| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0158/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/166 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2521000830107 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулалтын оператор мэргэжилтэй, ХХК-д машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 7-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 293 дугаар зүйлийн 3-т зааснаар 15,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч *******, ******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид хорооллын задгай тоотод байрлах пинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодолдож бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид хорооллын задгай тоотод байрлах пинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн “...Би ын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед согтуу байсан учир болсон асуудлыг нарийн сайн санахгүй байгаа юм. ...би сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. ...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын “...Миний хувьд *******г хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би сэжигтнээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэрэг явдлын талаар тодорхой ярьсан. Манайд нэг ширхэг хутга л байдаг. Тухайн хутгаа би цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. ...би сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. ...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч *******гийн “...архи ууж сууж байгаад би согтчихсон байсан. Нэг мэдэхэд би гадаа гарчихсан ...куртикээ авъя гээд нөгөө ахын амбаарын хаалгыг нүдээд зогсож байсан. Тэгээд хаалгаа тавихгүй болохоор нь тэндээс алхаж явсаар байгаад такси бариад гэр рүүгээ очсон. Гэрт ороход цавиндаа болон баруун гарын тохойны хажууд хутгаар хатгагдсан, цус гарсан байдалтай байсан тул манай гэрийнхэн эмнэлэг болон цагдаа дуудсан. …Би тэр өвгөний гэрт нь өвгөнд хутгалуулсан байх гэж бодож байна. Би тэр өвгөнтэй маргаж, муудалцсанаа ердөө санахгүй байна. Уг нь инээгээд л юм яриад л сууж байсан. Тэгээд л тасарчхаж. ...эмнэлэгт очоод оёдол тавиулаад хүлээн авах тасагт нь дусал, тариа хийлгүүлж хоносон. Өглөө нь сэрэхэд гуай хүлээн авахын сандал дээр сууж байсан. Би түүнийг хараад гэнэт хамт архи ууснаа санаад "та намайг ийм болгосон уу, яагаад намайг хутгалчхав" гэж асуухад тэр "би өөрийгөө хамгаалаад л хутгалчихсан шүү дээ" гэж ярьж байсан. Тэгэхээр юу болсон талаар гэх хүн санаж байгаа гэж бодож байна. Бидэнтэй хамт архинаас уугаагүй, өглөө шар тайлах юм үлдээгээрэй, одоо уухгүй гээд уугаагүй...” гэх мэдүүлэг, хохирогч *******ын “...Хэрэг болдог өдөр ******* гэх залуу бид хоёр хоорондоо маргасан. Тухайн үед би согтуу байсан болохоор яг юунаас болж маргаснаа санахгүй байна. ******* гэх залуу намайг эхлээд нүүрэн тус газарт цохиод авахаар нь толгой манараад тэрнээс цааш юу болсон талаар санахгүй байна. …Би хутгалснаа санахгүй байна. Цохиулсандаа айгаад түүнийг хутгалсан байх...” гэх мэдүүлэг, гэрч “...орой 23:40 цагт 88583393 гэсэн дугаараас над руу залгаад нэг эмэгтэй хүн “Таксины жолооч байна, энэ хүний таксины мөнгийг өгөөрэй” гэж ярихад цаанаас нөхөр маань “Би байна, таксины мөнгө өгчих” гэхээр нь би “ таксины мөнгө өгөхгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Харин хадам ээж ...гарч таксины мөнгө өгч нөхрийг гэртээ оруулаад манайх руу орж ирээд “******* хутгалуулчихсан байна, чи орж хар” гэхэд нь би хадам ээжийн гэр рүү ороход нөхрийн баруун гарын шуу, баруун гарын дунд орчим хутгалчихсан байсан. Хувцас нь нэлэнхийдээ цус болсон байхаар нь цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Нөхөр маань их согтолттой байсан бөгөөд “хэнд хутгалуулсан юм бэ” гэж асуухад “санахгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...орой 18 цаг 30 минутын орчимд өвсөө ачиж дуусгаад тэднийг хүргэж өгөх гэтэл хоёрын хорооны шинэ эмнэлгийн хойд талд буугаад үлдсэн. Миний хувьд 50.000 төгрөг, *******д 100.000 төгрөг өгсөн. ******* нь эхнэрийнх нь данс руу мөнгийг хийлгэсэн. хувьд "50.000 төгрөг өгөөд байхдаа яадаг юм бэ, 50.000 төгрөгөөр өвс ачна гэж юу байдаг юм" гэж уурлаж байсан. Миний хувьд сүүлд ирсэн болохоор нь 50.000 төгрөг өгсөн. ...Тэд хоорондоо маргаж муудалцаагүй. 500 граммын архи уугаад нээх их согтоогүй. Цааш үргэлжлүүлээд биллиард тоглоно гэж ярилцаж байсан. ...Надаас салахдаа ямар нэгэн зодоон цохион болоогүй, зүгээр салцгаасан...” гэх мэдүүлэг, гэрч Н. “...*******, бид 3 үлдээд таксинд сууж яваад ...тэр 2 дэлгүүрт орж нэг шил архи аваад ...би тэр архиных нь мөнгийг эхнэр рүү яриад мобайлдуулсан. Тэгээд би эхнэрийг дуудаад намайг ирээд ав гэхэд ...за за наанаа байж бай гээд ...зам дээр бид хэд хүлээж байгаад манай эхнэрийг ирэхэд нь тэр 2 хойшоо айл руу буулгуулъя гээд нэг цэнхэр пинтэй айлд буугаад үлдсэн. *******, хоёр эрүүл байсан...” гэх мэдүүлэг, гэрч “... ах нэг л татсан, дахиж уугаагүй. ******* ах бид хоёр хувааж уусан. Тэгээд би тасраад унтчихсан байсан. Нэг сэрсэн гадаа унтаж байсан. Тэгээд сэрээд харьсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. ...Намайг байхад зодоон цохион, хэрүүл маргаан болоогүй. Би архи ууж байгаад тасарчихсан байна лээ, нэг сэрсэн гадаа сэрсэн. *******г л хутгалсан байх, тэнд өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ДОР0725/104 тоот “...*******ын биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаагд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ДОР0725/095 тоот “...*******гийн биед умдагт шарх, цус хуралт, шодой, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Умдгийн шарх, цус хуралт, шодой, хуухнагийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарын харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч, хохирогч *******, ******* нар нь хоорондоо эвлэрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд *******, ******* нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч нар нь Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *******д 351,449 төгрөг, хохирогч *******т 35,396 төгрөгийг тус тус зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******гээс даатгуулагч *******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 35,396 төгрөг, *******аас даатгуулагч *******гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 351,449 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гээс даатгуулагч *******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 35,396 төгрөг, *******аас даатгуулагч *******гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 351,449 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА