| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00466/И |
| Дугаар | 140/ШШ2017/00545 |
| Огноо | 2017-11-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 140/ШШ2017/00545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Х.*******ын нэхэмжлэлтэй, *******-ийн салбар Завхан аймаг дахь *******ид холбогдох, урьд эрхэлж байсан тус байгууллагын нярвын ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Х.******* би 2014 оны 12 дугаар сарын 09-нд *******-ийн салбар Завхан аймаг дахь *******ид нярваар ажилд орсон.
Би тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд сахилгын болон бусад төрлийн шийтгэл хүлээж байгаагүй.
2015 онд миний өмнө нярваар ажиллаж байсан хүн шүүхийн шийдвэрээр нярвын ажилд буцаж томилогдсоноор намайг ажлаас чөлөөлсөн. Үүнээс 1 сарын дараа намайг дахин тус байгууллагын нярваар томилсон.
Гэтэл *******ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2 дахь заалт, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн намайг нярвын ажлаас чөлөөлж Б.*******г нярваар томилсон тушаал гарсан. Энэхүү тушаалыг надад 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гардуулсан.
Хөдөлмөрийн тухай хуульд өмнө нь ажиллаж байсан ажилтан шүүхийн шийдвэрээр буцаан томилогдсон тохиолдолд шинээр орсон ажилтныг бололцооны дагуу ажлын байраар хангахаар заасан байдаг.
Гэтэл тус байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх нэрийдлээр намайг шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Учир нь *******-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/76 тоот тушаалаар Завхан аймаг дахь *******ийн бүтэц орон тоог 85 ажилтны орон тоотойгоор батлан ирүүлсэн нь өмнөх орон тооноос 3 ажилтнаар орон тоо нэмэгдэж ирсэн юм.
Иймд ******* нь намайг ажлаас чөлөөлөхгүйгээр өөр ажлын байраар хангах бүрэн боломжтой байх бөгөөд дээрхи үндэслэлүүдээр намайг ажлаас халсан гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн нярваар ажиллаж байсан Х.******* нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 260 дугаар шийдвэр, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 07 дугаар сарын 05-ны 01/387 тоот ажилд томилох тухай албан бичгээр Б.*******г 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нярвын ажилд эгүүлэн томил гэсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар Х.*******ыг ажлаас чөлөөлж, Б.*******г нярвын ажилд эгүүлэн томилон ажиллуулж байна.
Тус сургууль нь *******-ийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 268 тоот тушаалаар 82 орон тоотойгоор ажиллаж байсан ба Соёл урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/76 тоот орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар 85 орон тоотойгоор батлаж орон тоо хасагдах биш нэмэгдэн батлагдсан гэдэг нь Захиргаа аж ахуйн орон тоог цөөрүүлэн мэргэжлийн хичээлийн багшаа нэмэгдүүлэн Их хуур, Найрал хөгжим удирдах ур зүйн багш, Эвэр бүрээ баялаг бишгүүр гэх мэт ангиудыг шинээр нээн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
******* нь *******-ийн салбар сургууль бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудын нэгэн адил *******-аас баталж өгсөн бүтэц орон тоонд захирагдан ажилладаг тул Х.*******ыг ажиллуулах сул орон тоо байхгүй учир ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Учир нь:
Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоол чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийг хэмнэлтийн зарчмаар удирдах зайлшгүй шаардлагын улмаас бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулах боломжгүй болно.
Иймд Х.*******ыг ажлаас чөлөөлсөн нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөний дээр түүний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хөндсөн асуудал биш хэмээн үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 сарын 09 нд нярвын ажлыг хүлээж аваад сарын дараа намайг ажлаас чөлөөлж *******г буцааж ажилд авсан. Тэгээд ажлаа хүлээлцэж дуусаагүй байж байтал *******г ажлаас чөлөөлж намайг ажилд томилсон. *******г ямар шалтгааны улмаас чөлөөлөх болсныг мэдэхгүй. Тэрнээс хойш би ажлаа хийж байсан. Гэтэл 2017 оны 08 сарын 25-ны өдөр ажлаасаа халагдсан. Яагаад ажлаасаа чөлөөлөгдөх болсон юм бэ гэхээр өмнө нь ажиллаж байсан хүн болох *******г ажилд нь эгүүлэн тогтоолгосон шүүхийн шийдвэр гарсан. Хөдөлмөрийн хуульд зааснаар шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон тохиолдолд оронд нь ажиллаж байсан хүнийг ямар нэгэн ажлын байраар хангах ёстой. Намайг ажлаас чөлөөлөгдөх үед *******ид жижүүрийн орон тоон дээр ажиллах боломжтой юм байна гэж бодож байсан. Тэгээд захирлаас тийм ажил байна уу? гэхэд ийм ажил байхгүй байна гэсэн. Тэгээд чи түр байж бай энд өөр ажиллах орон тоо гарвал хэлнэ гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш би захиралтай 2 удаа уулзсан. Тэгэхэд орон тоо байхгүй байна гэсэн. Тэгээд би шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. Би цалингийн зээлтэй, оюутны сургалтын төлбөр төлдөг учраас амьдрал хэцүү байна. Би 1986 онд Худалдааны техникум төгсөөд 2014 оноос хойш *******ид ажилласан. Би нярваар 10 жил ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан юм гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь 2017 оны 05 сарын 24-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирсэн. Хэрвээ дурдсан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно гэсэн. Тухайн үед манай сургууль амарсан, ******* амарсан байсан учраас 2017 оны 08 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж ажил хүлээлцсэн. Би *******гийн ажлаас халагдсан тухай маргааны сүүлийн шүүх хуралдаанд оролцож байсан. Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй гэж бичсэн байна. Гэхдээ 1 удаа сануулах арга хэмжээ авагдаж байсан. Би шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
*******-ийн салбар Завхан аймаг дахь *******ийн захирлын 2017 оны 08-р сарын 25-ны өдрийн Б/78 дугаартай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зйүлийн 36.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 07-р сарын 05-ны 01/387 тоот албан бичиг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3-р зүйлийн 3.1 дэх заалтуудыг үндэслэн тус сургуулийн нярваар ажиллаж байсан Х.*******ыг 2017 оны 08-р сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, Б.*******г *******-ийн харьяа Завхан аймаг дахь ХБК-ийн нярвын ажилд авч ажиллуулсан байна.
Х.******* уг тушаалыг үндэслэлгүй гэж үзээд өмнө эрхэлж байсан нярвын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Ажил олгогч нь ажилтанг дээрхи үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.2 дахь хэсгийг тушаалдаа давхар заах байсан байна.
Гэхдээ Х.*******ыг нярвын ажлаас чөлөөлж Б.*******г энэ ажилд томилсон тушаалдаа бусад үндэслэлүүдээ зөв заасан, түүнчлэн тушаалын агуулга өөрчлөгдөхөөргүй байх тул дээрхи үндэслэлээр тушаалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.*******ыг *******-ийн харьяа Завхан аймаг дахь ХБК-д нярвын ажилд орохын өмнө нярваар ажиллаж байсан Б.*******г нярвын ажлаас буруу халагдсан гэж шүүх үзээд ажилд нь эгүүлэн тогтоосон болох нь Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 24-ний өддрийн 260 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагад нярвын ажилдаа буцаан томилуулахыг хүссэн боловч түүний өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өөр ажлын байраар хангах боломжтой байхад ажилтаны саналыг асуугаагүй, нярвын ажилтай дүйцэхүйц өөр ажлын байраар хангаагүй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Х.*******ыг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч бололцооны дагуу өөр ажил олж өгөхөөр хуульчилсан хэдий ч хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд энэхүү зохицуулалт хэрэгжих боломжтой.
Хэдийгээр тухайн байгууллагын бүтэц орон тоо нэмэгдсэн боловч нэмэгдсэн орон тоонд мэргэжил шаардсан тухайлбал их хуур, найрал хөгжим, эвэр бүрээ баялаг бишгүүр гэх мэт ангиуд шинээр нээгдэж энэ мэргэжлийн багш ажилд авсан байдаг. Х.******* нь энэ нэмэгдсэн орон тоонд ажиллах мэргэжил ур чадвар тохирохгүй нярвын мэргэжилтэй хүнийг багшаар ажиллуулах боломжгүй юм.
Түүнчлэн нярвын ажилтай дүйцэхүйц өөр ажлын байр байхгүй болох нь зохигчдын тайлбар, *******-ийн харьяа Завхан аймаг дахь ХБК-ийн бүтэц орон тоог батласан *******-ийн захирлын 2017 оны 03-р сарын 02-ны өдрийн А/76 дугаартай тушаал түүний хавсралтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлд зааснаар нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 хэсэгт заасныг баримтлан Х.*******ын, *******-ийн салбар Завхан аймаг дахь *******ид холбогдуулж гаргасан өмнө эрхэлж байсан нярвын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 .Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ