| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/06078/И |
| Дугаар | 101/ШШ2022/00276 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/00276
2022 01 11 101/ШШ2022/00276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хххххх дүүрэг ххххх хороо, 000 тоотод оршин суух, М.Б /00000000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххх дүүрэг, ххххх хороо, ххххх гуадмж, 000 тоотод оршин суух, Д.О /00000000 /,
Хариуцагч: ххххх дүүрэг, хххх хороо, 000 хороолол, хххх гудамж 00 тоотод оршин суух, Г.Б /000000 / нарт холбогдох,
39,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч С.Я, хариуцагч Д.О төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн хххх овогт М.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Г.Б "Зээлийн гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар буюу 2021 оны 04 дүгээр сарын 11-нийг хүртэлх хугацаанд, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Нэхэмжлэгч М.Б нь уг “Зээлийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1-д “Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож ...” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг зээлдэгч Г.Б-ийн Хаан банкны 000000 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд талууд “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6-д заасан хуваарийн дагуу зээлийн төлөлтийг төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөлт хийгээгүй байна. Тодруулбал, үндсэн 20,000,000 төгрөг болон “Зээлийн гэрээ”-ний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон 3 сарын хүү болох 6,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийн төлөлтөөс огт төлөлт хийгээгүй болно. Түүнчлэн, Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн "Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу алданги төлөхөөр тохиролцсон. Алданги нь 1 хоногийн 130,000 төгрөг ба үүргээ биелүүлээгүй хугацаа болох 100 хоногийн алданги нь нийт 13,000,000 төгрөг болж байгаа юм. Иймд хариуцагч Г.Б-ээс “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 20,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд бодогдсон хүү 6,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О-ийн төлөөлөгч Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мөнгө зээлдүүлэгч М.Б болон зээлдэгч Г.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотойгоор үүсэн гарах хохирол, хор уршгийг батлан даагч Д.О нь Батлан даалтын гэрээний заалтын дагуу нөхөн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хариуцагч Г.Б-ийн зээлж авсан 20,000,000 төгрөгийг Д.О нь тоо ёсоор бүрэн хүлээн авч өөртөө зарцуулсан болох нь тогтоогдож байгаа болно гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь иргэн М.Б тэй зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг авсан. Энэ 20,000,000 төгрөгөө намайг батлан даасан Д.О-д нэг ч төгрөг авахгүй хүлээлгэн өгсөн. Учир нь Д.О нь барьцаанд тавьж мөнгө зээлэх хөрөнгө мөнгөгүй учир намайг зээл авч өг гэж гуйсан юм. Гэрээнд заагдсан үндсэн мөнгө, хүү, алдангийг бүгдийг нь батлан даагч Д.О хариуцах ёстой. Би энэ мөнгийг гаргаж төлж чадахгүй ээ. Тийм ч учраас намайг батлан дааж авсан юм. М.Б-ийн нэхсэн мөнгийг Д.О-оос гаргуулж авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б , хариуцагч Д.О, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д.О нэхэмжлэлээс 33,000,000 төгрөгийг төлөх, хариуцагч Г.Б-ээс татгалзах саналыг нэхэмжлэгчид гаргасныг нэхэмжлэгч эвлэрэн хэлэлцэх мөнгө дүнг хүлээн зөвшөөрч хариуцагч Г.Б-ээс татгалзахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Хариуцагч Г.Б нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан учир нэхэмжлэгч болон нөгөө хариуцагч Д.О нарын эвлэрэн хэлэлцсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлгүй, шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Б хариуцагч Г.Б нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг, нэг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар хариуцагчид олгожээ. Мөн өдөр нэхэмжлэгч М.Б , хариуцагч Д.О нарын хооронд Батлан даалтын гэрээ байгуулж, хариуцагч Д.О нь хариуцагч Г.Б гэрээний үүргээ биелүүлээгүй бол нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон талаар талууд шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б , хариуцагч Г.Б нарын хооронд зээлийн гэрээ, нэхэмжлэгч М.Б , хариуцагч Д.О нарын хооронд батлан даалтын гэрээ тус тус байгуулагджээ.
Хариуцагч Г.Б нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж тус 20,000,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчээс зээлж хариуцагч Д.О-д мөн дүнгээр шилжүүлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргасан, хариуцагч Д.О-ын зүгээс хариуцагч Г.Б-ийн тайлбартай маргаагүй ба уг зээлийг нэхэмжлэгчийн өмнө дангаар хариуцаж, Г.Б нь тус зээлийг ашиглаагүй тул хариуцахгүй гэх тайлбар гаргасан.
Хариуцагч Г.Б2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг нэхмжлэгчээс зээлж, уг мөнгийг хариуцагч Д.О-д шилжүүлсэн нь бие даасан харилцаа учир нэхэмжлэгчээс зээлсэн 20,000,000 төгрөгийг өөрөө ашиглах эсхүл бусдад дамжуулан зээлдүүлэх, ашиглуулах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах хариуцагч Г.Б-ийн өөрийнх нь сонголт юм. Иймд хариуцагч Г.Б--ийн хувьд тус зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнө хариуцах хариуцагч мөн бөгөөд хариуцагч Г.Б зээлийн гэрээний үүргийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч М.Б , хариуцагч Д.О нарын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 4.1-д хариуцагч Д.О нь хариуцагч Г.Б-ийн зээлийн гэрээний үүргийг нөхөх бус хамтран хариуцахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар хариуцагч Д.О, хариуцагч Г.Б-ийн нэгэн адил дээр дурдсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнө хамтран хариуцах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 3.7-д зааснаар алданги 13,000,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч Г.Б нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан, хариуцагч Д.О нэхэмжлэлээс 33,000,000 төгрөгийг төлөх санал гаргаж бусад шаардлагаас татгалзсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар зохигч анзын гэрээг бичгээр учир нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан үндэслэлээр анзын хэмжээг шүүх багасгаж болохоор хуульчилсан бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас хариуцагч нар зээлийн болон батлан даалтын гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал, зээлийн гэрээний хүү зах зээл дэх хүүгийн хэмжээнээс хэт өндөр байгаа зэрэг талуудын тайлбар, хэргийн үйл баримтыг үндэслэн алдангийг багасгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 онд баталж, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 141 дүгээр зүйлд заасан алдангийн хэмжээг тогтоосон хэмжээгээр алдангийг бууруулж зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д заасан алдангийн хэмжээг 0.5-иас 0.2 хувь болгон тооцов. Ийнхүү тооцсон нь зохигчийн хэн алины эрх ашиг, үйл ажиллагаанд хэт давуу байдлыг бий болгохгүй, нөгөө талын эрхийг хэт хөндөхгүй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн шаардсан 26,000,000 төгрөгийн дүнгийн 0.2 хувь /52,000/-ийг алдангийг тооцсон 100 хоногоор бодоход хариуцагч нар 5,200,000 төгрөгийн алдангийг зээл, хүү дээр нэмж төлөхөөр байна. Иймд хариуцагч Г.Б, Д.О нараас зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 31,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б өд олгож, нэхэмжлэлээс 7,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 460 дугаар зүйлийн 460.2, 232 дугаар зүйлийн 232.8-т заасныг баримтлан хариуцагч Г.Б /00000000/, Д.О /0000000/ нараас 31,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б /0000000 /-д олгож, нэхэмжлэлээс 7,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,956 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Г.Б , Д.О нараас 313,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ