Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/433

 

 

 

 

    2021          04            29                                         2021/ДШМ/433                                                                                                    

Ө.Ө-од холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

            прокурор Г.Цогтгэрэл,

            шүүгдэгч Ө.Ө-ын өмгөөлөгч К.Манлай,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Ө-од холбогдох 2002004880005 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ө-ийн Ө-, Улаанбаатар хотод 1996 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжилтэй, “-” ХХК-д тогооч ажилтай гэх, ам бүл 3; эх, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Сургуулийн 00 дугаар гудамж 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

 

Ө.Ө- нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00000 тоот найз Б.С-ын гэрт хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Ө.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Ө-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD”-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “Golden Plum гэсэн шар өнгийн тагтай хуванцар савны хамт 181,2 грамм, цагаан өнгийн гялгар уутны хамт 15,8 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар уутны хамт 16,1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн А4 хэмжээний цаасны хамт 6,2 грамм жинтэй бор хүрэн өнгийн шавар мэт зүйл, цагаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уутны хамт 1,9 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 ширхэг претка, жижиг хайч, хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг тугалган цаас, өвс мэт зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, АN7516099 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ Монгол банкинд хүргүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглэж эхэлсэн. Ө.Ө-ын үйлдсэн гэмт хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч Ө.Ө-ын хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял эдэлж байгаагүй зэргийг харгалзан үзвэл хорих ял шийтгэсэн нь хүндэдсэн байна. Тэрээр бие муутай эх, 4 настай дүүгийн хамт амьдардаг, тэднийгээ асардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэцийн дүгнэлтээр Ө.Ө- нь мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодист донтоогүй нь тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой. Иймд шүүгдэгч Ө.Ө-ыг Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотоос “-” ХХК-ийн ажлын байр хооронд зорчих хязгаартайгаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхээс Ө.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон ялыг оногдуулсан. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна. Учир нь, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж шийтгэх тогтоолд бичсэн. Ө.Ө- нь мансууруулах эмийг түүж бэлтгэж, хадгалсан зүйл байхгүй” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ө.Ө-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Ө.Ө- нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоот найз Б.С-ын гэрт хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.С-ын “... Ө- яг хэзээ манай гэрт авчирсан болохыг мэдэхгүй. Манай жижиг өрөөний тагтан дээр ундааны савтай ургамал байсан, үгүйг мэдэхгүй, авчирсан өвсөө хэзээ яаж хэрэглэснийг нь ч мэдэхгүй...” /хх 71-72/,

гэрч Г.Х-ы “... Би орж ирээд лаазтай пивоноос жаахан уугаад унтах гээд хэвтэж байтал гаднаас цагдаа нар орж ирээд шалгасан...” /хх 74-75/,

гэрч Ц.У-ын “... С-ын гэрт пиво уугаад сууж байхад Ө- хуйлсан мөнгөн дэвсгэрт сороод байсан. Тэр зүйлийг хэзээ, хаанаас гаргаж ирсэн, яг юу болох, яаж хэрэглээд байгааг би мэдэхгүй...” /хх 77-78/,

гэрч Г.Э-гийн “... 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Дархан явах ажил гараад Ө-оор автомашинаа жолоодуулж явсан...” /хх 82-83/,

шүүгдэгч Ө.Ө-ын “... Би өвсөө түүж аваад найз Б.С-ын гэрийн тагтан дээр тавьсан. Сүүлд очихдоо уг өвсөө газаар шахаж шавар гарган хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан. Энэ талаар С- огт мэдээгүй...” /хх 141-142/ гэсэн мэдүүлгүүд,

Golden plum” гэсэн бичигтэй хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Тугалган цаастай ургамал мэт зүйл” гэсэн хаягтай мөнгөлөг цаасан боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйл, “20 төгрөг 1ш, мэс 2ш, тугалган цаас 1ш, хайч төмөр 1ш, цаастай шавар мэт зүйл 1ш” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн AN7516099 гэсэн сери дугаартай мөнгөн дэвсгэрт мөнгөлөг цаас, хайч, 2 ширхэг претка, “2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40-51 тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн гялгар уут, цагаан өнгийн гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Хүрэн өнгийн шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд наалдсан бор хүрэн өнгийн зүйл болон шаазан аяга, мөнгөлөг өнгийн цаас, бор хүрэн өнгийн зүйл зэрэг ургамал, эд зүйлс болон шүүгдэгч Ө.Ө-ын шээснээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5259, 5260, 5263 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /90-97, 101-103, 107-109/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 27-37/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх 59-60/, эд мөрийн баримт хураан авах тогтоол /хх 64/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатнаас шүүхээс шүүгдэгч Ө.Ө-ын хориглосон, мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан гэм буруутай үйлдлийн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлайн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23ы өдрийн 2021/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлайн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө-ын 2021 оны 02 дугаар сарын 23ы өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 29ий өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ        

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН