Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/233

 

 

 

                                   

 

 

 

 2025           5           23                                                      2025/ШЦТ/233

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

Хохирогч, шүүгдэгч А.М, Н.Б, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** Н Б, ***** Э Э нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ****** А М тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434003300*** дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн,

 

2.Монгол улсын иргэн,

 

 3.Монгол улсын иргэн,

.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б, Э.Э нар нь бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дэнжийн арын ууланд 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн хохирогч А.М зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт, баруун, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун шилбэ, баруун шуу, зүүн гарын 1 дүгээр хурууны үеэнд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.М нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Дэнжийн арын ууланд 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Б, Э.Э нартай зодолдож хохирогч Э.Э эрүүл мэндэд "Дээд, доод уруулын салстанд шарх" бүхий хөнгөн, хохирогч Н.Б эрүүл мэндэд "хамрын зүүн хэсэг хацар хэсэгт шарх, хамар, баруун хацар, хоншоорын зөөлөн эдэд зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол,  

Мөн тус газар нутаг цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Б, Э.Э нартай харилцан зодолдож хохирогч Н.Б эрүүл мэндэд "Хоншоор ясны хугарал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2434003300*** дугаартай хэрэгт авагдсан:     

 

Хохирогч Н.Б өгсөн: “2024 оны 5-р сарын 29-ний өдөр манай найз Уранбаярын төрсөн өдөр болоод Уранбаяр төрсөн өдрийн баярын арга хэмжээндээ нөхөр Э бид хоёрыг уриад нөхөр бид хоёр хөдөө ажилтай явж байгаад 2024 оны 5-р сарын 29-ний орой 23 цагийн үед тарах дөхөж байхад нь очсон. Төрсөн өдөрт очход хүмүүс нь бараг тарсан байсан. Уранбаярын ажлын хүмүүс гээд 2-3 хүн байсан. М гэх залуу байсан. Бид нар Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах Deep нэртэй бааранд ороод 1 цаг орчим болоод 1 шил архи тойруулж ууж суугаад Төв аймгийн Зуунмод сум Дэнжийн 2 дугаар багийн хойд талын уул руу гараад гадаа пиво ууж юм яриад байж байсан. Тухайн үед уулан дээр У, М, Э, Б бид дөрөв байж байсан. Тэр үед М бид хоёр ам муруйгаад бага зэрэг маралдсан. Гэтэл М намайг алгадсан. Тэр үед манай нөхөр Э уурлаж босч ирээд “эмэгтэй хүнд гар хүрлээ” гээд хоорондоо барилцаж бие биенийгээ боогоод дээр доороо ороод байхаар нь У бид хоёр салгаад Э бид хёр машиндаа суугаад явах гэж байгаад У ганцааранг нь үлдээгээд яахав гэж бодоод Уранбаярыг машинд суулгах гээд машинаас буугаад У машинд суулгах гэтэл М над руу чулуу авч шидээд миний нүдний шилний рам руу онож шил хагарч унаад зүүн хацар ярагдаж гэмтэл үүссэн. Тэр үед миний хацарнаас цус гараад тогтохгүй би хацраа дараад доошоо суусан. Гэтэл нөхөр Э М “чи хүний нүд сохолчихлоо” гээд М хэд хэд цохитол М босч ирээд Э нүүр рүү хөшиглөөд Э хамарнаас цус гарсан. Тэгээд У, Э бид гурав эмнэлэгт ирж үзүүлсэн. Би хацартаа 5 оёо тавиулж эрүүл мэндээрээ хохирсон учраас Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. М миний хацар хэсэг рүү 1 удаа алгадаж газар унагаасан. Мөн чулуу авч шидээд зүүн хацрыг яз цохисон. Мөн миний нүдний шилийг хагалсан. Би тухайн шилийг одоогоос 3-4 жилийн өмнө 200 000 төгрөгөөр худалдаж авсан харааны шил байгаа юм. Би шилэндээ үнэлгээ хийлгэхгүй. М намайг алгадахаар нь би уурандаа босож ирээд М нүүр хэсэгт маажсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. М Э хоёр барилцаж дээр, доороо орж муудалцаад байсан. Тэгээд У бид хоёр салгасан. Дараа нь М, Э нүүр рүү нэг удаа хөшиглөөд хамарнаас нь цус гарсан. У ямар нэгэн хүнийг зодож цохисон зүйл байхгүй. М миний нүүр рүү чулуу шидэж миний хацрыг яз цохисон. Би эмнэлэгт 5 оёо тавиулсан. Би нүүрэндээ оёо тавиулж гоо сайхнаараа хохирч байна. Одоо миний нүүр соривтой эдгэнэ. Тийм учраас сорвигүй болгомоор байна. Би гомдолтой байна. Би нүүрэндээ гэмтэл авснаас хойш ажлаа хийхгүй байгаа. Би ажилгүй байсан хугацааны мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1хх 7-8/,

"Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна. Би М зодож цохисон асуудал байхгүй. Харин хумсаараа нүүрийг нь маажсан. М Э газар сууж байхад нь ирээд нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. М миний нүүр рүү цохиж гэмтэл учруулснаас болж миний нүүрэнд сорви үүссэн. Би сорви арилгах эмчилгээний мөнгө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1хх 10/,

Хохиогч А.М өгсөн: “2024 оны 5-р сарын 09-ний өдөр манай найзын эхнэр болох У төрсөн өдөр болоод Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багт байрлах Од нэртэй караокед У уулзаад У найзууд ирсэн байсан. Бид нар караокед төрсөн өдөр тэмдэглэсэн. Би караокед 4 хундага архи уусан. Өөр уугаагүй. Тухайн караокед нэлээн сууж байхад У найз гээд Б гэх эмэгтэй нөхөр Э хамт ирсэн. Бид нар юм ярьж нэлээн сууж байгаад Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах  Deep нэртэй бааранд ороод бүжиглэж байгаад 1 шил архи авсан. Би тэр архинаас 1 хундага архи уусан. Баарнаас 1 цагийн орчим гараад зайдуу салхинд гарна гээд Төв аймгийн Зуунмод сумын Дэнж 2 дугаар багийн хойд талын уул руу гараад тэнд  пиво ууж сууж байгаад хамт байсан хүмүүс яваад Б, У, Э бид дөрөв үлдэж юм яриад пиво уугаад сууж байтал Б агсраад байхаар нь би Б “найзынх нь төрсөн өдөр болж байхад миний найз ингэж болохгүй шүү” гээд ойлгуулах гээд найрсагаар хэлтэл “битгий хуц чамд хамаагүй” гээд над руу агсраад миний цээж рүү 1 удаа цохиод, зүүн хөл рүү 1 даа өшиглөсөн. Мөн баруун хацар луу 1 удаа гараараа алгадсан. Тэгэхээр нь би цааш нь түлхээд “чи ямар агсам юм бэ” гэж хэлтэл нөхөр болох Э над дээр ирээд хоёулаа жоохон хойшлоё гээд намайг дагуулаад цааш явж байгаад “манай эхнэр согтохооpoo хүнд агсам тавиад байдаг юм. Наадахтайгаа ойлголцохгүй” гэж хэлэхээр нь би “за за ойлголоо” гэхэд Э миний хөлд дэгээ тавьж унагах оролдлого хийсэн. Би тэр үед унаагүй тогтоод Э өөрөө газар унахаар нь би Э дээрээс дараад зодоон цохион ямар ч хэрэгггүй гэж хэлтэл Э эхнэр Б араас гүйж ирээд миний нүүрийг битүү маажсан. Тэгэхээр нь би Б гарыг тавиулаад “чи яаж байгаа юм бэ” гэхэд Э босож ирээд миний араас дэгээдэж газар унагаагаад Э миний дээрээс нүүр ам руу гараагаа олон удаа цохисон. Мөн хүзүү боосон. Тэр үед Б гараараа татаж байгаад нөхрөөрөө миний хүзүүг боолгосон. Тэр үед Уранбайгаль салгах гээд дийлэхгүй байж байгаад сүүлдээ Б, У хоёр нийлж Э салгасан. Тэгээд Б, У, Э нар машиндаа суугаад явсан. Би ганцаараа үлдэж гэр рүүгээ алхаж явсан. Э миний биеийн толгой, нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Миний хоолойг боосон. Чулуугаар толгой хэсэг рүү цохисон. Б гараараа миний цээж хэсэг рүү хөлөөрөө миний зүүн хөл рүү өшиглөсөн. Мөн хумсаараа нүүр маажсан. Би Э цохиж зодсон зүйл байхгүй. Би Б над руу дайраад байхаар нь би түлхэж холдуулсан цохиж зодсон зүйл байхгүй. Би Б рүү чулуу шидсэн зүйл байхгүй. Миний нүүр битүү сорви болсон. Би Эрдэнэбилэгт зодуулснаас болж ажилдаа явж чадахгүй байна. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1хх 13-14/,

"Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна. Э миний толгой нүүр, хамар хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Э эхнэр Б толгой нүүр, хамар хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Мөн хацар, нүүр, дух хэсгийг хумсаараа маажсан, хөлөөрөө бас олон удаа намайг өшиглөсөн. Э, Б хоёр намайг нийлж байгаад маш олон удаа цохиж зодсон. Бас миний хоолойг боосон. Би тухайн хэрэг болох үед ухаан алдаж сэргэсэн. Нэг сэрэхэд Б уйлчихсан, Э “чи хүн алчихлаа шүү дээ” гэж хүртэл хэлж байсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би Э, Б нарт зодуулж нүүрэндээ олон сорвитой болсон байгаа. Цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /хх 16/,

Хохирогч Э.Э өгсөн: “2024 оны 5-р сарын 29-ний өдөр манай найз Уранбайгалийн төрсөн өдөр болоод бид нар уулзаад караокед сууж байгаад салхинд гарахаар ярилцаад Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дэнж рүү У, манай эхнэр Б, М бид нар юм яриад пиво уугаад сууж байтал манай эхнэр Б, М хоёр ам муруйгаад М манай эхнэр Б алгадаад үснээс нь чирэхээр нь би очиж салгаад “чи яасан гэж эмэгтэй хүнд гар хүрдэг юм бэ” гээд М ам муруйсан. Тэгээд гайгүй болоод дахиад юм яриад сууж байгаад М босоод бие засаж эргэж над дээр ирээд намайг газар сууж байхад миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд миний хамар амнаас цус гараад би босч ирээд М барилцаж аваад би М нүүр рүү гараараа цохисон. Тэр үед манай эхнэр Б нүүрийг нь хумсаараа урчих шиг болсон. Гэтэл М цаашаа явсан. Би цусаа арчаад Б миний машинд суух гээд байтал М цаанаас чулуу авч шидээд манай эхнэр Б зүүн талын нүүр хэсэг рүү оноод Б нүүрнээс цус гарсан. Тэгээд бид нар эмнэлэг рүү явж очиж үзүүлсэн. М намайг газар сууж байхад ирээд миний нүүр рүү өшиглөөд миний уруул язарсан. М Б 1 удаа алгадаад үснээс нь чирээд байсан. Мөн машинд суух гэж байтал чулуу авч нүүр рүү нь шидсэн. Би заамдалцаж аваад нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон өөр зодож цохисон зүйл байхгүй. Мөнхжаргал бид хоёрыг заамдалцсан байхад салгах гээд М нүүрийг маажсан байх. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1хх 19/,

Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Ган-Эрдэнийн өгсөн: “Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би албан бичгийн дагуу томилолтоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн лавлагаар харахад Э.Э /РД:******/ нь 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 106 190 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээ авсан байна. Э.Э нь өөр ямар нэгэн хөнгөлөлт үйлчилгээ аваагүй байна. Харин Н.Болор-Эрдэнэ /РД:********* / нь 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 106 190 төгрөг, 2024 оны 5-р сарын 13-ны өдөр 106 190 төгрөг, 2024 оны 6-р сарын 04-ний өдөр 43 182 төгрөг, 2024 оны 6-р сарын 05-ны өдөр 24 312 төгрөг нийт 279 874 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээ авсан байна. А.Мөнхжаргал /РД:************ / нь 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 28 350 төгрөг, 2024 оны 5-р сарын 31-ний өдөр 43 182 төгрөг, мөн өдөр 43 182 төгрөг, 2024 оны 6-р сарын 11-ний өдөр 43 182 төгрөг, 2024 оны 9-р сарын 02-ны өдөр 17 690 төгрөг нийт 175 586 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгийг буцааж улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /1хх 29/,

Гэрч Н.У өгсөн: “Би 1993 оны 5-р сарын 29-ний өдөр төрсөн юм. 2024 оны 5-р сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болоод би найзуудыгаа төрсөн өдөртөө урьсан. Би төрсөн өдрөө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт байрлах Од нэртэй караокед тэмдэглээд тэнд ажлынхан болон найзуудтайгаа нилээн сууж байгаад зарим хүмүүс нь тараад үлдсэн найзуудтайгаа Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах Deeр нэртэй бааранд хэсэг орж байж байгаад тэндээсээ гараад манай найз Б түүний нөхөр Э болон манай найз М нарын хамт бид дөрөв Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дэнжийн арын уул руу гараад тэнд хэсэг юм яриад пиво уугаад байж байтал Б, М хоёр муудалцаад хоорондоо зодолдоод Б, М хөлөөрөө өшиглөөд алгадаад байсан. Тэр хоёр хэсэг муудалцаж зодолдож байгаад болиод М Б “чи найзынхаа төрсөн өдөрт ирчихээд яагаад муухай зан гаргаад байгаа юм бэ” гэхэд юм ярьж байгаад М Б хөлөөрөө хавсарч газар унагаасан. Тэр үед Б нөхөр Э сууж байгаад босч ирээд М уулзаад тэр хоёр цааш яваад уулзаж байгаад дээр доороо ороод зодолдоод байсан. Тэгээд өөрсдөө гайгүй болоод буцаад хүрээд ирсэн. Гэтэл Б М руу дайраад барилцаж аваад мөн Э хамт барилцаж аваад М газар уначихсан. Б, Э хоёр дээрээс нь цохиод байсан. Тэгээд би тэр гурвыг салгаад болиулаад явах гэж байтал Б гэнэт орилоод явчихсан. Би Б дээр очоод “яасан бэ?” гэхэд “М чулуу шидээд оночихлоо” гээд нүдээ дарчихсан нүднийх доод хавиас цус гарчихсан байсан. М тэр үед жоохон зайтай машины цаад талд зогсож байсан. Тухайн үед Б нүдний доороос цус гарсан болохоор Э бид хоёр Б аваад эмнэлэгт очиж үзүүлээд оёо тавиулсан. М Б 1 удаа хавсарч газар унагаасан. Б М руу дайраад байхаар нь М 1 удаа Б алгадсан. Тэгэхэд Э “чи яахаараа манай эхнэрийг зоддог юм” гээд дайраад байсан. Сүүлд явах гэж байхад Б “М над руу чулуу шидчихлээ” гээд нүдээ дараад доошоо суусан байсан. Очоод харахад нүднийх нь доороос цус гоожсон байсан. Б гараараа М толгой болон нүүр хэсэг рүү цохиод байсан. Мөн хөлөөрөө хөшиглөсөн. Яг хэдэн удаа цохиж хөшиглөсөн болохыг мэдэхгүй байна. Э, Б хоёр нийлээд М зодоод байсан. Э М нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Мөн хөлөөрөө хөшиглөсөн. Яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. М тэр хоёр хоорондоо гараараа цохилцоод байсан. Хэдэн удаа цохисон болохыг мэдэхгүй байна. Б, М, Э гурав хоорондоо зодолдоод Б, Э нар нийлж М зодсон. Намайг зодож цохисон зүйл байхгүй. Би тэр гурвыг ч зодож цохисон зүйл байхгүй. Харин зодолдож байхад салгасан. Миний өмсөж байсан хувцас нилээн цус болсон байсан.Тухайн хэрэг болох үед миний хувьд бол согтоогүй бага зэрэг халсан байсан. Э, Б, М нар согтолт гайгүй байсан боловч хоорондоо зодолдоод байсан. Анх Б М үгээр идэж хэрүүл хийгээд тэгээд М руу дайраад зодоон эхэлсэн.” гэх мэдүүлэг /1хх 31-32/,

Шүүгдэгч А.М өгсөн: "Би тогтоолыг уншиж танилцлаа. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн. Би өмнө нь дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Яллагдагчийн эрх үүрэг дээр яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн байна. Тийм учраас би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй үүнийг хүндэтгэн үзнэ үү. Би одоогоор хохирол мөнгө төлж барагдуулсан зүйл байхгүй байна. Мөн би өөрөө гэсэн хохирсон байгаа." гэх мэдүүлэг /1хх 72/,

Би өмнө мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөв ярьсан. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1хх 155/,

Шүүгдэгч Э.Э өгсөн: “Би тогтоолыг уншиж танилцлаа. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн. 2024 оны 5-р сарын 29-ний өдөр найз болох У төрсөн өдөрт уригдаад эхнэр Б хамт очсон. Очиход У ажлын хүмүүс гээд хүмүүс байсан. Мөн М гэх залуу байсан. Бид нар Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах Deep нэртэй баар ороод тэнд хэсэг сууж байгаад Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн хойд талын уулын энгэрт гарч суусан. Тэнд байж байгаад Уранбайгалийн хамт ирсэн хүмүүс нь яваад уулан дээр М манай эхнэр болох Б маргаад байсан. Би хараад байсан чинь М манай эхнэр Б алгадаж, хөшиглөхөөр нь би эхнэрийг өмөөрөөд эхнэрийг яагаад зодож байгаа юм гээд барилцаж аваад зууралдаад дээр доороо ороод салсан. Тэгээд хэсэг сууж байтал М бие засах гэж босоод буцаж ирэхдээ намайг сууж байхад миний нүүр рүү хөлөөрөө хөшиглөөд авсан. Би хэсэг зуур ухаан алдаж сэргээд уур хүрээд босч ирээд М заамдалцаж аваад хоорондоо харилцан зодолсон. Тэгээд бид нар явах гэж байтал М зайтай зогсож байгаад манай эхнэр Б нүүр хэсэг рүү чулуу авч шидээд Б нүүрийг онож нүднийх нь доод талаас цус гарч бид нар эмнэлэг явсан. Би одоогоор М хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй. Миний бие болон манай эхнэр Б бид хоёр хохирсон байгаа. Би М уулзаж ярилцахад эхнэр бид хоёроос нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй гэж байсан.” гэх мэдүүлэг /1хх 74/,

Би өмнө мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан байгаа. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх 145/,

Шүүгдэгч Б.Б өгсөн: “Би тогтоолыг уншиж танилцлаа. Би прокурорын тогтоолыг хүлээг зөвшөөрч байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн. 2024 оны 5-р сарын 29-ний өдөр найз болох У төрсөн өдөрт уригдаад нөхөр Э хамт очсон. Очиход У ажлын хүмүүс гээд хүмүүс байсан. Мөн М гэх залуу байсан. Бид нар уулзаад төрсөн өдөр тэмдэглээд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах Dеер нэртэй баар ороод тэнд хэсэг сууж байгаад Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн хойд талын уулын энгэрт гарч суусан. Тэнд байж байгаад У хамт ирсэн хүмүүс нь яваад уулан дээр У, М, Э бид дөрөв үлдээд М бид хоёр маргалдаад М босч ирээд намайг алгадаад авахаар нь би зөрүүлээд босоод хөл рүү нь цохиод хацрыг нь маажсан. Гэтэл М намайг тонгорч унагаасан. Тэр үед манай нөхөр Э босож ирээд намайг өмөөрөөд М муудалцаад барилцаж аваад дээр доороо ороод зодолсон. Тэгээд Уранбайгаль бид хоёр салгаад би явах гэж байтал М зайтай зогсож байгаад над руу чулуу авч шидээд миний зүүн нүдний доор хэсэгт оноод миний хацраас цус гоожоод нүд сохолчихлоо гээд бид нар эмнэлэг орж үзүүлээд 5 оёдол тавиулсан. Би одоогоор М хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй байгаа. Миний бие ч гэсэн хохирсон. Би М уулзаж ярилцаад асуудлыг нааштайгаар шийдвэрлэх талаар ярилцсан байгаа.” гэх мэдүүлэг /1хх 77/,

Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг ойлголоо. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх 150/,

Шинжээч И.Ганболорын өгсөн: “Би 10 жил ажиллаж байна. Тухайн Э.Э 322 тоот дүгнэлтийн 2 дугаар хариултанд, Н.Б дүгнэлтийн 2 дугаар хариултыг бичиж бичвэрийн алдаа гаргасан байна. Э.Э биед учирсан уруулын салстанд үүссэн шарх нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Н.Б биед учирсан хоншоор ясны хугарал Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамрын зүүн хэсэг зүүн хацар хэсгийн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хамар, баруун хацар, хоншоорын заспен эдийн няцралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 120/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны №322 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Н.Б биед хоншоор ясны хугарал, хамрын зүүн хэсэг хацар хэсэгт шарх, хамар, баруун хацар, хоншоорын зөөлөн эдэд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх хоншоор ясны хугарал Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. хамрын зүүн хэсэг зүүн хацар хэсгийн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хамар, баруун хацар, хоншоорын зөөлөн эдийн няцралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 7.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /1хх 35-36/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний №332 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Э.Э биед дээд, доод уруулын салстанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх уруулын салстанд шарх нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 7.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /1хх 39-40/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны №330 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.А.М биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт, баруун, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун шилбэ, баруун шуу, зүүн гарын 1 дүгээр хурууны үеэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт, баруун, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун шилбэ, баруун шуу, зүүн гарын 1 дүгээр хурууны үеэнд зулгаралт гэмтэл нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 7.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /1хх 43-44/,

Шүүх шинжилгээний ерөний газрын 3 бүрэлдэхүүнтэй 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №1189 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Э.Э биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад язарсан шарх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /1хх 123-125/,

Шүүх шинжилгээний ерөний газрын 3 бүрэлдэхүүнтэй 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №6 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Н.Б биед хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зүүн хацарт язарсан шарх, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зүүн хацрын язарсан шарх, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх мэдүүлэг /1хх 131-134/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №915 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Э.Э /РД: ***********/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй.” гэжээ /2хх 4-5/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №916 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. А.М сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэжээ /2хх 8-9/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №917 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Н.Б /РД: ***********/-ийн сэтгэцэд 2024 оны 5 дугаар сарын 29-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэжээ /2хх 13-14/,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоол /1хх 101-103/,

Н.Б дүрс оношлогооны шинжилгээний хариу /1хх 130/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.М, Э.Э, Н.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн, хүндэвтэр хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Шүүгдэгч Н.Б, Э.Э нарыг бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Дэнжийн арын ууланд 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн хохирогч А.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан "бүлэглэн" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүгдэгч А.М ньТөв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Дэнжийн арын ууланд 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Б, Э.Э нартай зодолдож хохирогч Э.Э эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Н.Б эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нар сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Хохирогч Н.Б нь 279 874 төгрөг, Э.Э нь 106 190 төгрөг А.М нь 175 586 төгрөгийг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээллийн лавлагаа, тодорхойлолт, Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ." зааснаар шүүгдэгч А.М 386 064 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дансанд олгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэхгүй гэснийг, шүүгдэгч Э.Э, Н.Б нар 173 684 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд ирүүлсэн Хаан банкны шилжүүлгийн хуулбараар тогтоогдсон болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 900 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах санал,

Шүүгдэгч нар нь тусгайлан гаргах саналгүй гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

1. ********* Н Б, 1989 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум шинэ дарханы 12 дугаар хороо 6 дугаар хороолол 3-р гудамжны 328 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 80-84/,

 

2.*********** Э Э, 1995 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, үйлдвэрлэл технологийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум шинэ дарханы 12 дугаар хороо 6 дугаар хороолол 3-р гудамжны 328 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 86-91/,

 

3. ********** А М, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, бүртгэлийн ажилтай мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг, 14-р гудамж, 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд: 1.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж байсан талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 93-99/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх 101-103/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Э.Э, Н.Б, А.М нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дуудсан цагт хүрэлцэн ирж, нөхцөл байдлаа үнэн зөвөөр ойлгуулж байсан зэргийг харгалзан тэдгээрийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг тус бүр таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 2534003300*** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.    

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч ******* Н Б, ******* Э Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг,

 Шүүгдэгч ******** А М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгааралын ялын нийт хугацааг 4 /дөрөв/ сараар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нарт тус тус оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

 

7.Шүүгдэгч Э.Э, Н.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч А.М оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус  тус даалгасугай.     

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М 386 064 /гурван зуун наян зургаан мянга жаран дөрөв/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дансанд олгосугай.

 

9.Эрүүгийн 2434003300**** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э, Н.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

            10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Н.Б, А.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ