Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/432

 

 

 

 

    2021          04            29                                         2021/ДШМ/432                                                                                                    

А.М-д холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

            прокурор Ц.Ганчимэг,

            хохирогч А.Э-гийн өмгөөлөгч С.Соёлмаа,

цагаатгагдсан этгээд А.М-ын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Ганчимэгийн бичсэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч А.Э-гийн өмгөөлөгч С.Соёлмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.М-д холбогдох 2010014900900 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн А-ийн М-, Улаанбаатар хотод 1984 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

 

А.М- нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1025-13 тоотод А.Э-тай маргалдан харилцан түлхэлцэх үедээ эрүүл мэндэд нь баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... хохирогч А.Э-гийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг хохирогч гараа хананд цохисны улмаас өөртөө учруулсан байх боломжтой ... шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэх субъектив санаа сэдэлт тогтоогдсонгүй ...” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч А.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ганчимэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.М-ыг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  А.М- нь найз О.С-ийн хамт очиж А.Б-ээр хийлгэсэн гоо сайханы үйлчилгээтэй холбоотой маргаан үүсгэж, гэртээ оруулахгүй гэсэн хохирогч А.Э-гийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж хүчтэй түлхэсний улмаас хохирогчийн баруун гар  хананд цохигдон хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотолсон. Гэтэл шүүхээс “Хохирогч А.Э-гийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч А.М- нь хохирогч А.Э-гийн биед халдсан, ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл, түүний үйлдлээс хохирогчид гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М- нь хохирогч А.Э- руу чиглэсэн түлхэх үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан хор уршигт зориуд хүргэсэн, шууд бус санаатай үйлдэлд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогч А.Э-гийн өмгөөлөгч С.Соёлмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Э-гийн эрүүл мэндэд баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Э-гийн мэдүүлэг, гэрч А.Б-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болох “CD”-д үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон. Шүүх энэ гэмтлийг хохирогч А.Э- өөртөө учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. А.М- нь хүчтэй түлхсэнээс хохирогч А.Э-гийн баруун гар савагдаж хананд цохигдсоны улмаас хөнгөн гэмтэл учирсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.  

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Б-ээр хийлгэсэн гоо сайхны эмчилгээ харшил өгсөн учраас түүнтэй уулзах гэж хохирогч гэх А.Энхтуягийн гэрт очсон. А.М- хаалга тогшиход А.Э- онгойлгож, А.Б-тэй уулзуулахгүй гэснээс үүдэн маргаан болсон. Уг маргааныг гэрч А.Б- бичлэг хийн баримтжуулсан байдаг. Уг бичлэгээс харахад А.М- ямар нэгэн байдлаар А.Э-тай түлхэлцсэн, зодолдсон гэх байдал харагдахгүй. Хохирогчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо хаалгыг хүчтэй савснаас болж хохирогч гараа цохисон гэдэг. Гэтэл прокурорын эсэргүүцэлд түлхсэнээс болж хохирогчийн гарт гэмтэл учирсан гэж зөрүүтэй байдлаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. А.М- удаа дараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд А.Э-гийн биед халдсан, хүч хэрэглэсэн, зодолдсон, цохисон, түлхсэн үйлдэл гаргаагүй гэж тогтвортой мэдүүлсэн. Мөн гэрч О.С- нь А.Э-гийн биед халдсан, хүч хэрэглэсэн үйлдэл гараагүй гэж тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар А.Э-тай зодолдсон, түлхэлцсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч А.М-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсны зэрэгцээ оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв байна.

Прокуророос А.М-ыг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1025-13 тоотод А.Э-тай маргалдах явцдаа түлхсэний улмаас эрүүл мэндэд нь баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад хохирогч А.Э- нь өөрт учирсан хөнгөн зэргийн гэмтлийн талаар “... намайг цохиж зодсон юм бол байхгүй ... тэр хоёрыг гаргах гээд түлхтэл М- нь намайг хүчтэй түлхсэн бөгөөд би энэ үед хаалганы хажуу талын хананд баруун гараараа хүчтэй цохигдож гэмтсэн ...” гэж мэдүүлсэн бол түүний охин А.Б- “... М- ээжийн гар руу нь цохиод, хана руу түлхээд байсан ...” гэж цохиж зодсон талаар зөрүүтэй гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Дээрх харилцан зөрүүтэй нотлох баримтуудаар хохирогч А.Э-гийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч А.М- учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгдэгч А.М-, хохирогч А.Э-, гэрч О.С- нарын хооронд болсон хэрүүл маргааныг гэрч А.Б- гар утсаараа бичлэг хийн баримтжуулж, хэрэгт эд мөрийн баримтаар өгснийг мөрдөгч хуульд заасан журмын дагуу бэхжүүлэн хэрэгт хавсаргажээ. /хх 21-28/ Уг бичлэгээр шүүгдэгч А.М-ын “... хагас онгойсон байсан хаалгаар нь дотогш орж үүдний хэсэгт нь зогссон...” /хх 62/, “... би хариу үйлдэл хийлгүй зогсоод байсан ...” /хх 38/ гэсэн мэдүүлэг нь батлагдаж байх бөгөөд шүүгдэгчийн энэ мэдүүлгийг гэрч О.С- давхар батлан гэрчийн мэдүүлэг өгсөн байна. /хх 42/

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж, сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдэл, үр дагаврын шалтгаант холбоог хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж, дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч А.М-ын гэм буруутай үйлдэл нотлогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.     

            Прокурор Ц.Ганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд “... хохирогчийг түлхэж байгаа үйлдэл бичлэгт бичигдсэн ...” хэмээн тайлбарласан боловч ийм үйл явдал эд мөрийн баримтаар бэхжүүлсэн камерын бичлэгт тусгагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Прокурор нь шүүгдэгчийг гэм буруутай болохыг нотолж чадаагүй, харилцан зөрүүтэй баримтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 25ы өдрийн 14 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч С.Соёлмаагийн давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН