| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0153/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/164 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000121 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын программ хангамж мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хардсаны улмаас нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим найз эгч гадуур явж байсан. Тэгээд Баянтүмэн суманд байдаг кофе шоп руу очиход хаалттай байсан болохоор буцаад аймаг руу орсон. Аймаг руу явж байх замд эгчийн гэдэс нь өвдөөд болохгүй байна гэхээр нь хойд замаар яваад эр хүний овооны тэнд очиж зогссон. Тэгтэл манай нөхөр над руу залгаад хаана байна, байгаа газар чинь очлоо гэж залгаад байсан. ...Ингээд нөхөр тай уулзахад над руу улаан галзуу юм уурлаж дайраад шууд машины арын суудал руу суулгаад явсан газрын чинь камерыг шүүнэ, хэнтэй яваад байгаа юм, юу хийсэн гэж асуугаад явж байх замдаа зодсон. Тэгэхээр нь чи яагаад уурлаад байгаа юм, яагаад хардаад байгаа юм бэ гэхээр чи хүнтэй байсан, хүнээ буулгачихсан биз дээ гээд юм ойлгохгүй уурлаад зодоод байсан. Тэгээд уурлаад намайг зодоод байсан болохоор эгч манай аав, ээж рүү залгаад намайг ирээд аваад явсан. Манай нөхөр нь намайг хардалтын улмаас зодсон. Эр хүний овооны тэнд байхад нэг найз нь манай машиныг харсан юм шиг байгаа юм. Тэгээд утсаар залгаад хэлсэн чинь намайг шууд зугтчихсан, бараг хүнээ буулгачихсан байх гэсэн утгатай зүйл хэлсэн юм шиг байна. Ер нь бол хардалтаас болж л зодсон. Намайг гараараа алгадаж, гар руу олон удаа цохисон. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. ...Би нөхөр тай хамт амьдраад 18 жил болж байна. 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр надад анх удаа гар хүрсэн. Өмнө намайг цохиж зодож байсан үйлдэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 55/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 28,350 төгрөг зарцуулагдсан байна. ...хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим ажлаа хийгээд найз ын хамтаар гадуур явж байхад ын нөхөр нь утсаар залгаад уулзахаар болоод Нарны хотхоны хойно байгаа газар нь очиход ын нөхөр ууртай ирээд машинд суугаад ыг “чи хаагуур явсан, эр хүний овооны хойно юу хийж байсан” гэх зэргээр хардаад нүүр рүү гараараа цохиж зодсон. Тэгээд ыг хойшоо суулгаад өөрөө машинаа бариад намайг машинаас буу гэхээр нь би буухгүй гээд жолоочийн хажуу талын сандал дээр сууж байхад тухайн газраас хөдлөөд эр хүний овооны хойно очоод ыг машинаас чирч буулгаад нүүр, гар, цээж рүү цохих, өшиглөх зэргээр зодоод газар байсан ...шил аваад хагалаад чамайг ална гээд хувцасных нь гаднаас хатгаад зодоод байхаар нь би очиж болиулах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Тэгээд тухайн газраас хөдлөөд 122 дугаар байр руу очоод буцаад эр хүний овооны хойд талд нь очоод ын нүүр, гар, хэвлий зэрэг газрууд руу нь өшиглөөд цохиж зодсон. ...Тэгж байгаад тухайн газраасаа яваад Нарны хотхоны гадаа очоод машин дотроо мөн ын хүзүү, нүүр зэрэг рүү нь цохиж зодож байгаад дахин яваад эр хүний овоон дээр очоод мөн зодоод байсан. Эр хүний овооноос хөдлөөд Баянтүмэн суманд байдаг кофе шопын гадаа очоод машин дотроо ыг зодож байгаад аймгийн төв рүү ирээд наадмын талбайн хажууд очоод ыг машинаас буулгаад газраас чулуу аваад хөл рүү нь цохиж зодоод байсан ба тухайн үед ын аав, ээж хоёр ирээд машинаа унаад зугтаагаад явчихсан. Би тухай бүр нь ыг болиулах гэсэн боловч надад дийлдэхгүй, миний үгэнд орохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 16 цаг 50 минутын үед ажил дээрээ байж байхад манай найз над руу залгаад чиний машин эр хүний овооны баруун хойд талд байна ш дээ чи уугаад яваад байгаа юм уу гэж залгасан. Тэгэхээр нь би бишээ, манай эхнэр унаж яваа гэж хэлээд эхнэр руу залгасан боловч утсаа аваагүй. Тэгэхээр нь би такси аваад явж байхад утсаа аваад ярьсан ба 100 дугаар байшингаас гарч байна гэж ярьсан. Тэгэхээр нь би Хан-Уул сургуулийн дор буугаад байж байхад манай эхнэр над руу өөрөө машинтайгаа ирсэн. Ирэхдээ найз гаа явж байсан. Тэгэхээр нь чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэж хэлээд гараараа нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгээд би хойшоо суу гэж суулгаад өөрөө машинаа бариад хөдөлсөн. Ингээд эр хүний овоо руу очоод чи энд юу хийж байсан юм бэ гэж асуугаад хэрэлдэж маргалдсан. Тэгэхэд би хамт Баянтүмэн сумын кофе шоп ороод ирсэн гэхээр нь тэгвэл тийшээ чинь явж камерыг нь шүүнэ гэж явсан. Очиход хаалттай байсан. Тэгэхээр нь буцаад 2-р хорооны зүүн 4 замаар хойшоо эр хүний овоо руу очиж ...маргалдаж байгаад буцаад наадмын талбайн тэнд очоод маргалдаж байхад хадам аав, ээж хоёр ирээд эхнэрийг аваад явсан. Маргалдах үедээ эхнэр ыг гараараа нүүр рүү нь алгадсан, гар руу хэд хэдэн удаа цохисон. ...Тухайн үед хардалтаас л болж уурандаа л ийм үйлдэл хийчихлээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ДОР0725/187 тоот дүгнэлтэд:
1. биед тархи доргилт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх тогтоогдсон гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-23/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/
- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 06/
- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, рентгэн оношилгоо /хх-ийн 24-26/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 40-42/
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр бусадтай хардсаны улмаас нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г., гэрч нарын мөрдөн шалтгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ДОР0725/187 тоот “... биед тархи доргилт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тогтоогдсон гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцохгүй, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэж мэдэгдэх хуудаст тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын санд 28,350 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын санд 28,350 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА