Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/03295

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        07          21                                     101/ШШ2022/03295         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ВИ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “ВИ” ХХК-тай “Барилгын засал чимэглэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, B оффис үйлчилгээний талбайд, Pacifica үйлчилгээний зориулалт бүхий 1000 м.кв талбай, 3 дугаар давхарт зураг төслийн дагуу таазны ажлыг  24,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэрээний хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл байсан. Би тохиролцсон хугацаандаа хийж гүйцэтгэх ёстой ажлыг бүхэлд нь хийж дуусгасан болно.

Тус ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөрөө төлж байсан боловч сүүлд өгөх ёстой 2,000,000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байна.

Гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажлаа хийж дуусгаад ажил хариуцсан инженерт нь хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь ажил хүлээлцэх акт үйлдээгүй гэж юу яриад байгааг нь ойлгохгүй байна. Ажлын хөлсөө шаардаж хариуцагч байгууллагын менежер н.С, захирал нартай ярихад ажил хүлээлцэх акт үйлдэнэ гэж ерөөсөө хэлж байгаагүй, мөнгөгүй байна, мөнгө орж ирэхээр үлдэгдлийг өгнө гэж байсан. Ажил хүлээлцсэн талаарх акт үйлдээгүй гээд үлдэгдэл ажлын мөнгө өгөхгүй байх цоорхой хайж байна гэж үзэж байна.

Хийсэн ажлыг тус байгууллагын ажилтан Шү гэх хятад инженер, түүний орчуулагч н.Т нарт аман байдлаар хүлээлгэж өгсөн, акт үйлдээгүй, яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй, ажлаа бүрэн дуусгаад хүлээлгэж өгсөн. Өмнө нь хариуцагч байгууллагын захиалгаар олон ажил хийж байсан, тэгэхэд акт үйлдэж ажлаа хүлээлцэж байгаагүйгээс гадна ажлаа актаар хүлээлгэж өгөх байсан гэдгийг өнөөдөр сонсож байна.

Иймд “ВИ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ВИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“ВИ” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр барилгын засал чимэглэл ажил хийж гүйцэтгэх гэрээг Б.Б-тэй байгуулсан. Талууд гэрээнд заагдсан ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор 100 хувь хийж гүйцэтгэж, захиалагч “ВИ” ХХК-д актаар хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.

Ийнхүү тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.Б нь ажлыг бүрэн хийж дуусгасан гэх боловч тэрээр ажлыг бүрэн хийж дуусгаагүй, хэрэв ажлаа дуусгасан бол бүрэн дуусгасан гэдгээ мэдэгдээгүйгээс гадна ажил хүлээлцэх акт үйлдэхгүй ажлаа орхиж явсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т: “2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд ажлыг 100 хувь хийж гүйцэтгэнэ, захиалагч талд актаар хүлээлгэж өгсөн байна” гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа акт үйлдэж хүлээлгэж өгөлгүй, орхиод явсан.

Тэрээр ажлаа хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаад байгаа боловч хэзээ, хэн гэдэг хүнд, ямар ажил хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгасан болохыг баримтаар нотлохгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу манайх ажлын үр дүнг хүлээж аваагүй.

Иймд Б.Б-н нэхэмжлэлийн шаардлага болох ажлын үлдэгдэл хөлс 2,000,000 төгрөгийг өгөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, талуудын хооронд 2021.09.13-ны өдөр байгуулагдсан №АГ/2109003 дугаартай “Барилгын засал чимэглэлийн ажил гүйцэтгэх гэрээ”/хх-ийн 3-7/,

Хариуцагчаас: Б.М-т олгосон итгэмжлэл, “ВИ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.М-т олгосон итгэмжлэл /хх-ийн 12, 19-20/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ВИ” ХХКхолбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б /гүйцэтгэгч/, хариуцагч “ВИ” ХХК /захиалагч/-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр №АГ-2109003 дугаар бүхий “Барилгын засал чимэглэлийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх ба гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн, ...дүгээр хороо, B оффис үйлчилгээний талбайд, Pacifica үйлчилгээний зориулалт бүхий 1000 м.кв талбай, 3 дугаар давхарт зураг төслийн дагуу “Таазны ажил гүйцэтгэх”-ийг гэрээний хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлс 24,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 6-7/

 

Талууд гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д: “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон хугацааны дотор ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн захиалагчид талд хүлээлгэн өгсөн, ажлыг актаар хүлээлгэж өгөхийг шаардаагүй, ажлын хөлсөнд 22,000,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өгөөгүй тул нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж тайлбарласан. 

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хийж гүйцэтгэсэн гэх ажлыг хүлээлгэн өгөлгүй орхин явсан, ажлын үр дүнг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т: “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж зааснаас үзэхэд гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр хөлс шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардахын тулд тэрээр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байхыг өөрөө нотлох үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т: “Гэрээт ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дуустал 45 хоногийн хугацаанд 100 хувь хийж гүйцэтгэн, захиалагч талд актаар хүлээлгэн өгсөн байна“,

6.2 дугаар зүйлийн 6.2.1-т: “Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг захиалагч талд актаар хүлээлгэн өгснөөр гэрээт ажлын хөлсийг нэхэмжлэх, шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь гэрээгээр тохиролцсон ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн, ийнхүү хийж гүйцэтгэсэн ажлаа “ВИ” ХХК-д актаар хүлээлгэн өгсөн, ийнхүү актаар хүлээлгэн өгснөөр гэрээт ажлын хөлсийг шаардах эрхтэй гэдгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан ба талууд гэрээндээ тухайн ажлыг хэнд хүлээлгэн өгөх талаар тохиролцоогүй байгаа нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, тодруулбал “ВИ” ХХК, түүний гүйцэтгэх удирдлагаас томилогдсон эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн байхыг шаардаж байна.

 

Өөрөөр хэлбэл ажлын үр дүнг хариуцагч “ВИ” ХХК-ийн ажилтан Шү гэх хятад инженер, түүний орчуулагч н.Т нарт аман байдлаар хүлээлгэж өгсөн, ийнхүү хүлээлцсэн талаар акт үйлдээгүй, ажлыг хүлээлгэн өгсөн өдрийг тодорхойлох боломжгүй гэх нэхэмжлэгчийн тайлбараар түүнийг гэрээт ажлыг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх, ингэснээр ажлын хөлсийг нэхэмжлэх, шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.     

 

Энэ нь нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч “ВИ” ХХК-д холбогдох, 2,000,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “ВИ” ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ