Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/250

 

2025      5         29                                               2025/ШЦТ/250

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж

-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг хөтөлж,

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,

-шүүгдэгч Б.Д,

-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.З,

-хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М,

-иргэний хариуцагч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М овгийн Б-ийн  Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434**** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овгийн Б-ийн  Д, /регистрийн ****** дугаартай/, 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сум *** дугаар багт оршин суух хаягтай боловч одоо Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг, **** тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэв.  

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2024 оны 8 дугаар сарын 22-ны шөнийн 00 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сум 2 дугаар баг Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн хатуу хучилттай замд 68 дах км шонгийн орчим Ногоон дов нэртэй газар Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчиж, Toyota Wish маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Аийн биед ахар сүүлний битүү хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн сэтэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Г.Бийн биед бүсэлхийн нурууны 15 нугалмын шахагдсан, сэтэрсэн хугарал, мэдрэл дарагдал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Д нь: “Би үнэмлэхгүй байсан. Худал хэлээд найзынхаа аавын  машиныг нь аваад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна.” гэв.

 

Нэг. Шүүхээс тогтоосон гэм буруугийн талаар.

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,

       

Шүүгдэгч Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2024 оны 8 дугаар сарын 22-ны шөнийн 00 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сум 2 дугаар баг Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн хатуу хучилттай замд 68 дахь км шонгийн орчим Ногоон дов нэртэй газар Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчиж, Toyota Wish маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж зорчигч Д.А-ийн биед ахар сүүлний битүү хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн сэтэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Г.Бийн биед бүсэлхийн нурууны 15 нугалмын шахагдсан, сэтэрсэн хугарал, мэдрэл дарагдал бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон.

 

1.1 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан баримтуудаар дээр дурдагдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.Тухайлбал,

 

1.2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн  8 тал/,

-Зам тээврийн ослын бүдүүвч зураг /1 хавтаст хэргийн  9-10 тал/,

2.Хохирогч Д.А-ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн  27 дугаар тал/,

-Хохирогч М.М-ын мэдүүлэг /1 хавтаст хэргийн  30 тал/,

-Хохирогч Т.С-ын мэдүүлэг /1 хавтаст хэргийн  33 тал/,

-Насанд хүрээгүй хохирогч Г.Б-ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн  38-39 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.З-ны мэдүүлэг /1 хавтаст хэргийн  43 тал/,

3. Иргэний хариуцагч Ц.Гын мэдүүлэг /1 хавтаст хэргийн  54 тал/,

-Иргэний нэхэмжлэгч М.М-ын мэдүүлэг /1 хавтаст хэргийн  58 тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Б.Долгормаагийн гаргасан №11250 Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын гаргасан №46-28/65 Т.М миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний өөрийн Үнэлгээгээр тогтоосноос илүү зардал гарсан. Засварын хөлс нэмэгдсэн, сэлбэгийн үнэлгээ нэхэмжилнэ. Би хэдэн өдөр эмнэлгээр явж их эмчилгээ хийлгэсэн. Сэтгэцэд учирсан хохирлоо маягтаар тогтоолгомоор байна” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн  62 тал/,

- Иргэний хариуцагч Ц.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн  64 тал/,

4.Гэрч Н.И-ын мэдүүлэг /1 хавтаст хэргийн  66 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Т.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн  68 тал/,

5.Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны 48 дугаартай "...Д.А-ийн биел ахар сүүлний битүү хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн сэтэрсэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаа сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашил ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” /1 хавтаст хэргийн  150-151 тал/, гэх дүгнэлт,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны 528 дугаартай “1. Г.Б-ийн биед бүсэлхийн нурууны L5 нугалмын шахагдсан, сэтэрсэн хугарал, мэдрэл дарагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан  хохирлын эрэг  тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн  155-156 тал/,

-Гарьд гүрү ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/213 дугаартай дүгнэлт **** улсын дугаартай Toyota wish 20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 23.666.000 төгрөг, хохирлын үнэлгээ нь 6.220.000 /зургаан сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гэх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хавтаст хэргийн  160-183 тал”,

-Шинжээч Т.Т-ын “...1.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Wish маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Т.М-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Toyota Prius маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Б.Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох". мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчин эсрэг урсгалд орж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. 3.Toyota Prius маркийн **** улсын дугаартай автомашины эзэмшигч Ц.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 "Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: г/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна 4. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөсөн гэх үндэслэлгүй байна. 5.Toyota Prius маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Б.Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол хөдөлгөөний үндэслэлтэй байна. 6. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад хурдыг тооцоолоход ашиглах тормозны мөр, зай, дугуйн чанар, тээврийн хэрэгслийн жин, замын болон зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэрэг өгөгдөл байхгүй байх тул шинжээчийн тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. 7.Нэмж тусгах саналгүй." гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн  160-192 дугаар тал/,

-Вендо үнэлгээний компани ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №49249 дугаартай "... Toyota Prius 20 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн... Нийт шууд зардлын дүн 9,875,000..." гэх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн  198-212 тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Д нь тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан бөгөөд уг ослын улмаас зорчигч Д.Аийн биед ахар сүүлний битүү хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн сэтэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Г.Бийн биед бүсэлхийн нурууны 15 нугалмын шахагдсан, сэтэрсэн хугарал, мэдрэл дарагдал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны 48 , Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны 528 дугаартай дугаартай дүгнэлтэд тусгагдсан байна.

 

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно.” мөн зүйлийн 15.1.1-“тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн” мөн зүйлийн 15.1.2-т “тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн”, мөн зүйлийн 15.1.3-т “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэж тус тус хуульчлагдсан бөгөөд мөн хуулийн 15.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэж заасан байдаг.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Д нь дээрх хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй байх тул түүнийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.

 

Шүүгдэгч Б.Д нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хууль бус бөгөөд дээрх үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

 Энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн /үедээ/ үйлдсэн нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон юм.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,

Шүүгдэгч Б.Д-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5.Хохирол, хор уршиг.

Уг гэмт хэргийн улмаас **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр 6.220.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Б.Д нь иргэний нэхэмжлэгч Т.М-т 10.000.000 төгрөг төлж барагдуулсан байна. /хэрэгт авагдсан үнэлгээнээс илүү төлсөн./

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М-аас 8.425.964 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 2.925.965 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, бусад нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй байсан боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М болон шүүгдэгч Б.Д нар нь сайн дураараа эвлэрч нэхэмжлэлийн шаардлагыг буюу хохирлын хэмжээг 4.000.000 төгрөгөөр тогтоож, хохирлыг 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч М.С эрүүл мэндийн ямар нэг үйлчилгээ авсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх боловч хууль ёсны төлөөлөгч М.О нь тухайн үед хийгдсэн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 Хохирогч Г.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас 7.181.549 төгрөгийн эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн даатгалын санд 7.181.549 төгрөгийн хохирол учирсан бөгөөд **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний хариуцагч Ц.Г нь шүүгдэгч Б.Д-ид өөрийн тээврийн хэрэгслээ сайн дураа шилжүүлсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”гэж мөн хуулийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын санд 7.181.549 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Ц.Г, шүүгдэгч Б.Д нараас хувь тэнцүүлэн буюу 3.590.775 /гурван сая таван зуун ерэн мянга долоон зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Д.А нь 236.760 төгрөгийн эмчилгээ Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг шүүгдэгч Б.Д төлсөн болохыг, хохирогч Д.А, Г.Б, насанд хүрээгүй хохирогч М.С-ын хууль ёсны төлөөлөгч М.О, насанд хүрээгүй хохирогч З.Н, З.У нарын хууль ёсны О.З, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М нар нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, иргэний хариуцагч Ц.Г нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг тус тус  нь зүйтэй байна.

Иймд энэ шүүх хуралдаанаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1.Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч Б.Түмэндэмбэрэлээс:

“Шүүхээс шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд барагдуулсан 2 нөхцөл байдал байна. Харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэм буруу дээр маргадаггүй, хохирол төлбөрийг цаашид барагдуулахаа илэрхийлж байх тул эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нэг удаа харж үзэх нь зүйтэй гэж үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, байраа солихдоо эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх ялын санал гаргаж байна” гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Хэлэх зүйлгүй” гэсэн,

 

Иргэний хариуцагч: “Хэлэх зүйл байхгүй” гэсэн,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М: “Хэлэх зүйлгүй гэсэн санал дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Шүүгдэгч Б.Д: “1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх эцсийн үгийг шүүхэд хэлэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Дийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 240 тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1 хавтаст хэргийн 241 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 242 тал/,  иргэнийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 243 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 хавтаст хэргийн 244 тал/ зэрэг баримтаар хувийн байдлыг тодорхойлов.

 

  Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тогтоож, үндсэн болон нэмэгдэл ялын биелэлтэд хяналт  тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.

Эрүүгийн 2434****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Б-ийн  Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” зөрчсөний улмаас 2 /хоёр/ хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн үндсэн болон нэмэгдэл ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд 7.181.549 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Ц.Г, шүүгдэгч Б.Д нараас хувь тэнцүүлэн буюу 3.590.775 /гурван сая таван зуун ерэн мянга долоон зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож,

 хохирогч Д.А нь 236.760 төгрөгийн эмчилгээ Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг шүүгдэгч Б.Д төлсөн болохыг, хохирогч Д.А, Г.Б, насанд хүрээгүй хохирогч М.С-ын хууль ёсны төлөөлөгч М.О, насанд хүрээгүй хохирогч З.Н, З.У нарын хууль ёсны О.З, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.М нар нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг, насанд хүрээгүй хохирогч М.С-ын хууль ёсны төлөөлөгч М.О тухайн үед гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг, иргэний хариуцагч Ц.Г нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг тус тус  дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шүүх хуралдаанаар хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ц.ОТГОНЖАРГАЛ