Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/228

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

  2025           5                21                                               2025/ШЦТ/228

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,

Хохирогч Д.Б,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** Б Б холбогдох эрүүгийн 2534000000*** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 02 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Дугана даваа нэртэй газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, "Миний П дүүг энэ тэнд муу хэлээд явж байдаг" гэх шалтгаанаар хохирогч Д.Б маргалдаж, ноцолдож зодон тархи доргилт, баруун 2-р хавирганы зөрүү багатай хугарал, хамрын зүүн хажуу ханын хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд доод зовхи, дух, цээж, баруун, зүүн бугалга, баруун мөр, шуу, зүүн тохой, шуу, мөр, зүүн чихний арын төвгөрт цус хуралт, хамар, баруун шуу, зүүн гарын дунд хуруу, баруун гарын долоовор хуруу, цээжинд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 2534000000*** дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Б өгсөн: “2025 оны 3-р сарын 03-ны 21 цагийн үед гэртээ туслах хүү П бид хоёр унтах гээд байж байтал гаднаас У.П эхнэртэйгээ Ш.Б нар шинэлж байна золгох гэсэн юм гээд халамцуу орж ирэхээр нь монгол ёсоо бодоод золгож гал дээр бууз жигнэж ганц шил архи гаргаж задлаад хийж өгөөд сууцгааж байтал П “П нэг хар үхэр зарна гээд байсан тэр үхэр байгаа юу” гэхээр нь мэдэхгүй ах эгч нар нь нэг үхэр өгсөн дөө гээд л яриад байж байтал эхнэр нь нэлээн халамцуу ширээний цаанаас “Та ер нь миний П дүүг энд тэнд муу хэлээд явж байдаг” гээд л босож ирээд намайг үсдэж нүүр нүдгүй зодож эхэлсэн. Би энэ үед нь П туслах хүү П хоёрт “энэ хүүхнээ надаас салгаач ээ” гэсэн чинь салгахгүй намайг зодуулсан. Би туслах хүү П “чи энэ хүүхнийг салгаач” гэсэн чинь “би дийлэхгүй байна” гээд босож ирээд нөгөө хүүхнийг татаж холдуулсан. Тэгээд хүүхдүүд рүүгээ утсаар залгах гээд утсаа хайсан чинь байдаггүй. Тэгээд арайхийж явуулаад амарсан. Тэгээд өчигдөр нүүр нүд хөхөрч хавдаад тэгсхийгээд гайгүй болчих байх гэж бодоод эм уугаад худ ураг орж ирэхээр нь үхэрт мөргүүлээд ийм болчихлоо гэж худал хэлсэн. Тэгээд ах, дүү, нар үр хүүхдээ дагуулаад ирээд эхэндээ үхэрт мөргүүлсэн гээд худлаа ярьсан чинь “тийм юм байхгүй та үнэнээ” хэл гэж шахаад байхаар нь хэлсэн. П эхнэр зодсон гэж хэлсэн. Тэгээд цагдаад хэлнэ гээд хүүхдүүд дагуулж ирлээ. Эгч нь олон нялх хүүхдүүдтэй. Эр нөхрөөсөө хоцорч зовлонг бол сайн мэднэ. Тэгээд эмэгтэй хүн гэж бодоод нуусан юм. Одоо бол бие өвдөөд байна. П эхнэр их согтуу байсан. Гэнэт “та миний П энд тэнд янз бүрээр яриад явж байдаг” гээд би өөдөөс нь “чи битгий худал хэл би хаана юу гэж муулаад явж байсан юм бэ” гээд хэлтэл ширээ дамнаж босож ирээд намайг үсдэж зодсон. Нөгөө 3 нь салгахгүй хараад байж зодуулсан. Миний нүд хөхөрч хавдсан, бие бүхэлдээ хөхөрч няцарсан бүгд янгинаж өвдөөд байна. Нүд бүрэлзэж дотор муухайраад байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. Өндөр настай хүнийг ингэж болохгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 5/,

"Би хохирогчийн эрх үүргээ ойлгож мэдлээ, асууж тодруулах зүйл байхгүй. Би мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй байна. Би дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Би гомдолтой байна. Цаашид хамраа эмчлүүлнэ хагалгаанд орно. Тухайн үеийн төлбөрийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Гэрч А.П өгсөн: “Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2025 оны 3-р сарын 03-ны шөнө унтаж байтал гаднаас П эхнэр Б, Б нар манай эгч болох Б эгчтэй золгоно гээд шөнө 01 цагийн үед халамцуу орж ирсэн. Тэгээд Б эгч бид хоёр босож бууз жигнээд, нэг шил архи задалж би аягалж тойруулаад нөгөө хэдэд өгөөд байж байтал Б эгч халамцуу Б руу үг шидэж хоорондоо маргалдаж би авч шидсэн зүйлийг нь цуглуулаад асгасан усыг нь арчаад байж байтал зүүн талаас Бийрээ эгч босож ирээд Б дээр очоод өөрөө эхэлж цохиж эхэлсэн. Тэгээд тэр хоёр цохилцож ноцолдоод бид нар салгаад тэгээд гараад явсан. Б эгч над руу “Чи намайг хүн цохиж зодож байхад салгасангүй” гээд тэгээд л унтсан. Бүрэнтуяатай маргалдаад цохилцоод байсан. Гараараа цохисон байх. Яг хэдэн удаа хаана нь цохисныг би мэдэхгүй. Би Б нөхөр У.П үеэлүүд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч У.П өгсөн: “Би Б.Б 2010 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болон амьдарч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэх  мэдүүлэг /хх-ийн 14/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн өгсөн: “Лавлагаагаар харахад Д.Б 116 023 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

Шүүгдэгч Б.Б өгсөн: “Би тогтоолтой танилцсан, Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Би 2025 оны 3 дугаар сарын 03-ны шөнө буюу шинийн 3-ны орой Батсүмбэр сум Дугна гэх газар байх нутгийн Б гэх эгчийн гэрт хамтран амьдрагч У.П, дүү Б нарын хамт 23 цагийн үед Бийраа эгчийн гэрт очсон. Тухайн үед гэрт нь Б эгч туслах П нар байсан. Тэгээд золгоод хоол цай болж Бийрээ эгч нэг шил архи задалж хамт ууцгаасан. Тэр үед Б эгч халамцуу би хийж өгсөн архинаас нь уугаад байж байтал гэнэт Б эгч П загнаад аашлаад байхаар нь би өмөөрөөд “тантай ханьтай байгаа биз дээ та яах гэж ингэж байдаг юм” гээд хэлсэн чинь ширээний ардаас над руу аягатай ус цацаад араас нь орилоод гэртээ байсан аяга түмпэн шидээд, ширээ тойрч гарч ирээд үсдээд авсан. Тэгэхээр нь би гараараа нүд рүү нь нэг удаа цохисон. Дахиад дайраад байхаар нь түлхээд унагасан. Тэгтэл газар суугаад орилоод байсан. Тэгээд манай нөхөр П салгасан. Тэгээд би Б эгчтэй шөнөжингөө уучлалт гуйгаад миний буруу гэж гуйж байгаад өглөө гэртээ харьсан. Би тухайн үед согтуу байгаагүй. Бийрээ эгчийнд уусан байсан. Согтоогүй байсан. Тухайн үед П, П, Б, Б нар байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн барагдуулна. Би өөрийн гэм буруугаа ойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №Его725/3935 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Д.Б биед тархи доргилт, баруун 2-р хавирганы зөрүү багатай хугарал, хамрын зүүн хажуу ханын хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд доод зовхи, дух, цээж, баруун, зүүн бугалга, баруун мөр, шуу, зүүн тохой, шуу, мөр, зүүн чихний арын төвгөрт цус хуралт, хамар, баруун шуу, зүүн гарын дунд хуруу, баруун гарын долоовор хуруу, цээжинд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-ийн 19-20/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/,

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 17-18/

Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоох хүснэгт, хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 53-54/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 02 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Дугана даваа нэртэй газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, "Миний П дүүг энэ тэнд муу хэллээд явж байдаг" гэх шалтгаанаар хохирогч Д.Б маргалдаж, ноцолдож зодон тархи доргилт, баруун 2-р хавирганы зөрүү багатай хугарал, хамрын зүүн хажуу ханын хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд доод зовхи, дух, цээж, баруун, зүүн бугалга, баруун мөр, шуу, зүүн тохой, шуу, мөр, зүүн чихний арын төвгөрт цус хуралт, хамар, баруун шуу, зүүн гарын дунд хуруу, баруун гарын долоовор хуруу, цээжинд зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Б дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Хохирогч Д.Б нь гэм хорын хохиролд шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаас эмчилгээний зардал 310 000 төгрөгийн баримт, унааны зардалд 103 000 төгрөгийн баримт нь хуулийн шаардлага хангасан гэж үзэн нийт 413 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Сэтгэцэд учирсан хохирлыг хавтаст хэргийн 53-54-р хуудсанд авагдсан маягтаар сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна, энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн байх тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгчээс 5 280 000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс 3 300 000 төгрөг нөхөн төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул хасаж үлдэгдэх 1 980 000 төгрөг, нийт 2 393 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.  

 

Хохирогч Д.Б  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас 116 023 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээллийн лавлагаа, тодорхойлолт, Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ." зааснаар шүүгдэгч Б.Б 116 023 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд олгох үндэслэлтэй бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч төлсөн болох нь түүний шүүх хуралдаанд ирүүлсэн Хаан банкны шилжүүлгийн хуулбараар тогтоогдсон болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

   Улсын яллагч "Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.”

  Хохирогч Д.Б нь “хэлэх зүйлгүй.”, 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа нь "Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Хохирогчид 3 300 000 төгрөг төлсөн. Мөн бага насны хүүхэдтэй. Иймд улсын яллагчийн саналыг өөрчилж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгож өгнө үү.",

Шүүгдэгч нь “ Би хохирлоо төлнө. Торгож өгнө үү.” гэх санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаанаас гарсан иргэний үнэмлэх, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 48-52/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.Б үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 2534000000*** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.     

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2 393 000 /хоёр сая гурван зуун ерэн гурван мянга/ төгрөг гаргуулж, Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт оршин суух хохирогч Зуутраг Дамжины Б /РД:ОЮ63022003/-д олгосугай.

 

  7.Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Б 3 300 000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 116 023 /нэг зуун арван зургаан мянга хорин гурав/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн 2534000000*** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ