| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0172/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/198 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.У |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/198
2025 5 07 2025/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганцэцэг,
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** Т.М холбогдох эрүүгийн 2434004940*** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, **********************************************************************************************
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.М нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг, "Цонжинболдог" морьт хөшөөний ойролцоо Туул голын эрэг орчим хохирогч М.А гээсэн эд хөрөнгө болох "Самсунг Z Flip5" маркийн гар утсыг олж авч, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хүү Н.Б өгч ашиглуулан завшиж 1 599 920 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2434004940112 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч М.А өгсөн: "Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг Цонжинболдог гэх газрын хойно байрлах голын эрэг дээр 2024 оны 7 дугаар сарын 09- ний өдөр найз нарын хамт очиж майхан барьж хоносон. Маргааш өглөө нь буюу 2024 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчим миний өөрийн эзэмшлийн Samsung Galaxy Z Flip5 маркийн гар утсаа алдсан. Ингээд би өөрийн 9900-1868 дугаар руу залгах үед эрэгтэй хүн авч ярьсан. Би наад утасны эзэн нь байна. Би утсаа авъя, чамд шагнал урамшуулал өгч авъя гэж ярьсан. Тэр үед миний утсыг авсан эрэгтэй хүн тэгье гэж хэлээд тасалсан. Уулзая утсаа авъя гэж хэлж ярьж байсан. Надтай уулзахгүй миний утсыг өгөхгүй байж байгаад миний утсыг унтраасан." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
"Би Т.М болон Б.Б нарыг огт танихгүй. Урьд нь өмнө нь харж байгаагүй. Би 2024 оны 7 дугаар сарын 09-ний орой Цонжинболдог морьт хөшөөний хойно байрлах голын эрэг дээр өөрийн Samsung Galaxy Z Flip5 маркийн гар утсаараа ярьж мөн зураг авч бичлэг хийж ашиглаж байгаад маргааш өглөө нь буюу 2024 оны 7 дугаар сарын 10-ны өглөө гар утсаа хайгаад олоогүй. Би тухайн өдөр дээл өмсөж бүслээгүй (нүмгэлсэн) явж байсан болохоор дээлийн өвөрт хийж бие засах үедээ хаа нэг газарт унгасан байх гэж бодож байна. Бид нарын хоёр талд мөн хүмүүс байсан. Би өөрийн IME11:350929871338683, IMEI2:351578941338683 кодтой Samsung Galaxy Z Flip5 маркийн гар утсаа хүлээн авлаа. Миний Samsung Galaxy Z Flip5 маркийн гар утасны арын шил хагарсан мөн дотор нь байсан бүх зураг болон бичлэг, утсанд өөр ID код хийсэн байдалтай байна. Иймд миний бие гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Иргэний нэхэмжлэгч Б.Б өгсөн: “Би Т.М гэх хүнийг танихгүй. Би 2024 оны 7 дугаар сарын 11-ний орой 19 цагаас 21 цагийн орчим Налайх дүүрэгт байрлах хуучин захын хойно явж байх үедээ 38-45 орчим насны хамар нь далий, аль нэг хөл нь хазгар доголж яваад байсан эрэгтэй хүнээс Samsung Galaxy Z Flip5 маркийн гар утсыг 100 000 төгрөг бэлнээр өгч худалдан авч өөрийн эзэмшлийн 92023479 дугаарыг хийж ашиглаж байсан. Надад тухайн гар утсыг зарсан гэх хүнийг Т.М гэдгийг би сүүлд мэдсэн. Урьд өмнө нь харж байгаагүй. Надад Т.М гаргах санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Гэрч Б.Б өгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 19 цагаас 21 цагийн хооронд эхнэр В.Ц хамт Налайх дүүрэгт байрлах хуучин захын хойн явж байх үед бага зэрэг архи хэрэглэсэн байдалтай 38-45 орчим насны хамар нь далий мөн аль нэг хөл нь хазгар доголж яваад байсан эрэгтэй хүн надад “чи энэ гар утсыг мэдэх үү” гэж асууж байсан. Би тэр үед “мэднэ та наад гар утсаа зарах юм уу” гэж асуусан. Тэр ах “зарж болно чи худалдан авах үнээ хэл” гэж байсан. Би “хүний юмыг яаж үнэлэх вэ та өөрөө үнэ хэл” гэсэн. Тэр үед танихгүй ах “120 000 төгрөг надад өгөөд авахгүй юу даа” гэж хэлсэн. Би “тэгье” гэж хэлээд надад бэлэн 100 000 төгрөг байна гэж хэлсэн. Тэр үед тэр ах за за наад байгаа 100 000 төгрөгөө өгөөд авахгүй юу даа гэж хэлсэн. Ингээд би 20 000 төгрөг 3 ширхэг, 10 000 төгрөг 2 ширхэг 5 000 төгрөг 2 ширхэг тус тусыг өгч худалдан авсан. Ингээд өөрийн 92023479 дугаарыг хийж шалган авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрч В.Ц өгсөн: “Би Б.Б 2019 оноос танилцан үерхэж эхлээд 2021 онд хүүхэдтэй болон хамтран амьдарч одоогоор хоёр хүүхэдтэй болон амьдарч байна. Би тухайн өдөр гадуур гараагүй гэртээ байсан. Тэр өдөр нөхөр Б.Б ээж болох Б.Ж нь хамтран амьдрагч болон нэг хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын Наадам үзчихээд буцаж байна гээд манайхаар орж хоол унд идээд сууж байхад Т.М нь гар утас олсон гэж бид нарт харуулж байгаад Б.Б тэр гар утсыг барих уу гэж хоорондоо ярилцаж байсан. Тухайн гар утсыг худалдаж аваагүй нөхрийн ээж Б.Ж цуг ирсэн хамтран амьдрагч гэх Т.М нь барих уу гэж хэлээд өгч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Гэрч Б.Ж өгсөн: “Б.Б нь манай хүүхэд байгаа юм. Харин Т.М 2016 оноос хамтран амьдарч байгаа юм. Би тухайн гар утсыг олоход цуг явж байсан. Тухайн гар утсыг олсноос хойш маргааш нь болох 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумаас гэр рүүгээ харих замдаа Налайх дүүрэгт байх хүү Б.Балжиннямын гэрт очход Т.М нь олсон юм гээд хүүд өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
"2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд байх Цонжин болдогоос хойш байдаг гол дээр байхдаа гар утсыг Т.М нь олоод маргааш нь болох 7 дугаар сарын 11-ний өдөр Б.Б гэрт очиж хүү Б.Б гар утсыг өгсөн үйл явдал болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
Шүүгдэгч Т.М өгсөн: “Би Улаанбаатар хот "Дэлгэрэх" ХХК-нд түгээгч жолооч албан тушаал дээр ажилладаг. 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд наадам үзэх гэж Улаанбаатар хотоос эхнэр Б.Ж болон 2 настай бага хүүгийн хамт Эрдэнэ суманд ирж хоноод маргааш орой 18-19 цагийн орчим Цонжинболдог морьт хөшөөны хойд талд байрлах Туул голын эрэг дээр очих гээд өөрийн эзэмшлийн Приус-40 маркийн 31-60 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон явж байх үед миний урд явж байсан авто машины дугуйнд хальт дайрагдан замын хажуу хэсэг рүү саарал өнгийн жижиг дөрвөлжин юм үсэрч байсан. Би зогсож машинаас бууж харахад гар утас байсан. Ингээд би тухайн гар утсыг авч голын эрэг дээр очиж байрлан мах шарж идчихээд цаг гарангийн дараа бид нар буцаад Эрдэнэ сумын төвд ирсэн. Орой 22 цагийн орчим тухайн гар утас дуугарч (90-тэй дугаараас дуудлага ирсэн) би тухайн дуудлагыг авч ярих үед эмэгтэй хүн байна уу гэж байсан. Би энэ гар утсыг голын дээрээс олсон юм гэж хэлсэн. Тэр үед надад “би наад утасны эзний эгч нь байгаа юм. Би буцаагаад залгая” гэж хэлээд тасалсан. Удалгүй 90-тэй дугаараас дахин дуудлага ирж “би гар утасны эзэнтэй ярьлаа хүүхэд нь гар утсыг нь барьж байгаад хаясан байна. Гар утсыг нь яаж авах уу” гэж байсан. Би “Эрдэнэ суманд байна ирээд ав” гэж хэлсэн. Тэр үед надад “одоо очиж авч чадахгүй. Хот орж ирэх үү” гэж асууж байсан. Би “маргааш хот орно” гэж хэлэх үед надад “маргааш хотод орж ирэхээр чинь авъя” гэж хэлж ярилцаад тасалсан. Маргааш өглөө нь буюу 2024 он 7 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн орчим Эрдэнэ сумын төвөөс гарч байх үед 90-тэй дугаараас тухайн гар утсанд дуудлага ирсэн. Ингээд би дуудлага авах үед нөгөө эмэгтэй хүн “хотод ирж байна уу, гар утсаа авъя шагнал өгнө” гэж хэлж байсан. Би “Эрдэнэ сумаас гарч байна” гэж хэлсэн. Ингээд Налайх дээр явж байх үед мөн тухайн гар утсанд 99-тэй дугаараас дуудлага ирж би тухайн дуудлагыг авч ярих үед эрэгтэй хүн “би Налайх дүүргийн цагдаа байна. Наад гар утсыг нь аваачаад өгөөч” гэж зандрангуй хэлж байсан. Би юм хэлээгүй тухайн дуудлагыг таслаад эгч нь гээд байсан 90-тэй дугаар руу нь гар утсаар нь залгаж “сая өөрийгөө цагдаа байна гээд эрэгтэй хүн ярьсан энэ юун согтуу эрэгтэй хүн яриулаад байна” гэж хэлсэн. Тэр үед надад “үгүй ээ хүн амьтнаар яриулаагүй. Би л өөрөө чамтай ярьж байгаа хотод орж ирээд хэлээрэй. Би шагналыг нь өгөөд авна шүү” гэж хэлээд тасалсан. Би Налайх дүүрэг 1 дүгээр хороонд байрлах Өргөн чөлөө гэх нэртэй хүнсний дэлгүүр орж барааны орлого аваад буцаад гарах үед дэлгүүрийн гадаа эрэгтэй хүн явж байхаар нь “дүү энэ гар утсыг мэдэх үү” гэж асуусан чинь тэр залуу “мэднэ та наад гар утсаа зарах юм уу, хэдэн төгрөгөөр зарах юм” гэж хэлсэн. Би “100 000 /нэг зуун мянган төгрөг/ өгөөд ав” гэж хэлэхэд тэр залуу “тэгье” гэж хэлээд надад бэлэн 100 000 төгрөг өгсөн. Би тухайн гар утсыг 100 000 төгрөгөөр зараад цааш явсан. Би тэр залуу танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй. Хүнсний дэлгүүрийн гадаа таараад л гар утас зарсан." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
"Би эхнэр Б.Ж хүү М, охин О нарын хамт Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг. Миний бие Дэлгэрэх ХХК-нд борлуулагч, түгээгчээр 2024 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байна. Би тухайн гар утсыг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг болж байхад анх олоод эхнэрийн хүү болох Б.Б 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Б гэрээр дайраад орохдоо өгсөн. Би мөнгөөр худалдаж өгөөгүй энэ утсыг олсон юм чи сем хийгээд авахгүй юу гээд Б.Б өгсөн. Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө эхнэрийн хүү Б.Б нь хүчний байгууллагад ажилладаг учир ажил төрөлгүй болчих байх гэж бодоод танихгүй гэж мэдүүлэг өгсөн. Тухайн гар утсыг олсон гэх 7 дугаар сарын 10-ны өдрийн орой 20 цагийн орчим гар утас руу нэг танихгүй хүн залгаад гар утасны эзэнийг асуухаар нь “энэ утсыг олсон шүү эзэнд нь хэлээрэй” гээд тасалсан. Удалгүй эгч нь байна гэж залгаад утсыг нь хүүхэд нь цонхоор шидцэн юм шиг байна. Шагналыг нь өгөөд утсаа авъя гэхээр нь “одоо ирээд авах боломж байна уу” гэхэд намайг хаашаа явж байгаа талаар асуухаар нь би “Төв аймгийн Эрдэнэ суманд наадам үзээд байж байна ирээд ав” гэхэд “эгч нь маргааш очоод авъя” гэхээр нь тэг гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь эгч гэх хүн залгахаар нь “би хот явах гэж байна хотод очхоороо аваарай” гэж хэлсэн. Дахин өдөр эгч нь залгаад “ирж байна уу” гэхээр нь би “замдаа Цонжинболдогийн ойролцоо рашаан дээр хонож маргааш өглөө хөдөлнө” гэж хэлээд хоносон. Тэгээд 7 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүрэг рүү орж байх замдаа олсон гар утсын сем картыг авч хаяад гар утсыг Б.Б гэрт очин түүнд өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Дамно Үнэлгээ” ХХК-ийн №ТЦ-24-119 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээний объектын 2024 оны 7 дугаар сарын 10-ны зах зээлийн үнэлгээ нийт 1 599 920.7 /Нэг сая таван зуун ерэн есөн мянга есөн зуун хорин төгрөг/-өөр үнэлэгдэв.” гэжээ /хх-ийн 72-73/,
2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 163-164/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-14/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.М холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч Т.М нь энэ үүргээ биелүүлээгүй 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг, "Цонжинболдог" морьт хөшөөний ойролцоо Туул голын эрэг орчим хохирогч М.А гээсэн эд хөрөнгө болох "Самсунг Z Flip5" маркийн гар утсыг олж авч, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хүү Н.Б өгч ашиглуулан завшиж 1 599 920 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшисны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.М дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.А "Самсунг Z Flip5” загварын гар утсыг 1 599 920 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биет байдлаар хохирогчид хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэргийн 15-р хуудсанд эд зүйл хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 207-р хуудсанд 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17:39 минутад тов мэдэгдэхэд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар,
Иргэний нэхэмжлэгч Б.Б хавтаст хэргийн 31-р хуудсанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Т.М нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн асуудалд маргаан байхгүй, хохирогчид учруулсан хохирлын биет байдлаар буцаан олгосон тул торгуулын ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Монгол улсын иргэн,
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаа, тодорхойлолт /хх 115/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2000 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Төв аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх 94 дугаартай тогтоол /хх-ийн 117-118/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №310 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 119-127/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №312 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 128-135/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №159 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 138-142/-ын хуулбарууд зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.М урьд ял шийтгэгдэж байсан нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Т.М үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, өөрийн үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байгаа/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасныг журамлан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн 2434004940112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М оногдуулсан 450 000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Т.М оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн 2434004940112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ