Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/146

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

2025           4               09                                               2025/ШЦТ/146

                                                                                                                         

                                   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Алтансүх,

Шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Э.У-т холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..............................................регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.У нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн "Сүм” гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч бэлтгэж ойн санд 305 797 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 000000000007 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г өгсөн: “Намайг Гэмт хэргийн 0000 дугаартай гомдол мэдээлэлд Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна. Иймд надад татгалзах зүйл байхгүй. Би хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгнө. Би хохирогч, хууль ёсны төлөөлөгчийн эрх үүрэгтэй танилцлаа эрх үүргээс асууж тодруулах ойлгомжгүй зүйл байхгүй. Би Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаал дээр ажилладаг. Энэ албан тушаал дээрээ 1 жил ажиллаж байна. Би Эрдэнэ сумын Өгөөмөр 3 дугаар багын иргэн болох Эрдэнэмөнх овогтой Ууганбаатар гэх хүнийг зүс танина. Ах дүү хамаатан садан бол биш ээ. Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр багын иргэн хөдөө мал малладаг гэж л мэднэ. Төв аймгийн Эрдэнэ сум ......................гэх газарт оршин суух хаягтай Э.У /ЛЛ00000000/ нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар зохих зөвшөөрөлгүй шинэс төрлийн мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол учирсан байх тул тухайн Үнэлгээний байгууллагаас гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 48-49/,

Гэрч А.Г өгсөн: “Би Эрдэнэ сумын ЗДТГ-т "Өгөөмөр" 1 дүгээр багын байгаль хамгаалагч албан тушаал дээр ажилладаг. Би энэ албан тушаал дээрээ 3 дахь жилдээ ажиллаж байна. Би Эрдэнэмөнх овогтой Ууганбаатар гэх хүнийг танина. Ах дүү хамаатан садан бол биш Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр багын иргэн мал маллан амьдардаг гэж л мэднэ. Эрдэнэ сумын "Өгөөмөр” 1 дүгээр багын иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожинг миний бие бичиж иргэдэд өгдөг. Харин 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Эрдэнэ сумын Засаг даргын А/389 дугаартай захирамжаар 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд мод бэлтгэх, тээвэрлэх Ойд үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хориглосон захирамж гарсан. Иймд энэ хугацаанд сумын хэмжээнд иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин олгохгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Шүүгдэгч Э.У-ын өгсөн: “Би Төв аймаг Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг "Баруун шохой" гэх газар эхнэр Б.Э болон 14 настай охин У. түгээх станцад Архуст сумыг хариуцсан цахилгааны байцаагчаар ажилладаг. Охин У.А нь Улаанбаатар хотод "Мон алтус" дунд сургуульд 10 дугаар ангид суралцдаг. Би Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг "Баруун шохой" гэх газарт оршин суудаг. Эхнэр бид хоёр 2022 онд Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5 дугаар баг "Өлзийтийн адаг" гэх газарт Өвөлжөө, Хаваржааны зориулалтай газар авч байсан юм. Улмаар би тухайн газартаа цас орохоос өмнө малын хашаа саравчаа барьж дуусгах гээд малын саравч барьж байх үед дээвэр хэсэгт нь 4 метр урттай шургааг мод дутаад байхаар нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим "Баруун шохой" гэх газарт байрлах өөрийн гэрээсээ бензин моторт хөрөө авч ганцаараа уул өөд алхаж Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг "Сүм" гэх газрын уулын модон дотроос босоо байрлалтай 10 ширхэг модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч газарт унагаж түүнийгээ 4 метр урттай тайрч бэлтгэж байх үед Сумын цагдаа болон байгаль орчны улсын хяналтын байцаагч нар ирж шалган мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуусан. Надад тухайн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үнэн байдлаа хэлсэн. Би 4 метр урттай нийт 20 ширхэг бөөрөнхий мод бэлтгэсэн байсан. Би Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг "Сүм" гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Миний "Сүм" гэх газраас тайрч газарт унагаж авсан 10 ширхэг модны урт нь ойролцоогоор 8 метр урттай байсан. Би тухайн модноос 4 метр урттай 20 ширхэг мод бэлтгэж байсан. Миний мод тайрч бэлтгэхэд ашигласан бензин хөрөө миний өөрийн хөрөө байгаа юм. 2024 оны 8 дугаар сард өдрийг сайн санахгүй байна. Улаанбаатар хотод байрлах Нарантуул захаас 250 000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Би Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг "Баруун шохой” гэх газарт оршин суудаг. Эхнэр бид хоёр 2022 онд Төв аймгийн Эрдэнэ сум Тамган 5 дугаар баг "Өлзийтийн адаг” гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтай газар авч байсан. Улмаар би тухайн газартаа цас орохоос өмнө малын хашаа саравчаа барьж дуусгах гээд малын саравч барьж байх үед дээвэр хэсэгт нь 4 мерт урттай шургааг мод дутаад байхаар нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим "Баруун шохой" гэх газарт байрлах өөрийн гэрээсээ бензин моторт хөрөө авч ганцаараа уул өөд алхаж Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг "Сүм" гэх газрын уулын модон дотроос босоо байрлалтай 10 ширхэг модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч газарт унагаж түүнийгээ 4 метр урттай тайрч бэлтгэж байх үед Сумын цагдаа болон байгаль орчны улсын хяналтын байцаагч нар ирж шалган мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуусан. Надад тухайн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үнэн байдлаа хэлсэн. Би 4 метр урттай нийт 20 ширхэг бөөрөнхий мод бэлтгэсэн байсан. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг "Сүм" гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн.” гэх мэдүүлэг /хх 36-37, 97-98/,

"Дамно" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №ТЦ-24-155 дугаартай дүгнэлт: “1.БНХАУлсад үйлдвэрлэгдсэн, Malika HN-CS5800 маркийн моторт хөрөөний 2024 оны 10 дугаар сарын 16-ны зах зээлийн 240 564 /Хоёр зуун дөчин мянга таван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэв.” гэжээ /хх 68/,

Байгалт орчны зөвлөх Нуман- Алтай ХХК-гийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны дөрийн №13/009 дугаартай дүгнэлт: ”1.Тус 20 ширхэг моднууд нь 0.6346м3 хэмжээтэй, шинэс төрлийн шинээр тайрагдсан нойтон мод байсан ба хэрэглээний бөөрөнхий мод байна. 2.Дээрх моднуудыг зөвшөөрөлгүй бэлтгэснээр байгаль орчинд 305 797 төгрөгийн хохирол учирсан байна. 3.Өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтэд модны нийт эзэлхүүнийг 8м³ гэж тооцоолсон нь техникийн алдаа гарсан байсан байна.” гэжээ /хх 150-151/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-19/, БНХАУлсад үйлдвэрлэсэн Malika HN-CS5800 маркийн 1 ширхг бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 4 метр урттай тайрч бэлтгэсэн 20 ширхэг шургааг модыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-24/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-33/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.У-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Э.У нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн "Сүм” гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг ургаа модыг бензин моторт хөрөө ашиглан тайрч бэлтгэж ойн санд 305 797 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Э.Ут дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

            "Нуман алтай" ХХК-ны захирал А.Ц-н өгсөн: "2024.10.22-ны өдрийн № 1/80 дугаартай дүгнэлт дээр нийт модны эзэлхүүнийг тооцохдоо техникийн алдаа гаргаж 8м3 гэж алдаатай тооцсон, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг алдаатай гаргасан бөгөөд дахин нягталж хянаагүйн улмаас тэр хэвээр нь илгээсэн байсан. Тус алдааны улмаас Э.У-т учирсан бодит мөнгөн хохирлыг барагдуулахад бэлэн байна." гэх /хх 156-157/, шүүгдэгч Э.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Нуман алтай" ХХК нь шүүгдэгчид 2 030 000 төгрөгийг олгосон, харин өмнөх тушаасан 2 950 512 төгрөг нь тэр чигтээ тушаагдсанаараа байгаа." гэх мэдүүлгүүдээс байгаль орчинд учруулсан 305 797 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар ойн санд учирсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 917 391 төгрөгийг хавтас хэргийн 104-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгээр нөхөн төлсөн гэж үзэхээр байх тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч "Шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах",

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар “Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн асуудалд анхнаасаа маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэмт буруутайд тооцсон зүйл хэсэгт оногдуулахаар заасан торгох ялын бага хэмжээгээр тогтоож өгнө үү." гэх санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч ................................ Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 82-85/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Э.У-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар ихтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн." гэж ой төрийн хамгаалалтад байхаар хуульчилсан тул өмгөөлөгчийн гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт заасан торгох ялын бага хэмжээгээр оногдуулах өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн шүүгдэгч Э.У-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгөөр ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 7.2.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого; 7.2.4.хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого гэж хуульчилсан тул эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУлсад үйлдвэрлэсэн Malika HN-CS5800 маркийн 1 ширхг бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 4 метр урттай тайрч бэлтгэсэн 20 ширхэг шургааг модыг тус тус хурааж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

 

4 метр урттай тайрч бэлтгэсэн 20 ширхэг шургааг модыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжилсэн мөрдөгчийн 2024.10.18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  

 шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Р.Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУлсад үйлдвэрлэсэн 240 564 төгрөгий үнэ бүхий Malika HN-CS5800 маркийн 1 ширхг бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 4 метр урттай тайрч бэлтгэсэн 20 ширхэг шургааг модыг тус тус хурааж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6.Мөрдөгчийн 2024.10.18-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" мөрдөгчийн тогтоолын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шүүгдэгч Э.У-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ