| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0185 |
| Дугаар | 2025/ШЦТ/207 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.М |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/207
2025 5 12 2025/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхтайван,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч **** Б Б холбогдох эрүүгийн 2534000000*** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг төмөр замын байранд 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Э нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон, хөлөөрөө өшиглөж, үснээс нь чирч, толгойн тус газарт нь нэг удаа цохиж, хохирогч Г.Э биед толгойн шарх, дээд уруулын салстад шарх, баруун гуя, нуруу, зүүн гуянд цус хуралт, дээд уруулд зулгаралт, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
Хохирогч Г.Э өгсөн: “Би Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар багийн төмөр замын байранд нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр О ахтайгаа уулзана гээд гэрээс гараад явсан. Би О орж ирэхгүй болохоор араас нь яваад ортол О ахтайгаа юм яриад сууж байсан. Тэгтэл ах нь намайг хараад “чи архи уугаад байгаа юм уу архи дарсаа болиоч царай зүс чинь авах юмгүй болсон байна” гэсэн. Тэгэхээр нь би уурлаад “миний царай зүс чамд ямар хамаа байна. Өөрийгөө хичээ” гэтэл орон дээрээс босож ирээд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохитол би газар унасан. Унасан хойгуур намайг хөлөөрөө хөшиглөөд үснээс зулгаагаад байсан. Тэгтэл О цаанаас ирээд намайг босгох гэтэл том цагаан пивор сандал аваад миний толгойн зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд цус гараад тогтохгүй болохоор нь Төв аймгийн Баян сумын эрүүл мэндийн төвд очиж боолт хийлгэсэн. Би манай нөхрийн ах болохоор нь ирээд уучлалт гуйчих байх гэж бодоод 2 өдөр цагдаад хэлэлгүй хараад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед манай нөхөр О, Б бид гурав байсан. Миний биеийн нүүр, толгой гуя, нуруу хэсэг рүү Б гэх залуу хэд хэдэн удаа гараараа болон хөлөөрөө цохисон. Б.Б манай хадам ах байгаа юм. Манай нөхөр О төрсөн ах. Тухайн үед Б, О нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед Б муудаж маргалдаж байгаагүй. Өс хонзон өглөг, авлагын зүйл байхгүй. Ер нь жоохон харилцаа муутай ширүүн хүн байгаа юм. Би гомдолтой байна эмэгтэй хүний гоо сайханд халдсан." гэх мэдүүлэг /хх-ийн 5/,
Гэрч Г.О өгсөн: " Би Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар баг төмөр замын байранд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн ах Б ороод байж байтал эхнэр Э гаднаас согтуу ороод ирсэн. Тэгтэл Б ах “чи эмэгтэй хүн байж архи уухаа болиоч” гэтэл Б ахын урдаас “салаавч” гаргаад “чи миний архи уух уухгүйг мэддэг болсон юм уу” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Б ах босож ирээд “алгадаж унагаад дээрээс нь цохиод үсдээд” байсан. Би салгах гээд Ч газраас босготол Б ах хажууд байсан цагаан өнгөтэй пивор сандлаар Ч-ийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Хэрэг учрал болсон газар би, Б ахтай юм яриад сууж байтал гаднаас Ч орж ирсэн хүн байгаагүй. Өөр хүн байгаагүй. Тухайн үед Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б, Э “хүний нутагт явж байж нэрээ бодоод наад архи дарсаа боль” гэж хэлсэн. Тэгтэл Э өөдөөс нь хэл амаар доромжлоод салаавч гаргаад байсан. Энэ хоёр өмнө нь хоорондоо огт маргалдаж байгаагүй. Б, Э толгой хэсэг рүү нэг удаа пивор сандлаар цохиод үснээс нь зулгаагаад шал мөргүүлээд байсан. Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Б нь ааш зангийн хувьд хүнтэй мэндтэй явдаг. Хүнийг ялгаж үздэггүй ааш зангийн хувьд төлөв даруу хүн." гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрч Д.О өгсөн: “Тухайн өдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Э гэх хүн толгойндоо гэмтэл авсан ирсэн. Тухайн өдөр би ээлжтэй байсан. Толгойдоо 3 см орчим язарсан шархтай, гүн нь 0,5 см зүүн талын шанаа хавдсан байсан. Тухайн үед амин үзүүлэлтийг нь үзээд өвчин намдаах хийж байгаад шархыг нь цэвэрлээд 5 оёдол толгой хэсэгт нь тавьсан. Гадны хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар баг төмөр замын байранд Г.Э нь бусад зодуулсан Г.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Д.Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт төгрөгийн зардал гарсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
Шүүгдэгч Б.Б өгсөн: “Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №Төв 0725/179 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Г.Э-ийн биед толгойд шарх, дээд уруулын салстад шарх, баруун гуя, нуруу, зүүн гуянд цус хуралт, дээд уруулд зулгаралт, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэжээ /хх-ийн 15-16/,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны №162 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 35-40/,
Хохирогч Г.Э хүсэлт /хх-ийн 47/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг төмөр замын байранд 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Э-ийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон, хөлөөрөө өшиглөж, үснээс нь чирч, толгойн тус газарт нь нэг удаа цохиж, хохирогч Г.Э-ийн биед толгойн шарх, дээд уруулын салстад шарх, баруун гуя, нуруу, зүүн гуянд цус хуралт, дээд уруулд зулгаралт, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Б гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Г.Э нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 47 дугаар хуудаст авагдсан хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдсон.
Хохирогч Г.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 3 050 284 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаа олгох лавлагаа, хууль ёсны төлөөлөгч Б.Г мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т "...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар шүүгдэгчээс 3 050 284 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2534000000*** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан " Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 3 050 284 /гурван сая тавин мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд олгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ