараа жолоогоо шилжүүлсэн болох тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Түмэндэмбэрэлээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд иргэний хариуцагчаас сэтгэл санааны хохирол төлөхөө илэрхийлсэн.
Иймд 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 268, 273 дугаартай Хууль зүйн дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хавсралтаар батлагдсан мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйл, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.И нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй бөгөөд хохирлын хэмжээг тогтоохдоо Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3-т зааснаар “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүх шийднэ” гэж зааснаар шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 99.000.000 төгрөгөөр тогтоож, иргэний хариуцагч Д.Т-ээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хариуцагч Д.Т нь **** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Б.Цогзолмаагаас: Шүүхээс шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба хуульд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцтай. Улсын яллагчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримт болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Шүүхээс сэтгэл сэтгэл санааны хохирол 99.000.000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч энэ хэрэгтээ баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангараваас “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 4 сартай байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Хэргийн байдлаас харахад шүүгдэгч Т.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн. Мөн түүний хувийн байдал нь бие даан гэр бүл болж амьдраагүй, эцэг эхийн хараа хяналтгүй, цэргийн алба хаагаагүй, хүмүүжил төлөвшил олоогүй, шүүх хуралдаанд оролцож байгаа нөхцөл байдлыг харгалзан хэдийгээр 19 нас хүрсэн боловч 21 нас хүрээгүй байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах журмын дагуу тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авхуулах санал гаргаж байна. Энэ үндэслэл байна. Шүүгдэгч нь бие, сэтгэлзүйн хувьд өсвөр насны шүүгдэгч гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний нас, сэтгэцийн онцлогт тохирсон байх ёстой. Нийгэмд эзлэх байр сууриа олох, боловсрол эзэмших, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, хүмүүсийн нөлөөллөөс тусгаарлах нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Болох байсан эрсдэлийг тооцоолоогүй, нийгэмшээгүй, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү. Өөрийгөө илэрхийлж байгаа байдал нь насанд хүрсэн гэж үзэхээргүй байна. Зөв зааж зөвлөх хүн байгаагүй. Эцэг эхийн үүргээ биелүүлээгүй байдлыг халдаан хэрэглэх боломжгүй. Гэр бүлийн анхаарал халамж сайн, нийгэмд бие даан амьдрах боломжтой байсан бол энэ гэмт хэрэгт холбогдохгүй байсан. Өмнөх саналаа дэмжиж байна. Өсвөр насны хүнд ял оногдуулах журмаар, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Хуулийн дагуу ялыг нь эдлүүлмээр байна. Гомдолтой байгаа” гэсэн,
Иргэний хариуцагч: “хэлэх зүйлгүй” гэсэн санал дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.
Шүүгдэгч Т.Д-гээс: “Сэтгэцэд учирсан төлбөр мөнгийг барагдуулахаа амлаж байна. Одоогоор эгчийндээ түр оршин сууж байгаа. Тэнсэн харгалзаж өгнө үү” гэх эцсийн үгийг шүүхэд хэлэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 116 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 117 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 118 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 119 тал/ зэрэг баримтаар хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Т.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Өмнөговь аймгийн ***** сумаас гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,
шүүгдэгч Т.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг шүүгдэгч Т.Д-д сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тогтоож, үндсэн болон нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.
Эрүүгийн ****** дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Цогтцэций сум, Ханбогд сумаас гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг шүүгдэгч Т.Д-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл албадлагын арга хэмжээ үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,4, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 511 дүгээр зүйлийн 511.1, 499.1, 499.4 Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагч Д.Түмэндэмбэрэлээс 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.И-д олгож, шүүгдэгч Т.Д нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 13.687.311 төгрөгийг төлснийг, иргэний хариуцагч Д.Түмэндэмбэрэл нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн ****** дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Дгээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ