| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0112/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
2025 4 08 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Алтансүх,
Шүүгдэгч Э.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э.Ү-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..................................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын ........................... тоот дахь өөрийн гэртээ хохирогч Г.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан үсдэж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 0000000000000 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Г.М гийн өгсөн: "2024 оны 12-р сарын 01-ны орой гэртээ байж байтал найз С, Х нар утсаар уулзая гэж ярьсан. Тэгээд би нөхөр Б утсаа авахгүй архи уугаад ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр ирж бид 3 хамт С машинтай гадуур хайсан. Тэгээд миний утсыг нөхөр Б авахгүй байсан болохоор нь найз С утсаар залгасан чинь утсаа авсан ба хаана байгаа юм бэ гэтэл урд 324-р зөрлөгт айлд байна гэхээр нь бид гурав урд хороололд байх багш Ү гэрт яваад очсон чинь хашааны гадаа нөхөр Б машин байхаар нь бид гурав багш Ү гэрийн хаалганы гадаа очиод хаалгыг нь татсан чинь дотроосоо цоожтой гэр дотор Ү хэн бэ гээд асуугаад тэгээд Х гар утсаа гаргаж бичлэг хийгээд хаалгаа онгойлгохгүй байхаар нь С хаалгыг татаж онгойлгосон. Орход нөхөр Б өмдөө буруу харуулаад өмсчихсөн сандал дээр сууж байсан ба Ү дээгүүрээ цамц өмсчихсөн доогуураа нүцгэн байсан би ороод чи айлын нөхөртэй заваарч байдаг гэтэл шууд намайг үсдэж авч цохисон би зөрүүлээд үснээс нь зулгааж зууралдаж байтал С, Х хоёр салгасан. Гэрээс нь гараад би машинаа асааж араас нөхөр Б гарч ирж машинд суусан. Тэгээд гэртээ нөхөр буулгачихаад бид гурав хэсэг юм ярьж гэрийн гадаа суусан. Тийм л зүйл болсон. Миний биеийн байдал сайн эдгэсэн. Шүүх шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Би асуудлаасаа болоод цалингийн арга хэмжээ авхуулсан. Үр дүнгийн мөнгө авах боломжгүй болсон гомдолтой л байна. Тухайн үед би өөрийн гар утсаа Ө.Х д өгөөд бичлэг хийлгүүлсэн. Одоо тэр бичлэг байхгүй. Учир нь миний утас гацаад байхаар нь би format хийтэл утсан дээр хадгалсан бүгд устсан. Эхлээд би хаалгыг нь нүдэхэд гэр дотроос Ү гэх эмэгтэй хэн бэ гэж асуусан. Тэгэхээр нь ахиад хаалгыг нь нүдээд ахиад хаалгыг нь нүдээд "Нөхрөө авъя" гэж хэлсэн. Тэгэхэд хаалганы цаанаас Ү нь юун нөхөр вэ юу яриад байгаа юм, хаана байгаа юм чи гэж асууж байсан. Тэгээд дотогш орохоор шийдэж С хаалгыг татах үед хаалга онгойсон миний бодлоор нь дотроос нь хүн ойлгосон. Учир нь анх хаалга нүдэх үед гэрийн хаалга цоожтой байсан. Тэрнээс биш хаалгыг нь эвдэж зөвшөөрөлгүй нэвтэрсэн зүйл байхгүй. Э.Үүрийнсолонго, манай нөхөр С.Б нар нь Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-д хамт ажилладаг. Өмнө нь Үүрийнсолонго, манай нөхөр С.Б-тэй уулзаж архи уугаад явж байсан тохиолдол байгаа. Би гэрт нь орж ирээд эхлээд Үүрийнсолонгийг 1 удаа алгадсан асуудал байгаа. Харин Ү нь нэг гараараа намайг үсдэж доош нь дараад нөгөө гараа атгаж байгаад миний толгой руу олон удаа хүчтэй цохисон. Тийм зүйл байгаа. Би гэрт нь орж ирээд эхлээд Э.Үгараараа 1 удаа алгадаад хөнжилнөөс нь татсан. Мөн Э.Үүснээс нь зулгаасан. Э.Ү надад хохирол мөнгө гэж өгсөн зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би зүгээр болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 16/,
Гэрч Т.С-өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 12-р сарын 01-ны орой 19 цагийн үед найз Х руу залгаад уулзахаар болж гэрийнх нь гадна ойр зуурын юм яриад байж байгаад найз М Х-тай дүрст дуудлага хийгээд танайхаар сонин юу байна вэ гээд ярьж байтал М нөхөр Б гэртээ байхгүй байна залгаад утсаа авдаггүй сургуулийн арга хэмжээний үеэр архи уугаад байсан энд тэнд согтоод осгочихвий дээ та хоёр машинтай байгаа бол хүрээд ирээч гэхээр нь бид хоёр миний машинтай очисон. Тэгээд гэрээс нь М аваад Бутас руу залгаад тэгсэн дуудаад авахгүй байхаар нь хэсэг азнаж ойр хавиар хайж байгаад би утсаараа залгасан чинь Б утсаа авч чи хаана байгаа юм бэ гэсэн чинь урд гэснээ 324-р зөрлөгт айлд байна гэсэн. Тэгээд утсаа салгаж урьд гэж байгаа юм чинь багш Үх урд хороололд айлын хашаанд амьдардаг гэж дуулсан учир бид 3 очиж гэрийг нь үзэхээр болсон. Ү багш нь ганц бие бас урьд өмнө Б тэй холбогдож асуудал болж байсан болохоор М хэрэв гэрт нь Б байдаг юм бол Х чи орохоосоо авхуулаад гар утсан дээрээ бичлэг хийлгээрэй гэж хэлсэн. Тэгээд бид гурав гэрт яваад очсон чинь хашааных нь гадаа Б машин байсан. Тэгээд хашаанд орж гэрийх нь хаалга дотроосоо цоожтой байхаар нь би утсаа асааж гэр дотроос Үхэн бэ гээд хаалгаа нээж өгөхгүй болохоор нь Х бичлэг хийж би хаалгыг татаж хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгсэн М үснээс нь зулгааж хоорондоо үсдэлцэхээр нь Х бид хоёр салгасан. Энэ үед Б галых нь урд тамхи татаад сууж байсан. Тэгээд салгаж бид 3 гэрээс гарсан. Тэгсэн араас Б гарч ирээд тэгээд М машиндаа Бг суулгаж бид хоёр араас нь дагаж гэрт нь очсон. Тэгээд М Б г гэр лүү нь оруулчихаад бид гурав машинтай гэрийнх нь гадаа хэсэг юм ярьж байгаад гэр гэртээ харьсан. Би хүний урамд гар хүрээгүй би юу гэж ийм асуудал дээр хүний биед хүрч байхав дээ намайг гүтгэж байна Хүний нөхөртэй явалдаж баригдчихаад бантсандаа намайг хүртэл зодсон мэтээр мэдүүлсэн гайхаж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч Ө.Х-гийн өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 12-р сарын 01-ны орой 19 цагийн үед хотоос ирээд хашаандаа машинаа оруулж тавиад амрах гэж байтал найз С залгаад уулзахаар болж гэрийн гадна ойр зуурын юм яриад байж байгаад найз Мөнхтуяатай дүрст дуудлага хийгээд танайхаар сонин юу байна вэ гээд ярьж байтал М нөхөр Б гэртээ байхгүй байна залгаад утсаа авдаггүй сургуулийн арга хэмжээний үеэр архи уугаад байсан энд тэнд согтоод осгочихвий дээ та хоёр машинтай байгаа бол хүрээд ирээч гэхээр нь сувдэрдэнэ бид хоёр Сувд-эрдэний машинтай очисон. Тэгээд гэрээс нь М аваад Бутас руу залгаад тэгсэн дуудаад авахгүй байхаар нь хэсэг азнаж ойр хавиар хайж байгаад С утсаар Б рүү залгасан чинь утсаа авч чи хаана байгаа юм бэ гэсэн чинь урд гэснээ 324-р зөрлөгт айлд байна гэсэн. Тэгээд утсаа салгаж урд гэж байгаа юм чинь багш Үх урд хороололд айлын хашаанд амьдардаг гэж дуулсан учир бид 3 очиж гэрийг нь үзэхээр болсон. Ү багш нь ганц бие бас урьд өмнө Б тэй холбогдож бас асуудал болж байсан болохоор М хэрэв гэрт нь Б байдаг юм бол чи орохоосоо авхуулаад гар утсан дээрээ бичлэг хийлгээрэй гэж надад хэлсэн. Тэгээд бид гурав гэрт яваад очисон чинь хашааных нь гадаа Б машин байсан. Тэгээд хашаанд орж гэрийх нь хаалга дотроосоо цоожтой байхаар нь би утсаа асааж гэр дотроос Үхэн бэ гээд хаалгаа нээж өгөхгүй болохоор нь би бичлэг хийж хаалгыг С татаж онгойлгосон гэрт орход Б сандал дээр хувцсаа буруу харуулаад өмсчихсөн согтуу сууж байсан Ү нь дээгүүрээ цамцтай доогуураа нүцгэн байсан ба Менхтуяа ийм юм харсан эмэгтэй хүн шууд л Үүрийнсолонгыг хацарлуу нь нэг удаа алгадсан. Тэгсэн М үснээс нь зулгааж хоорондоо үсдэлцэхээр нь С бид хоёр салгасан. Энэ үед Б галых нь урд тамхи татаад сууж байсан. Тэгээд салгаж бид 3 гэрээс гарсан тэгсэн араас Б гарч ирээд тэгээд М машиндаа Бг суулгаж бид хоёр араас нь дагаж гэрт нь очисон. Тэгээд МБ-г гэр лүү нь оруулчхаад бид з машинтай гэриих нь дээр хэсэг юм ярьж байгаад гэр гэртээ харьсан. Намайг М манай нөхөр Б энэ айлд байсан байгаагүй л баримтжуулах зорилгоор хийгээрэй гэж хэлсэн. Гол нь гэрийх нь үүдэнд Б машин байсан учир ийм шийдэлд хүрсэн. Тэрнээс олон нийтийн сүлжээнд тавьсан зүйл байхгүй уг бичлэгийг би өөрийн гар утсан дээр хийж тэр өдөр нь Мутас руу шилжүүлээд тэгээд устгасан байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед Г.М надад утсаа өгөөд бичлэг хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би Мийн утсаар бичлэг хийсэн юм. Одоо тэр бичлэг Мийн утсанд ёстой. Гэвч М надад хэлэхдээ "утас гацаад байхаар нь би update хийсэн. Тэгтэл бичлэг устчихсан байсан" гэж хэлсэн. Эхлээд М гэрийнх нь хаалгыг нүдэхэд гэр дотроос нэг эмэгтэй хэн бэ гэж асууж байсан. Тэгэхээр ахиад М хаалгыг нь нүдээд "Нөхрөө авъя" гэж хэлсэн. Тэгэхэд хаалганы цаанаас Ү нь юун нөхөр вэ, юу яриад байгаа юм, хэн юм бэ чи" гэж асууж байсан. Тэгээд дотогш орохоор шийдэж С хаалгыг татаж онгойлгосон. Тэрнээс биш хаалгыг нь эвдлээд хүчээр дайрч орсон зүйл байхгүй. Э.Үүрийнсолонго, С.Б нар нь Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-д хамт ажилладаг. Өмнө нь Э. Үүрийнсолонго, С. Б хоёр нь Кристалл супермаркетын урд уулзаад согтуу зогсож байсныг би найз Мийн хамт харж байсан. Би Э.Ү биед халдсан зүйл байхгүй. Э.Ү өөрөө мэдэж байгаа. Харин Г.М, Э.Ү хоёр бие биенээ үсдээд зогсож байхад С нь Э.Ү 1 удаа цохих шиг болохоор нь би очиж Сувд-Эрдэнийг холдуулсан. Надад өөр ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүхэн үнэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/,
Гэрч С.Б-өгсөн: 2024 оны 12-р сарын 01-ны өдөр сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд үе үеийн төгсөгчдын гар бөмбөгийн тэмцээнтэй байсан ба би ажилд гараагүй гэртээ амарч байсан. Өдөр 15 цагийн үед гар утсаар сургуульд хамт ажилладаг багш Э.Ү руу захидал бичээд нэг шил архи хувааж ууя гэсэн чинь манайд хүрээд ир гэхээр нь гэрт нь очсон. Тэгээд машинд хоёулаа нэг шил 075 грамын" Агар" нэртэй архи хувааж уусан. 1 цаг гаран машинд хувааж уугаад тэгээд Э. Ү гэртээ орж гал түлнэ гээд хоёулаа гэрт нь хамт орсон. Цаг сайн мэдэхгүй байна. Ү галаа түлж дахиад нэг шил архи би гаргаж хоёулаа хувааж уусан. Тэгээд согтоод орой болж байтал Ү хаалгыг хүн нүдэж би сандал дээр сууж байтал хаалгыг нь татаж онгойлгоод гурван хүн орж ирсэн нь эхнэр М найз С, Х нар байсан. Тэгээд намайг хайгаад эндээс олж байна гээд Ү эхнэр М нар үсдэлцэн хоорондоо цохилцсоныг С, Х нар болиулж тэгээд гэрээс нь гарсан. Би бас гарч эхнэр машинаа барьж тэгээд гэр лүүгээ хамт явсан. Ийм л асуудал болсон. Би хоёр нэг байгууллагад ажилладаг. Үй жирийн харилцаатай найз нөхдийн журмаар харьцдаг өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Урьд өмөнө ямар нэгэн гэр бүлээс гадуур харилцаа бид хоёрын дунд байгаагүй, би Үүрийнсолонгыг бэлгийн харьцаанд орохыг албадаж хүч хэрэглээгүй тухайн цаг хугацаанд бэлгийн харьцаанд ороогүй. Тийм зүйл болоогүй. Эхнэр Мэхлээд ирээд хаалгыг нь нүдэхэд Б-г гаргаад ир гээд хэлсэн, тэгсэн өөрөө хаалгаа онгойлгохгүй байсан ба угаасаа гадаа миний машин байсан болохоор байхгүй гэж хэлэх хэцүү болж онгойлгож өгөхгүй байсан. Тэгээд хаалгыг хүчээр онгойлгож орж ирээд эхлээд хэрэлдэж тэгээд үсдэлцсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн. Би бичлэг хийсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Э.Ү бид хоёр гэрт байж байхад гаднаас хаалга нүдсэн Ү нь "хэн бэ" гэж асууж байсан. Тэгэхэд манай эхнэр Г.М нь "манай нөхрийг гаргаад ир гэж хэлсэн. Тэгээд Э. Ү хэлэхдээ "Юу яриад байгаа юм бэ" гэж хэлтэл эхнэр М хэлэхдээ машин нь гадаа чинь байна хаалга онгойлго" гэж гээд хэсэг хаалга нүдсэн. Тэгэхээр нь би аргагүй эрхэнд хаалгыг онгойлгоод тэр гурав шууд орж ирсэн. Тэрнээс биш хаалгыг эвдэж хүчээр дайрч орсон зүйл байхгүй. Үй цуг ажилладаг найзууд гэдгээс өөр харилцаа байхгүй. Тухайн үед Үй унтсан зүйл байхгүй. Зүгээр хоорондоо юм ярилцаад сууж байсан. Ү нь эхнэр Г.М үснээс нь зулгаагаад доош нь дарсан. Мөн Ү эхнэр Г. Мийн хэвлий хэсэг руу өшиглаж байгаа харагдсан. Өөр зүйл сайн хараагүй. Манай эхнэр М нь Э.Ү түлхээд үснээс нь зулгааж байхыг нь харсан. Тэгээд тэр хоёр үсдэлцээд байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүхэн үнэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/,
Шүүгдэгч Э.Ү-өгсөн: ”2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед гэртээ байж байхад Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүр ажилтай С. Б нь над руу "шараа тайлах гэсэн юм, хань болоод цуг суугаад өгөөч" гэж чат бичээд манай гэрийн гадна машинтайгаа ирэхээр нь би гараад машинд нь орж суусан. Тэгээд С.Б "Агар" нэртэй 0.75 граммын архи гаргаж ирээд бид хоёр хувааж уугаад архийг дуусгасан. Тэгээд гэр рүү орох гэтэл С.Б нь "Танай нойлд орж болох уу" гэхээр нь "болно" гэж хэлээд нойлдоо оруулсан. Тэгээд гэртээ ороод орондоо орсон байхад С.Б нь хаалга нүдээд онгойлготол "Танайд орж болох уу, жоохон юм ярьж сууя" гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд С.Бг гэртээ оруулаад бид хоёр хамт юм ярьж байгаад би хэлэхдээ за за найз нь амарлаа гээд орондоо ороод "чи яв" гэхэд С.Б нь байж байгаад явна гээд миний ор руу ороод намайг оролдоод хамт унтъя гээд байхаар нь би эсэргүүцээд байж байхад манай гэрийн хаалгыг хүн нүдээд гаднаас манай ажлын газрын С, М хоёр мөн онцгой байдалд ажилладаг Х гийн хамт гурвуулаа орж ирсэн. Тэгээд эхлээд М нь над руу хүрч ирээд намайг 4-5 удаа алгадахаар нь би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд намайг орноос буулгах гээд үсдэхээр нь би босоод зөрүүлээд үснээс зулгаасан. Бид хоёр нэг нэгнээ үсдээд зогсож байхад С нь намайг 1 удаа алгадаад мөн манай гэрийн шар иштэй хутгыг авчираад миний үсийг тайрна, ер нь алчихсан ч яадаг юм гэж хэлж байсан. Харин Х нь манай гэрт орсоноосоо эхлүүлээд бид нарын зураг, бичлэгийг хийж байсан. Тэр үед С.Б нь бид нарыг хараад сандал дээр сууж байснаас өөр зүйл хийгээгүй. Тэгээд М бид хоёрын дундуур Х орж ирж салгаад М С, Х гурав эхэлж гэрээс гараад араас С.Б гарч явсан. С Б нь халамцуу байсан бөгөөд надад хэлэхдээ “Цогтбаяр болон түүний эхнэртэй 1 том пиво хувааж уучаад ирлээ" гэж хэлж байсан. Би М учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй. Гэхдээ баримтаар гаргасан зардлыг нь нөхөн төлнө. Би хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй байна, миний хэлсэн ярьсан зүйл үнэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №16 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Э.Үүрийнсолонгийн биед баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэжээ /хх-ийн 32-33/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №18 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Г.М-гийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн гарын 4 дүгээр хурууны үеэнд зулгаралт, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоодлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.Дээрх баруун шуу, зүүн гарын 4 дүгээр хурууны үеэнд зулгаралт, баруун гуяанд цус хуралт гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 7.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” гэжээ /хх-ийн 36-37/, Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх 3-5/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ү-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Шүүгдэгч Э.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын .............................тоотод байх өөрийн гэртээ хохирогч Г.М гийн нөхөр С.Б тэй архидан согтуурсны улмаас хохирогч Г.М нөхрийгөө шүүгдэгч Э.Үй хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар харилцан зодолдож Г.М гийн эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв. Иймд шүүгдэгч Э.Ү-г дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байгаа хэдий ч шүүгдэгч Э.Ү үйлдэл хохирогч Г.М гийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой, шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Г.М нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.М нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан эсэх талаархи лавлагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр тодруулахад хохирогч Г.М нь Хавдар судлалын үндэсний төвөөс 94 200 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд энэ төлбөр нь энэ гэмт хэрэгт хамааралгүй гэж үзсэн талаар улсын яллагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч "Шүүгдэгч Э.Ү-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах" санал гаргасан бөгөөд,
Шүүгдэгч Э.Ү нь тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч ......................... суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаархи төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66-70/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Э.Ү үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /шүүгдэгчийн насны байдал, гэм буруугийн асуудалд маргаагүй, хийсэн хэрэгт дүгнэлт хийж, гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн 0000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ү нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Э.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Э.Ү-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн 0000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ү нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Үүрийнсолонгод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ