Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 32

 

 “ОТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах

шалгалтын газрын гаалийн улсын байцаагч

нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                  Х.Батсүрэн

                                  Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн:    Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 25/16 тоот актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0484 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0627 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: “ОТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан, өмгөөлөгч Н.Цогт,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Энхжаргал, Б.Охиноо, О.Бөхчулуун, С.Гантулга, Б.Мөнхтөр нар,

Нэхэмжлэгч “ОТ” ХХК-ийн өмгөөлөгч Н.Цогтын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0484 дүгээр шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 249 дүгээр зүйлийн 249.4, 271 дүгээр зүйлийн 271.1.2, 293 дугаар зүйлийн 293.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, 10.3.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ОТ” ХХК-ийн “Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 25/16 тоот актыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0627 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0484 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Гаалийн тухай хуулийн “...271 дүгээр зүйлийн 271.1.2, 293 дугаар зүйлийн 293.2, ...” гэснийг “...2711 дүгээр зүйлийн 2711.1.2, 2931 дугаар зүйлийн 2931.2,...” гэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, 10.3.1.1-т...” гэснийг “10 дугаар зүйлийн 10.3.1.1-д...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цогтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “ОТ” ХХК-ийн өмгөөлөгч Н.Цогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгч “ОТ” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасны дагуу шүүх Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Гаалийн улсын байцаагчийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 25/16 тоот актаар “БНХАУ-аас импортолсон цахилгааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн” гэх үндэслэлээр 662,732,134.35 төгрөгийг гаалийн татварт, 198,819,640.31 төгрөгийг торгуульд, нийт 861,551,774.66 төгрөгийг “ОТ” ХХК-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

5. “ОТ” ХХК нь 2010-2011 онуудад БНХАУ-ын нутаг дэвсгэрт цахилгаан дамжуулах дэд станц, цахилгаан дамжуулах шугам, шилэн кабел зэргийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Дээрх Эрчим хүчний барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг хийлгэх зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөр Монголын “Өвөр Монголын эрчим хүчний олон улсын корпораци” ХК-тай “ӨМӨЗО-ны Гуохэ 220 кв-ын хуваарилах байгууламж болон Гвоау I ба II дугаар цахилгаан дамжуулах станцын дэд бүтэц, трансформаторын дэд станцын цахилгаан тоноглолын ашиглалт, техникийн засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсан. Эрчим хүчний импорттой холбоотой харилцаа нь Засвар үйлчилгээний гэрээнээс ангид бие даасан гэрээгээр зохицуулагддаг. Харин хариуцагч нар нь тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр “ОТ” ХХК нь дээрх засвар үйлчилгээний гэрээний хүрээнд ажил гүйцэтгэгч талд төлсөн төлбөрийг гаалийн үнэд нэмэгдэх ёстой гэсэн утга бүхий 25/16 тоот актыг үйлдсэн юм. Гэвч тус актад “импортолсон цахилгааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн” гэхээс өөр үндэслэл, тайлбар огт тусгагдаагүй байдаг.

6. Нэхэмжлэгчийн зүгээс тус 25/16 тоот акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг актад тодорхой заах зэрэг захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй мөн татвар ногдуулсан засвар үйлчилгээний гэрээний төлбөр нь Гаалийн тухай хууль тогтоомж, цаашлаад Олон улсын гэрээ конвенцын хүрээнд гаалийн үнэд нэмэгдэх зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхүүд дараах байдлаар хууль хэрэглээний “ноцтой” алдаа гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон “ОТ” ХХК-ийн эрх ашгийг хохироогоод байна.

7. Шүүхүүд хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх заалтуудыг хэрэглээгүй талаар: Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдэд үүрэг бий болгосон, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шинжтэй байдаг тул захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс актыг өөрийн дур зоргоор бус зөвхөн хуульд үндэслэж гаргах, гаргасан актын хууль зүйн болон бодит үндэслэл, түүний үйлчлэл нь чиглэгдэж буй этгээдэд ойлгомжтой байх учиртай. Эдгээр нөхцөл хангагдсаны үндсэн дээр иргэн, хуулийн этгээд захиргааны актын дагуу өөрт ногдуулсан үүрэг хариуцлагын үндэслэлийг тодорхой ухамсарлаж биелүүлэх, эс зөвшөөрвөл захиргааны актын үндэслэлийг үгүйсгэн хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах, түүний хүрээнд шүүхийн шатанд захиргааны байгууллагатай эрх тэгш мэтгэлцэх, эцэст нь шүүх акт хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд хууль ёсны дүгнэлт өгөх ёстой билээ. Тийм ч учраас хууль тогтоогчоос Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, 4.2.5-д “шийдвэр үндэслэл бүхий байх”, 40.2.3, 40.3, 40.4-т “захиргааны актыг гаргах шаардлага, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заах” зэрэг захиргааны үйл ажиллагаа, захиргааны актад тавигдах хууль зүйн үндсэн шаардлагуудыг тогтоосон байна. Энэхүү шаардлагууд нь захиргааны актад хуулийн зүйл заалт, тайлбар нэмж бичих хэлбэр төдий зүйл бус Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг бэхжүүлсэн, иргэн хуулийн этгээдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн, захиргааны үйл ажиллагааг хууль ёсны байхад чиглүүлсэн хуулийн үндсэн шаардлага гэж ойлгогдож байна. Цаашлаад энэхүү шаардлагыг баримтлаагүй аливаа актыг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэн хүчингүйд тооцогдох үр дагавар дагуулах учиртай. Гэтэл гаалийн улсын байцаагчид нь эдгээр Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг бүхэлд нь зөрчиж ямар үндэслэлээр “импортолсон цахилгааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн” гэж үзэж татвар, торгууль ногдуулж байгаа талаар огт дурдахгүйгээр 25/16 тоот актыг үйлдсэн юм. Түүгээр ч зогсохгүй нарийвчилсан харилцааг зохицуулсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг огт баримтлаагүй атлаа гаалийн үнийг дутуу мэдүүлсэн гэж “ОТ” ХХК-д нөхөн татвар, торгууль ногдуулсны улмаас “ОТ” ХХК нь 25/16 тоот актаар буруутгагдаж байгаа үндэслэлээ мэдэх бололцоогүй нөхцөл байдал үүссэн ба түүнчлэн шүүхийн шатанд актын хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар хариуцагчтай мэтгэлцэх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Харин эсрэгээрээ хариуцагч нар нь 25/16 тоот актад дурдаагүй үндэслэлүүдийг нөхцөл байдалд тааруулан өөрт ашигтайгаар олон янзаар тайлбарласаар өнөөдрийг хүрлээ.

8. Гаалийн тухай хууль болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх” журмаар Гаалийн байгууллагаас захиргааны акт гаргахад тавигдах үндсэн шаардлагуудыг нарийвчлан зохицуулаагүй /журмын хавсралтаар зөвхөн гаалийн улсын байцаагчийн актын толгой буюу хэлбэр загварыг баталсан/ байдаг.

9. Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу гаалийн улсын байцаагчаас захиргааны акт гаргахад Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагууд зайлшгүй хэрэглэгдэхээр байна.

10. Тодруулбал, хариуцагч нар хяналт шалгалтын дараа “ОТ” ХХК-д хүргүүлсэн зөвлөмждөө тус засвар үйлчилгээний гэрээний төлбөрийг “комиссын буюу зуучлагчийн хөлс” гэж тайлбарласан бол өөрсдийн удирдлагадаа хүргүүлсэн илтгэх хуудаст “бусдын эд хөрөнгийн ашиглалт, түрээсийн төлбөр” гэх үндэслэлээр акт үйлдсэн талаараа бичсэн байдаг. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа цахилгаан дамжуулах шугам, трансформаторуудыг "тээврийн хэрэгсэл” гэж үзээд тус гэрээний төлбөрийг “тээврийн хэрэгсэл ашиглалтын хөлс” хэмээн 25/16 тоот актын үндэслэлээ шүүхийн шатанд цоо шинээр тайлбарлаж эхэлсэн юм. Харин анхан шатны шүүх хурал дээр хариуцагчид нь гаалийн үнэд нэмэгдэх зардлыг тодорхойлсон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн аль хэсгийг үндэслэж 25/16 тоот акт үйлдсэнээ тайлбарлаж чадаагүй бөгөөд зөвхөн улсын байцаагчийн хувьд акт үйлдэх эрх олгосон Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийг л үндэслэсэн гэдгээ асуулт хариултын явцад хэлж байсан. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс 25/16 тоот актын хууль зүйн болон бодит үндэслэл, захиргааны актад тавигдах хуульд заасан шаардлагын талаар удаа дараа хариуцагчдаас тодруулж байсан ч шийдвэртээ энэ талаар огт дурдаагүй. Харин ч шүүх хариуцагчийн "тээврийн хэрэгсэл ашиглалтын хөлс” гэх тайлбарыг актад тусгаагүй байхад хариуцагчийн өмнөөс алдаатай захиргааны актыг зөвтгөн тайлбарлаж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна.

11. Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу шүүх “захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар”-ыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дүгнэж 25/16 тоот актыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн хүчингүй болгох ёстой байжээ. Ийнхүү Захиргааны ерөнхий хууль, захиргааны эрх зүйн суурь зарчмуудын хүрээнд захиргааны байгууллагын хууль бус, алдаатай үйлдэлд дүгнэлт өгөх ёстой захиргааны хэргийн шүүх өөрөө энэ мэт илэрхий алдаатай шийдвэрийг “хүчээр” зөвтгөн тайлбарлаж байгаа нь захиргааны эрх зүйн хуульчлагдсан суурь зарчмуудыг шууд үгүйсгээд зогсохгүй цаашид захиргааны байгууллагаас “хууль зүйн болон бодит үндэслэлээ огт дурдаагүй” акт гаргаж бусад татвар төлөгчдийн эрх ашгийг хохироож болох нөхцөлийг бүрдүүлээд байна.

12. “ОТ” ХХК нь 2010 оноос 2017 оны хугацаанд 2,5 орчим их наяд төгрөгийг татварыг улсын болон орон нутгийн төсөвт төлж, 13,000 орчим Монгол иргэдийг ажлын байраар хангаж, Монгол Улсад өмнө байгаагүй томоохон хэмжээний бүтээн босголтыг өрнүүлж байгаа үндэсний шилдэг аж ахуйн нэгж ба захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа нь ганц манай компани төдийгүй, бусад хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгч үндэсний компаниуд, тэдгээрийн ажилчин албан хаагчид, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эрх ашгийг хохироож байна.

13. Бодит байдал дээр “ОТ” ХХК нь бусдын хөрөнгийг түрээсэлж, ашиглах бус өөрийн өмчлөлийн эд зүйлийг засварлахтай холбоотой төлбөрийг тус засвар үйлчилгээний гэрээний дагуу төлсөн. Засвар үйлчилгээний гэрээний зүйл болсон эрчим хүчний барилга байгууламжуудаас зөвхөн цахилгаан дамжуулах шугам, трансформаторыг “тээврийн хэрэгсэл” гэж салгаж авч үзсэн атлаа төлбөрийн дүнг бүтнээр нь “тээврийн хэрэгсэл ашиглалтын хөлс” гэж тооцсон нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй байна.

14. Мөн шүүхүүд Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1 дэх заалтыг буруу тайлбарласан талаар: Гомдлын эхний хэсэгт дурдсанчлан 25/16 тоот актын хууль зүйн болон бодит үндэслэл нэгэнт тодорхойгүй байснаараа нэхэмжлэгчийн зүгээс тодорхой хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагчтай маргах боломжийг шууд хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулсан.

15. Гэвч хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “тээврийн хэрэгсэл”, “тээврийн хэрэгсэл ашиглалтын хөлс”-ний талаар шинэ маргааныг гаргаж тавьсан тул нэхэмжлэгчийн зүгээс засвар үйлчилгээний гэрээний зүйл болсон эрчим хүчний барилга байгууламж нь тээврийн хэрэгсэлд хамаарахгүй талаар тайлбарыг шүүхэд гаргасан болно. Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1 дэх заалтуудыг дараах байдлаар илтэд “гуйвуулан” тайлбарлаж эрчим хүчний барилга байгууламжийг тээврийн хэрэгсэл гэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж дүгнэсэн.

16. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрт “Гаалийн тухай хуулиар авто тээврийн, агаарын тээврийн, төмөр замын тээврийн гэсэн тээврийн хэрэгслийн гурван төрлийг хуульчилсан боловч ...тээврийн төрлийн кодыг дээрх 573 дугаар тушаалаар нарийвчлан зохицуулсан" гэж хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь Гаалийн ерөнхий газрын даргын 573 дугаар тушаал нь Гаалийн тухай хуульд заасан “мэдүүлгийн маягтын загвар батлах” эрхийн хүрээнд батлагдсан хэм хэмжээний акт юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тушаал нь эрх зүйн хувьд хуульд заасан татвар ногдуулах зүйлийг өргөтгөн тайлбарлах эрх зүйн чадваргүй. Тиймээс анхан шатны шүүхээс хуулиар зохицуулсан “тээврийн хэрэгсэл” болон “гаалийн үнэд нэмэгдэх зардал” гэсэн ойлголтуудыг журмаар дэлгэрүүлэн тайлбарласан нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан алдаатай дүгнэлт болсон байна.

17. Тодруулбал, “тээврийн хэрэгсэл” гэдгийг Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “...бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх” гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд барааг улсын хилээр тээвэрлэж нэвтрээд тодорхой хугацааны дараа буцаж гардаг “хөдөлгөөнт” төрлийн зүйлсийг тээврийн хэрэгсэл гэж хууль тогтоогчоос хуульчилжээ. Ийнхүү Улсын Их Хурлаас Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэсэн ойлголтыг шүүхүүд өөрийн дураар өргөтгөн тайлбарлаж хуульд заагаагүй эд зүйлийг тээврийн хэрэгсэл гэж үзсэн нь буруу байна. Мөн Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3, 35.5-д авто зам, агаарын тээвэр, төмөр замын тээвэр гэсэн гурван төрлийн хөдөлгөөнт хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан ба хөдөлгөөнт бус тээврийн хэрэгслийг Гаалийн тухай хуулиар зохицуулаагүй. Гаалийн тухай хуулиас гадна Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын конвенцуудыг судалж үзэхэд тэдгээрээр хариуцагчийн тайлбарлаж буй “хөдөлгөөнт бус” шинжтэй цахилгаан дамжуулах шугам, хийн хоолой зэрэг эд зүйлсийг тээврийн хэрэгсэлд хамааруулаагүй байна. Тиймээс цахилгаан, эрчим хүч нь хэдийгээр цахилгааны шугамаар дамжин орж ирж байгаа ч БНХАУ-ын нутаг дэвсгэрт байгаа тэдгээр цахилгаан дамжуулах шугам нь гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрээд буцаад гарах шинжийг агуулаагүй буюу Гаалийн тухай хуульд заасан тээврийн хэрэгсэл биш учир түүний засвар үйлчилгээнд төлсөн төлбөрийг тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал гэж үзэж татвар ногдуулах үндэслэлгүй байна.

18. Эрчим хүчний барилга байгууламж нь дээрх байдлаар тээврийн хэрэгсэл гэдэгт хамаарахгүй нь илэрхий байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0627 тоот магадлалын 7 дахь талд "...хэдийгээр Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан тээврийн хэрэгсэл болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1-д заасан тээврийн зардалд эрчим хүчний барилга байгууламжийг шууд хамруулахад төвөгтэй” гэж дүгнэсэн юм. Гэвч давж заалдах шатны шүүх цахилгаан эрчим хүчийг ямар ч тээвэрлэлтгүйгээр буюу эрчим хүчний барилга байгууламжгүйгээр импортлох боломжгүй. Иймд, гаалийн улсын байцаагчдын актаар ...зардлыг импортын цахилгааны гаалийн үнэд нэмэгдэх зардалд хамруулсан нь Гаалийн болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нийцжээ" гэсэн зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх "цахилгаан дамжуулах шугамгүйгээр эрчим хүчийг нэвтрүүлэх боломжгүй" гэх хуульд заагаагүй үндэслэлээр Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан тодорхойлолт болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1 дэх заалтын зохицуулалтыг бүхэлд нь үгүйсгэж хууль хэрэглээний алдаатай дүгнэлт гаргасан.

19. Түүнчлэн давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтээ "вагон ашиглалтын хөлс нефтийн бүтээгдэхүүний хэлцлийн үнэд нэмж тооцогддог" гэсэн жишээгээр дэлгэрүүлж тайлбарлан хөдөлгөөнт тээврийн хэрэгслийг эрчим хүчний барилга байгууламжтай адилтган үзсэн нь төсөөтэй хэрэглэх зарчмыг буруу хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл уг жишээний хувьд вагон нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан тээврийн хэрэгсэл гэдэгт хуулийн дагуу хамаарах бөгөөд харин эрчим хүчний барилга байгууламж нь уг тодорхойлолтод хамаарахгүй тул жишиж тайлбарлах ямар ч боломжгүй юм. Нөгөөтэйгүүр нефть импортлогчдын Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн вагон буюу гуравдагч этгээдийн тээврийн хэрэгслийг ашигласны төлөө төлсөн төлбөрийг “ОТ” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан эд хөрөнгийн “засвар үйлчилгээний хөлс”-тэй адилтгаж үзэх нь туйлын учир дутагдалтай.

20. Магадлалд дээрхээр зогсохгүй “нефтийг зөвхөн төмөр замаар бус хоолойн байгууламжаар дамжуулан импортлох тохиолдолд хөдлөх тээврийн хэрэгсэл бус байнгын шинжтэй энэхүү байгууламжийн ашиглалтын болон засвар үйлчилгээний зардал нь тээврийн зардалд хамаарахгүй гэж үү” хэмээн асуусан шинжтэй дүгнэлт хийсэн нь туйлын ойлгомжгүй, магадлал үндэслэлгүй гарсан гэдгийг шууд нотолж байна.

21. Орчин үеийн техник технологийн онцлог, гаалийн бараа, тээврийн шинэ хандлага зэргийг харгалзан “хөдөлгөөнт бус” тээврийн хэрэгслийг Гаалийн тухай хуульд нэмж тусгах, түүнийг татвар ногдуулах зүйлд хамааруулах эсэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хууль тайлбарлах нэрээр Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж татвар ногдох зүйлийг шинээр бий болгосон гэж ойлгогдож байна. Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу “шүүх нь гагцхүү хуульд захирагдах” зарчимтай зөрчилдөж байна.

22. Төгсгөлд нь дурдахад гаалийн үнэд нэмж тооцогдох ёстой байсан гэх 13,254,642,687.0 төгрөг нь дан ганц эрчим хүчийг импортлоход ашигласан гэх “цахилгаан дамжуулах шугам, трансформатор”-ын засвар үйлчилгээний зардлаас бүрдээгүй ба эдгээрээс гадна эрчим хүчний импорттой ямар ч холбоогүй БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах “ОТ” ХХК-ийн өмчлөлийн холбооны шилэн кабел, дэд станц, ногоон бүс, усны шугам, цахилгаан үүсгүүр, хяналтын модуль, сүлжээний машин, хангамжийн байр зэрэг олон эд хөрөнгө багтаж байгаа болно. Тиймээс хариуцагч болон шүүхийн тайлбарлаж байгаагаар “цахилгаан дамжуулах шугам”, трансформаторыг “тээврийн хэрэгсэл” гэж үзсэн ч “ОТ” ХХК 861,551,774.66 төгрөгийн нөхөн татвар, торгууль төлөх үндэслэл байхгүй. Ийнхүү дээрх байдлаар 25/16 тоот актыг захиргааны актад тавигдах шаардлагын хүрээнд ч, актад тусгагдаагүй боловч хариуцагчийн гаргаж байгаа тайлбарын хүрээнд ч, тооцооллын хүрээнд ч бүх нөхцөлөөр нь авч үзэхэд тус акт нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

23. Иймд, Монгол Улсын Дээд шүүхээс Захиргааны ерөнхий хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хууль тогтоогчоос баталсан хэм хэмжээний хүрээнд авч үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

24. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 25/16 дугаар актыг хүчингүй болгуулах тухай “ОТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

25. Маргаан бүхий 2016 оны 25/16 дугаар актаар БНХАУ-аас импортолсон цахилгааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэж, импортын цахилгааны гаалийн үнэд оруулж тооцох 13,254,642,687.0 төгрөгийн үнийн дүн бүхий нэмэгдэх зардалд ногдох 662,732,134.35 төгрөгийг гаалийн татварт, 198,819,640.31 төгрөгийг торгуульд, нийт 861,551,774.66 /найман зуун жаран нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга долоон зуун далан дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг “ОТ” ХХК-иар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

26. Нэхэмжлэгч нь “...шүүхүүд хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй, Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан байна

27. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

28. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх заалтуудыг хэрэглээгүй гэх гомдлын тухайд:

29. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын улсын байцаагчдын маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25/16 дугаар актад “...шалгалтаар БНХАУ-аас импортолсон цахилгааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчилд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн гаалийн татвар болон торгууль нөхөн төлүүлэх”-ээр шийдвэрлэснийг тодорхой заажээ.

30. Уг акт нь Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16/13 дугаар “Хяналт шалгалтын ажлын удирдамж”-ийн дагуу хийгдсэн шалгалтын үр дүнд гарсан захиргааны акт байна. Тодруулбал, тухайн удирдамжид хяналт шалгалтын зорилго, хамрагдах хүрээг “...”ОТ” ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлт болон гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, эд юмс, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн байдалд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хуулийн хариуцлага хүлээлгэх...” гэж тодорхойлжээ.

31. Дээр дурдсанаас үзвэл маргаан бүхий захиргааны актыг гаргасан улсын байцаагчдын үйл ажиллагаа нь тухайн харилцааг зохицуулсан Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, ...мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд ...бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулна”, 249.2.1-д “...мэдүүлэгчээс гааль, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон бусад шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авах, мэдээллийн санд нь нэвтрэх”, 249.2.2-т “...баримтыг нягтлан шалгах, хуулбарлан авах, баталгаажуулах, холбогдох тайлбар, тодруулга, лавлагааг гаргуулан авах”, 249.3-т ”... баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох...” гэж тус тус заасныг зөрчөөгүй, хуульд заасан бүрэн эрхээ зөв хэрэгжүүлсэн талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

32. Мөн Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлахаар энэ хуулийн 249.4-т заасан бөгөөд нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хийгдсэн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт нь Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалаар батлагдсан зааврын дагуу хийгджээ.

33. Шүүхүүд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т ”Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасныг үндэслэн улсын байцаагчдын үйл ажиллагааг Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлээр тодорхойлогдсон бүрэн эрхийнх нь хүрээнд үнэлж, дүгнэсэн нь зөв байна.

34. Түүнчлэн хяналт шалгалтын явцад улсын байцаагчдаас шалгалтад хамааралтай баримтуудыг нэхэмжлэгч компаниас гаргуулахаар хүргүүлж байсан хүсэлтүүд, мэдэгдэл, шалгалтын актыг танилцуулж, гардуулсан баримт, цаашид анхаарч ажиллах асуудлаар хүргүүлсэн зөвлөмж, нэхэмжлэгч нь актаар ногдуулсан төлбөрийг төлсөн зэрэг нотлох баримтууд хэрэгт бүрэн авагджээ.

35. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий акт болон шалгалтын үр дүнгээр тухайн хугацаанд бичигдсэн нийт 3 акттай танилцаж, зөвшөөрч гарын үсгээ зурж, эдгээр актуудаар ногдуулсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа шүүхэд 2016 оны 25/16 дугаар бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлээ “...актын үнийн дүн, тооцооны талаар маргахгүй зөвхөн цаашид энэ асуудлаар зарчим тодорхойлуулах зорилготой..., хууль зүйн үндэслэлийг бичсэн байсан ч бид тээврийн хэрэгслийн асуудлаар маргана...” хэмээн тайлбарлажээ. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн “...актаар буруутгагдаж байгаа үндэслэлээ мэдэх боломжгүй нөхцөл үүссэн,...шүүхийн шатанд актын хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар хариуцагчтай мэтгэлцэх эрх зөрчигдсөн...” гэх тайлбар үндэслэлгүй.

36. Дээрхийг нэгтгэж үзвэл нэхэмжлэгчийн “...Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй...” гэх гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалын дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

37. “...Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 болон болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэх гомдлын талаар:

38. Нэхэмжлэгчийн зүгээс импортын эрчим хүч нь “бараа“ болохыг, бараа нь эрчим хүчний шугамаар дамжин орж ирснийг, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээ /эрчим хүчний/ Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалаар батлагдсан зааварт нийцүүлэн бөглөсөн талаараа тайлбарласан, энэ тухай маргаагүй болно.

39. Гаалийн ерөнхий газрын даргын хилээр нэвтрэх барааны үндсэн баримт бичиг болох гаалийн мэдүүлгийг хэрхэн бөглөх, татварыг хэрхэн ногдуулах асуудлыг зохицуулсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг батлах эрх нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан гаалийн бүрдүүлэлтийн журмыг энэ хуульд нийцүүлэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тусгайлан баталж болно” гэж тус тус зааснаар тодорхойлогдож байна.

40. Уг зааварт улсын хилээр нэвтрэн орж байгаа бүх төрлийн бараа бүрт тээврийн хэрэгслийн төрлүүдийг тодорхойлсон, маягтын дагуу “тээврийн бусад төрөл” буюу “70” гэдэг кодоор нэхэмжлэгч мэдүүлгээ бөглөжээ.

41. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалаар батлагдсан зааварт тээврийн хэрэгслийн төрлүүдийг ийнхүү кодолсныг Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нэрлэн заасан барааны нэр төрлүүдтэй уялдуулсан, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан зохицуулалт гэж үзэхээр байна.

42. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д бараа болон зорчигчийг хилээр нэвтрүүлэх, зөөвөрлөх зорилгоор ашиглагдах “тээврийн хэрэгсэл”-ийг “...гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл,...хэлнэ”, 3.1.9-д “гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг” гэж тус тус заажээ.

43. Цахилгаан эрчим хүчийг авто, агаар, төмөр замын тээврийн хэрэгслээр зөөвөрлөгдөх бусад бараатай адилтгах боломжгүй, харин уг барааг хилээр нэвтрүүлэх үйл явц нь цахилгаан дамжуулах шугам сүлжээгээр дамжин тээвэрлэгдэж, худалдан авагчид нийлүүлэгдэх нь ойлгомжтой, эрчим хүчний шугам нь дээрх хуульд заасан тээвэрлэх, дамжуулах үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд түүнийг бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамруулан тайлбарлаж, маргаан бүхий захиргааны актыг дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, импортын барааны онцлогоос хамаарч, түүнийг хилээр нэвтрүүлж, дамжуулах үйл явцад ашиглагдаж байгаа эрчим хүчний шугамыг ашигласан зардлыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д “тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь зардал”, 10.3.1.1-д “тээврийн зардал, ...тээврийн хэрэгсэл...” гэж заасанд хамруулж, нөхөн төлүүлэхээр тогтоосон улсын байцаагчдын акт нь хууль ёсны гэж үзнэ.

44. Улсын байцаагчдын маргаан бүхий акт нь “Монголын цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ОТ” ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Өвөрмонголын эрчим хүчний олон улсын корпораци” ХК /”ӨМЭХОУК” ХК/ нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Эрчим хүч худалдах, худалдан авах” гурван талт гэрээ болон “Ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ”-гээр “ОТ” ХХК-ийн 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан эрчим хүч болон эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээг ашигласантай холбоотой зардалд хамрагдах нотлох баримтуудад үндэслэсэн, актаар ногдуулсан төлбөрийн тооцооны талаар нэхэмжлэгч маргаагүй болно.

45. Тодруулбал дээр дурдсан гэрээний 5.2-т зааснаар “ОТ” ХХК нь ”ӨМЭХОУК” ХК-д ашиглалт, засвар үйлчилгээний  зардлыг төлөх үүрэг хүлээсэн, гэрээний  дагуу цахилгаан эрчим хүч дамжуулах байгууламжийг ашигласны төлөө “ОТ” ХХК-иас ”ӨМЭХОУК” ХК-д төлсөн зардал нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10,3.1.1-д заасан нэмэгдэх зардал юм. Иймээс “...шүүхүүд хуулиар зохицуулсан тээврийн хэрэгсэл болон гаалийн үнэд нэмэгдэх зардалд гэсэн ойлголтуудыг журмаар дэлгэрүүлэн тайлбарласан нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан алдаатай дүгнэлт..., Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 болон болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.1 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдол мөн үндэслэлгүй.

46. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, маргааны үйл баримтад хамааралтай Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний алдааг зөвтгөж өөрчлөлт оруулсан нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

47. Түүнчлэн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай“ хуулийн дагуу актаар ногдуулсан торгуулийг өршөөн хэлтрүүлэх боломжтой байсан боловч, нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, маргаагүй тул шүүх энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

48. Харин нэгэнт төлөгдсөн төлбөрийг өөр бусад төлбөрт тооцох асуудлыг хэргийн оролцогчид харилцан тохиролцох журмаар холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд шүүхийн энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0627 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ