| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2022/00468/И |
| Дугаар | 182/ШШ2022/01808 |
| Огноо | 2022-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2022/01808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б,
Хариуцагч: Д.Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-18/06 тоот зээлийн гэрээг цуцалж, 25,745,015.05 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Ц.Б, Д.Б нар нь Төрийн банктай дараах гэрээнүүдийг байгуулан зээл авсан. Үүнд: 2018 оны 04-р сарын 11-ний өдрийн ЗГ-18/06 тоот Барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 04-р сарын 11-ний өдрийн ФГ-18/05 тоот Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/ тус тус байгуулан 24,300,000 төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 26.4 % /хувь/-ийн хүүтэй, төрийн банк дахь өөрийн нэрийн МN530034103900898575 тоот дансанд шилжүүлэн авсан байдаг. Зээлийн барьцаанд 5345 УНҮ улсын дугаар, Арлын дугаар-GWS2040010892. Toyota Crown GWS-204 автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх заалт болон хавсралт №1-ийн дагуу зээлийг сар бүрийн тогтсон өдөр хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй байна.
Банкны зүгээс удаа дараа уулзалт хийсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №03 дугаартай Мэдэгдлийг гардуулж гэрээний үүргээ биелүүлж, төлөгдөөгүй байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хугацаа олгосон боловч төлөөгүй, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1,2.3.4 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх заалтад тус тус заасны дагуу зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Банк шүүхийн журмаар дээрх мөнгөн төлбөрийг гаргуулж8 барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүртэл арга хэмжээ авах гэж байгааг утсаар мэдэгдсэн.
Зээлдэгч нь Зээлийн гэрээнүүдэд заасан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу хугацаандаа нь зээлээ төлөөгүй бөгөөд 2022 оны 01-р сарын 28-ны өдрийн байдлаар ЗФ-18/06 тоот зээлийн гэрээ 733 хоног хугацаа хэтэрч. 25,745,015,05 /Хорин таван сая долоон зуун дөчин таван мянга арван таван/ төгрөг 5 мөнгө төлөгдөөгүй байна. Гэрээний үүргийн зөрчил: 2022 оны 01-р сарын 28-ны өдрийн байдлаарх Автомашин ахуй хэрэглээний зээл, Хугацаа хэтэрсэн хоног 733, ҮЗ-ийн үлдэгдэл 17,516.466.33, Хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл 7,793,646.32, Хуримтлагдсан коммитмент хүүний үлдэгдэл, Хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 437.234,72, Нийт 25,745,015,05 төгрөг.
Иймд 2022 оны 01-р сарын 28-ны өдрийн байдлаар төлөх ёстой 25,745,015,05 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү.
2018 оны 4-р сарын 11-ний өдрийн ЗГ-18/06 тоот зээлийн гэрээг цуцалж 25,745,015,05 төгрөгийг нэхэмжлэх” гэв.
2.Хариуцагч Ц.Б, Д.Б нар шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.11.11-ний 01/5588 дугаар итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, 2018.04.11-ний өдрийн №ЗГ-18/06 барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.04.11-ний өдрийн №ФГ-18/05 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, хөрөнгийн жагсаалт, мемориалын баримт №20180411667500337410-0,№20180411667500364061-0, 20180411667500336987-0, №20180411667500337397-0, 53-45 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэхэмжлэх, Toyota Crown GWS-204 автомашины фото зураг, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021.03.31-ний өдрийн 27з2-3/1970 дугаартай албан бичиг, үнэлгээний хуудас, Ц.Бгийн төрийн банкинд гаргасан өргөдөл, зээлдэгчийн анкетууд, иргэний үнэмлэхийн хуулбарууд, Б.Батбилэгийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Ц.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн мэдээллийн систем, зээлийн мэдээллийн сан, Төгс хаус ХХК-ийн 2018.03.29-ний өдрийн 14/105 дугаартай албан бичиг, Эрүүл мэнд, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийг талаарх тодорхойлолт, Ц.Бгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, н.Цолмонгийн Төрийн банкинд гаргасан хүсэлт, н.Цолмонгийн төрийн банкинд гаргасан тайлбар, Ц.Бгийн төрийн банкинд гаргасан өргөдөл, 2020.05.14-ний өдөр Ц.Бгийн төрийн банкинд гаргасан өргөдөл, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай Төрийн банкны 2020.01.31-ний өдрийн 01 дугаар мэдэгдэл, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай Төрийн банкны 2020.03.25-ны өдрийн 01 дугаар мэдэгдэл, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай Төрийн банкны 2020.05.12-ны өдрийн 03 дугаар мэдэгдэл, 2020.02.07-ны н.Цолмон төрийн банкинд гаргасан тайлбар, 2020.05.14-ний өдрийн н.Цолмон Төрийн банкинд гаргасан хүсэлт, 202.05.14-ний Батцолмонтой хийсэн уулзалтын тэмдэглэл, зээлдэгч Батцолмонтой хийсэн уулзалтын тэмдэглэл, Нотариатчийн танхимын мөнгөний тасалбар, 22.05.30-ны 01/2594 дугаартай итгэмжлэл гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т ХХК нь Ц.Б, Д.Б нарт холбогдуулан “2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-18/06 тоот зээлийн гэрээг цуцалж, 25,745,015.05 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч зээлийг сар бүрийн тогтсон өдөр хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй байна.
Банкны зүгээс удаа дараа уулзалт хийсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №03 дугаартай Мэдэгдлийг гардуулж гэрээний үүргээ биелүүлж, төлөгдөөгүй байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хугацаа олгосон боловч төлөөгүй.
Иймд 2022 оны 01-р сарын 28-ны өдрийн байдлаар төлөх ёстой 25,745,015,05 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.
Т ХХК, хариуцагч Ц.Б, Д.Б нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр №ЗГ-18/06 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч Ц.Б, Д.Б нар 27,000,000 төгрөгийн зээлийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр Ц.Бгийн өмчлөлийн 53-45 УНҮ улсын дугаартай GWS204-0010892 дугаартай Тоyota Crown маркийн автомашиныг барьцаалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-18/06 тоот Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №ФГ-18/05 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, мемориалын баримтууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, фото зураг, гаалийн хилээр нэтрүүлэх барааны мэдүүлэг, Ц.Бгийн төрийн банкинд гаргасан өргөдөл, зээлдэгчийн анкетууд, зээлийн мэдээллийн сан зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-18/06 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр Т ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Ц.Б, Д.Б нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 27,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Т ХХК-иас хариуцагч Ц.Бд шилжсэн болох нь хэрэгт авагдсан мемориалын баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.
Дээрх гэрээнд заасан үүргээ Т ХХК биелүүлсэн учир зээлдэгч Ц.Б, Д.Б нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Зээлдэгч болох хариуцагч Ц.Б, Д.Б нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 6,783,533.67 төгрөг, зээлийн хүүд 10,706,257.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,209.18 төгрөг, нийт 17,503,000 төгрөгийг төлсөн болох нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч Ц.Б, Д.Б нар мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 4.2-т зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.
Зээлийн гэрээний зээлдэгч тал нь Ц.Б, Д.Б нар байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.
Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч, хариуцагч Ц.Б, Д.Б нар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 6.2.1 дэх заалттай нийцжээ.
Хариуцагч нар нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, Т ХХК нь зээлээ төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдэл 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Т ХХК нь гэрээ болон хуульд нийцүүлэн гэрээг нэг талын санаачилгаар өөрөө цуцалж, үүргийг шаардаж байх тул шүүх дахин цуцлах шаардлагагүй юм.
Т ХХК нь Ц.Б, Д.Б нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа зээлийн гэрээний 3.2.1, 3.2.11-д заасан зээлийн төлбөрийг хугацаанд төлөх үүргийг зөрчсөн, 6.2.1-д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч “Төрийн банк ХХК зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгах хугацаа тогтоож өгсөн, үр дүн гараагүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт өрийг төлүүлэхээр шаардаж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасантай нийцэж байна.
Иймд хариуцагч Ц.Б, Д.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17,516,466.33 төгрөг, хүү 7,793,646.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 437,234.72 төгрөг, нийт 25,745,015.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Б, Д.Б нарт 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагч Ц.Б, Д.Б нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Б, Д.Бат-Эрдэн нараас /хувь тэнцүүлэн/ 25,745,015.05 төгрөгийг гаргуулж, Т ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Д.Б нараас 286,675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС