Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

  2025          4             09                                                2025/ШЦТ/143

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Халиун,

Хохирогч Т.Ч,  

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Майцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Д.Б-д холбогдох эрүүгийн 00000000000000дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........................регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь "Төв аймгийн Зуунмод сум Энхтайван 6 дугаар баг 8А-308 тоотод 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр "...эхнэр О.Ч зодох..." үед салгах гэж оролдсон иргэн Т. Ч эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 00000000000000дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Т.Ч ын өгсөн: “Би өмнө нь зөрчлийн хэрэг бүртгэх явцад дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа, түүнд дээр нэмж ярихад Б гэх хүн манайд тэр өглөө 07 цаг өнгөрч байхад миний зөвшөөрөлгүй манай хашааг давж орж ирээд гэрт унтаж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж гэрийн хаалга, цонхыг эвдэж хагалчих гээд нүдээд байсан. Тэгээд манай хүү Т очиж хаалга онгойлгож өгсөн, ерөнхийдөө бол тэр хүн манайд оршин суугч миний зөвшөөлгүйгээр хүч хэрэглэж орж ирээд, амгалан тайван байдал алдагдуулж, миний биед халдсан, гэмтэл учруулсан. Мөн миний эрхэлж байгаа ажил мэргэжлээр маань далимдуулан дарамталж, гомдол гарган арга хэмжээ авхуулсан асуудалд маш их гомдолтой байна. Миний хувьд найзаа хамгаалсан. Зохих журмаар нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн асуудлаас өөр зүйл байгаагүй. Би энэ асуудлаас болж маш их сэтгэл санаагаар унаж, тайван ч ажлаа хийж чадахгүй байна. Мөн хамт олон дундаа нэр хүнд унаж ажил мэргэжил, хувь хүний эрх чөлөөнд ноцтой хохирол учруулсан гэж бодож байна. Тиймээс би сэтгэл санааны хохирлоо мэргэжлийн байгууллагаар гаргуулах хүсэлттэй байна. Мөн дээрх этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Миний хувьд эвлэрэх ямар ч бодолгүй байгаа бөгөөд хохирол мөнгө төлсөн ч гомдолтой. Шүдээ янзлуулна, сэтгэл санааны хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн гадуур Төв аймгийн Шүүх шинжилгээ, шинжээч шинжилж чаддаггүй юм байна. Чыг Улаанбаатар хотод очиж үзүүлж дүгнэлт гаргуулна гэж хүмүүст хов яриад явж байна гэсэн. Би нэр төрөө сэргээлгэж авах хүсэлтэй байна. ...Би мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Миний биед учирсан зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтлийг манай гэрийн гал тогоонд Б Ч ийг үстээд байхаар нь би салгах гээд Б гийн хувцаснаас хойш таттал Б Чийн үснээс тавиад эргэж хараад миний цээж хэсэг рүү 3-4 удаа түлхсэн бөгөөд дахиж эргэж хараад баруун гарынхаа тохойгоор миний уруул хэсэгт 1 удаа тохойлдсон. Цохисны дараа би шууд гэрийнхээ нойл руу ороод толинд хартал миний шүднээс цус гараад хөдөлгөөн орсон байсан. Би нойлоос гарч иртэл Б манай гэрээс гарчихсан хашаан дотор алхаж явсан бөгөөд би нойлоос гарж иртэл Ч гал тогооны өрөө сандал дээр сууж байсан бөгөөд би хүү Тд хандаж "Ээжийнхээ утсыг аваад ир" гэхэд миний утсыг авчирж өгсөн. Би шууд 102-луу залгаж дуудлага өгсөн. Б эргэж хараад гараараа 3-4 удаа түлхэж байгаад намайг харсан чигтээ миний уруул хэсэгт баруун гарын тохойгоороо 1 тохойлдсон. Энэ бол санаатай үйлдэл намайг харж байх үедээ тохойлдсон юм. Би сайн санаж байна намайг тохойлдож байхдаа над руу их зэвүүцсэн, жихүүцсэн харцаар харж байсан. Б бид 2-н хажууд Ч гал тогооны сандал дээр сууж байсан юм. Би тохойлдуулсны дараа нойл орчхоод гараад иртэл Ч сандал дээр сууж байсан. ...Ч тухайн үед үсдүүлсэн байсан учир үсээ янзлаад доош хараад сууж байсан. Би Ч-т хандаж "Үүдэн шүд хөдлөөд ёзоор хэсгээсээ цус гараад байна" гэж хэлэхэд Ч айсан сандарсан байдалтай над руу хараад "Одоо яах уу" гэхээр нь би "Цагдаа руу явъя" гээд Чийг дагуулаад цагдаа дээр ирсэн. Б эхнэрээ зодоод би цагдаа руу дуудлага өгөхөд Б надад өс хонзон санаж, ЦЕГ-руу худал гомдол гаргаж надад албаны шалгалт хийгдээд, албан тушаал бууруулж, нэр хүндэд халдаж, эдийн засгийн хувьд намайг асар их хохиролд оруулсан би маш их гомдолтой байна. Хохирол мөнгө төлсөн ч гэсэн би гомдолтой. Би шүдээ янзлуулах эмчилгээний зардал гаргуулмаар байна. Миний ярьсан зүйл үнэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18, 20/,

Шүүх хуралдаанд: "Хэрэг болохоос 4-5 хоногийн өмнө Ч манай нөхөр намайг зодох гээд байна гэж над руу ярисан. Намайг тосоод аваач гэхээр нь би тосож аваад манайд хоночоод явсан. Хаашаа явсаныг нь мэдэхгүй байна. Шүүгдэгч надаас уучлалт гуйж ирсэн. Болгоомжгүй цохисон гэж хэлээд өгөөч гээд. Би сэтгэл санааны хохирлоо төлсөний дараа больё гэж хэлсэн. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байна." гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Ч-ийн өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 20-ны орчим би нөхөр Бтэй муудалцаад гэрээсээ гараад явсан. Манай нөхөр Б нь хүүхдүүдээ хараад үлдсэн. Би харин манай үеэл Ч буюу Ч гэрт очсон. Би Ч-гийн гэрт 5 хоносон. Манай нөхөр өөрөө гуйж ирэх байх гэж бодоод бас хашираах зорилгоор гэр лүүгээ явалгүй Ч-гийн гэрт байсан. Тэгээд 2024 оны 5 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн орчим манай нөхөр Б нь намайг хайгаад Чимдээгийн гэрт ирсэн. Тэгээд намайг явьяа гэж манай нөхөр хэлээд гэртээ харьяа хоёуланд ярих юм байна гэж хэлсэн. Тэр үед би нэг хүү Д хамт байсан. Тэгээд Ч-гийн гэрийн үүдний өрөөнд хүү Д-г хувцаслаж байхдаа би нөхөр Б тэй маргалдсан. Тэр үед Ч орж ирээд манай нөхөр Б-д хандан чи битгий дээрэлхээд байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойд өрөө рүү нь ороод хувцсаа өмсөх гээд орсон. Тэр үед Б, Ч нар хараалын үг хэлж хоорондоо маргалдаад байсан. Намайг өрөөнөөс гарч ирэхэд манай нөхөр Б нь хүү Д-гтэврээд Ч-гийн гэрээс гараад явсан. Тэр үед Ч нь танай нөхөр намайг цохичихлоо энэ ямар даварсан гар вэ, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Тэгээд Ч бид хоёр цагдаа дээр ирсэн. Тэгээд Ч бид хоёр хоорондоо ярилцаж байгаад манай нөхөр Б-г жаахан хашираахаар ярилцсан. Манай нөхөр хүүхдээ аваад гэр лүүгээ явсан байсан. Манай нөхрийг цагдаа очиж авчирсан. Тэр үед Ч-г цохисон гэж худал мэдүүлэг өгсөн. Тэгээд худал мэдүүлэгт нь гэмтлийн зэрэг гарсан байсан. Ийм болно гэж бодоогүй, жаахан хашираах гэсэн чинь одоо эрүүгийн хэрэг үүсээд явчихсан. Түүнээс биш Ч-г цохиж зодсон зүйл байхгүй. Би арын өрөөнөөс хувцасаа өмсөөд харж байхад хэрэлдэж маргалдаж байсан. Цохиж зодолдсон зүйл байгаагүй. Тэр үед нөхөр Б-г хашираая гэж бодож хэлсэн. Хариуцлагаа хүлээнээ. Одоо бол би яг үнэнээр нь ярьж мэдүүлгээ өгч байна. Бид хоёр өмнөх өдөр нь пиво ууж хоносон. Өглөө бол халамцуу байсан. Уусан юм гарч байсан. Чыг бид нар Ч гэж дууддаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн зөв.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Хохирогч Т.Ч-ын гэрч Ө.Ч-тэй нүүрэлдүүлж өгсөн: ”2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ч хүүхэдтэйгээ манай гэрт ирээд 2-3 хонож байсан ба 07 цагийн үед Чийн нөхөр Б гаднаас бичлэг хийж орж ирээд Чийн явъя гэж байсан. Тэгээд Ч хүүхдээ тэврээд гал тогооны өрөөний сандал дээр суусан. Харин Б бичлэгээ үргэлжлүүлж хийж байсан ба Б-д хандаж чи яагаад бичлэг хийгээд байгаа юм гээд утсыг аваад ширээн дээр шидсэн. Тэгсэн чинь Б-гийн шил газарт унасан ба Ч газраас авч өгсөн. Тэгээд Б намайг утсыг нь авсан гэж бодоод миний өөдөөс утсаа авах гээд дайраад байсан ба би утсыг нь ширээн дээр байгаа гэж хэлэхэд Б утсаа аваад Чийг гал тогооны өрөөний сандал дээр сууж байхад "Явъя" гээд Чийг үстсэн. Үснээс нь зулгаахаар нь би өмөөрөөд Б-гийн хойноос хувцаснаас нь таттал Б үстэхээ болиод эргэж хараад миний цээж хэсэг рүү цээж хэсгээрээ 2-3 удаа түлхэж байгаад тохойгоороо миний уруул хэсэг рүү 1 удаа тохойлдсон. Тэгхээр нь би шууд нойлын өрөө ороод толинд хартал миний үүдэн 1 шүднээс цус гарчихсан байхаар нь амаа усаар зайлчхаад гарч ирээд “Цагдаа дуудлаа гэхэд" Б гараад явсан. Тэгээд дараа нь Ч бид 2 цагдаа дээр ирсэн. Яг Б бид 2-н хажууд хараад зогсож байсан ба намайг тохойлдож байхыг нь бас харсан. Манай нойлоос гарч ирэхэд Ч шүд чинь гайгүй юу гэж байсан. Н. Чийг гал тогооны сандал дээр сууж байхад нь Б ирээд үстээд авсан. Тэгээд би Б-гийн ардаас татаж болиулсан. Н.Ч болон Б бид 3 эрүүл байсан. Би болон Ч, Б болон хүү нь, мөн миний хүү Т жижиг өрөөнд байсан. Том өрөөний орон дээр манай ахын хүүхэд У хэвтэж байсан. Яг миний хажууд Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Чийн зодож цохиж байгаагүй. Гэхдээ Ч анх манай гэрт ирэхдээ "Б-г ширээн дээрээс юм аваад шидэх гээд байхаар нь би худлаа яриад гэрээс гараад ирлээ намайг тосоод аваач" гэж байсан. Би эмнэлгээр яваагүй учир эмчилгээний зардалаа хэлж мэдэхгүй байна. Би сэтгэл санааны хохирлоо авна, Ч надад дансаа өгчих гэхээр нь эхний удаад надад хохирлын 5.000.000 төгрөг Б өгсөн байгаа. Надад Б өмгөөлөгчөөрөө дамжуулж санамсаргүй цохисон гээд мэдүүлэг өг, гомдол саналгүй гэсэн бичиг хийж өг гэх зэргээр нөлөөлдөг.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/,

Гэрч Ө.Ч-ийн хохирогч Т.Ч-тай нүүрэлдүүлж өгсөн: “Тэр үед би нөхөр Б-тэй муудалцсан байсан ба Ч гэрт хэд хоносон байсан. 2024 оны 105 дугаар сарын 26-ны өдрийн 07 цагийн үед би Ч гэрт унтаж байтал манай нөхөр Б гаднаас гар утсан дээрээ бичлэг хийгээд орж ирсэн. Тэгээд Б бид 2 маргалдсан ба Б “харьяа" гэж байсан. Тэгхээр нь би уурлаад хүүхдээ тэврээд гал тогооны өрөөний сандал дээр суусан. Тэгээд Б бид 2 маргалдаад Б миний гар луу нударсан. Тэгээд би явахгүй гээд байж байтал Ч жижиг өрөөнөөс гарч ирээд "Болиоч чи" гээд Б-г түлхсэн ба Б-гийн нүдний шил унасан. Тэгхээр нь би шилийг нь авч өгчхөөд байж байтал Ч Б нар маргалдсан ба Б гараараа Чыг түлхэж байгаа харагдсан. Түлхсэнийхээ дараа Б хүүхдээ надаас булааж аваад гараад явсан бөгөөд Ч бид 2 үлдсэн бөгөөд Чыг нойлын өрөө орсон эсэхийг би хараагүй. Тэгсэн Ч "Б миний шүд рүү цохичихлоо" гэж байсан ба би тухайн үед шүд рүү нь цохисон эсэхийг анзаараагүй. Тэгээд Ч цагдаад гомдол гаргана гээд бид 2 цагдаа руу очиж мэдүүлэг өгсөн. Цагдаа дээр очоод би Ч нүүр хэсэг рүү Б цохисон гэж мэдүүлэг өгсөн. Тухайн үед би нөхөр Б-г хашраах зорилгоор тэгж мэдүүлэг өгсөн. Хэн нэгэн миний мэдүүлэгт нөлөөлөөгүй. Ч болон Б бид 3 эрүүл байсан. Т.Ч болон Б бид 2-н хүүхэд 3 настай Др, Ч хүү Т жижиг өрөөнд байсан ба том өрөөний орон дээр Ч хамаатан У нар байсан. У унтаж байсан. Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Б бид 2, Б-гийн өмгөөлөгчийн хамт 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ч уулзаж уучлалт гуйсан ба дараа нь тэр өдрөө өөрийнхөө дансны дугаарыг 8.573.000 төгрөг гэсэн мессеж ирүүлсэн. Үүний дагуу 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/,

Насанд хүрээгүй гэрч Н.У-гийн өгсөн: “Т.Ч нь манай хамаатны эгч байгаа юм. О.Ч нь манай хамаатны эгч Ч найз бөгөөд сайн мэдэхгүй. Би сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. 2024 оны зун байсан бөгөөд би тухайн үед Ч эгчийн гэрт хонож байсан ба Ч эгчийн найз Ч нь хүүхэдтэйгээ хамт бас Ч эгчийнд хонож байсан юм. Өглөө 07 цагийн үед хаалга нүдэх чимээнээр сэрээд цонх руу хартал Ч эгчийн нөхөр гээд халзан толгойтой ах зогсож байсан ба Ч эгчийн хүүхэд Т хаалга онгойлгосон чинь тэр халзан ах ороод ирсэн. Би тухайн үед том өрөөний буйдан дээр хэвтэж байсан юм. Ч, Ч нар унтлагын өрөөнд байсан ба нөгөө халзан ах унтлагын өрөө ороод Ч эгчийг "Явъя" гэсэн ба Ч нь "Явахгүй" гэтэл тухайн халзан ах Ч эгчийн үснээс нь зулгаагаад унтлагын өрөөнөөс том өрөөнд авчирсан. Би тухайн үед том өрөөнд байсан болхоор харсан. Тэгээд тухайн халзан ах үстээд гал тогооны хэсгийн сандал дээр суулгасан ба Ч эгчийн тэвэрч байсан хүүхдийг тухайн халзан ах аваад тэвэрсэн. Тэгсэн Ч эгч өмөөрөөд "Болиоч" гээд нуруу руу нь алгадтал тухайн халзан ах Чийг үстэхээ болиод Ч эгч рүү эргэж хараад тохойгоороо Чимэдулам эгчийн шүд хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгсэн Ч эгч тэгэхээр "Цагдаа дуудна" гэхэд тэр халзан ах хүүхдээ тэврээд гараад явсан. Явсных нь дараа Ч эгч, найз Ч-тэйгээ цагдаа руу явна гээд гараад явсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Би том өрөөний буйдан дээр болж байгаа зүйлсийг хараад хэвтэж байсан. Тэр халзан ах тохойгоороо Ч эгчийн шүд хэсэг рүү тохойлдсон. Т.Ч эгч, хүүхэд нь болох Т, Ч эгчийн найз Ч болон хүүхэд нь, бас нөхөр нь гээд халзан толгойтой ах байсан. Уг хүмүүс бүгд эрүүл байсан. Т.Ч эгчийн гэрт ирээд хэд хоносон байсан ба Ч эгчтэй "Нөхрөөсөө айгаад ирсэн" гэж яриж байсан. Ямар нэгэн зүйл хэлээгүй. Ч эгч нуруу руу нь алгадахад эргэж Ч эгч рүү харж байгаад гарынхаа тохойгоор шүд рүү нь тохойлдсон. Хажууд нь сандал дээр хараад сууж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Т-гийн өгсөн: “2024 оны 5 дугаар сард санагдаж байна. Тухайн үед манай гэрт ээж Ч, Ч эгч, хамаатан У, мөн Ч эгчийн жоохон хүүхэд нарын хамт унтаж байтал 7 цагийн үед байшингийн хаалга нүдэж байгаа дуу гарсан бөгөөд хаалга нүдэж байгаад байшингийн цонхыг нүдсэн. Тэгсэн чинь ээж Ч надад "Миний хүү босоод хаалга аа тайлчих" гэхээр нь би босоод байшингийн хаалгыг тайлтал Ч эгчийн нөхөр Б ах зогсож байсан. Тэгээд байшинд орж ирээд жижиг өрөөнд унтаж байсан Ч эгчийг дуудаж сэрээсэн. Тэгсэн Ч эгч тогооны хэсэгт очоод хүүхдээ тэврээд сууж байсан ба Ч эгч "явахгүй" гэхэд Б ах уурлаад үснээс нь зулгаагаад байсан. Тэгсэн чинь манай ээж Ч Ч эгчийг өмөөрөөд Б ахын цамцнаас таттал Б ах эргэж хараад ээжийн нүүр хэсэг рүү нь тохойгоороо цохисон. Цохисны дараа ээж хөргөгч налж байгаа харагдсан. Харин Б ах цохисныхоо дараа Ч эгчээс хүүхдээ булаагаад гараад явсан. Би болон ээж Ч, Ч эгч, Б ах, мөн тухайн үед манайд хонож байсан У нар байсан. Ч эгч манай ээжид "Б намайг дарамталсан" гэж ярьж байхыг нь би сонссон. Тэгээд манай гэрт ирсэн байх аа.” гэх мэдүүлэг /хх-ийн 122/,

Шүүгдэгч Д.Б-гийн өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн орчим би Завхан-Уул аймгаас ирсэн юм. Гэрт ирэхэд манай хүүхэд Дугарпүрэв нь халуурчихсан 39.5 хувьтай, манай эхнэр Ч нь 7 хоног гэртээ байгаагүй. Тэгээд би хүүгээ аваад эмнэлэг явах гэж байхад манай нэг дүү над руу утсаар яриад танай эхнэр Ч-гийнд байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол Ч төрсөн дүү Жанчивын эхнэр надад хандан танай эхнэр Ч эгчийнд байхгүй гэж хэлээд оруулахгүй байсан. Тэгэхээр нь би гүйж очоод хаалгыг нь цохиход хаалгаа тайлаагүй. Тэгэхээр нь би байшингийнх нь цонхоор очоод харахад манай эхнэр Ч нь байшинд нь газарт унтаж байсан. Тэгэхээр нь би Ч манай эхнэр Ч дуудаадах гэж хэлэхэд Ч нь танай эхнэр байхгүй, лайтай пизда вэ, хүн унтуулж амраахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь наана чинь хэвтэж байна ш дээ хаалгаа тайлаач гэж хэлэхэд Ч-гийн хүү Т нь босоод гүйгээд явж байгаа харагдсан. Тэгсэн Т ирээд байшингийнх нь хаалгыг тайлж өгөхөөр нь би дотогш ороод эхнэр Чт хандан хүү халуураад байна явьяа гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр босоод өөрийнхөө хувцсыг өмсөөд хүүгийнхээ хувцсыг өмсгөж байсан. Тэгсэн Ч нь манай эхнэрт хандан чи явахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би г гар утсаараа 1 бичлэг хийж эхэлсэн. Тэгсэн Ч нь чи наад бичлэгээ боль гэж хэлээд над руу дайрсан. Тэгсэн манай эхнэр нь явах гэж байснаа гэнэт больчихсон. Тэгэхээр нь би хүү Д-ыг аваад гэрээс нь гарсан. Тэр үед Ч нь намайг яв гэж хэлээд хөөгөөд түлхээд байсан. Би гар хүрч цохиж зодоогүй. Ч-д ил харагдаж байгаа нь манай эхнэр Ч, манай хүү Д , Ч, түүний хүү Т, Н гээд манай хамаатны 9 настай охин байсан. Цаана өөр өрөөнд нь би орж хараагүй. Архи пиво үнэртэж байсан. Ч нь манай эхнэрийг байнга дагуулж явж архи ууж манай гэрт их хор уршиг тарьж байгаа хүн юм. Тэгээд манай эхнэр байна уу гэж асуухад дандаа байхгүй гэж хэлээд дагуулаад архидаад яваад байдаг хүн байгаа юм. Тийм болохоор эдний гэрт байгааг нь баримтжуулсан юм. Тэгэхгүй бол Ч ах, дүү нар нь дандаа юу гэж Ч гэрт байдаг юм бэ гэж хэлдэг юм, тэд нар үзүүлэх зорилгоор бичлэг хийсэн юм. Би цохиж зодоогүй. Манай эхнэр Ч, манай хүү Д, Ч хүү Т, Н 9 настай охин нар байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэр согтолттой байсныг нь санахгүй байна. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 69, 72/,

Шүүх хуралдаанд өгсөн: "Манай эхнэр хүүхдээ хаяад Ч өчнөөн олон хоног архидаад алга болчихсон. Би эднийхээс хүүгээ авч гарахдаа тохойгоороо цохисон байхыг үгүйсгэхгүй. Манай эхнэр Ч хохирогч нар үеэлүүд. Би мөнгө төгрөг өгөөгүй. Манай хүн л хохирогчид 5 сая төгрөг төлсөн." гэх мэдүүлэг,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн № 297 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Т.Ч-ын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг 3 тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэжээ /хх-ийн 53/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн № 842 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Хохирогч Т.Ч нь 2024 оны 5 дугаар сарын 26-ний өдөр болсон гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд нь хор уршиг учирсан байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. 4.Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын илрэлгүй.” гэжээ /хх-ийн 57-58/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Шүүгдэгч Д.Б нь "Төв аймгийн Зуунмод сум .........................тоотод 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр "... эхнэр О. Ч-ийг зодох..." үед салгах гэж оролдсон иргэн Т.Ч-ын нүүрэн тус газар нь гараараа тохойлдож  эрүүл мэндэд нь зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Д.Б-г дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ч-ын эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч жирэмсэн учраас шүдээ янзлуулах боломжгүй үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн байна. Хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн № 842 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "2024 оны 5 дугаар сарын 26-ний өдөр болсон гэмт хэргээс шалтгаалан хохирогчид сэтгэцэд нь хор уршиг учирсан, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна." гэсэн нь хуульд нийцсэн гэж үзэв.

 

Улсын яллагч хохирогчийн сэтгэл санааны хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 000 төгрөгөөр тооцож 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5 280 000 төгрөг гаргуулах санал гаргасныг шүүгдэгчид учирсан хохирол, хор, уршгийн шинж чанарыг харгалзан хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогчид 5 000 000 төгрөг нөхөн төлснийг дурдаж үлдэх 280 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.     

           

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч "Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгөөр ял оногдуулах",

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, санамсар болгоомжгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү." гэх санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч .............................газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаар төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 76-82/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Д.Б-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 0000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун  мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

  3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гээс 280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 8А-308 тоотод оршин суух хохирогч Д.Т.Ч /РД:000000000/-д олгож, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 700 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  6.Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.     

 

  7.Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ