Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 114/ШШ2023/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хулганааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Дэвшлийн 1 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух*******  *******

          Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

               Гуравдагч этгээд: “Дархан мах корпараци” ХХК нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд:

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               *******

       Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг

       даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч                             *******

       Хариуцагч Газрын харилцаа барилга, хот,

       байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч     *******

       Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч       *******  нар оролцов.      
                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр захирамжаар Дархан мах экспо ХХК-д 88000 мкв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газрыг олгох явцдаа кадастрын зургаар 98469 м.кв болгож нэмсэн хэсгээс Б.*******гийн эзэмшиж байсан 8568 мкв-ыг хүчингүй болгох, иргэн Б.******* миний нэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах”  нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

   2.1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 08 сарын 06-ний өдрийн 311 дүгээр захирамжаар /хавсралтын 1-д/ “Русмяспром” ХХК-д /2016 онд  Мах экспо ХХК болон нэр өөрчлөгдсөн/ 88000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн,  2010 оны 08 сарын 11-ний өдөр аж ахуйн нэгж, байгууллагын 0174684 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнд 080100477 дугаар бүхий нэгж талбарын 98469 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориулалттайгаар, газар эзэмшүүлэх гэрээнд 98470 м.кв газар гэж тус тус бичигджээ.

  2.2. Нэхэмжлэгч иргэн******* *******д Дархан сумын  нутаг дэвсгэрт 8568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээг 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан сумын Засаг дарга гэсэн гарын үсэг зурагдан олгогдсон байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл

3.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:  Нэхэмжлэгч Б.******* 1999 онд иргэн оос Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн “Дархан мах комбинат” ХХК-н залгаа байршилтай нийт 220 мкв хэмжээтэй төмөр замтай, дулааны шугамтай  үл хөдлөх хөрөнгийг түүний дор байршилтай 8568 м.кв газрын хамт 3 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. 1999 оны 09 сарын 28-ны өдрийн 08090053 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 20 жилийн хугацаатай зориулалтын 8568 м.кв газрыг эзэмшиж байсан ба тус газар болон үл хөдлөх эд хөрөнгөндөө зохих татварыг төлж байсан.

 Б.******* нь 2006 он хүртэл Чех улсаас тоног төхөөрөмж авчирч өлөнгийн цехийн үйл ажиллагаа явуулж байгаад авто осолд орж олон жил хэвтэрт байсан ба хэвтэрт орсноос хойш өөрийн эзэмшлийн газрыг ах дүү, хамаатан садны хамт эргэж тойрч хамгаалж байсан.  2006 онд тухайн үеийн газрын даамал тай уулзаж, газрын татвар төлнө, миний газрын гэрчилгээ байгаа юу, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа талаар асууж тодруулж байсан ба тухайн үед танай газрын хувийн хэрэг олдохгүй байна, хувийн хэрэг байхгүй устсан шатсан, газартай холбоотой нотлох баримтууд олдоогүй гэсэн мэдээллийг өгсөн. Дараа нь дахин тай уулзах гээд очиход нас барсан байсан ба Ариунболд мэргэжилтэнтэй уулзахад газрын талаарх баримтууд нь газрын албанд байгаагүй, ямар учиртай газар болохыг, холбоотой нотлох баримтууд гарч ирээгүй, тухайн газрын гэрчилгээ байгаа эсэх асуудлыг ярьсан байдаг.

 Тухайн үед Б.******* цэнхэр газар эзэмших гэрчилгээг үзүүлсэн ба тухайн газартай холбоотой ямар нэг хувийн хэрэг байхгүй байна гээд гаргаж өгөөгүй гэсэн. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмших гэрчилгээгээ шинэчлэх гэж газрын албанд албан ёсоор хүсэлт гаргахад тухайн газар нь Мах экспо ХХК-д  2003 онд шилжээд түүнээс хойш хууль бусаар 4 удаагийн захирамжаар бусдад шилжсэн болохыг олж мэдсэнээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс газрын албаны хувийн хэрэг болон газар дээр үзлэг хийхэд газрын талаар баримтууд нь газрын албанд байгаагүй, ямар учиртай газар болохыг, холбоотой нотлох баримтууд гарч ирээгүй.

Шүүхээс хувийн хэрэг болон газар дээр нь очиж үзлэг хийх явцад гуравдагч этгээдийн газрын хэмжээнд өөрчлөлт орж *******гийн газрыг нэмж эзэмшсэнийг олж мэдээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Дархан сумын 4-р баг “Мах комбинат” ХХК-н залгаа байрлалтай газрын  урд талын хэсгийг “Русмяспром” ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэн ашиглаж байсан ба уг газраа шилжүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Газар ашиглах гэрээтэй мөртлөө эрх шилжүүлэх гэрээг байгуулж  газрын тухай  хуулийг зөрчсөн. Хуулийн 6.3-т гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж газар ашиглаж болно гэсэн хуулийн зохицуулалттай.  Гэтэл 2010 онд “Русмяспром” ХХК нь “Дархан мах экспо” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн байсан. Газар ашиглах гэрээг бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг ба хууль зөрчиж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2010 оны 08 сарын 06-ны өдрийн 311 тоот захирамжаар нийт 88000 мкв газрыг Дархан мах экспо ХХК-д эзэмшүүлэхээр захирамж гаргасан байтал “Дархан мах экспо” ХХК-ийн  кадастрын зургийг хэвлэхдээ 98469 мкв болгон нэмж,  хууль бус үйлдлээр газрыг авсан байна. Газрын тухай хуулийн 23.3.7, 23.3.8, 25.5, 27.1, 27.2, 31.2, 31.3, 33.1.1, 33.1.2, 33.3, 34.1, 33.6, 34.9, 35.1, 35.3.3, 35.3.5, 40.1.5, 44.8, 44.10, 45.1, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нар хууль зөрчсөн байх тул  кадастрын зургаар 88000 м.кв газрыг нэмж 98469 м.кв болгон олгосон газраас  Б.*******гийн нэр дээр эзэмшиж байсан 8568 м.кв газрын холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших  гэрээ, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, энэ шаардлагаа дэмжиж байна гэв.

3.2. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаар захирамжтай Б.*******тэй холбоотой газрын асуудал яригдаж байгаа ба энэ захирамжид *******гийн газар эзэмших  эрхийн талаар  дурдагдаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 34 дүгээр зүйлийн 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна гэсэн заалтууд зөрчигдөж байна. ******* нь 1999 онд газар худалдаж авснаар эзэмших эрхийн гэрчилгээг авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх хувийн хэрэг, кадастрын зураг, тухайн газрын мэдээлэл газрын албанаас гарч ирээгүй. Дархан сумын Засаг даргын  118 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд энэ захирамжид Б.*******тэй холбоотой нэг ч өгүүлбэр, нэр нь байхгүй, Дээрх шаардлагаа өөрчилж аймгийн Засаг даргын 311 дүгээр захирамжид холбогдуулан маргаж байна 311 дүгээр захирамж нь Дархан мах экспо ХХК-аас “Русмяспром” ХХК-д нийт 88000 мкв газрыг шилжүүлсэн захирамж байх ба  Б.*******тэй холбоотой ямар ч баримтууд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Аймгийн Засаг даргын захирамж, сумын Засаг даргын захирамжид байхгүй, архивын баримтад ч байхгүй  байгаа учир 1999 оноос өнөөг хүртэл газар эзэмшиж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 1999 оноос 2006 он хүртэл газар эзэмшиж байсан газраа төлбөр төлж байсан гэсэн боловч төлбөр төлсөн баримт огт байхгүй. Аваарт ороод биеийн байдал сайжирсны дараа газрын албаны нэр бүхий мэргэжилтэнтэй 2006-2007 онд уулзаж байсан гэж тайлбарлах боловч газартай холбоотой хүсэлт гомдлоо газрын албанд гаргаж байгаагүй, 1999 оноос хойш эзэмшилд нь байсан газраа өөр байгууллагад шилжсэн гэдгийг мэдсэн өдрөөс хойш  буюу 2006 оноос гэж үзээд хугацааг тооцоход Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гомдол гаргана гэж заасны дагуу Б.******* нь гомдлоо гаргаагүй, мөн  газар эзэмших гэрчилгээ авсан бол гэрчилгээг жил бүр дүгнүүлж байх учиртай. 2006 оноос хойш гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч энэ хугацаанаас хойш ямар нэг байдлаар холбогдох байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

3.3.Хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1999 онд нэхэмжлэгч ******* нь гэдэг хүнээс Мах комбинатын залгаа 220 м.кв талбайтай газрыг худалдах, худалдан авах гэрээгээр Үл хөдлөх хөрөнгөтэй 8568 мкв газар худалдаж авсан гэдэг. *******, нартай холбоотой газар эзэмших гэрээ байхгүй, энэ 2 хүний мэдээлэл газрын мэдээллийн санд огт байхгүй, 1999-2006 он хүртэл газрын төлбөрөө төлсөн гэх боловч төлсөн баримт, байхгүй, татварын газрын болон манай албаны  тодорхойлолтоор нотлогдож байна. 2010 оны газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн захирамжаар 8800 м.кв гэж бичигдсэн байгаа ба тухайн үед бид нар өөрсдөө гараар очиж хэмжиж ойролцоогоор талбайн хэмжээг гаргаж байсан, одоо бол өндөр нарийвчлалтай багажаар кадастрын зургийг гаргадаг болсон бөгөөд шүүхээс газар дээр нь очиж хэмжилтийг хийсэн мах экспо компани нь 90633 м.кв, маргаан бүхий газар 7837 м,кв байсан байгаа. Нэхэмжлэгч Б.*******гийн нэр дээр газар байсан бол мэдээллийн санд байх л байсан *******гийн нэр дээр газар байгаа гэсэн нь үндэслэлгүй, тогтоогдоогүй,  анхнаасаа мэдээллийн санд ороогүй байна. Б.******* 2006-2007 онд , Ариунболд нартай уулзаж байсан гэж байгаа боловч тухайн үед газрын албанд газрыг эзэмших талаар хүсэлтээ гаргаагүй, тухайн үед газар эзэмших талаар мэдээлэл манайд байхгүй гэдгээ мэдэж байсан, мөн 2006 оноос мэдсэн үеэс хойш хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой байсан, одоо хэдэн жилийн дараа нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ энэ нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хугацаа яригдах ёстой 16 жил өнгөрсөн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.4.Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь оос модон барилгыг худалдаж авсан гэх ба барилгын хаяг байршил тодорхой заагдаагүй байсан, мөн худалдаж авсан тухай гэрээг 2000 оны 2 сарын 17-ны өдөр байгуулсан боловч төлбөрийг 2000 оны 01 сарын 30-нд төлж дуусгана гэсэн нь итгэл үнэмшилгүй байдаг. Модон барилгыг ийн өмчлөлд шилжүүлэх Дархан мах экспо ХК-ийн ТУЗ-ын тогтоол 1999 оны 12 сарын 21-нд гарсан байхад газар эзэмших гэрчилгээ 1999 оны 09 сарын 28-нд гарсан байгаа нь гэрчилгээг засварласан байх, эсвэл хууль бусаар олж авсан байх магадлалтай гэж харж байна.Дархан мах комбинат нь анх байгуулагдсан цагаас хойш түүний үл хөдлөх хөрөнгүүд болон газрын эзэмшлийн эрхүүд нь олон компани, хувьцаа эзэмшигчдээр дамжиж 2018 онд Дархан мах корпараци ХХК-ийн мэдэлд шилжиж ирсэн бөгөөд Дархан мах экспо ХК-нь тус үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, газрын эзэмшлийн эрхийг 1998 оноос 2010 оны хооронд эдэлж байсан болохыг эрхийн гэрчилгээнүүд болон газрын төлбөр тооцооны баримтуудаар нотлогдож байна.

Б.******* нь тухайн объектыг худалдаж авахад дагаж газар шилжсэн байна.Тухайн газрыг оос шилжүүлж авсан гэсэн нотлох баримт байхгүй, газрын албаны хувийн хэрэгт холбогдох баримт, мэдээллийн санд орсон мэдээллүүд байхгүй байх бөгөөд  энэ хугацаанд газрын алба хариуцсан төрийн захиргааны байгууллагад өнөөдрийг хүртэл яагаад  эрх нь зөрчигдсөн гэж мэдсэн үеэс газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй юм вэ? амаар хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан гэх боловч энэ нь нотлох баримт болохгүй гэж үзэж байна. 20 жилээр олгогдсон газрын гэрчилгээ эх хувиар байсан бол төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх, баталгаажуулах арга хэмжээ авах байсан. Мөн “Дархан мах экспо” ХХК-д хандаж хүсэлт, санал, гомдол гаргаж байгаагүй. Газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй Энэ хугацаанд газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй учир хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                     

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс анх шүүхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2003 оны 118 дугаар захирамжийн Б.*******д ноогдох хэсгийг хүчингүй болгох, газар эзэмших гэрчилгээг олгохыг газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр захирамжаар Дархан мах экспо ХХК-д 88000 мкв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газрыг олгох явцдаа кадастрын зургаар 98469 м.кв болгож нэмсэн хэсгээс Б.*******гийн эзэмшиж байсан 8568 мкв газрыг хүчингүй болгох, иргэн Б.*******гийн нэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах” гэж өөрчилсөн болно.

   Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлан, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

   Нэг.Нэхэмжлэгчээс ”Дархан мах корпараци ХХК-ийн бетонон хашаалж, эзэмшиж байгаа гэх нийт 98470 м.кв газрын 8568 м.кв газар нь 1999 онд миний бие иргэн оос Дархан сумын 4 дүгээр багийн Махкомбинатын залгаа байршилтай 220 м.кв хэмжээтэй төмөр замтай дулааны шугамтай үл хөдлөх эд хөрөнгийг түүний дор байршилтай 8568 м.кв газрын хамт 3 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан, тухайн модон брак байрны ашиглалтын хугацаа дууссан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй /моднууд нь өмөрч унасан/ болсон учир байшингаа буулгасан, 2000 оноос эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй ба албан ёсны гэрчилгээтэй миний эзэмшлийн газрыг  Дархан мах корпараци ХХК-д нэмж эзэмшүүлсэн нь хууль бус” гэж тодорхойлсныг,  хариуцагчаас “тухайн үед Б.*******д оос газар шилжүүлэн олгосон Дархан сумын Засаг даргын захирамж болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архив, мэдээллийн санд энэ 2 иргэнтэй холбогдох мэдээлэл байхгүй, хувийн хэрэг үүсээгүй ба 8568 м.кв газрын кадастрын зураг, төлбөр төлсөн баримт байхгүй, газар эзэмшигч иргэн нь гэрчилгээгээ шинэчлүүлээгүй, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлан маргав.

   Гуравдагч этгээд  Дархан мах корпараци ХХК нь Дархан сумын 3 дугаар багийн Хар усан тохой гэх газарт үйлдвэрлэл эрхлэх зориулалттайгаар 88000 м.кв газрыг 1997 оноос /Дархан хишиг ХК, Дарханмах экспо ХК, Русмяспром ХХК, Дархан мах экспо ХХК гэж нэр нь өөрчлөгдсөн, шилжигдсэн/ өнөөдрийг хүртлэх хугацаанд эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн байх ба Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 311 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх заалтуудыг үндэслэн Дархан мах экспо ХХК-аас Русмяспром ХХК-д 88000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар шилжүүлж шийдвэрлэсэн, харин аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжид /хавсралтын 8-д/  Русмяспром ХХК-аас Чингис хаан банканд талбайн хэмжээ 98469 м.кв  /хх-42/ гэжээ.

Түүнчлэн  2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Русмяспром ХХК-ний газар эзэмших эрхийн 0174684 дугаар гэрчилгээн дээр 080100477 дугаар бүхий нэгж талбарын 98469 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар гэж, мөн 08 дугаар сарын 06-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээг 98470 м.кв газар гэж тус тус бичигдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбараар тус тус нотлогдож байна.

           Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр хуульчилжээ.

         Нэхэмжлэгч Б.******* нь 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08090053 тоот газар эзэмших гэрчилгээтэй /1999-2001 онуудад хэрэглэгдэж байсан/ байх хэдий ч газар эзэмших гэрээ байгуулаагүй, тухайн гэрчилгээ дээр ямар газрыг эзэмшүүлсэн нь тодорхойгүй, кадастрын зураг  болон газрын мэдээллийн санд холбогдох мэдээлэл байхгүй, 2002 оноос өнөөдрийг хүртэл 5 дахь удаагаа гэрчилгээ солигдон өөрчлөгдсөн ба газар эзэмшигч иргэн нь тухай бүрд гэрчилгээгээ шинэчлүүлээгүй, маргаан бүхий газрыг  эзэмшихээр аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт болон холбогдох захиргааны байгууллагад аливаа байдлаар бичгээр хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсэн, эсхүл тодорхой байдлаар хариу авсан талаарх баримт авагдаагүй, энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, холбогдох албан тушаалтнуудад хүсэлт, баримтуудаа гаргаж өгч шийдвэрлүүлээгүй, , Б.******* нарт газар олгох, шилжүүлэх талаарх Дархан сумын Засаг даргын захирамж гарч байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбарууд, Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 03/1448, 03/1473, 03/1489 дугаар,  Аймгийн архивын тасгийн 2022 оны 12 дугаар сарын 09, 20-ний өдрийн 11-10/118, 11-10/122 дугаар, Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших эрх хуульд заасан журмаар үүсээгүй байна.

          Газрын тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар газар эзэмших эрх нь газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүснэ. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрхтэй бөгөөд 35.3.1-д зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй байна. Иймд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглосон, газар эзэмших гэрээ байгуулаагүй этгээдэд газар эзэмших эрхтэй холбоотой эрх, үүрэг үүсэхгүй гэж шүүх үзлээ.

          Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын төлбөрийг 2006 он хүртэл төлж байсан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газар дээрээ үйл ажиллагаагаа явуулж чадаагүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний 1/899, 12 сарын 26-ний 1/906 дугаар, Татварын хэлтсийн 2022 оны 12 сарын 14-ний 837 дугаар, Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын 2022 оны 12 сарын 05-ний 838 дугаар албан бичгүүдээс үзэхэд газрын төлбөрийг төлсөн болон 2000 оноос авто ослын улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн, байнгын эмчийн хяналтад байдаг тухай үйл баримтууд  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй, нотлогдохгүй байна.

         Шүүхээс маргаан бүхий Дархан сумын 3 дугаар багийн Хар усан тохой гэх газар дээр үзлэг хийхэд  тухайн газар нь бетонон хашаагаар хүрээлэгдсэн, төмөр торон хаалгатай, хаалга нь цоожтой, хашаан дотор гүний худаг байрласан, үйлдвэрийн вагон замын ашиглалтын хэсэгтэй, худалдаж авсан байшинг нураасан гэх байшингийн суурь, газар доорх дулааны шугам сүлжээг шинэчилсэнтэй холбоотойгоор газрыг ухаж, шороогоор булсан хэсэг газартай, газар дээр ямар нэгэн барилга байгууламж баригдаагүй, хоосон талбайтай байсан ба тухайн газарт хэмжилт хийхэд Дархан мах корпараци ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээ 90633 м.кв, маргаан бүхий бетонон хашаан доторх талбай нь 7837 м.кв болох нь хэмжилтээр тогтоогдлоо.

        Түүнчлэн гуравдагч этгээдээс барилгын гадна дулааны  шугамын засварыг 2017 онд хийж гүйцэтгэсэн, Дархан сумын 3 дугаар багийн 1.2 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай /төмөр зам/ үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000536593 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007735 дугаарт бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Хариуцагч Аймгийн Засаг даргын 2010 оны 08 сарын 06-ний өдрийн 311 дугаар захирамжаар  Дарханмах экспо ХХК-аас Русмяспром ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд талбайн хэмжээг 88000 м.кв гэж шийдвэрлэсэн хэдий ч 2013 оны  04 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Чингис хаан банк-д шилжүүлэх захирамждаа 98670 гэж газрын хэмжээг нэмж бичсэн байх бөгөөд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж зааснаар газрын хэмжээ, кадастрын зургийг нягталж шалгаагүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс гуравдагч этгээдийн одоо эзэмшиж буй газрын талбайн хэмжээ илтэд зөрүүтэй, уг нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй болохыг тэмдэглэв.

         Маргаан бүхий захиргааны акт болох Аймгийн Засаг даргын 2010 оны 311 дүгээр захирамжаар 88000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн бөгөөд энэ захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгч Б.*******гийн газар эзэмших эрх сэргэхгүй, нэхэмжлэгчид хуулийн дагуу хамгаалагдвал зохих эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.      

          Хоёр: Нэхэмжлэгч Б.*******гээс миний нэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгахаар  нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан гуравдагч этгээд Дархан мах корпараци ХХК-ийн эзэмшиж байгаа 98469 м.кв газраас Б.*******гийн эзэмшиж байсан 8568 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй учир газар эзэмших эрхийн гэрчилгээ, олгож, гэрээ байгуулахыг даалгах  шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалтыг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.*******гийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 311 дүгээр захирамжаар Дархан мах экспо ХХК-д 88000 мкв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газрыг олгох явцдаа кадастрын зургаар 98469 м.кв болгож нэмсэн хэсгээс Б.*******гийн эзэмшиж байсан 8568 мкв газрыг хүчингүй болгох,  Б.*******гийн нэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НАРАНТУЯА