Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/02662

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... тоотод байрлах, О ХХК /РД: ................/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................тоотод байрлах, О Д ХХК /РД:............./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 63,087,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, өмгөөлөгч Э.Г,

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Б, өмгөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О гео ХХК нь хариуцагч О Д ХХК-д холбогдуулан 63,087,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: О Д ХХК-ийн захирал Ө.Б нь манай компанитай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ..... тоот гэрээ байгуулан, тухайн өдөртөө аж ахуйн хашаанаас БНСУ-ын Хун Сон 6000 маркийн өрмийн станок, түүнийг суурилуулсан ОХУ-ын камаз-5320 маркийн автомашин, БНСУ-ын Ханжин маркийн компрессор, уг компрессорыг суурилуулсан чиргүүл, бусад дагалдах хэрэгслийн хамтаар шалган хүлээн авч, актаар баталгаажуулан авч явсан. Гэрээний төлбөрт 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20243 ам доллар буюу 50,000,000 төгрөг, бэлнээр төлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээн актаар баталгаажуулан явсан болно. Гэвч төлөх ёстой үлдэгдэл 50,000,000 төгрөгөөс 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийг нэг удаа төлж, үлдсэн 35,000,000 төгрөгийг бүтэн 3 жил хагасын хугацаанд арга саам хийн хойшлуулсаар ирсэн бөгөөд одоо бүр утсаа ч авахгүй, улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хаягтаа очихгүй, олдохгүй, илтээр залилангийн шинжтэй болсон тул Ө.Болортуяагаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлбөрийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн тоног төхөөрөмж, автомашиныг хүлээлгэн өгөхдөө 2018 оны татвар хураамжийг бүрэн төлж, техникийн болон татварын гэрчилгээг эхээр нь хүлээлгэн өгсөн байтал одоог хүртэл камаз-5320 маркийн ..... УБЭ автомашиныг өөр дээрээ шилжүүлж аваагүйгээс манай компани дээр 2019, 2020, 2021 онуудын татвар 522,000 төгрөг нэхэгдсээр байна. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 4.1-д худалдан авагч талын хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй нь уг хуулийг зөрчсөн байх тул нийт үнэ 100,000,000 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 10,000,000 төгрөг, ..... УБЭ автомашины 2022 оны авто тээврийн татвар 65,500 төгрөг, нийт 63,087,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр О ХХК, О Д ХХК нар нь худалдах, худалдан авах гэрээ хийж БНСУ-ын Хун Сон 6000 өрмийн станок, өрмийн станокыг суурилуулсан ОХУ-ын камаз маркийн автомашин, БНСУ-ын Ханжин маркийн компрессор, түүнийг суурилуулсан чиргүүлтэй худалдан авсан. Тухайн үед манай компанид БНСУ-ыг Ханжин компрессор нь л хэрэгтэй байсан. Гэтэл энэ чиргүүлтэй нь хамт ав, энэ бусад зүйлийг хамт ав гэсэн байсан. Энэ худалдсан эд зүйлийн хувьд БНСУ-ын Хун Сон 6000 өрмийн станок гэхэд өнөөдрийг хүртэл ажилладаггүй, эвдэрхий, гинж нь буюу явах эд анги нь цувсан нэг ч удаа ашиглаж үзээгүй, одоо хүртэл ашигладаггүй. Манай компанийн аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа. ОХУ-ын камаз 5320 маркийн автомашиы хувьд мөн эвдэрхий 1989 онд үйлдвэрлэгдсэн, маш хуучин автомашин байсан гэсэн. Энэ автомашины бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Бичиг баримтыг нь бидэнд шилжүүлж өгнө л гэж хэлж байсан, өнөөдрийг хүртэл өгөөгүй. Татвар төлсөн л гэж харуулж байсан. Сүүлд буюу 2020 онд оношилгоо, татварын асуудлаар зохих газар нь хандахад 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр оношлогоонд тэнцээгүй, аль 1989 онд үйлдвэрлэгдсэн, О ХХК-ийн эзэмшилд байдаггүй болохыг мэдсэн. БНСУ-ын Ханжин маркийн компрессор ажилладаг гээд чиргүүл дээр байсныг өгсөн боловч сопраторын шүүр нь ажиллахгүй, шүүрийг нь захиалж хийлгэж солиулсан. Шингэн нь гоожсон, улаан, цагаан шингэн нь холилдсон, заримдаа тасалдаад бас доголдолтой байсан тул моторыг нь засуулж байсан. Манай компанийн Б.Б гэдэг өрмийн инженерт энэ эвдэрхий хэмхэрхий ажиллахгүй эд зүйлсийн байдлыг хэлж буцаах асуудлыг тавьж байсан. Ж.Б би хэлсэн, жоохон засвар үйлчилгээ хийчихнэ биз дээ гэж хэлж байсан. Тиймээс бид үлдсэн үнийг төлөх хүсэлгүй, энэ эд зүйлсийг буцааж, төлсөн мөнгөө авмаар байна. Ямар ч хэрэгцээгүй эвдэрхий эд зүйлс бидэнд худалдсан. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн. Манай компанид энэ баахан эвдэрхий хэмхэрхий, ашиглах боломжгүй зүйлээс болоод маш их хохирол учирсан. Бид хохирлоо эргэн нэхэмжлэх болно. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх боломжгүй. Анхнаасаа төлөхгүй байхаар тохиролцсон. Нэхэмжлэлдээ ..... УБЭ улсын дугаартай камаз маркийн 1989 онд үйлдвэрлэгдсэн огт ашиглагдах боломжгүй, тэгээд ч манай компанид бичиг баримтыг нь шилжүүлээд өгсөн гэдэг атлаа одоо яагаад өөрсдөд нь бусдын буюу О Д ХХК-ийн эзэмшлийн гээд байдаг гэх автомашины тээврийн татварыг төлсөн болох нь ойлгомжгүй байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд О Д ХХК-ийн өмчлөлд ..... УБЭ улсын дугаартай автомашин огт шилжиж ирээгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О  ХХК-ийн дүрэм, гэрээний үүргийн биелэлт болон нэхэмжлэлийн дүн, нэхэмжлэх, Худалдах-худалдан авах гэрээ, үндсэн хөрөнгө болон өрөмдлөгийн багаж хэрэгсэл хүлээлцсэн акт, протокол, төлбөр, тооцоо дуусгах тухай албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн протокол, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ..... дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ...... дугаар шийдвэр, Б дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хас банкны дансны хуулга, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үндсэн хөрөнгө болон өрөмдлөгийн багаж хэрэгсэл хүлээлцсэн акт, 2018 оны 06 сарын дугаар 26-ны Худалдах-худалдан авах гэрээ, Тээврийн хэрэгслийн лавлагаа, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдсан мэдээлэл, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн баримт, Татварын ерөнхий газрын 2022.04.13-ны өдрийн албан бичиг, М ХХК-ийн албан бичиг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, Татварын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны албан бичиг, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ......... дугаар шийдвэр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ, 2007 оны 03 дугаар сарын 29-ны Улсын Бүртгэлийн гэрчилгээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монголын татварын албаны албан тодорхойлолт, 2022 оны 06 дугаар 29-ны авто тээврийн үндэсний төвийн албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт хэрэгт баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч О  ХХК нь хариуцагч О Д ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, НӨАТ 10,000,000 төгрөг, Камаз маркийн ..... УБЭ улсын дугаартай автомашины 2019-2022 оны тээврийн хэрэгслийн татвар 587,500 төгрөг нийт 63,087,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Талууд харилцан тохиролцсоны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлөх төлбөрөөс 35,000,000 төгрөг төлөөгүй, гэрээнд заасан хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учир алданги 17,500,000 төгрөг, НӨАТ 10,000,000 төгрөг гаргуулна. Камаз маркийн ..... УБЭ улсын дугаартай автомашиныг авсан ч татвар нь манай байгууллагаас нэхэгдэж байгаа. 2019-2022 оны тээврийн хэрэгслийн албан татвар 587,500 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч ажиллах боломжгүй машин тоног төхөөрөмж шилжүүлсэн. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Үлдэх 35,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Мөн гэрээгээр алданги, НӨАТ тооцохоор тохироолцоогүй. Камаз маркийн ..... УБЭ улсын дугаартай автомашин улсын бүртгэлд өөр компани дээр байгаа лавлагаа хэрэгт авагдсан байна. Манайд шилжүүлээгүй тул татварыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч О  ХХК нь хариуцагч О Д ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын Хун-сон 6000 өрмийн станок, өрмийн станокийг суурилуулсан ОХУ-ын Камаз маркийн автомашин, түүний дагалдах хэрэгсэл болох БНСУ-ын Ханжин маркийн компрессор, компрессор суурилуулсан чиргүүлийг нийт НӨАТ тооцоохгүйгээр 100,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож, бичгээр гэрээ байгуулан гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна.

 

5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч О Д ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын Хун-сон 6000 өрмийн станок, өрмийн станокийг суурилуулсан ОХУ-ын Камаз маркийн автомашин, түүний дагалдах хэрэгсэл болох БНСУ-ын Ханжин маркийн компрессор, компрессор суурилуулсан чиргүүлийг нийт НӨАТ тооцоохгүйгээр 100,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож гэрээг байгуулсан, гэрээнд заасан автомашин тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нь хариуцагчид, хариуцагч нь нэхэмжлэгчид үнэ 65,000,000 төгрөг төлсөн талаар тулууд маргаангүй байна.

 

7.Хариуцагч нь худалдан авсан автомашин, техник эвдэрхий байсан гэж маргасан ч талууд худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэх төлбөр тооцоог хийж дуусгах тохиролцоог 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хийсэн уулзалтын протоколоор баталгаажуулсан, хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 161 дугаар албан бичгээр төлбөрийн үлдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний дотор төлөхөө илэрхийлж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

8.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

 

9.Шүүхийн журмаар Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар КамАз маркийн ..... УБЭ улсын дугаартай автомашин нь О ХХК-ийн эзэмшилд 2012-2018 онд авто тээврийн хэрэгслийн үзлэгт орж, тэнцсэн болох нь нотлогдож байна.

 

10.Хариуцагч нь нэхэмжлэгчид доголдолтой эд хөрөнгийн талаар мэдэгдэж, гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч 2018 онд байгууллагын дотоод хурлаар худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар хэлэлцсэн байх боловч гэрээний нөгөө талд шаардлага гаргасан баримтгүй байна.

 

11.Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсантай холбоотойгоор гэрээг үндэслэн автомашиныг өөрийн эзэмшилд улсын бүртгэлд бүртгүүлэх эрх хариуцагчид байсан хэдий ч эрхээ хэрэгжүүлээгүй. Хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хуулиар тавигдаагүй. Иймээс автомашин худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

12.Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 35,000,000 төгрөгийг хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлөх үүрэгтэй байна.

 

13.Монголын Татварын албанаас нэхэмжлэгч О ХХК-д 2019-2022 онд КамАз маркийн ..... УБЭ улсын дугаартай автомашины 587,500 төгрөгийн татвар ногдуулсан болох нь Монголын татварын албаны нэхэмжлэхээр нотлогдож байна. /хх-ийн 20-25, 69/ Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хуульд заасан татварыг төлөх үүрэгтэй. Хариуцагч худалдан авсан тээврийн хэрэгслийн татварыг төлөөгүйгээс нэхэмжлэгчид татварын өр төлбөр үүссэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

14.Харин талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 2.4-т ...худалдан авагч тал хугацаа хожимдуулсан тохиолдолд алданги тооцох, гэж тусгасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан. Гэрээнд байх алдангийн талаарх заалтад алдангийн хэмжээ тодорхой бус байгаа учир нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.

 

15.Түүнчлэн Гэрээний 4.1-т ...худалдан авагчийн хүсэлтээр НӨАТ тооцогдоогүй гэж тусгасан байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гэрээг байгуулахдаа НӨАТ төлөхгүй байхаар тохиролцоо хийсэн болохоо зөвшөөрсөн. Гэрээгээр НӨАТ төлөхгүй байхаар тохиролцсон нь тогтоогдож байгаа учир хариуцагчаас НӨАТ-т 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.

 

16.Иймд хариуцагч О Д ХХК-иас үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөг, хохирол буюу автомашины татварын өр төлбөр 587,500 төгрөг нийт 35,587,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,500,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

17.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу хариуцагч О Д ХХК-иас 35,587,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,500,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О Д ХХК-иас 335,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР