| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0198 |
| Дугаар | 2025/ШЦТ/224 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б:Т |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/224
2025 5 21 2025/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч **** Э М холбогдох эрүүгийн 2534000000*** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Э.М нь 2025 оны 5 дугаар сард Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр баг, Чулуутын 8-14 тоотод байрлах хашаанаас хохирогч Д.Ч эзэмшлийн Platz 0 маркийн тээврийн хэрэгслийн 1NZ моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
Хохирогч Д.Ч өгсөн: “2022 оны 6 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос Platz 0 маркийн 29-94 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 500 000 төгрөгөөр худалдаж авч уг тээврийн хэрэгслийг сумын төв дээр ойр зуурын ажилд унаж ашиглаж байгаад 2023 оны 9 дүгээр сарын үед мотор болон явах эд анги нь эвдэрсний улмаас өөрийн эзэмшлийн оршин суух хашаан дотроо зогсоож байрлуулж тавьсан юм. 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос уг автомашины шинэ мотор 2 200 000 төгрөгөөр авчирч эвдэрсэн гэх хашаандаа байгаа Platz 0 маркийн 29-94 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторыг сольж тавиад хуучин мотороо гэрийн байшингийн хажууд үлдээсэн юм. Сольсон гэх хуучин моторын дээд ангин шинээрээ ажиллагаа хэвийн байсан. Уг моторыг худалдан борлуулах боломжтой өөр сумаас хүн ирж худалдаж авах байсан учраас хашаан дотроо хадгалж байсан чинь манай сумын Э М гэх хүн нь 2024 оны 5 дугаар сард суман дээр ирж төмөр, зэс, хуванцар сав худалдаж авдаг хүмүүст худалдан борлуулсан байсан. Би Э.М гэдэг хүнээс моторын мөнгө болох 240 000 өгөөрэй гэж хэлсэн чинь одоог хүртэл өгөхгүй, дахиад асуухаар чамд өгөх ёстой юм уу гэх зэргээр худлаа хэлээд байгаа учир Цагдаагийн байгууллагад хандаж байгаа учир юм. Улаанбаатар хотын Налайх дүүргээс үл таних хүнээс 2022 оны 6 дугаар сард 3 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед хүний нэр дээр байсан ба бичиг баримтаар өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч боломжгүй зарим бичиг баримт нь дутуу мөн уг хүн нь өөр газар ажил хийж байсан болохоор шилжүүлэх боломжгүй байсан. Уг тээврийн хэрэгслийг 2024 оны 8 дугаар сарын сүүлээр автомашины задаргаанд 1 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Одоо надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байхгүй байгаа. Э.М нь манай хашаагаар орж гараад л байсан. Тухайн үед хашаа байшинд хүн байхгүй байхад мөн хашаан дотор орчихсон явж байх үедээ надтай таарч байсан. Мотор алга болсны дараа би худаг дээр ус аваад зогсож байхад Э.М нь ирэхээр нь “чи яагаад хүний машины мотор авчихсан юм бэ” гэж асуусан чинь Э.М нь “суман дээр ирж төмөр, хуванцар сав авдаг хүмүүсийг танай хашаанд дагуулж очоод зарчихсан. Би танд буцаагаад мөнгийг нь өгье” гэж хэлж байсан. Тухайн ойр орчим хяналтын камер байхгүй. Зах зээлийн үнэлгээг гаргуулах хүсэлтэй байна. Би тээврийн хэрэгслийн мотороо 250 000 төгрөгөөр үнэлж байна. 2002 онд Япон улсад үйлдвэрлэсэн. 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр импортлогдож орж ирсэн. Шаргал өнгийн ердийн бүхээгтэй, NCP120264639 арлын дугаартай, 1NZ мотортой, 4x2 хөтлөгчтэй, бензин, 1455 кг жинтэй, 4180 см урт, 1510 өндөр, 320 кг даацтай, 1660 өргөн, Platz маркийн тээврийн хэрэгсэл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
"Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн, нэмж ярих зүйл байхгүй. Надад Э.М ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,
Гэрч Э.Баасанбуянгийн өгсөн: “Э.М нь миний төрсөн ах. 1982 онд Төв аймгийн Өндөрширээт суманд Э гэх 3 хүүхэдтэй айлын том хүү болж мэндэлсэн. Тэрнээс хойш хөдөө Хайрхан 2-р багт мал маллаж өссөн. Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулиас 1-р ангиасаа гараад мал маллах болсон. Тогтсон ажил төрөл хийж байгаагүй. Цэргийн алба хаагаагүй мал дээр байсан. 2010 онд Л.У гэх эмэгтэйтэй гэр бүл болж суугаад 3 хүүхэдтэй болсон. Тэгээд 2017 оны өвөл юу болсныг сайн мэдэхгүй Л.У гэх эмэгтэйгээс салчихсан. Тэрнээс хойш манай хашаанд өөрийнхөө гэрийг бариад амьдрах болсон. 2021 оны намар Өндөрширээт сумын Сант 4-р багийн төвд байх Уурын зууханд галчаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Зан байдлын талаар ярихад тэгж амархан хүнтэй маргалдаж байхыг нь би харж байгаагүй. Нутгийн хүмүүстээ тус болчихсон явж байдаг. Архи уучихаараа агсан согтуу тавиад байдаггүй. Гэхдээ архины хамааралтай болоод байгаа юм. Архи л байвал хаана ч хамаагүй уучихдаг болсон. Нутаг усныхандаа бол тусч найрсаг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,
Шүүгдэгч Э.М өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би 2024 оны 5-р сарын дундуур болсон үйл явдлыг өмнөх мэдүүлэг дээр дэлгэрэнгүй ярьсан учир надад нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир архиныхаа халуунд төмөр авна гэсэн хоёр эрэгтэй, эмэгтэй хүнийг Д.Ч хашаанд дагуулж ороод тээврийн хэрэгслийн машины жижиг мотор байхаар нь ачуулчихсан. Тухайн үед тэр хоёр хүн цагаан өнгийн портер гэх машинтай явж байсан. Би тэр хоёр хүнийг урьд өмнө харж байгаагүй хаана байдаг талаар ч мэдэхгүй. Би тухайн өдөр Д.Ч моторыг зарчхаад сумын төвийн дэлгүүрээс нэрийг нь мэдэхгүй архи аваад уучихсан. Тухайн өдөр Д.Ч хашаанаас тээврийн хэрэгслийн моторыг авч зарахад надтай хамт хүн байгаагүй. Би ганцаараа байсан юм. Би Д.Ч учирсан хохирлоо барагдуулаагүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,
“Гарьд Гүрү Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №07/68 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Platz 0 маркийн тээврийн хэрэгслийн моторын зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 5 дугаар сарын байдлаар 1 050 000 /нэг сая тавин мянга/ төгрөг болно.” гэжээ /хх-ийн 17-27/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Э.М нь 2025 оны 5 дугаар сард Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр баг, Чулуутын 8-14 тоотод байрлах хашаанаас хохирогч Д.Ч эзэмшлийн Platz 0 маркийн тээврийн хэрэгслийн 1NZ моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан " Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч Д.Ч Platz 0 маркийн тээврийн хэрэгслийн моторын зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 5 дугаар сарын байдлаар 1 050 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд тухайн үнэлгээнд оролцогч талууд маргаан гаргаагүй байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй, мөн хохирогч Д.Ч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 52, 71 дүгээр хуудаст авагдсан хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2534000000168 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** Э М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Э.М оногдуулсан нь нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Мишигдорж нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ