Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/258

 

                

 

                                   

 

 

 

 

 

  2025          6            03                                                   2025/ШЦТ/258

 

                                   

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б.Б-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............................регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлж голын эрэг дээр 2025 оны 4 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Э үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодолдож түүний толгой тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогч Д.Э-н өгсөн “Би Улаанбаатар хот Налайх дүүрэг 6 дугаар хороо "Шар булаг" 11 тоотод эхнэр болох Т.С болон 4 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Би 2025 оны 4 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчимд Тэрэлжийн төвөөс өөрийн гэр рүү явах гээд морь унаад гол гарах үед голын цаана буюу голын эрэг дээр манай нутгийн дүү нар болох Б.Б, Т.Т, Э.Х мөн манай найз Б.Бнар архи уугаад сууж байсан. Би тэр хэд дээр очоод мэнд мэдээд хамт сууж архи уусан. Бид нар ойролцоогоор 0,75 гр архи 3 шилийг хувааж уусан. Орой 22 цагийн орчим байх би их согтсон байсан. Юу болсон эсэх талаараа сайн санахгүй байна. Б.Б бид хоёр маргалдаж барьцалдаж авсан. Энэ үед би Б.Б-г газарт унагаж дээр нь дарсан байдалтай байх үед Т.Т миний араас татаж намайг хажуу тийш нь унагасан. Тэр үед Б.Б миний дээр гарч сууж байгаад миний толгой хэсэгт архины шилээр 1 удаа цохисон. Энэ үед архины шил хагарч миний толгой хэсгээс цус гарч байсан. Ингээд Т.Т болон Э.Х нар бид хоёрыг салгасан. Ингээд би Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж толгой хэсэгт оёдол тавиулсан. Архи их уусан байсан болохоор сайн санахгүй байна. Миний толгой хагарсан. Мөн баруун гарын ар хэсэгт зүсэгдсэн байдалтай байна. Б.Б-д архины шилээр цохиулж зодуулсандаа гомдолтой байна. Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Гэрч Т.Т өгсөн “Би 2025 оны 4 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд хуурай дүү болох Б болон Х нарын хамт Тэрэлж голын эрэг дээр 0,75 гр "Ногоон экс" гэх нэртэй архи хувааж уугаад сууж байх үед нутгийн ах болох Баярхүү бид нар дээр ирсэн. Ингээд бид нийлж суугаад архи хуваан уусан. Удалгүй 20-30 минутын дараа нутгийн ах болох Э нь морьтой ирж бид нартай нийлж суугаад морь малын наймаа ярилцаад дахин 2 шил 0,75 литрийн "Ногоог экс" гэх нэртэй архи хувааж уусан. Ингээд бид 3 дахь шил архиа хувааж ууж байх үед Э ах болон Б нар нь маргаж барьцалдаж авсан. Би тэр үед тэр хоёрыг салгасан. Тэр үед Э ах болон Б хоёр бие биеэсээ уучлалт гуйгаад юм яриад зогсож байсан. Б нь Э ахаас “уучлаарай ахаа” гээд гар барих гээд гараа өгөх үед нь Э ах Б гараас нь бариад татаад газар унагасан. Э ах Б дээрээс нь гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. Тэр үед Б доор нь байх үедээ архины шил хаанаас ч юм авсан юм бүү мэд архины шилээр Э ахыг цохиод шил бутрах чимээ гарсан. Ингээд би очих үед Э ах өөрөө босоод ирсэн. Би Э ахыг яасан бэ? ахаа гээд харах үед толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Ингээд Э ах гар утсаараа эхнэрээ дуудаад байх шиг байсан удалгүй эхнэр нь ирээд Э ахыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Гэрч Э.Х өгсөн “Би 2025 оны 4 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд найз болох Б, Т нарын хамт Тэрэлж голын эрэг дээр 0,75 гр "Ногоон экс" гэх нэртэй архи хувааж уугаад сууж байх үед нутгийн ах болох Ббид нар дээр ирсэн. Ингээд бид нийлж суугаад архи хуваан уусан. Удалгүй 20-30 минутын дараа мөн нутгийн ах болох Э нь морь унасан ирсэн. Бид нартай нийлж суугаад морь малын наймаа ярилцаад дахин 2 шил 0,75 литрийн "Ногоон экс" гэх нэртэй архи хуваан уусан. Ингээд бид 3 дахь шил архи хувааж ууж байх үед Э ах болон найз Б нар нь маргаж барьцалдаж авсан. Тэр үед найз Т тэр хоёрыг салгасан. Тэр үед Э ах болон Б хоёр бие биеэсээ уучлалт гуйгаад юм яриад зогсож байсан. Б нь Э ахаас уучлаарай ахаа гээд гар барих гээд гараа өгөх үед нь Э ах Б гараас нь бариад татаад газар унагаж Э ах Б нар нь ноцолдоод байсан. Удалгүй шил хагарах чимээ гарсан. Намайг очиход Э ахын толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуух үед Бнь Э ахын толгойг архины шилээр цохиод толгойг нь хагалсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Шүүгдэгч Б.Б өгсөн: “Би Улаанбаатар хот Налайх дүүрэг 6 дугаар хороо Төв 30-01 тоотод эхнэр П.Б болон бага насны хүүхдийн хамт амьдардаг. Би Налайх дүүргийн 6 дугаар хороонд Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан албан тушаал дээр ажилладаг. Энэ албан тушаал дээрээ ажиллаад 3 сар болж байна. Харин миний эхнэр П.Б нь ажилгүй гэртээ хүүхдээ хардаг. Би 2025 оны 4 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчим Төрболд болон Х ах нарын хамт Тэрэлж голын эрэг дээр 0,75 гр "Ногоон экс" гэх нэртэй архи хувааж уугаад сууж байх үед нутгийн ах болох Б бид нар дээр ирсэн. Ингээд бид нийлж суугаад архи хувааж уусан. Удалгүй 20-30 минутын дараа мөн нутгийн ах болох Э нь морьтой ирж бид нартай нийлж суугаад дахин 2 шил 0,75 савлагаатай "Ногоон экс" гэх нэртэй архи хуваан уусан. Ингээд бид 3 дахь шил архи хуваан ууж байх үедээ Э ах бид хоёр маргаж барьцалдаж авсан. Тэр үед бид хоёр бие биеэ цохиогүй хамт байсан. Т болон Х ах нар бид хоёрыг салгасан. Ингээд бид хоёр бие биеэсээ уучлалт гуйгаад юм яриад зогсож байх үед Э ах намайг тэвэрч аваа хөлд дэгээ тавьж намайг газарт унагаж “ингэж хүн зоддог юм” гэж хэлээд миний дээрээс гараараа 3-4 удаа цохиж мөн гарын дохой хэсгээрээ цохиод дараа нь миний хоолойг боогоод байсан. Би тэр үед гараараа тэмтрэх үед миний гарт архины шил баригдсан. Би тухайн архины шилээр Э ахын толгой хэсэгт нь 1 удаа цохих үед Э ах "яасан овоо муу гөлөг вэ" гэж хэлээд дахин намайг цохисон. Би тэр үед дахин Э ахын толгой хэсэгт тухайн архины шилээр цохих үед архины шил хагарч Э ах “яая” гээд миний дээрээс босоод цааш явсан. Би араас нь босож очоод Э ахын араас тэврээд авах үед Э ахын толгой хэсгээс цус гарч байсан. Би ахаас уучлалт гуйж цусыг нь тогтоох гэж оролдсон. Тэр үед Э ах намайг өөртөө ойртуулахгүй намайг хөөгөөд “миний 4 хүүхдийг тэжээх юм уу” гээд байсан. Ингээд эхнэр нь ирээд Э ахыг аваад Налайх дүүргийн эрүүл мэндийн төв рүү авч явсан. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

"Би яллагдагчийн эрх үүргийг уншиж танилцлаа эрх үүргээ ойлгосон асууж тодруулах зүйл байхгүй. Би уншиж бичиж чадна. Би өмгөөлөгч Р.Э хамт мэдүүлэг өгнө. Би тогтоолтой танилцсан. Уг тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. ...Э ахыг аваад Налайх дүүргийн Эмнэлэг рүү явсан. Бид хоёр хоорондоо ярилцаад хэн хэнийх нь буруу байсан учир хоёр биенээсээ уучлалт гуйгаад хохирогч Э нь гомдол саналгүй болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Төв аймаг шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн № 0725/282 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1, 2.Д.Эын биед тархи доргилт, зүүн чамархай, баруун гарын сарвуунд шарх, дух, хамар, баруун, зүүн хацар, цээжинд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-ийн 21-22/,

Налайх дүүргийн яаралтай тусламжийн хуудас №3886 /хх-ийн 23/,

Хохирогч Д.Э-ын “сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлага байхгүй тул дүгнэлт гаргуулахгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 27/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлж голын эрэг дээр 2025 оны 4 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д. Этай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодолдож түүний толгой тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.Б гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Д.Э нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 27 дугаар хуудаст авагдсан тэмдэглэл, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

   5.Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.БАТЖАРГАЛ