Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/232

 

 

 

                                   

 

 

 

 

 2025          5           23                                                     2025/ШЦТ/232

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Мөнхзул,

Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.П.Э-т холбогдох эрүүгийн 000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, .................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Э нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Б урьдын харилцаанд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж түүний цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хохирогч Б.Б-н өмчлөл эзэмшлийн "Dooge” маркийн Ulefone power armor 13" загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Б-н өгсөн: “Би Төв аймгийн Баян сум Өгөөмөр 2 дугаар баг Агуйт зөрлөг гэх газар эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр сумын төвийн дэлгүүр орох гээд явж байтал араас шаргал өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ирээд над руу тулж зогсоод дотроос нь Дух гэх залуу бууж ирээд намайг хавирч унагаад “чи муу дээр их том байсан шүү” гээд миний биеийн цээж хэсэг рүү 4-5 удаа дэвсээд миний барьж явсан Doodge маркийн гар утсыг аваад явсан. Хэрэг учрал ажил тарж байсан 17 цагаас 18 цагийн хооронд болсон. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дух гэх залууг би сайн танина. Манай нутгийн хүүхэд байгаа юм. П овогтой Э гэдэг. Өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан. Би Э-тай өмнө нь муудаж маргалдаж байгаагүй. Өс хонзон, өглөг, авлага байхгүй. Э хөлөөрөө миний цээж хэсэг рүү 4-5 удаа цохисон. Э тухайн үед Баатарын Эрдэнэсүх гэх залуутай хамт явж байсан. Миний биеийн цээжин хэсэг хөндүүртэй байнга өвдөж байгаа, Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Миний барьж явсан Doodge маркийн гар утас байхгүй. Би тухайн гар утсыг Улаанбаатар хотоос 2024 онд 1.200.000 төгрөгөөр авч байсан. Надад тухайн утсыг худалдаж авч байсан бичиг баримт болон хайрцаг сав нь байгаа зургийг нь авч байгаагүй. Би гомдолтой байна. Намайг удаа дараа ингэж зодож, дээрэмдэж байгаа би өмнө нь огт Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

Би сэтгэцийн хор уршигийг тогтоолгох шаардлагагүй. П.Э-т ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар утсыг 2024 оны 10 сарын 02-ны өдөр Батбаатар гэрт авчирч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

2024 оны 7 дугаар сарын үед санагдаж байна. Төв аймгийн Баян суманд би Т гэх найзтайгаа хамт явж байхад Төмөрчөдөр, Дух хочтой хүнтэй маргалдаад, хэрэлдээд байсан. Би маргаан, хэрүүлд нь оролцоогүй хажууд нь байсан. Намайг Төмөрчөдөртэй хамт явж байсан болохоор надад өс санасан байж магадгүй. Би дэвсүүлж байгаад босож зугтаахдаа гар утсаа газарт унагасан. Тэрнээс биш миний гар болон хармаанаас Дух гэх хүн миний гар утсыг булааж аваагүй. Намайг утсаа өг гэх мэтийн зүйл хэлээгүй. Өмнө нь 2003-2004 оны үед нэг удаа намайг зодож байсан. Тэрнээс биш намайг дээрэмдэж байгаагүй. Миний 1 талын хавирга хугарсан, хэддүгээр хавиргаа мэдэхгүй байна. Би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир буруу мэдүүлсэн байна. Тийм зүйл болоогүй бөгөөд өмнө мэдүүлэг авсан байцаагч маань намайг согтуу байсныг мэдээгүй байх. 2004-2005 оны үед би морьноос унаж чирэгдээд нэлээн хэдэн хавиргаа хугалж байсан. Тэрнээс өөрөөр хугалж байгаагүй. Дух гэх хүнтэй зүгээр нэг нутгийнх болохоор зүс л мэднэ. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/,

Гэрч Э.Б-н өгсөн: “Би Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Сондуул гэх газар эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байтал араас Дух гэх залуу мотоцикльтой ирээд надад “май энэ Билгээ ахын утас энийг аваачиж өг 2 дүү нь залгаад байна. Би өчигдөр орой хавирч унагаад утсыг нь авсан юм” гэж хэлсэн. Ямар маркийн утас байсныг нь би сайн мэдэхгүй байна. Том хар өнгөтэй утас байсан. Одоо надад тэр утас байхгүй. Тухайн утсыг тэр орой нь залгаж байгаад Билгээд өөр нь өгсөн. Би Дух гэдэг хүнийг танина. Нэрийг нь Э гэдэг юм. Манай нутгийн хүүхэд ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Дээр 12 дугаар зөрлөгийн Т гэх залуутай явж байгаад над руу томроод байсан юм. Тэгэхээр нь би өчигдөр Билгээг ганцаараа явж байхаар нь очоод хавирч унагаад утсыг нь авсан гэж хэлсэн. Тэр хүнийг ямар зан ааштайг нь би сайн мэдэхгүй байна. Би тухайн гар утсыг одоо харвал танина. Тухайн үед Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед Дух, Э хоёр явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Гэрч Б.Э-н өгсөн: “Би Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг 14 дүгээр зөрлөг гэх газар эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Төв аймгийн Баян сумын төв орж ирээд Э-ынд очиж хоол идчээд сууж байтал Э “хүүхдээ авна сургууль орно” гэсэн. Тэгэхээр нь машинд нь суугаад явтал замд Б таарсан. Тэгтэл Э “би энэ хүнтэй нэг уулзаатай” гэснээ машинаа эргүүлж араас нь очоод хавирч унагаад дээрээс нь хэд хэдэн удаа дэвсэхээр нь би Э-ыг “боль” гээд машинд суулгатал гартаа утас барьсан байсан. Бид хоёр тэгээд Б-г тэнд нь орхиод хөдлөөд явсан. Э машинаас буухдаа гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Би тухайн утсыг одоо харвал танинаа том хар өнгөтэй утас байсан. Би Э хүнийг хэр сайн мэдэхгүй. Э хоолны газар ажиллуулдаг болохоор тэнд орж хоол идсэн юм. Э, Бийн мөр рүү нь нэг удаа цохиод хөлөөрөө хавирч унагаад дээрээс нь хөлөөрөө биеийнх нь цээж хэсэг рүү хэд хэдэн удаа дэвссэн өөр зүйл болоогүй. Тухайн үед Б, Э бид гурав байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Гэрч Ц.Б-өгсөн: “Би Төв аймгийн Баян сум Цант 1 дүгээр багийн дарга хийдэг. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ахмадын баярын цэнгүүн болж байхад гаднаас Б айсан сандарсан байдалтай орж ирээд “ахын дүү нааш ир уулзъя” гэсэн тэгэхээр нь яваад очтол “ахыг нь Дух зодоод миний утсыг дээрэмдчихлээ цагдаа нарын дугаар байвал яриад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би Төв аймгийн Баян сумын цагдаа Б.Т руу залгаж хэлсэн. Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нэлээд айж сандарсан байдалтай байсан. Тухайн үед Б нэг хүнтэй цуг явж байсан. Би цуг явж байсан хүнийг нь танихгүй. Би Дух гэх хүнийг сайн танина. Манай нутгийн хүүхэд байгаа юм. Зан аашийн хувьд хүнтэй таарамж муутай дээрэлхүү хөгшин ядарсан улсуудыг дээрэлхэж байнга дарамталж байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч С.А өгсөн: “Би хэргийн талаар мэдэхгүй байна. Би Э гэх хүнтэй хамтран амьдраад 12 жил болж байна. Голоосоо 1 охинтой. Э нь мал малладаг ажил хийдэг, хүнд их тусархуу зантай, хааяа нэг түргэн аашлах гээд байдаг бөгөөд 2 хүүхдэдээ сайн аав, их ажилсаг гэрийн хамаг ажлыг хийдэг. Өөр зүйлгүй. П.Э нь архи согтууруулах ундааны зүйл сардаа 2-3 удаа хэрэглэчихдэг юм. Хэрэглэхээрээ их том амтай болчихдог. Тэрнээс агсан догшин ширүүн зан гаргадаггүй. Сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн байгаа юм. П.Э нь огт сургуульд сурч байгаагүй. Унших гэж оролддог бөгөөд огт бичиж чадахгүй. Би Б гэж хүнийг мэдэхгүй учир харилцааг нь мөн адил мэдэхгүй байна. П.Э-ыг нутгийнхан нь "Дух" гэж дууддаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/,

Гэрч П.Э өгсөн: “П.Э нь миний төрсөн ах байгаа юм. Манай ах Төв аймгийн Баян суманд эхнэр охины хамт амьдардаг. Хувиараа гэр бүлээрээ гуанз ажиллуулж, мал маллаж амьдардаг. 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян суманд П.П 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. Зан байдлын хувьд дөлгөөхөн, хүнтэй нээх муудаад байдаггүй, амьдарлын төлөө гуанз ажиллуулж, мал маллаж амьдардаг. Бид 2 хар багаасаа хамтдаа өссөн. Миний мэдэхийн ямар нэгэн догшин ширүүн авир гаргаж байгаагүй. Манай хөгшин настай ээж Төв аймгийн Баян суманд ганцаараа амьдардаг. Ганц асардаг хүн нь миний ах П.Э байгаа юм. П.Э нь архины хамаарал байхгүй, баяр ёслолоор л тааруулаад хэрэглэчихдэг. Миний мэдхийн согтуу байхдаа ямар нэгэн сөрөг зан араншин гаргаж байгаагүй. Сэтгэцийн хувьд цоо эрүүл бөгөөд ямар нэгэн өвчин эмгэггүй. Би Б.Б гэх танихгүй юм байна. Манай нутгийнхан П.Э-ыг Дух гэж хочилдог.” гэх мэдүүлэг /хх-ийн 144/,

Иргэний  нэхэмжлэгч Б.Г-н өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтым байгууллага хариуцан буруутай этгээдээр нохой төлүүлнэ гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч П.Э нь Төв аймгийн Баян сумын төвд Уугийгийн дугуй засварын хажуу талд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед биед нь Б.Б-тэй тааралдаж өмнө зодуулсан асуудлаар маргаж улмаар зодож б хөнгөн гэмтэл учруулж, гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 192.944 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үилчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч П.Э-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153/,

Шүүгдэгч П.Э-ын өгсөн: “Би Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүхдээ авах гээд сургууль явж байтал замд Б таарсан. Тэгэхээр нь “Төмөрөө та хоёр дээр согтуу байхад яагаад намайг зодоод явсан бэ” гэтэл “битгий хуц надад ямар хамаатай юм” гэхээр нь хөлөөрөө хавсарч унагаад явсан. Өөр зүйл болоогүй. Би хүүхдээ 16 цаг гээд авдаг. Тэрнээс өмнө болсон асуудал гэхээр 15 цаг өнгөрч байхад болсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн үед Эрдэнэсүх гэх залуутай хамт явж байсан. Тухайн үед Эрдэнэсүх архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн миний машинд согтуу унтаж байсан. Би Бийг хөлөөрөө хавсарч унагачхаад хүүхдээ авах гээд сургууль руу явсан. Биед нь халдаж цохисон зүйл байхгүй. Тухайн үед Бийн биед нь ямар нэгэн эд зүйл эсэхийг сайн анзаарч хараагүй. Хүүхдээ авчаад буцаад хэрэг учрал болсон гэх газар очтол Бийн утас газар хэвтэж байсан. Бийн утас гэдгийг мэдээгүй машиндаа аваад тавьсан. Тэгтэл орой нь Бийн дүү Энхбаяр залгаад “манай ахын утсыг аваачаад өгчөөрэй” гэсэн. Тэгэхээр нь би маргааш нь хажуу айлын хүнээр утсыг нь өгөөд явуулсан. Би тухайн утсыг Батбаатар гэх хүнд өгч явуулсан. Би тэр утсыг сайн анзаарч хараагүй машинд тавьсан байсан. Би Бтэй өмнө нь муудаж маргалдаж байгаагүй. Өс хонзон өглөг авлагын зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Б.Б нэг найзтайгаа 2024 оны 9-р сарын 25-ны өдөр намайг архи уучихсан согтуу байхад сумын төвд байрлах "Бадрах" гэх нэртэй дэлгүүрийн үүдэнд үл ялих зүйлээс болж зодчихоод явсан. Би тухайн үед цагдаагаар шалгуулаагүй өнгөрөөсөн. 2024 оны 10-р сарын 01-ний өдөр 16 цагийн үед сумын төвд байрлах Уугийгийн дугуй засвар /хаалттай байсан/-ын хажуыуд тааралдаж 25-ны өдөр зодсоныг хэлээд би хавсарч газар унагаан цээж рүү баруун гараараа 2-3 удаа цохьчихоод хүүхдээ сургуулиас нь авах гээд сургууль руу нь явсан. Би Б.Б цохиж зодох үед ойр хавьд хүн байгаагүй. Машинд танил Эрдэнэсүх согтуу унтаж байсан. Хүүхдээ сургуулиас нь авчхаад машиныхаа дугуйны хийг нэмүүлэх гээд Уугийгийн дугуй засвар дээр эргээд ирсэн чинь хаалттай байсан. Тэгтэл Б.Б хавсарч унагаасан газрын ойролцоогоос нэрийг нь мэдэхгүй, хар өнгийн утас олохоор нь аваад машиндаа хийчхээд гэртээ харьсан. Орой 23 цагийн үед Б.Б дүү Энхбаяр над руу утсаар залгаад “Б.Б ахын гар утсыг авсан эсэх” талаар асуухаар нь олсон утсыг Б.Бутас байна гэж бодоод маргааш нь буюу 2024 оны 10-р сарын 02-ны өдөр 15 цагийн үед танил Батбаатараар тухайн гар утсыг Б.Б рүү өгч явуулсан. Би Б.Б гар утсыг дээрэмдээгүй, олсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №574 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1,3.Б.Б биед баруун талын 10-р хавирганы хугарал, хэвлийн зүүн талд цус хуралт, зүүн нүдэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Дээрх баруун 10-р хавирганы хугарал, хэвлийн цус хуралт гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх нүдний зулгаралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх-ийн 17-18/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3 бүрэлдэхүүнтэй 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №ЕГ0525/315 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №574 дугаартай дүгнэлтийн 1,3 дугаар асуултад баруун талын 10-р хавирганы хугарал гэснээс бусад нь үндэслэлтэй байна. 2.Б.Б биед тухайн үед зүүн зовхинд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл учирчээ. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах шахах, шүргэх, нидрэгдэх механизмаар хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Тогтоогдсон гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн A/225/A/153/А/85 дугаартай тушаалын хавсралт Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. 5.6. 2024.10.03-ны ГССҮТ-ийн цээжний КТГ шинжилгээг давтан шинжлүүлэхэд баруун 7,8,9,10,11-р хавирга, зүүн 3,4,5,6,10,11,12-р хавирга, баруун дал ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдсон бөгөөд 2024.10.01-ний өдрөөс өмнө үүссэн гэмтэл байна.” гэжээ /хх-ийн 131-133/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дүрс оношлогооны ОХБ-ийн багцийн хянах маягт /хх-ийн 19-20, 139-141/,

“Дамно” ХХК-ны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №ТЦ-24-143 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээний объектын 2024 оны 10 дугаар сарын 01-ний зах зээлийн үнэлгээ нийт 810 000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэжээ /хх-ийн 24-28/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Э-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд довтлохоор заналхийлэх нь бодит байдалд хохирогчийн бие махбод, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүй бөгөөд заналхийлэл үр дүнд хүрсэн үгүй нь ч гэмт хэргийн шинжийг хангахад нөлөөлөхгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг,

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэхээр заналхийлэх шинж нь тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрч болох бөгөөд ийнхүү айлган сүрдүүлсэн заналхийлэлд хохирогч орохгүй байгаа тохиолдолд хүч хэрэглэх нөхцөл байдал илт байдаг шинжээрээ бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргээс ялгагдаж байдаг.

 

Шүүгдэгч П.Э нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Б урьдын харилцаанд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж түүний цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хохирогч Б.Б өмчлөл эзэмшлийн "Dooge” маркийн Ulefone power armor 13" загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч П.Э-ыг дэрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “Dooge” маркийн Ulefone power armor 13”загварын гар утсыг эзэмшигч Б.Б т буцаан өгсөн учир шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас 192 944 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээллийн лавлагаа, тодорхойлолт, Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ." зааснаар шүүгдэгч П.Э-аас 192 944 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд олгох үндэслэлтэй бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч төлсөн болох нь түүний шүүх хуралдаанд ирүүлсэн Хаан банкны шилжүүлгийн хуулбараар тогтоогдсон болохыг дурдав.

 

 Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн  хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрээр тогтоох санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноглуулж өгнө үү гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч .......................төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /34-37, 39/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч П.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.    

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Б.П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэрэг,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2.Шүүгдэгч П.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

 

   7.Шүүгдэгч П.Э-т оногдуулсан ялуудын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

   8.Шүүгдэгч П.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 192 944 /нэг зуун ерэн хоёр мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөг нөхөн төлснийг дурдаж,

 

   Эрүүгийн 000000000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ