Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 58

 

“А-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00068/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Ч-д холбогдох,

          74.457.000 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг

          Нэхэмжлэгч “Альфа констракшн” ХХК-ийн  захирал О.Г-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Насанжаргал, хариуцагч Н.Ч-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, онлайнаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Туяацэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “А-” ХХК-иас:

Иргэн Ч- нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “А-” ХХК-иас 69.368.000 төгрөгийн үнэ бүхий 47.84 м.кв 2 өрөө байр авахаар 14/37 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээнд байрны 1 м.кв-г 1.450.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Н.Ч- нь 2014 оны 06 дугаар сарын 26-нд уг гэрээний дагуу байрны урьдчилгаа төлбөрт 6.250.000 төгрөгийг “А-” ХХК-д төлсөн.

Н.Ч- нь 2014 оны 11 дүгээр сард “Би БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг. Манай компанийн зүгээс манай гэр бүлд 1 өрөө байр авч өгөхөөр бид аман гэрээ байгуулсан юм. Тиймээс бид 2 өрөө байраа 3 өрөө болгох хүсэлтэй байна” гэсний дагуу Альфа хотхоны Б байрны 1 дүгээр орцны 9 давхарт 30 тоотод 79.68 м.кв 3 өрөө байранд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 14/37 тоот гэрээ шинэчлэн байгуулж орсон. Уг гэрээнд 1 м.кв-г 1.450.000 төгрөг, байрны нийт үнэ 115.536.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Н.Ч- нь 3 өрөө байрны зээлийг Голомт банкнаас хөөцөлдөхдөө 2014 оны 11 дүгээр сарын 26-нд банкны зээлд хамрагдахын тулд 49.368.000 төгрөг “А-” ХХК-д төлсөн гэж баримт бичүүлсэн боловч банкны эдийн засагч 1 м.кв-г 1.450.000 төгрөгөөр үнэлэхээр зээл гаргах боломжгүй, гэрээнд 1 м.кв 1.300.000 төгрөг гэвэл зээл олгож болно гэсэн. Зөрүү мөнгийг би өөрөө төлнө гэсний дагуу банкинд өгөхөд зориулж 1 м.кв 1.300.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан 37.686.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баримт бичиж өгсөн. Голомт банкнаас Н.Ч-ын байрны зээл олгохоор шийдвэрлэгдэж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 59.648.000 төгрөг “Альфа констракшн” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Н.Ч-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Уг байрны урьдчилгаа төлбөр 30 хувь болох 49.638.000 төгрөгийг компанийн төлөөлөгч Д.С-той 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан уг гэрээний дагуу төлөх ёстой байсан боловч төлөхгүй байсан учраас 2015 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар  өргөдөл өгч шалгуулсан боловч уг маргаан нь Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Үүнээс хойш Н.Ч- нь 2 удаа өр төлбөрийг барагдуулах талаар компанид өргөдөл бичиж өгсөн. Мөн компанийн зүгээс 3 удаа Н.Ч-тай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг дүгнэсэн акт үйлдсэн боловч төлбөр төлөгдөөгүй учраас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Н.Ч-тай дахин зээлийн гэрээ шинэчлэн байгуулсан. Н.Ч- нь би энэ байрны үлдэгдэл 49.638.000 төгрөгийг одоогоор бөөнөөр төлөх боломжгүй, хувааж төлж барагдуулах нөхцөлийг олгож өгнө үү гэж хүссэний дагуу бид харилцан тохиролцож гэрээ үйлдэн гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан.

Иймд Н.Ч-аас тус байрны төлөгдвөл зохих нийт төлбөрийн үлдэгдэл

49.638.000 төгрөг, алданги 24.819.000 төгрөг, нийт 74.457.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ч-аас:

“...Н.Ч- миний бие 2014 оны 06 дугаар сард Альфа констракшн ХХК-нд 2 дугаар ээлжийн барилгын зоорийн давхар баригдаж байхад 2 өрөө 47,84 м.кв байрны урьдчилгаанд 6.250.000 төгрөг тушаасан болно. Барилга ашиглалтад орж 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын комисс хүлээн авч Засгийн газрын 8 хувийн зээл хөөцөлдөж эхэлсэн. Би тухайн үед улирлын чанартай компанид ажиллаж байсан учраас “А-” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 01-ээс давхар нягтлан хийх болсон. Улмаар улсын комисс барилга хүлээн авч нэмэлт хэдэн ажил хийх үүрэг даалгавар өгсөн. Ингээд тэр үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр Д.С-ын хамт барилгын давхрыг шалгаад явж байхад “Д.С- нь чиний байрны зээл өндөр гарах боломжтой бол нэгэнт 8 хувь хэрэгжиж байгаа дээр нь 3 өрөөтэй болчихвол чамд ч манай компанид мөнгө нь хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Тэр үед би урьдчилгааны хувьд хэцүү боломжгүй гэж хэлсэн. Тэгэхэд Д.С- нь манай компани урьдчилган дээр дотооддоо урт хугацааны 5-10 жилийн хүүгүй гэрээ хийж өгч болно гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Д.С-т миний ажилладаг компани Си эм Пи Ай ХХК намайг хотоос шилжүүлж ирэхдээ яваандаа компани ашигтай ажиллаад ирэхээр 1 өрөө байр авч өгнө гэсэн байсныг Д.С-т хэлж байсан юм. Тэгэхэд Д.С- тэгвэл танай компани чинь хэдэн жилийн дараа бараг төлчих юм байна. Тэгвэл чи 3-н өрөөтэй болго, би чамд урьдчилгаа төлсөн баримт үйлдээд гэрээг шинээр хийж өгье гэсний дагуу зээлээ хөөцөлдөж эхэлсэн. Ингээд Голомт банкинд зээлээ судлуулж үзэхэд миний нийгмийн даатгалаар 59.648.000 төгрөг гарахаар байгааг Д.С-т хэлэхэд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 14/37 дугаартай 79.68 м.кв талбайтай 103.584.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хийж, урьдчилгаанд 37.686.000 төгрөг төлсөн гэх баримт үйлдэж өгсний дагуу зээлээ судлуулах материалаа Голомт банкинд өгсөн. Голомт банк зээлийг судалж 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №14/151 тоот санхүүгийн зохицуулах хорооны хурлын шийдвэрийн дагуу зээлийг дэмжиж 2014 оны 12 дугаар сарын 18-         ны       өдөр зээлийн гэрээг хийж “Альфа констракшн” ХХК-ийн дансанд 59.648.000 төгрөг шилжиж орсон. Ингээд байрандаа 3 сар болж 2015 оны 03 дугаар сараас эхэлж Д.С- байрны урьдчилгаанд төлсөн гэх 37.686.000 төгрөгийг шаардаж, өдөр бүр нэхэж эхэлсэн. Би өөрийнх нь санал болгосон гэрээнүүдэд гарын үсэг зурсан нь үнэн болно. Гэрээнүүдийг нотариатаар батлуулчхаад өгнө гэсэн боловч надад өгөөгүй. Ингэж явсаар байгаад 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуудаж уулзаад чи надаас бэлэн мөнгө зээлж “А-” ХХК-нд байрны урьдчилгаагаа төлсөн болоод одоо бэлэн мөнгө зээлсэн гэж гэрээ хийсэн. Энэ гэрээгээрээ бэлэн мөнгө зээлчхээд залилан хийсэн гэх гомдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өгч шалгуулж прокурорын газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан удаатай. Ийм учраас Д.С-ын дарамтад орж хийсэн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бэлэн мөнгө зээлж аваагүй учир хүү алданги төлөх үндэслэлгүй болно. 5-10 жилийн хугацаатай хүүгүй урьдчилгаа төлөх гэрээ хийнэ гэсэн боловч хийгээгүй. Байрны урьдчилгаанд төлсөн гэж бичиж өгсөн 37,686,000 төгрөгийг төлөх нь үнэн болно. 2015 оны 11 дүгээр сард тус компанийн захирал Ганбаатарт байрны урьдчилгаа төлөх чадамжгүй байгаагаа хэлэхэд Ганбаатар нь чи С-той яриад 2 өрөө байр үлдсэн эсэхийг судлаад хэрэв 2 өрөө байвал би чиний голомт банкны 59,648,000 төгрөгийг хаагаад Төрийн банкны 100 хувийн засгийн газрын 8 хувийн зээлд захиралтай яриад хамруулаад өгье гэсэн боловч Д.С- нь 2 өрөө зарагдаад дууссан гэж худлаа хэлсэн.

Иймд нэхэмжилсэн үлдэгдэл төлбөр болох 49.638.000 төгрөгөөс байрны урьдчилгаа төлбөр болох 37.686.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 11.952.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, мөн бэлэн мөнгө зээлээгүй байж алданги гэх 19.332.056 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Нийт 68.970.056 төгрөг нэхэмжилснээс 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14/37 тоот гэрээний дагуу байрны урьдчилгаа болох 37.686.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 31.284.056 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Н.Ч-аас 37.686.000 төгрөгийг гаргуулан “Альфа констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 36.771.000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605.542.28  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ч-аас улсын тэмдэгтийн хураамж 346.380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Альфа констракшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А-” ХХК-ийн захирал О.Ганбаатар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан буюу хариуцагч талд ашигтай байдлаар үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

... Гэрээ нь бодитоор буюу үйлдлээр гарын үсэг зурагдаж байгуулагдсан боловч бага дүн бүхий гэрээ нь гагцхүү зээл авах болзлыг хангахад чиглэсэн бөгөөд их дүнтэй жинхэнэ гэрээг банкнаас болон улсын бүртгэлийн байгууллагаас нуун дарагдуулж, халхавчлах зорилгоор хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” юм.

Их дүнтэй гэрээний хувьд улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх боловч хожим бүртгүүлэх бүрэн боломжтой гэрээ юм. Зээлийн асуудал шийдвэрлэгдсэний дараа энэхүү гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар ярьж тохирсон зүйл байдаг. Мөн орон сууц захиалгын гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр байгуулсан гэж тооцдог, хүчин төгөлдөр гэж үздэг эрх зүйн зохицуулалт Монгол Улсын Иргэний хуульд байхгүй юм. Гэрээ байгуулах асуудал бол бодитой үйлдэл, фактаар буюу гэрээнд гарын үсэг зурснаар “бодитой байгуулсан” гэж үзэх үндэслэлтэй юм. Гэтэл анхан шатны шүүхээс байгуулагдсан гарын үсэг бүхий гэрээг бодитой бус гэж үзсэн байгаа нь хэт нэг талыг барьсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зарчмыг зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Мөн шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэсэн байгаа нь талуудын байгуулсан гэрээ, үүссэн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримттай огт нийцээгүй зүйлчлэл болсон. Орон сууц захиалгын гэрээ байгуулсныг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй байна.

... Анхан шатны шүүхээс банкны тодорхойлолтыг шийдвэрийнхээ үндэслэлийн гол баримт болгосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хамгийн эргэлзэх ёстой бөгөөд бусад баримттай харьцуулан үзэж дүгнэлт өгөх ёстой баримт нь энэ банкны тодорхойлолт байсныг анхан шатны шүүхийн шүүгч анхаарч үзсэнгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч “А-” ХХК хариуцагч Н.Ч-д холбогдуулж орон сууцны үлдэгдэл төлбөр 49.638.000 төгрөг, алданги 24.819.000 төгрөг нийт 74.457.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Н.Ч- 3 өрөө, 79.68 м.кв талбайтай  орон сууцыг 1 м.кв талбайг 1.300.000 төгрөгөөр үнэлж, нийт 103.584.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулсан, орон сууцны үнэд 65.898.000 төгрөг төлсөн, үлдэх 37.686.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

        Нэхэмжлэгч тал хэргийн 51-54 дүгээр талд авагдсан, талуудын хооронд  2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан  14/37 дугаартай “Орон сууцны  захиалгын гэрээ”-г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, тодорхойлжээ.

        Анхан шатны шүүх хэргийн 71-72 дугаар талд авагдсан, талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан, 14/37 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”, хариуцагч Н.Ч-ын Голомт банктай байгуулсан зээлийн болон ипотекийн гэрээ, банкны тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон бусад бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

        Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

        Талуудын хоорондох маргааны эх үүсвэр нь Дархан сумын 13 дугаар баг, 10 дугаар хороолол, 4 дүгээр байрны 30 тоотын 3 өрөө орон сууцыг “Орон сууцны захиалгын гэрээ”-ээр худалдаж, өгч авахдаа 1 м/кв талбайг 2 өөр үнээр үнэлсэнтэй холбоотой байна.

        Хэрэгт авагдсан баримтаар: Хэргийн 46-54 дүгээр талд 2014 оны 06 дугаар сарын 26 өдөр байгуулагдсан, 14/37 дугаартай, мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан, 14/37 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” нэртэй 2 гэрээ нотлох баримтаар авагдсан, эдгээр гэрээнүүдийн гүйцэтгэгч талыг төлөөлж Альфа констракшн ХХК-ний нягтлан бодогч Д.С-, захиалагч талыг төлөөлж Н-ын Ч-, хамтран эзэмшигч Д-ын М- нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байх бөгөөд тус гэрээнүүдээр орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1.450.000 төгрөгөөр тооцож тохиролцсон байна.

        Өөрөөр хэлбэл энэ 2 гэрээнд орон сууцны 1 м/кв талбайн үнэ адил буюу 1.450.000 төгрөг байна.

        Харин хэргийн 71-72 дугаар талд авагдсан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан, 14/37 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ээр орон сууцны 1 м.кв талбайг 1.300.000 төгрөгөөр үнэлж, нийт 103.584.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

        Энэхүү гэрээг үндэслэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн орон сууцны өмчлөгчөөр Н.Ч-, Д.М- нарыг бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000349952 дугаартай гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон байна.

        Мөн энэ гэрээний дагуу хариуцагч Н.Ч-д орон сууц худалдаж авахад зориулж, 103.584.000 төгрөгөөр худалдан авахыг дэмжиж  59.648.000 төгрөгийн зээлийг Голомт банкнаас олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон ипотекийн гэрээ, зээл эргэн төлөлтийн тооцоо, зээлийн дансны хуулга, Голомт банкны тодорхойлолт зэргээр нотлогдоно.

        Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг улсын бүртгэлд бүртгэж, хариуцагч Н.Ч-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн байна.

        Нэхэмжлэгч тал 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 14/37 дугаартай гэрээг үндэслэж хариуцагч Н.Ч-аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 49.638.000 төгрөг, гэрээний 8.1 дэх заалтын дагуу алданги 24.819.000 төгрөг нэхэмжилдэг боловч энэ гэрээг нотариатаар гэрчлүүлж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д  зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй юм.

        Мөн энэ гэрээгээр  хариуцагч Н.Ч-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсээгүй, Голомт банкнаас ипотекийн зээл олгогдоогүй тул энэ гэрээний дагуу үндсэн төлбөр 49.638.000 төгрөг болон гэрээний 8.1-д зааснаар  алданги 24.819.000 төгрөг шаардах эрхгүй байна.

        Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх  нэхэмжлэлээр шаардсан алданги хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй тул  шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Ч-аас 37.686.000 төгрөгийг гаргуулан “Альфаконсракшн” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 36.771.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Ч-аас 37.686.000 төгрөгийг гаргуулан “А-” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 36.771.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1623 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341.805 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ                                

                                                               ШҮҮГЧИД                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                   Л.АМАРСАНАА