Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/197

 

                

 

                                   

 

 

  2025            5               06                                                2025/ШЦТ/197

 

                                   

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цогзолмаа,

Шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ****** М Х холбогдох эрүүгийн 2434006890*** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******************************************************************************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч М.Х нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг "Агтын цохой” гэх газарт хохирогч Ц.Г үл ялиг зүйлээс болж маргалдан, улмаар хохирогч Ц.Г трактораар цээжин тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь нурууны L3, L4, L5, S1 жийргэвч цүлхийсэн, мэдрэлийн язгуурын гарах нүхийг нарийсгасан, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

Хохирогч Ц.Г өгсөн: “Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутагт 2024 оны 10-р сарын 30-ны өдөр өглөөний 10-11 цагийн орчим би утсаар Х-тэй ярихад Х би танайд байна, эхнэр чинь энд унтаж байна" гэхээр нь би уурлаад сумын төвөөс арцийн цохионд байрлах гэр рүүгээ явган явж байхад хойноос Х портертэй ирэхээр нь би гуйгаад гэр рүүгээ хүргүүлсэн. Гэртээ очход гэрт Х байхгүй байсан. Очсоны дараа Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд Х ирээд бид хоёр маргалдаад барьцалдаж авсан. Тэгэхэд Х, манай эхнэр Д, Б гурав бид хоёрыг салгасан. Тэгэхэд Х жижиг машиндаа суугаад намайг дайрах гэж ирэхэд Х намайг портерийн хажуу руу татаж авсан. Тэгээд Х трактор дээрээ очсон. Тэгээд цааш хөдлөөд явж байх үед нь би араас нь гүйсэн. Би нэг мод аваад прэс лүү нь цохисон. Тэгтэл Х трактортойгоо эргэж ирээд намайг урд дугуйгаараа мөргөж унагаагаад, урд дугуйгаараа биеийн минь дээр дараад зогссон. Тэгээд хойшоо ухраад яваад өгсөн. Би Х хувийн өс хонзонгүй. Нодлин буюу 2023 онд би Хасбаатартай танилцсан. Энэ намар манай өвөлжөөг Х бид 2 хамтарч хадсан. Би Х цохиогүй. Миний биед нурууны сэртгэр яс мэдрэлийн судас дарсан байна гэж гэмтлийн эмч хэлсэн. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол гаргуулна. Хохиролтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

"Миний согтуу байсан үйлдлээс болсон. Х бид хоёрын хооронд жижиг шалихгүй маргаанаас үүссэн. Харин Х хувьд архи дарс хэрэглээгүй байсан. Цаашид би Цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Надад Х эмчилгээний мөнгө болох 620 000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын дундуур /өдрийг санахгүй байна/ бэлнээр өгсөн. Миний биед хэрэг үйл явдлаас хойш ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Гэрээр эм тариа уугаад эрүүл зүгээр болсон. Надад учирсан сэтгэл санааны хохирол байхгүй. Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэхгүй. Одоо цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч Ш.Д өгсөн: "Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар баг Агтын Цохой гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай өвөлжөөнд 10 цагийн орчим манай нөхөр Ц.Г ирсний дараа М.Х ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Би Х хандаж "та боль, согтуу хүнтэй эрүүл байж битгий хэрэлд, маргааш ирж уулз" гэж хэлсэн. Хасбаатар "энэ Г намайг дуудсан, би энэнтэй нэгийгээ үзнэ” гэж хэлээд Приус 20 маркийн машиндаа суугаад дайрна гэж хөөсөн. Тэгсэн Гэндэнсүрэнгийн хажууд портер байсан. Портер байгаагүй бол яг дайрах байсан. Б манай хүргэн Г портерийн араар татаж оруулсан. Тэгээгүй бол яг дайрах байсан. Тэгээд Приус машинаа тавиад тракторлуугаа явахад нь манай хүн Г хойноос нь мод бариад гүйсэн. Тэгээд трактортойгоо цаашаа харсан байхад нь Г прэсс нь дээр нь модоор цохисон. Тэгсэн чинь Х трактортойгоо ганц эргээд л Г трактортойгоо дайрчихсан. Тэгээд би наанаас нь "хүн аллаа" гээд орилоод очиход Х трактортойгоо хойшоо ухраад цаашаагаа яваад өгсөн. Х, Г хоёр хамт хадлан хийсэн. Тэгсэн Х Г хүмүүст ялих ялихгүй юм яриад тэрийг нь манай хүн Г сонсчихоод согтуудаа энэ асуудлаасаа болж маргалдсан. Тухайн үед Х, Б, Г, Х тэгээд би байсан. Х жижигхэн цэнхэр өнгийн трактор унасан байсан. Улсын дугаар байхгүй. Х нь Г Приусээр дайрна гэснээ дараа нь трактороор дайрч байгааг би санаатай алах гэсэн үйлдэл гэж бодож байна." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч Л.Б өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл сумын төв би Г хамт нэг шил архи уусан. Тэгсэн чинь Г лүү Х утсаар яриад байсан. Тэгээд би Г хамт Г-гийн өвөлжөө рүү очсон. Очсоны дараа Х бид 2-ын хойноос ирсэн. Тэгээд Х "Б аа би чамтай юм ярихгүй" гээд намайг хойш нь түлхэж байгаад Г маргалдаж байгаад Приус 20 маркийн машинаараа мөргөх гэж үзсэн. Тэгээд яг мөргөх гэж байхад нь Х портерийн араар татаж гайгүй өнгөрсөн. Тэрний дараа Х дээшээ өгсөөд яваад өгсөн. Тэгсэн чинь дээрээс трактороо асаагаад буугаад ирсэн. Г урдаас нь мод барьж дайраад яг мөргөх үед нь би Г хойноос нь татсан тулдаа гайгүй мөргөсөн. Х трактороороо дайраад цээжин дээр нь баруун талын дугуйгаараа мөргөөд дээр нь зогссон. Хэрвээ би Г хойноос нь татаагүй бол тэрнээс ч аймар мөргөөд бүр дээгүүр нь дайраад гараад явчих байсан. Г, Х хоёр сумын төв дээр байхад утсаар яриад байсан. Г Х-ыг эхнэртэйгээ хардаад маргалдсан байх. Тухайн үед Х, Г, Д, Х тэгээд би байсан. Х цэнхэр өнгийн трактор байсан. Улсын дугаар байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Гэрч Л.М өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Төв аймаг Цээл сумын төвөөс хөдөө гэр болох “Давхарын энгэр” гэх газар руу өөрийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа явж байсан. Замдаа өөрийн адуугаа харчихаад явъя гэж бодоод "Шийтэр" гэх газар руу явж байтал замд 2 хүн зүүн зүг рүү явган гүйж байсан. Тэгэхээр нь би зогсоод хаашаа явж байгааг нь асуугаад тэр хоёр хүнийг машиндаа суулгаад Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг "Агтын цохой" гэх газар Г өвөлжөөн дээр гэрт хүргэж өгсөн. Гэрийнх гадаа трактортой хүн байсан. Г  ахтай хоорондоо маргалдаад байхаар нь би Г  ахыг салгаад гэрт оруулчихаад би цааш хөдлөх гэтэл Г  ах гэрээс гарч ирээд нөгөө трактортай хүн рүү гүйж байсан. Би Г  ахын эхнэрийг нь аваарай гэж хэлчихээд цааш адууруугаа явсан. Намайг цээл сумынхан Хообого гэж дууддаг. Миний бүтэн нэр М  гэж дууддаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Шүүгдэгч М.Х  өгсөн: “Төв аймгийн Цээл суманд 2024 оны 10 сарын 30-ний өдөр 11-12 цагийн орчимд Г-ийн өвөлжөө рүү трактороо авах гээд очсон. Тэгээд намайг очиход Г-ийн гадаа Г баз Б бас миний зүс таних 2 хүнтэй тэгээд эхнэртэйгээ нийлээд 5-уулаа дундаа 0,75 литрийн хараа уугаад сууж байсан. Тэгээд би очиод "трактороо авья, өвсөө бөөгнүүлмээр байна" гэсэн чинь Г "чамайг ална писда минь, ална шүү банди минь, чамтай өнөөдөр тооцоотой" гээд намайг заамдаад авсан. Тэгэхэд нь би "би чамтай маргааш эрүүл байхад чинь ярья" гэсэн. Гэндэнсүрэн "чамайг шоронд хийж банди болгоно, хошного болгоно" гээд элдэвээр намайг хэлсэн. Тэгсэн чинь надтай хамт явсан Б гэх ахыг тэр баз нь гээд Баяраа заамдаад авсан байхаар нь би 27-64 УАТ улсын дугаартай Приус 20 маркийн машинаа асаагаад тэр хүмүүс дундуур сүлжээд цаагуур нь тойроод цаана нь тавьсан. Тойрох үед Г миний машин руу хөшиглөсөн. Тэгээд машинаа тавьчихаад Б ахыг "та жижиг тэрэгээ унаад яв, би трактороо унаад явья" гэж хэлээд би трактор луу явсан. Тэгээд трактороо асаагаад хөдлөх гэтэл тракторийн ар урд хэсэг рүү Г өвс бөөгнүүлдэг өвсны сэрээгээр цохиод байсан. Тэгээд сүүлд нь тракторийн хамар луу цохиод байхаар нь би хажуу тал руу нь дараад хөдөлсөн чинь Г шургаад унасан. Тэгээд шууд босч ирээд өвсний сэрээ нь хугарчихаад байхад хугарсан ишээр нь тракторийн кабины ар луу цохиод байсан. Нэг нь тракторийн хаалганаас барьчихсан кабиныг цохиж байгаад хөдлөөд нэлээн явсны дараа үсрээд буучихсан. Тэгээд би жижиг машинтай явсан. Б гэх ахтай цаана уулзахад Б "чи чинь хүн дайрчихав уу яав, наад хажууд чинь ямар юм нь зүүгдээд цонхыг чинь хагалчих гээд байгаа юм" гэхэд нь би "наадуул чинь намайг сэрээгээр алах гэж байна. Би хүн дайраагүй, наадах чинь уначихаад босоод ирж байгаа биздээ" гэсэн чинь Б "харин нэг нь уначихаад шууд босоод ирсэн юм." гэсэн. Тэгээд бид хоёр сүлжээ дээр гарчихсан байхад хойноос Г залгаад "хаана байна, би чамайг ална" гэхэд нь би Жаргалант орчихсон байна гэж худлаа ярьсан. Би одоо ямар шалтгаанаар маргалдсныг мэдэхгүй байна. 2024 оны 10-р сарын 30-ны өглөө Г над руу залгаад "Б чамтай ярья гэж байна" гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгээд Г-ийн утаснаас дахиад над руу залгаснаа тэр Б нь "чи хаана байна, чи Г байна уу" гэж ярихаар нь би “үгүй ээ би сүлжээн дээр байна" гэсэн чинь Б нь "Г бид 2 чамайг очиж ална" гэхэд нь би “яахаараа та хоёр алдаг юм" гэсэн чинь "солиор писда минь, чамайг очиж ална" гэсэн. Би Г-ийн эхнэрийн дүүгээс нь хурдан морь авч байсан. Тэгээд орж гарч байгаад танилцсан. Тэгсэн өнгөрдөг өвөл хоёулаа өвс хадахаар болсон. Тэгээд энэ намар Г хамтарч өвс хадсан. Хамтарч өвс хадах үед Г баз Б байнга архи ууна. Тэгэх тоолонд нь би "наад архиа боль" гэж байнга хэлсэн. Тэрэнд өс санасан юм уу эсвэл эхнэртэйгээ хардсан юм уу би ёстой мэдэхгүй байна. Би огт архи хэрэглэдэггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,

"Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

Шинжээч эмч И.Ганболорын өгсөн: “Дээрх гэмтэл нь тээврийн хэрэгсэлд болон дайруулах үед үүсэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боложмтой. Архаг хууч гэмтэл байсан бол нэг жийргэвч цүлхийх буюу суулт өгөх байсан. Тухайн үеийн комюьтер томографикийн зурганд L3, L4, L5, S1 жийргэвч нь жигд дарагдаж цүлхийсэн байсан. Тээврийн хэрэгслээр мөргөх шүргэх  дайрахад үүсэх боломжтой. Үүний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шинжилгээгээр №622 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан.” /хх-ийн 42-43/,

Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №622 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1, 2.Ц.Гэндэнсүрэнгийн биед нурууны L3, L4, L5, S1 жийргэвч цүлхийсэн, мэдэрлийн язгуурын гарах нүхийг нарийсгасан, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэжээ /хх-ийн 46-47/

2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №07/66 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, боловсруулалт хийж, М.Х өмчлөлийн Трактор 1004 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 10-р сарын 30-ны өдрийн байдлаар 26,930,000/ хорин зургаан сая есөн зуун гучин мянга/ төгрөг гэж дүгнэлээ.” гэжээ /хх-ийн 53/,

“Гарьд Гүрү Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны №07/66 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-67/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-14/,

Зам тээврийн ослын акт, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 15-16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч М.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч М.Х нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг "Агтын цохой” гэх газарт хохирогч Ц.Г үл ялиг зүйлээс болж маргалдан, улмаар хохирогч Ц.Г трактораар цээжин тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь нурууны L3, L4, L5, S1 жийргэвч цүлхийсэн, мэдрэлийн язгуурын гарах нүхийг нарийсгасан, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч М.Х гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Ц.Г нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 23 дугаар хуудаст авагдсан түүний мэдүүлэг, 98 дугаар хуудаст авагдсан хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2434006890*** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** М Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан " Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.БАТЖАРГАЛ