Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/227

 

                

 

                                   

 

 

 

  2025           5                21                                                2025/ШЦТ/227

 

                                   

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга,

Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч **** А О холбогдох эрүүгийн 2534002330*** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч А.О нь Төв аймгийн Зуунмод сум Ланс 2 дугаар багийн Энгэрийн 3в-1 тоотод 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө хохирогч Б.Д "надаас салж өөр хүнтэй суулаа" гэж эр эмийн хардалтын улмаас түүний толгой, нүүрэн тус газар нь гараараа 3 удаа цохиж эрүүл мэндэд нь "баруун ухархайн доод хананы хугарал, дух, баруун, зүүн талын нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстад шарх, хамарт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогч Б.Д өгсөн: “2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр би Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Микроны буудлын "Аму” маркет дэлгүүрт ажил дээрээ байхад 16 цагийн орчим О нь утсаар залгаад мессеж бичээд 1 удаа зав гаргачих, анх яаж уулзсан тэрэн шигээ уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ надад тэгж явах зав байхгүй гэж хэлсэн. Тэгж хэлээд би уурлаад утсаа салгасан. Ахин залгаад байхаар нь би О хандаж хэрүүл уруул хийхгүй бол уулзъя, хэрүүл хийх гэж байгаа бол би уулзахгүй гэж хэлсэн. Тэгээд орой 19 цагт би ажлаа хаагаад ажлаасаа гарч ирэхэд О нь машинтайгаа ирээд миний машиныг хаагаад зогссон байсан. Тэгэхээр нь би айгаад “Амуу дэлгүүр рүү буцаж орсон. Намайг орсны дараа О нь ахин утсаар залгаад “гараад ир” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “чи гэртээ хариад байж бай би араас чинь танай гэрт яваад очъё” гэж хэлсэн. Тэгсэн О нь “үгүй” гэж хэлээд Аму дэлгүүрт орж ирээд миний гараас зулгаагаад дагуулаад гарсан. Тэгэхээр нь би өөрийнхөө машинд суугаад “би гэртээ юм аваачиж өгөх ёстой тэрийг хүргэж өгөөд очъё” гэж хэлээд явсан. Тэгтэл О нь намайг машинтайгаа дагаад Усны аж ахуй руу явсан. Араас дагаад яваад байхаар нь би дагаад манай эгчийнд оччих байх гэж бодоод замаас гараад зогссон. Тэгсэн О нь машинтайгаа манай машин руу шахаж ирж зогсоод машинаасаа бууж ирэхээр нь би О хандаж “чи явж бай, би танайд яваад очъё” гэж хэлсэн. Тэгсэн О нь “үгүй, танай эгчийнхийг мэдэж авна” гэж хэлээд дагаад явна гээд байсан. Тэгсээр байгаад усны аж ахуйн манай эгчийн гадна дагаад очсон. Би эгчийнх рүү орохдоо О хандаж “гэрт хийх ажил байна чи харьж бай, танайд яваад очъё” гэж хэлсэн. Тэгсэн О нь “үгүй тэгэхгүй, хүлээж байя, чи гарч ирэхгүй бол ороод танай гэрийг түйвээнэ шүү” гээд байсан. Тэгээд би гэр рүүгээ орсон. Би гэр рүүгээ ороод 5 минут болоогүй байхад ахин залгаж мессеж бичээд байхаар нь “чи харьж бай би араас чинь яваад очъё” гэж хэлсэн. Тэгсэн чинь ахин над руу “гарч ирэхгүй бол танай гэрийг түйвээнэ шүү гэж хэлээ биз дээ” гээд байхаар нь би айсандаа гэрээсээ гарч ирээд би өөрийнхөө машинтай О гэр рүү явсан. О мөн өөрийнхөө машинтайгаа явсан. Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дэнжийн гутлын үйлдвэрийн арын хашаа болох О гэрт 22 цагийн орчим очсон. О гэрт хүн байгаагүй. О, бид хоёр байсан. Тэгсэн О нь гэртээ ороод 0.75 граммтай Соёрхол нэртэй архи гаргаж ирсэн. Тэгэхээр нь “би уухгүй, өглөө 4 цагт ажилтай” гэж хэлсэн. Тэгсэн О нь “яаж анх уулзсан шигээ уулзъя, би уурлахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би уурлаж, хэрүүл уруул хийхгүй бол яах вэ” гэж хэлсэн. О нь архийг задлаад надад хийж өгөөд уучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би архинаас нь уусан. О бас архи уусан. Бид хоёр архи хувааж уусан. О бид хоёр архи ууж байхдаа ямар учраас салах шалтгаанаа ярилцсан. Отгонбаяр нь намайг салаад явсан гэж бодохоор уур хүрээд байна гэж хэлж байгаад миний толгой хэсэг рүү гараараа 3 удаа цохисон. Тэгээд миний баруун нүдний доод ухархайн яс хугарсан. Би О цохиж зодоогүй. Тэгээд би хүүхэд П рүү хэлээд хүүхэд маань цагдаад дуудлага өгсөн байгаа. Тэгээд цагдаа нар ирсэн. Намайг салаад явлаа чамайг өөр хүнд алдчихлаа гэж бодохоор уур хүрээд байна гэж хэлж байсан. Гараараа миний баруун нүд болон толгой, уруулын баруун хэсэгт нийт 3 удаа цохисон. Би цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед О бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр хамт амьдраад 3-4 сар болсон. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид нар 2025 оны 02 дугаар сард салсан байсан. Намайг айлган сүрдүүлсэнд гомдолтой байна. Би айж байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би 10 гаран хоног ажлаа хийж чадаагүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

"Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө андуураад О  2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зодуулж гэмтсэн гэж мэдүүлэгтээ өгсөн байгаа. Би андуураад тэгээд мэдүүлэг өгсөн байна. Отгонбаярт зодуулсан орой нь 2025 оны 3 дугаар сарын 30-ны орой байсан. Тэгээд 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цагдаа дээр ирж байсан. Тэгэхээр О зодуулсан орой 2025 оны 3 дугаар сарын 30-ны орой байсан байна. Би эмнэлэгт үзүүлээгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эмчилгээ, үйлчилгээ аваагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би шүүх хуралд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Шүүгдэгч А.О өгсөн: “Би 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Д нь миний гар утас руу залгаад “хаана байгаа юм бэ, би Төв аймагт амьдрахаар болсон” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би итгээгүй юм. Тэгсэн аймгийн зар дээр мах зарна гээд зар тавьсан байхаар нь би үнэн юм шиг байна гэж бодоод утсаар яриад хаана байгаа юм бэ, орой уулзъя гэж хэлэхэд зөвшөөрсөн. Өдөр мах эвдмээр байна гэж утсаар ярихаар нь би махыг нь эвдэж өгөх санаатай "Амуу" дэлгүүрийн дэргэд байх түцний гадна очиход мах эвдэхээ больсон гэж хэлж байсан. Тэгээд би "Амуу" дэлгүүрийн гадна машин дотроо хүлээж байхад орой нар жаргахын өмнө байх цагийг нь сайн санахгүй байна. Д нь дэлгүүрээс гарч ирээд “хойд "Арвайн үндэс" дэлгүүрээс юм авах хэрэгтэй байна” гээд бид хоёр өөр өөрсдийнхөө машинтай "Арвайн үндэс дэлгүүр" ороод Д нь юм аваад эргэж "Амуу" дэлгүүрт аваачиж өгсөн. Амуу дэлгүүрт юмаа буулгачхаад Д нь “нөхрийнхөө эгчийн гэрт очиж юм авчхаад явъя” гэж хэлсэн. Тэгээд би Д машинтайгаа дагаад явсан. Д нь усны аж ахуйд айлд очсон. Д нь тэр айлд ороод 10 гаран минут болсон. Тэгээд Д нь гарч ирээд бид нар ахин өөр өөрсдийн машинтайгаа Дивизийн байрны тэнд байх Од супермаркет орсон. Д, би бид хоёр мөнгөө нийлүүлж байгаад Од супермаркетаас 0.75 граммтай Соёрхол нэртэй 1 шил архи аваад манай Дэнжийн Зв-1 тоотод байх манай гэрт очсон. Манай гэрт хүн байхгүй байсан. Д бид хоёр манай гэрт орсон. Бид хоёрыг манай гэрт ороход 21 цаг өнгөрч байсан байх. Д бид хоёр манай гэрт ороод архийг хувааж уусан. Тэгээд 23 цагийн орчим ахин Д бид хоёр Од супермаркет дэлгүүр орж 0.75 граммтай Хараа нэртэй 1 шил архи аваад эргэж манай гэрт очсон. Тэгээд ахин архийг хувааж уусан. Даваацэцэг бид хоёр архи ууж байхад би Д “чи үнэхээр өөр хүнтэй суусан юм уу?” гэж асуухад Даваацэцэг нь “тиймээ би өөр хүнтэй суусан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахин Даваацэцэгт хандаж “чи цагаан сараар шинэлнэ гэж хэлээд явсан биз дээ гэж хэлсэн”. Тэгэхэд Д нь “одоо яах вэ дээ хоёулаа муудалцаад яах вэ, чи мах заруулахаар бол надад хэлээрэй би зараад өгье” гэж хэлж байсан. Тэгэхээр би уурлаж “чи өмнө нь надтай суух биш зүгээр миний бүх мөнгийг залилж авч байсан байна” гэж хэлээд Даваацэцэгийн баруун талын нүд, толгой хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгээд жаахан байж байгаад харахад Даваацэцэгийн толгой болон баруун нүд нь хавдсан байхаар нь би арчиж өгч, төмс тавьж өгөөд, уучлалт гуйгаад бид хоёр хамт манайд хоносон. Маргааш нь буюу 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө Д утас руу хүн залгаж ярьсан. Тэгтэл Даваацэцэг нь “хүн мах авъя гээд байна хамт яваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мах жинлэх жингээ аваад Д хамт яваад "Амуу" дэлгүүрийн хажууд байх Д ажилладаг Түц орж махыг нь хүнд өгсөн. Хүнд махаа зарчхаад Дг нь намайг хүргэж өгнө гээд бид хоёр хамт манай гэр рүү явсан. Тэгээд замдаа ахин Од супермаркетын гадна зогсоод намайг архи аваад ир гэж хэлээд надад 20.000 хорин мянга/ төгрөг өгөөд явуулсан. Би Од супермаркет ороод 0.5 граммтай Хараа нэртэй 1 шил архи аваад Д машинд суугаад ахин манай гэр рүү явсан. Бид хоёр манай гэрт ороод 0.5 граммтай Хараа нэртэй архийг задлаад намайг “уу” гэхээр нь би ганц, хоёр удаа аваад унтлаа гэж хэлээд нээх уулгүй унтсан. Тэгээд би унтаад Д нь нөгөө архинаас жаахан уугаад, Д хамт унтъя гээд бид хоёр хамт унтаж байсан. Бид нарыг унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн балбахаар нь сэрээд байж байхад гэрт Д охин, түүний нөхөр нь, бас цагдаа 3 ороод ирсэн. Тэгээд намайг цагдаа аваад цагдаа дээр дагуулж ирсэн. Д хүргэн нь машинтайгаа аваад явсан. Би цагдаа дээр ирээд драгер үлээлгэхэд 1 бүхэл гарантай байсан. Тэгээд би эрүүлжүүлэхэд хоносон. Намайг авчирсан цагдаа нь Д нь явж чадахааргүй байна гэж хэлээд гадна үлдээсэн. Ийм л зүйл болсон. Би толгой болон баруун нүд хэсэгт нь баруун гараараа 2-3 удаа гараараа цохисон. Д бид хоёроос өөр хүн манай гэрт байгаагүй. Бид хоёр л мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй. Шинэлээд ирнэ гэсэн хүн маань өөр хүнтэй суусан байхаар нь би уурлаж яахаараа чи өөр хүнтэй суудаг юм бэ, намайг хуурч залилаад байсан юм уу гэж хэлж байсан. Д бид хоёр 2024 оны 8 дугаар сард утсаар танилцаад манайд гүү саахаар ирж байсан юм. Тэрнээс хойш хамт амьдарч байгаад 2025 оны 3 дугаар сарын 5-6-ны үед л явсан байх шинэлээд ирье гэж хэлээд явсан. Явсных нь дараа би араас нь утсаар ярихад энэ тэнд шинэлээд явж байна гэж хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

"Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д уулзаад орой нь хамт Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дэнжийн 3в-1 тоотод байх манай гэрт архи уугаад хамт манай гэрт хоносон. Тэгээд 2025 оны 3 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн орчим би Д өөр хүнтэй суугаад намайг хуурч залилж байсан байна гэж хэлээд нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Би Д хохирлыг төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №Төв0725/215 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Д биед баруун ухархайн доод хананы хугарал, дух, баруун, зүүн талын нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстад шарх, хамарт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2, 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөөлөхгүй." гэжээ /хх-ийн 32-33/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн талаарх баримт /хх-ийн 36/, хохирогч Б.Д хүсэлт /хх-ийн 71-72/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч А. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч А.О нь Төв аймгийн Зуунмод сум Ланс 2 дугаар багийн Энгэрийн 3В-1 тоотод 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө хохирогч Б.Д "надаас салж өөр хүнтэй суулаа" гэж эр эмийн хардалтын улмаас түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж эрүүл мэндэд нь "баруун ухархайн доод хананы хугарал, дух, баруун, зүүн талын нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстад шарх, хамарт цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч А.О гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Д нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтаст хэргийн 21, 72 дугаар хуудаст авагдсан түүний мэдүүлэг, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдсон, хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2534002330*** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***** А О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

   5.Шүүгдэгч А.О оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.БАТЖАРГАЛ