Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/239

 

2025        5         27                                             2025/ШЦТ/239

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

-Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,

-шүүгдэгч Ж.Б түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ө овгийн Ж-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2434******* дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө овгийн Ж-ийн Б, регистрийн ***** дугаартай, 1972 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, *** ХХК-д замын инженер ажилтай, ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамтаар, Улаанбаатар хот **** гудамж 34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Угтаалцайдам сумын **** багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн үед хохирогч Б.А-той "...чи архи ууж надтай барьцлаа..." гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний толгойн зулай хэсэгт төмөр метрээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь "...зүүн зулай ясны цөмөрсөн хугарал..." бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 1.600.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 633.950 төгрөг төлсөн” гэв.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Угтаалцайдам сумын **** багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн үед хохирогч Б.А-той "...чи архи ууж надтай барьцлаа..." гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний толгойн зулай хэсэгт төмөр метрээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь "...зүүн зулай ясны цөмөрсөн хугарал..." бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

    1.  Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно.

Үүнд:

-2024 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн  6 тал/,

-Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Угтаалцайдам сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Батхуягийн 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн  09-14 тал/,

-Хохирогч Б.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн  24-25 тал/,

-Хохирогч Б.А-ын дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  30 тал/,

-Гэрч Т.Т-ын мэдүүлэг /хавтаст хэргийн  42-43 тал/,

-Гэрч Х.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн  46-47 тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д. Чулуунбаатарын 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн №377 дугаартай "... 1.Б.А-ын биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь ГССҮТ-ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн компьютерт томографын шинжилгээгээр оношлогдсон байна. 4. Дээрх гэмтлүүдийн зүүн зулай ясны зүүн цөмөрсөн хугарал, гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацааraap сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тус тус тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална гэх дүгнэлт /хавтаст хэргийн  52-53 тал/,  

-Шүүгдэгч Ж.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  67-68 тал/,

-Төв аймгийн цагдаагийн газрын Угтаалцайдам сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Батхуягийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн  15 тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан хамааралтай бөгөөд болж өнгөрсөн үйл баримыг сэргээн дүрсэлж байна.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б-гийн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 1.600.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 633.950 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-гийн яллагдагчаар өгсөн: "Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..." гэж /хавтаст хэргийн  67-68 тал/ мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад үнэлсэн,

шүүгдэгч Ж.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар шүүгдэгч маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Б.А-ын толгойн зулай хэсэгт төмөр метрээр 1 удаа цохисны улмаас хохирогч Б.А-ын биед “... зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, бүхий амь насанд аюултай Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацааraap сарниулах тул тус журмын 3.1.1-т заасан хохирол учруулсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн 377 дугаартай дүгнэлтээр нотлогдож байх тул,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Шүүгдэгч Ж.Б-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,

Шүүгдэгч Ж.Бг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

1.5 Хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Ж.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Б.Ариунболдын биед хүнд хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.А-той шүүгчийн туслах **** дугаар утсаар  холбогдоход “Ж.Б эмчилгээний зардал авсан байгаа, хөдөө ажил дээрээ байна” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

шүүгдэгч хохирогч Б.А-д эмчилгээний зардалд 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  633.955 /зургаан зуун гучин гурван мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг тус тус төлсөн тул шүүгдэгчээс энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1.Талуудын санал, дүгнэлт.

 

Улсын яллагч Б.Түмэндэмбэрэлээс: “Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Учир нь хохирогчид  хохирол төлбөр барагдуулсан. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хөнгөн цагаан материалтай метрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 2 үндэслэл байна гэж харж байна. Тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлсөн. Мөн үйлчлүүлэгч маань ажиллаж байгаа газраасаа урьдчилгаа цалингаа аваад торгуулийн ял төлөх боломжтой байдлаар дансандаа байршуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд сонгох санкцтай. Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хохирол төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал харгалзан улсын яллагчийн ялын саналыг хамгийн багаар буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус шүүхэд гаргав.

 

Шүүгдэгч Ж.Б: “Би гэмт буруугаа хүлээж зөвшөөрч, гэмшиж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх эцсийн үгийг шүүхэд хэлэв.

 

2.2.Эрүүгийн хариуцлага.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Бгийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн  82/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн  83/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн  84/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн  85/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  86/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн  87/,  захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хавтаст хэргийн  63-67/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-93 тал/ зэргийг үндэслэн Ж.Бгийн хувийн байдлыг тодорхойлов.

 

Талуудаас санал болгосон ялын төрөл хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд Эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх зорилгыг хангаж байх тул, 

шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгуулийн ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан уг ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үлдсэн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг сануулав.

 

2.3. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.

 

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Б.А-д эмчилгээний зардалд 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  633.955 /зургаан зуун гучин гурван мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг тус тус төлснийг дурдаж, хохирогч Б.Ариунболд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг,

Эрүүгийн 2434******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сунадаг метрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

.

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овгийн Ж-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ө овгийн Ж-ийн Б-г 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

 

4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-д сануулсугай.

5. Шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Б.А-д эмчилгээний зардалд 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  633.955 /зургаан зуун гучин гурван мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг төлснийг дурдаж, хохирогч Б.А-д цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн 2434******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сунадаг метрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ