Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/141

 

                 

 

 

 

                                   

 

 

  2025          4                08                                              2025/ШЦТ/141

 

                                   

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Г.Н-т холбогдох эрүүгийн 000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............................ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Г.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай авто замд буюу Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Шуургатын гүүр" гэх газарт "Toyota Prius-30" маркийн 00-00 РРР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй хэрэглэсэн, мөн ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, өөрийн эгнээгээр зорчиж явсан жолооч Ц.Б жолоодож явсан "Toyota prius 20" маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, уг тээврийн хэрэгсэлд явсан жолооч Ц.Б эрүүл мэндэд хөнгөн, зорчигч С.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогч Ц.Б-н өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу эхнэр О-н хамт 10 цагийн үед гарч явсан. Тэгээд Төв аймгийн Баян сум өнгөрөөд явж байтал 13 цагийн үед урдаас нэг тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Тэгээд эхнэр Он толгой хэсгээс цус гараад би шокт орсон байдалтай байж байгаад замын унаагаар Говь-Сүмбэр аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний биед толгой шалбарч баруун гарын мөр бугуйнд хөхрөл үүссэн. Толгой дүүрч даралт ихэссэн байдалтай байна. Манай эхнэр О-н биед толгойны хуйх нь язарч оёдол тавиулсан. 1 хавирга хугарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

 “Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Санал нийлж байна. Надад өмнөх өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Би эмнэлэгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлээгүй. Гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Би энэ асуудлаа хуулийн дагуу шийдүүлж хохирлоо барагдуулж авмаар байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. ...Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл манай охин болох Одонцэцэгийн нэр дээр бүртгэлтэй манай охин гадаадад байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 36/,

Хохирогч Т.О-н өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр Ц.Б хамт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу 10 цагийн үед гараад Төв аймгийн Баян сум өнгөрөөд явж байтал эгч өөдөөс гэнэт машин гарч ирээд мөргөлдсөн. Тэгээд ухаан орж гараад замын хүмүүс машинд суулгаад Говь-Сүмбэр аймгийн эмнэлэгт очсон. Миний толгой хагарч нүүр язарч оёдол тавиулсан. 1 хавирга хугарсан. Гар хуруу хөхөрч шалбарсан. Хөлийн шагай битүү хөхрөлттэй байгаа. Ер нь битүү гэмтэл авсан. Би эрүүл мэндээрээ хохирсон тул их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 “Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал нийлж байна. Би Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 хоног, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байна. Би хуулийн дагуу шийдүүлж хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

Иргэний нэхэмжлэгч Б.М-өгсөн: ”Г.Н миний эхнэр Г.Золзаяагийн төрсөн ах нь байгаа юм. 00-00 РРР улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Г.Н нь тухайн үед Сайншандад ажил хийж байсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сайншанд руу ажил гарчихлаа машинаа өгөөч гэхээр нь би өгөөд явуулсан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 10 дугаар сард өөрөө Япон улсаас 22 сая төгрөгөөр захиалж авч байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... Б.М гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт.” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 43/,

Шүүгдэгч Г.Н-ын өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Сүмбэр аймаг руу хүнд машины сэлбэг аваачиж өгөх гээд явсан. Тухайн өдөр сэлбэгээ найз Б өгчхөөд тэндээ буудалд хоночхоод өглөө явъя гэж бодоод тэндээ хоносон. Тухайн өдөр А гэх найзтайгаа нэг шил 0,75 граммын Eden нэртэй архи хувааж уучхаад маргааш өглөө нь буюу 2025 оны 01-р сарын 11-ний өдөр 09 цагийн үед Говь-Сүмбэр аймгаас хөдөлсөн. Тэгээд хүргэний нэр дээр байдаг 00-00 РРР улсын дугаартай Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу явж байгаад зүүрмэглэтэл тухайн осол болсон байсан. Тэгээд тухайн үед ухаан алдаад сэргэтэл миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл хажуу талаараа харчихсан байхаар нь би жолоочийн эсрэг талын цонхоороо гарсан миний тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн машиныг харахад дээшээ харчихсан хүмүүс тухайн тээврийн хэрэгсэл дээр оччихсон байсан үйл явдал болсон. Би өмнөх өдөр нэг найзтайгаа 0,75 граммын архи хувааж уусан байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй BCCED ангилалтай. Тухайн жолоодож явсан тээврийн хэрэгсэл манай хүргэн болох Б.М эзэмшлийнх юм. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би мөргөлдсөн тээврийн хэрэгсэл дотор байсан хоёр хүний эмчилгээний эд материалын зардлыг бүрэн барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ЕГ0725/2155 дугаартай шинжээчийн дүгнэлт: " 1.Т.О-н биед зүүн ухархайн гадна хажуу ханын хугарал, зүүн 5-р хавирганы зөрөөтэй хугарал, тархи доргилт, баруун, зулай, чамархайн хуйхны том хэмжээний хууларсан шарх, зүүн хацарт шарх, зүүн нүдний салстад тархмал цус харвалт, зүүн зовхи, хацар, эрүү, баруун чихний ар, цээж, зүүн шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, эрүү, зүүн тохой, баруун сарвуунд зулгаралт, зүүн бугалга, шуу, сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх /хх-ийн 56-58/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №ЕГ0725/2154 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Б биед баруун зулайд зулгаралт, баруун чамархайн, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-ийн 59-60/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ЕГ0325/1134 дугаартай шинжээчийн дүгнэлт:1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Н ЦБ79070133 2025.01.11" гэж хаягласан хуруу шилтэй цусны дээжээс 1.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-ийн 63-64/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1135 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн Н /ц679070133/ гэсэн бичиглэлтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн Н /ц679070133/ гэсэн бичиглэлтэй цус нь О(1) бүлгийн харьяалалтай байна.” гэжээ /хх-ийн 67-68/,

2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №52-11/37 дугаартай шинжээчийн дүгнэлтийн маягт: “1.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius-30 маркийн 00-00 РРР улсын дугаартай автомашины жолооч Г.Н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota Prius-20 маркийн 00-00 ССС улсын дугаартай автомашины жолооч Ц.Б-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсен гэх үндэслэлгүй байна. 4.Toyota Prius-30 маркийн 00-00 РРР улсын дугаартай автомашины жолооч Г.Н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 5.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. 6.Хоёр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн гэх А цэгийн байрлал, зам тээврийн осол болсон гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд Toyota Prius-20 маркийн 00-00 ССС, Toyota Prius-30 маркийн 00-00 РРР улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь зүүн урд хэсгүүдээрээ тулж, мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. 7.Нэмж тусгах саналгүй.” гэжээ /хх-ийн 73-75/,

 

 “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №49606, ДД№35590900 техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-ийн 81-88/,

Ино марк мастерын 2025.01.16-ны өдрийн №25/01/076 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 89-93/,

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №4960, ДД№32591168 техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-ийн 94-104/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Г.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч шүүгдэгч Г.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай авто замд буюу Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Шуургатын гүүр" гэх газарт "Toyota Prius-30" маркийн 00-00 РРР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй хэрэглэсэн, мөн ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, өөрийн эгнээгээр зорчиж явсан жолооч Ц.Б жолоодож явсан "Toyota prius 20" маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, уг тээврийн хэрэгсэлд явсан жолооч Ц.Б эрүүл мэндэд хөнгөн, зорчигч С.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол, тээврийн хэрэгсэлд 9 086 600 төгрөгийн хохирол, С.Он эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

 

Хавтас хэрэгт хохирогч С.О, Ц.Б нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт /хх-ийн 105, 107/, мөн шүүх хуралдааны тов хүргүүлэхэд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх, хохирогч Ц.Б жолоодож явсан Т.Prius 20 маркийн 00-00 РРР улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний охин Б.О-н эзэмшлийнх байх бөгөөд Б.О нь гадаад улс руу явсан тул мэдүүлэг авах боломжгүй талаар улсын яллагч шүүх хуралдаанд танилцуулсан. Уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээгээр 9 088 600 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүгдэгчээс 10 сая төгрөг, хохирогч С.От 9 сая төгрөг нөхөн төлсөн болохыг,  

Шүүгдэгч Г.Н-ын жолоодож явсан Toyota Prius-30 маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний эцэг Б.М-н эзэмшлийнх байх бөгөөд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 2 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "Согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоож, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Н-ын тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Н-ын тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Г.Н-ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.БАТЖАРГАЛ