Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00063

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.Найрамдал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Баасансүрэнгийн Найрамдалд холбогдох эрүүгийн 201706000106 дугаартай, 132/2017/0054/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Хангал сумын Цахилгаан холбооны газарт манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Баасансүрэнгийн Найрамдал /РД:ГК84042277/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Найрамдал нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг “Мангирт” гэх газарт С.Лхагвааг “явахын хооронд сэрээлээ” гэж ялимгүй зүйлээр шалтаглан зодож, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
шүүгдэгч Б.Найрамдалын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
201706000106 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч С.Лхагваагийн өгсөн: “...Найрамдалыг сэрээхэд Найрамдал нь босож гэрээс гарч машинаа асаачихаад буцаж орж ирээд надаас хүйтэн цай асуухаар нь би данхтай цайг зааж өгч уулгасан. Тэгсэн гэнэт Найрамдал “та юун сүртэй юм бэ? явахын хооронд сэрээгээд” гээд уурласан тэгэхэд нь би “малдаа явах гээд байна” гэж учраа хэлсэн. Тэгээд Болдсайханыг сэрээхэд Болдсайхан орон дээр хэвтэж байсан. Найрамдал гэрээс гараад намайг “гараад ир” гэж дуудахаар нь би гэрээс хаалга онгойлгоод гарсан чинь урдаас цохиод авсан. Тэгэхээр нь яаж байгаа юм гээд барьцалдаж аваад би Найрамдалыг солгой гараараа нүүр орчим нь цохих шиг болоход Найрамдал намайг тонгорч унагаагаад баруун хацар орчим 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 10 тал/, Гэрч Э.Эрдэнэтулгын өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө Найрамдал ахынд очиж хоноод өглөө 08 цагийн үед Найрамдал ахтай хамт гарч охинтой болсон гэж Найрамдал ахад 1 шил Соёрхол нэртэй 0.75 литрийн архи авч өгсөн. Тэр архийг Найрамдал ганцаараа уусан ба би машин барьж явсан болохоор уугаагүй. Тухайн үед би мод ачиж Орхон аймаг руу орох гэж байсан боловч модны бичиг баримтыг мартсан байсан учраас модоо айлын гадаа буулгахаар ойрхон байсан айлд очиход Лхагваа гэдэг айлынх байсан. Тэгээд Найрамдал ахын машинд түлш хийж өгчихөөд би Орхон аймаг руу гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-н 17 тал/, Сэжигтэн М.Болдсайханы өгсөн: “...Лхагваа ах Найрамдалд 1 шил 0.5 литрийн Соёрхол архи гаргаж өгөөд Найрамдал, Лхагваа ах 2 хувааж уусан. Би Лхагваа ахын гэрийн баруун талын орон дээр унтаж байхад Найрамдал, Лхагваа ах 2 явья гээд намайг сэрээгээд өөрсдөө гэрээс түрүүлээд гарсан. Би араас нь нэлээн байж байгаад гарахад Найрамдал, Лхагваа ах 2 машины хажууд зогсож байсан ба би бие засчихаад харсан чинь Найрамдал, Лхагваа ах 2 зууралдаад хоёулангийнх нь хамраас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 40-41 тал/, Шүүгдэгч Б.Найрамдалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2017 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед манай аавын дүү Цэнгэлмаагийн хүүхэд Эрдэнэтулга манайд ирж хоносон. Тэгээд өглөө 07 цагийн үед би Эрдэнэтулгаар дэлгүүрээс архи авахуулж би ганцаараа уусан. Эрдэнэтулга надад хэлэхдээ Төмөрчөдөр гэх айлаас палк авч явна намайг машинаа өгчих гэхэд нь би соггуу архи уусан учраас Болдсайхан ахаар машин бариулахаар болж би Нямжаргал ахын гадаа ганцаараа архиа ууж үлдээд Эрдэнэтулга машинтайгаа яваад Болдсайхан ахыг авчирсан. Тэгээд Төмөрчөдөрийнд очиж миний 16-18 БУЛ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машинд 20 ширхэг хуучин палк ачаад машиныг Болдсайхан ах бариад би хажууд нь суугаад, Эрдэнэтулга ганцаараа өөрийн приус 20 маркийн машинтайгаа Орхон аймаг руу явсан. Би замдаа унтаад өгсөн болохоор юу болсоныг мэдэхгүй нэг сэрэхэд айлын гадаа оччихсон байсан. Тэгээд бас ухаангүй болоод нэг мэдэхэд машиндаа түлш хийгээд дараа нь тэр айлын ах 1 шил архи гаргаад би тэр ахтай хувааж уусан. Тэгээд нэг сэрэхэд гэрийнхээ гадаа сэрсэн. Тэр хооронд юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Хүнтэй зодоон хийсэн талаар мэдээгүй, миний баруун нүд хөхөрчихсөн байсан. Лхагва гэх хүнийг би танихгүй. Хурдан морь уядаг гэдгээр нь зүс мэднэ. Лхагва ах бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Урьд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-н 38 тал/, Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №109 тоот
1. С.Лхагваагийн биед баруун ухархай, хацар ясны хугарал, баруун зовхи, завьж, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун дээд шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг гарах тухайн үед үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлеөлөхгүй” гэх дүгнэлт /хх-22 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 37-38, 46-47 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 49-57 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Найрамдал нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг “Мангирт” гэх газарт С.Лхагвааг “явахын хооронд сэрээлээ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх, амгалан тайван амьдрах эрхэд халдаж, нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг бүдүүлэгээр зөрчсөн үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хохирогч С.Лхагва, гэрч Э.Эрдэнэтулга, сэжигтэн М.Болдсайхан нарын хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан нөхцлийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогч С.Лхагвын биед “баруун ухархай, хацар ясны хугарал, баруун зовхи, завьж, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун дээд шүдний хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №109 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хохирогчийн гэмтлийн шалтгааныг эрх бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд хийж дүгнэлт гаргажээ.
Аймгийн прокурорын газраас Б.Найрамдалын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Найрамдалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Найрамдалд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Лхагваа “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол овогт Баасансүрэнгийн Найрамдалыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Баасансүрэнгийн Найрамдалыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Найрамдалд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Найрамдалд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Лхагва “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Найрамдалд оногдуулсан 3 жил, 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Найрамдалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД