Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00062

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж
нарийн бичгийн дарга Г.Ангирмаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Т.Цэнд-Аюуш,
шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын ахлах өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Н.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нармандахын Наранбаатарт холбогдох 201606000242 дугаартай, 132/2016/0053/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, халх, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар урлалын мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Орхон сумын Агуут багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Булган аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэж харгалзсан, Шар хангай овогт Нармандахын Наранбаатар /РД:ГР89042511/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Наранбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Жаргалант” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 899250 төгрөгийн хохирол, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шөнө мөн дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 1166860 төгрөгийн хохирол, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө мөн дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 1373081 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Н.Наранбаатарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй. Ямар нэгэн маргаан тэмцэл байхгүй үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, Хохирогч Т.Цэнд-Аюушийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шенийн 03 цаг 30 минутын орчимд манай нохой хашаан дотор хуцаад байсан ч манай гэрээс ямар нэгэн хүн гараагүй. Тэгээд манайхан бүгд унтаж амарсан. Өглөөний 08 цагт дэлгүүрээ онгойлгох гээд очтол хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороод үзсэн чинь хулгай орсон байхаар нь шууд цагдаагийн байгууллагад хандсан. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дэлгүүртээ сууж байгаад оройн 23 цагийн үед дэлгүүрээ хаасан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө дэлгүүрээ онгойлгох гэхэд дэлгүүрийг цоожилсон цоожийг онгойлгоод хулгай орсон байсан. Мөн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед би "Жаргалант" дэлгүүрийн барааг цэгцэлж хураагаад тэгээд дэлгүүрийнхээ урд талын хаалгаа дотор талаас нь түгжээд арын хаалгаа гаднаас нь түгжээд өөрийн гэртээ ороод 01 цагийн үед унтаж амарсан. Тэгээд би шөнийн 03 цагийн үед сэрээд дэлгүүрийнхээ хяналтын камерын дэлгэцээ хартал хяналтын камерт хагас дутуу камерын нүүрэн дээр юм наасан юм шиг хагас дутуу харагдаж байсан. Сайн хартал дэлгүүрийн дотор талын вакум хаалга онгойсон байхаар нь шөнө хулгай орсон байсныг мэдэж цагдаад мэдэгдсэн. Хохирол төлбөрөө барагдуулж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,
201606000242 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Шүүгдэгч Н.Наранбаатарын сэжигтнээр өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө /яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна/ гэрээсээ гарч Шинэ хороонд байдаг "Жаргалант" нэртэй дэлгүүрийн хаалгыг Цэнгэлдэх хүрээлэнгийн хашаанаас авсан төмрөөр хөшиж онгойлгоод дэлгүүрийн дотор талд байсан хяналтын камерын дуран дээр нь дэлгүүр дотор байсан картон цаасанд масло түрхэж байгаад наасан. Учир нь би өөрийгөө хяналтын камерт харагдахгүй, өөрийгөө таниулахгүй гэсэн зорилгоор тэгж цаас наасан. Тэгээд дэлгүүр дотор байсан цүнх, шуудай. мөн 2 жижиг хар цүнхэнд тамхи, гар чийдэн, кг-ийн чихэр, бохь зэрэг гартаа таарсан эд зүйлүүдийг авч хийгээд гарсан. Дэлгүүрээс яг хэдэн ширхэг ямар төрлийн эд зүйл хулгайлснаа нарийвчлан үзээгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-н 164-р хуудас/, "...Би урьд нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт байдаг "Жаргалант" дэлгүүрт 2 удаа хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан. 2016 оны 08 дугаар сард гэж санаж байна яг өдрийг нь сайн санахгүй байна. Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг шинэ хороонд байрлах "Жаргалант" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа хаалга нь онгорхой байхаар нь дотор хаалгыг нь дэлгүүрийн гадаа байсан төмрөөр хөшиж онгойлгоод дэлгүүр дотор орж хяналтын камерыг нь даавуугаар хааж халхлаад лангуун дээр өрөөтэй байсан тамхи, чихэр, бэлэн мөнгө 100 дэвсгэртээр 2000-3000 төгрөг тус бүрийг авч тэндээс торонд хийж гарсан. Хулгай хийсэн эд зүйлээ аваад Зүүн түрүүнд байдаг гэртээ харьсан. Намайг гэрт харихад манай гэрт хүн байгаагүй. Манай гэрийнхэн зун хөдөө гарсан байсан. Хулгайлсан эд зүйлээ байшингийн дээвэр дээр нуусан. Хулгайлсан эд зүйлээ өөрөө хэрэглээд дуусгасан.
2017 оны 01 сарын эхээр хөдөө гэрээсээ аймгийн төвд орж ирээд байж байхдаа дахиад шинэ хороонд байдаг "Жаргалант"дэлгүүрийн 2 хаалгыг модоор хөшиж онгойлгоод дотогш нэвтрээд хяналтын камерт масло түрхэж байгаад цаас нааж хаасан. Тэгээд мөн лангуун дээр байсан тамхи, 2 шил архи, 2 шил дарс, чихэр, бэлэн мөнгө 5000 орчим төгрөг авч дэлгүүрт байсан торонд хйиж гараад гэртээ аваачиж нуусан. Манай гэрт мөн хүн байгаагүй. Хулгайлсан эд зүйлээ мөн ганцаараа хэрэглэсэн. Авсан 2 шил архи, 2 шил дарсаа Хүрэн байранд байдаг Билгүүн, Шарваа хоёртой уусан. Би 3 удаагийн үйлдлээр "Жаргалант" дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэхдээ дэлгүүрийн ойролцоо байсан төмөр болон модыг ашигласан. Энэ ашигласан багажаа хаячихсан" гэх мэдүүлэг/хх-н 166-р хуудас/ ...Би Жаргалант дэлгүүрт нийт 3 удаа нэвтэрч эд зүйл хулгайлсан. Тухайн үед дандаа ганцаараа явсан" гэх мэдүүлэг/хх-н 172-р хуудас/ Хохирогч Т.Цэнд-Аюушийн өгсөн: "2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шенийн 03 цаг 30 минутын орчимд манай нохой хашаан дотор хуцаад байсан ч манай гэрээс ямар нэгэн хүн гараагүй. Тэгээд манайхан бүгд унтаж амарсан. Өглөөний 08 цагт дэлгүүрээ онгойлгох гээд очтол хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороод үзсэн чинь хулгай орсон байхаар нь шууд цагдаагийн байгууллагад хандсан. /хх-н 84-85-р хуудас/. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дэлгүүртээ сууж байгаад оройн 23 цагийн үед дэлгүүрээ хаасан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө дэлгүүрээ онгойлгох гэхэд дэлгүүрийг цоожилсон цоожийг онгойлгоод хулгай орсон байсан. /хх-н 88-89-р хуудас /, Мөн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед би "Жаргалант" дэлгүүрийн барааг цэгцэлж хураагаад тэгээд дэлгүүрийнхээ урд талын хаалгаа дотор талаас нь түгжээд арын хаалгаа гаднаас нь түгжээд өөрийн гэртээ ороод 01 цагийн үед унтаж амарсан. Тэгээд би шөнийн 03 цагийн үед сэрээд дэлгүүрийнхээ хяналтын камерын дэлгэцээ хартал хяналтын камерт хагас дутуу камерын нүүрэн дээр юм наасан юм шиг хагас дутуу харагдаж байсан. Сайн хартал дэлгүүрийн дотор талын вакум хаалга онгойсон байсан" гэх мэдүүлэг /хх-н 92-93-р хуудас/ Гэрч М.Шаравжамцийн "...Билгүүнээ бид хоёр билльяарданд байхад Наранбаатар гаднаас орж ирээд юм ярьж байгаад гарч мөнгөө нийлүүлж байгаад 2,5 литрийн боргио пиво 2 ширхгийг авч Билгүүнээгийн гэрт уусан. Тэгэхэд Билгүүнээ огт уугаагүй. 2 пиво ууж дуусахад Наранбаатар манай гэрт очъё гээд Зүүн түрүүнд байдаг Наранбаатарын гэрт очиход Наранбаатар гэрээсээ 1 шил "Е\/ОК" архи, нэг шил дарс, 2 ширхэг хар нарийн "КЕНТ" тамхи авч гарч ирээд Билгүүнээгийн гэрт уусан. Тухайн үед Билгүүнээгийн гэрт бид нараас өөр хүн байгаагүй. Тэдний гэрт архи дарсаа бүгдийг нь ууж дуусгасан" гэх мэдүүлэг /хх-н 101-р хуудас/ Гэрч Ч.Билгүүний "...Наранбаатарын гэрт очиход Наранбаатарын гэрт гал тогтооны өрөөний шургуулгад нэлээн хэдэн шил архи, дарс, тамхи байснаас Наранбаатар 1 шил "Е\/ОК", 2 ширхэг хар нарийн "КЕНТ" тамхи авч гарч ирээд манай гэрт очиж уусан. Тухайн үед манай гэрт бид нараас өөр хүн байгаагүй. Архи дарсаа бүгдийг нь ууж дуусгаад согтоод манай гэрт Наранбаатар унтаад үүрээр гараад явсан
байсан. Би өөрөө огт уугаагүй. Тэрнээс өөр хамт архи ууж байгаагүй" гэх мэдүүлэг, /хх-н 102-р хуудас/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1-4 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 16, 19, 20 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-33 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 42-46 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл / хх 47-53 тал/, баримтанд үзлэг хийж хуулбарлан авсан тэмдэглэл /хх 54-80 тал/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 81 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө хулгайн үйлдлийн улмаас 1166860 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга найман зуун жаран/ төгрөгийн хохирол учирсан болохыг нотолсон шинжээчийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн №17-10 тоот дүгнэлт /хх-н 128-133-р хуудас/, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө хулгайн үйлдлийн улмаас 1373081 /нэг сая гурван зуун далан гурван мянга наян нэг/ төгрөгийн хохирол учирсан болохыг нотолсон шинжээчийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн №17-31 тоот дүгнэлт/хх-н 144-148-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Наранбаатар нь шунахай сэдэлтээр, давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрөөс 08-ны өдөрт шижих шөнө, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө тус тус Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших "Жаргалант" хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч нийт 3439191 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ. Энэ үйл баримт нь шүүгдэгч Н.Наранбаатарын өгсөн: “Би Жаргалант дэлгүүрт нийт 3 удаа нэвтэрч эд зүйл хулгайлсан. Тухайн үед дандаа ганцаараа явсан сүүлд архи хулгай хийгээгүй " гэх мэдүүлэг, хохирогч Т.Цэнд-Аюушийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийг шилжих шөнө, Мөн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг шилжих шөнө манай Жаргалант нэртэй дэлгүүрт хулгай орж нийт 3439191 төгрөгийн хохирол учирсан. Би тухай бүрт Цагдаагийн газарт гомдол мэдээлэл өгч байсан гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-33 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 42-46 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөн байцаалтын ажиллагаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журмын дагуу хууль ёсоор явагдсан байх ба түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна. Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн
тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Наранбаатарт Булган аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй нь ялгүйд тооцох үндэслэл болж байна. Шүүгдэгч Н.Наранбаатарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Н.Наранбаатарын гэм буруутай үйлдлын улмаас хохирогч Т.Цэнд-Аюушийн эд хөрөнгөнд хохирол учирсан ба хохирогч нь шууд болон шууд бус хохирол 3637191 төгрөгийг нэхэмжилсэн байна. Мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нийт 806920 төгрөгийн барааг буцаан хүлээлгэж өгсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлээс хасч тооцох, харин 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1373081 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд архи хулгайлсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байх тул архины үнэ 427300 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон нотлох баримтын шаардлага хангасан 2402971 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хивсний тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шар хангай овогт Нармандахын Наранбаатарыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Наранбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Наранбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хивсний тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиист даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Наранбаатараас 2402971 /хоёр сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун далан нэг/ төгрөг гаргуулж хохирогч Т.Цэнд-Аюушд олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 427300 /дөрвөн зуун хорин долоон мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Наранбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ