Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/2022/01438/И

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........ тоотод оршин байх, “Д ” ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... тоотод оршин суух, Х ургийн овогтой Б-ийн А /РД................/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүрэг, ... дугаар хороо, ....дугаар хороолол, ..... дугаар байр, ....тоот, 65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Г.Э,

Гэрч: Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.“Д ” ХХК нь Б.А т холбогдуулан Б дүүрэг, . дугаар хороо, ..... дугаар хороолол, ..... дугаар байр, .... тоот, 65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: "Д " ХХК нь 2013 онд .... дүүргийн .... хороо, ... дугаар хороолол, ..... дугаар байр 90 айлын орон сууц /Н хотхон нэртэй/-г захиалж бариулсан. Б.А  нь “Д  ХХК”-ийн нягтлангаар ажиллаж байсан. Тухайн орон сууцыг "Д " ХХК-ийн захирал Ц.Г нь Д гэх хүнд зарахаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан байдаг. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...... дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар орон сууцыг байнгын ашиглалтад оруулсан. Б.А ийн нэр дээр байгаа өмчлөлийн орон сууцыг "Д " ХХК-ийн зүгээс 2017 оны 02 дугаар сард Д гэх хүнд худалдахаар захиалгын гэрээ байгуулж Д тухайн байранд орж урьдчилгаа төлбөр мөнгөө өгсөн. Тухайн байранд Д нь одоо хүртэл амьдарч байна. Д нь урьдчилгаа мөнгөө өгч үлдэгдэл төлбөрөө төлөхгүй болохоор "Д "-ийн зүгээс Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 онд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх хугацаанд Б.А  гэх хүн өөрийн нэр дэрээ тухайн орон сууцын гэрчилгээг гаргуулж авсан байсан нөхцөл байдал тогтоогдсон. "Д " ХХК-ийн зүгээс Б дүүргийн цагдаагийн газар гомдол гаргаж, гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгалтын ажиллагаа явуулсан. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.А ийн захиалгын гэрээний дагуу шилжүүлж авсан орон сууцны захилгын гэрээ дээр зурагдсан гарын үсэг нь Ц.Г болон Г.А нарын гар үсэг биш болох нь тогтоогдсон. Мөн албан бичиг дээр зурсан гарын шинжээчийн дүгнэлтээр Ц.Г гарын үсгийг хуурамчаар зурсан нь тогтоогдсон. Хариуцагч нь хариу тайлбартаа "Д " ХХК болон Ц.Г зүгээс надад бэлэглэсэн учраас би нэр дээр шилжүүлж авсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ямар нэгэн байдлаар бэлэглээгүй. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шинжээчийн дүгнэлтээр гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь тогтоогдсон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн журмаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг явуулах боломжгүй учир хэргийг хаасан прокурорын тогтоол гарсан. Б.А  нь хуурамч бичиг баримт, гарын үсэг үйлдэн компанийн өмчлөлийн орон сууцыг өмчлөлдөө авсан нь эрүүгийн журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул "Д " ХХК-ийг Б дүүрэг, ... хороо, ... хороолол, 147 байр 74 тоот 65 м.кв талбай бүхий 3 орон сууцны өмчлөгчөөр "Д " ХХК-г тогтоож өгнө үү” гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Анх Б овогтой А  нь "Д " ХХК-ийн санхүүгийн тайланг 2009 оноос эхэлж гаргасан бөгөөд 2010 оны 12 сард "Д " ХХК-д нягтлангаар орж ажилласан. Тухайн үед нягтлан бодогчоор орж ажиллахад Б-ийн ...-р хороо Н хотхоны 413, 145-байранд 2018 ашиглалтад орчихсон байсан бөгөөд урьдчилгаа төлбөр аваад байрандаа захиалагч нараас төлбөр тооцоогоо бүрэн дуусаагүй, зарагдаагүй байрнууд үлдсэн байсан. Бас байрны сан техник, цахилгаан их муу учир үлдэгдэл төлбөрөө оршиг суугчдаас нэхэхээр нөгөө хүмүүс нь эргээгээд өөрсдөд нь сан техник муу, цахилгаан, цонхоо засуулж өг гээд шаардлага тайлбар тавьдаг байсан. Тэр үед захирал Ц.Г өөрөө энэ бүх асуудлуудаас болоод өөрийн захиалан бариулсан Н хотхонд ирэхдээ цааргалдаг байсан. Бас байр худалдан авсан хүмүүс метр квадратын зөрүүтэй байна гээд арбитрт хүртэл гомдол гаргана гэж худалдан авсан хүмүүс нь хэл ам хийдэг байсан. Энэ асуудал дээр Б.А  өөрийн биеэр оролцож, зарагдаагүй байрнуудыг хүмүүст түрээслүүлсэн боловч түрээслэгч нар нь түрээс өгөхгүй олон сар, жил болсон. Түрээсээ өгөөгүй айлуудыг байрнаас нь гаргаж, байранд нь засвар хийлгэн, энэхүү засвар хийхэд заримдаа Б.А  нь өөрөө биеэрээ хүртэл оролцож хийж байсан. Б.А  нь нягтлан бодогчийн ажлын хажуугаар өр барагдуулж, засвар хийж, зар мэдээ, шуурхай зар сонин дээр зар өгч хагас, бүтэн сайн өдөр хүртэл хүмүүст үзүүлж,1-2 тэрбум гаруй төгрөгийн орон сууцыг ганцаараа борлуулсан. Мөн дээрх байрнууддаа холбоотойгоор хэл ам, гомдол санал байнга гардаг байсныг Б.А  нь тухай бүр нь шийдэж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байсан. Энэ асуудалд Ц.Г захирал оролцдоггүй зугтааж, цааргалдаг байсан. 2013 онд санхүүжилт дутагдалтай байна гэхээр Б.А  нь ХААН банкнаас зээл судалж өгсний дагуу 750,000 долларын санхүүжилтийг "Д " ХХК-д шийдэж өгсөн. Тэгээд захирал Ц.Г нь Б.А  /эгчээ/-т баярлалаа гэж хэлээд таныг шагнаж, урамшуулж байна гэж хэлээд энэхүү орон сууцыг өгсөн. Б.А  нь байраар шагнаж байгаа юм уу гээд эхлээд чихэндээ итгэж өгдөггүй Ц.Г дахин давтан асуусан чинь танд өгч байгаа юм та нүүж орж болно гэж хэлсэн. Б.А  нь Б-ийн ...-р хороо, .... хороолол, нарны зам .... байр .... тоот ..... м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд 2014 оны намар нүүж орсон. Б.А  нь байрандаа орчхоод 2-3 хонож байхад захирал Ц.Г эхнэр н.А-ийн хамт шарх шүүгээ тэвэрчихсэн орж ирээд шинэ байрыг нь мялааж өгч байна гээд бэлэг өгсөн. Ингээд Б.А  нь 2016 онд улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Б.А  нь байрандаа амьдарч байтал захирал Ц.Г 2016 оны 11 сард та байрнаасаа түр гарчих Т гэдэг хүн Н 147-р байрны хөрөнгө оруулагч байсан юм энэ эгч надаас хүү, ашиг хоёр хоёуланг нь авна гээд болдоггүй ээ. Та та түр гарчих нээх удахгүй танд байрыг чинь арай томруулаад өгье гэсэн. Б.А  нь хэд хоногийн дараа Ц.Г итгээд байраа суллаж өгсөн. Ингэхийн зэрэгцээ 2016 оны 12 сард компанийн үйл ажиллагааг зогсоож байгаа тул таныг ажлаас чөлөөлж байна гэж Ц.Г хэлж Б.А  нь ажилгүй болсон. Тэгээд байрандаа буцаж орох гэтэл тухайн компани нь н.Д гэх хүнд эзэмшүүлсэн байсан. Дээрх орон сууцыг Б.А т тухайн компанид өдөр шөнөгүй, чин сэтгэлээ зориулж ажилласных нь төлөө шагнаж, урамшуулж өгсөн болохоос биш хариуцагч Б.А  нь өөрөө хууль бусаар өмчлөлдөө шилжүүлж аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нотлох баримт: 2006 оны 02 дугаар сарын 16-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны Прокурорын тогтоол, Шинжээчийн дүгнэлт, Б дүүрэг дэх улсын бүртгэлийг хэлтсийн албан бичиг, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Капитал банкны орлогын мэдүүлэг, Б дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын албан бичиг, 2014 оны 08 дугаар сарын 09-ны орон сууц захиалгаар бариулах гэрээ, Эд хөрөнгө бүртгэлийн газрын албан бичиг, палан зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орлогын мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, И ХХК-ийн албан бичиг, капитал банкны орлогын мэдүүлэг, 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн дундаа хэсгээр өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчид бэлэглэх гэрээ, Төлбөр тооцооны баримт, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.09-ний дугаар .............. дугаар тогтоол, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.02.19-ний өдрийн ................ дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч "Д " ХХК нь хариуцагч Б.А т холбогдуулан Б дүүрэг, ... дугаар хороо, .. дугаар хороолол, ... гудамж .... дугаар байр, 74 тоот, 65м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компани Б дүүрэг, ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н хотхоны 147 дугаар байрыг захиалан бариулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ямар нэгэн байдлаар орон сууц бэлэглээгүй. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шинжээчийн дүгнэлтээр Б дүүрэг, ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н хотхоны .... дугаар байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад хуурамч гарын үсэг зурсан баримт өгсөн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн журмаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг явуулах боломжгүй учир хэргийг хаасан прокурорын тогтоол гарсан. Б.А  нь хуурамч бичиг баримт, гарын үсэг үйлдэн компанийн өмчлөлийн орон сууцыг өмчлөлдөө авсан байна” гэж, 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Б.А  нь "Д " ХХК-д нягтлан бодогчийн ажлын хажуугаар өр барагдуулж, засвар хийж, зар мэдээ, шуурхай зар сонин дээр зар өгч хагас, бүтэн сайн өдөр хүртэл хүмүүст үзүүлж, 1-2 тэрбум гаруй төгрөгийн орон сууцыг ганцаараа борлуулсан. Мөн дээрх байрнууддаа холбоотойгоор хэл ам, гомдол санал байнга гардаг байсныг тухай бүр нь шийдэж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байсан. 2013 онд санхүүжилт дутагдалтай байсан учир Хаан банкнаас зээл судалж өгсний дагуу 750,000 долларын санхүүжилтийг "Д " ХХК-д шийдэж өгсөн. Захирал Ц.Гал-Эрдэнэ нь Б.А т сайн ажилласан гэж шагнаж, урамшуулж Б-ийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, Нарны зам .... дугаар байрны .... тоот орон сууцыг өгсөн. Хуурамч баримт бичиг үйлдээгүй, хууль бусаар өмчлөөгүй. 2016 онд энэ байрыг өөр хүнд худалдах шаардлагатай байна. Оронд нь өөр байр өгнө гээд гаргасан ч буцааж байр өгөөгүй” гэж тайлбарласан.

 

4.Зохигчид маргаан бүхий орон сууцыг "Д " ХХК захиалан бариулж, ашиглалтад оруулсан, Б.А  нь "Д " ХХК-д орон сууц худлан авахаар төлбөр төлөөгүй, 2016 онд орон сууцанд орсон ч буцаан чөлөөлж өгсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

5.Б дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар хороолол, ..... гудамж 147 дугаар байр, ... тоот, 65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ анх Б.А ийн нэр дээр 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт "Д " ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн .... тоот, захирал Ц.Г-н гарын үсэг бүхий албан бичиг, Б.А ийн өргөдөл, 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн "Д " ХХК, Б.А  нарын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ” зэргийг үндэслэн гарсан байна. /хх-ийн 47-59/

 

6.Нийслэлийн Б дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ..."Д " ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.А  нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номноо хотхоны 147 дугаар байр, 74 тоот орон сууцыг хуурамч бичиг баримт ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 09 дүгээр сард дуусан байх тул цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлийн ....... дугаартай хэргийг хаасан. Эрүүгийн журмаар шалгах ажиллагааны явцад шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ...... дугаар дүгнэлтээр 2.Б дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа 2016.09.19-ний өдрийн ....... дугаартай Д  ХХК-аас гаргасан тодорхойлолт дээр зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн Ц.Гал-Эрдэнийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэж дүгнэжээ. 

 

7.Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч бэлэглэсэн гэж тайлбарласан боловч бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн талаар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт хуурамч болохыг дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

8.Харин нэхэмжлэгч “Д ” ХХК нь Б дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар хороолол, Нарны зам ..... дугаар байрыг захиалан бариулж, барилгыг улсын комисс хүлээн авсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ...... дугаар акт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

9.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

 

10.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч “Д ” ХХК, хариуцагч Б.А  нарын хооронд үүрэг үүссэн буюу бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

11.Иймд Б дүүрэг, ... дугаар хороо, .... дугаар хороолол /......./, ..... гудамж 147 дугаар байр, 74 тоот, 65.26м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч "Д " ХХК-ийг тогтоох нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

12.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу Б дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар хороолол /13377/, Нарны зам гудамж ..... дугаар байр, 74 тоот, 65.26м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч "Д " ХХК-ийг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Д ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А ээс 557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР