Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000168 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг эмнэлгийн байр 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь ******* сумын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: /

Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг эмнэлгийн байрны 4 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох төрсөн ах “агсан согтуу тавилаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зүүн гаран тус газарт нь галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын 5-р хуруу чигчийний угийн шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

  Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Эмнэлгийн байрны 4 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох төрсөн ах “агсан согтуу тавилаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зүүн гаран тус газарт нь галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын 5-р хурууны угийн шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн орчимд гэрийнхээ хажуу талын айлд буюу найзындаа байж байхад ээж үүднээс намайг дуудаж бахирахаар нь надтай хамт байсан найз эхэлж гүйгээд гарахаар нь би хойноос нь гарахад ээж гэрийнхээ үүдэнд газар хэвтчихсэн ах хажууд нь нэлээн согтуу ээж рүү бахираад зогсож байсан. Би ах руу хандан “чи яаж байгаа юм бэ, ээжийг зодоод байгаа юм уу” гэхэд өөдөөс “хуц чамайг ална шүү” гэхээр нь би уурандаа буцаж найзынхаа гэр рүү гүйж ороод галын дэгээ төмрийг аваад ах гар руу нь 2 удаа цохиход ах миний өөдөөс үг хэлээрээ доромжилж байгаад гэрээс гараад явсан. ...Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоол зүйл ангитай маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хохирогч О. “...Тухайн хэрэг болох үед би архи уучихсан, согтуу байсан. Ямар ч байсан намайг согтуу орж ирлээ, ээж рүү дайрлаа гэх шалтгаанаар намайг зодсон. Би ээж рүү согтуурхаж дайрсан юм шиг байна лээ, тэрийгээ тодорхой сайн санахгүй байгаа юм. Тэгтэл манай дүү ээж рүү дайрлаа гэж уурлаад намайг зодсон. ...Миний хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. Гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.гийн “...Тухайн галын дэгээ төмөр нь манай гэрийн галдаа ашигладаг төмөр байгаа юм. Тухайн галын төмрийг нэхэмжлэхгүй. Үнэлгээ гаргуулах шаардлагагүй нэгэнт хураагаад авчихсан юмыг нэхэмжлээд авах шаардлагагүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ДОР0725/208 тоот “...О. биед зүүн гарын 5-р хуруу /чигчий/-ны угийн шивнүүр ясны хугарал, зүүн хөмсөгний гадна төгсгөл орчмын няцарсан шарх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг орчим, 2 талын шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн гарын 5-р хуруу /чигчий/-ны угийн шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА