| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2020/00104/И |
| Дугаар | 130/ШШ2020/00732 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2020/00732
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: У хот, Н дүүрэг, дугаар хороонд оршин суух, Ж овогт Өы Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын дугаар багт оршин суух, Зийн А,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын дугаар багт оршин суух, Нн Б,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын дугаар багт оршин суух, Аийн Д,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын дугаар багт оршин суух, Төлеуханы А нарт тус тус холбогдох холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө, түүний өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ө.Аы хуулийн дагуу эзэмшиж байгаа Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай 400 м.кв талбайтай газарт З.А, Н.Б, А.Д, Т.А нарын хууль бусаар барьсан гараажуудыг албадан нүүлгэж, газраа чөлөөлүүлэх тухай.
Нэхэмжлэгч Ө.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 252 дугаар захирамжаар миний хүү Ө.Ад Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хөгжимт драмын театрын баруун талаас 400 м.кв газрыг 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
Дээрх шийдвэрийн дагуу аймгийн Газрын харилаа, барилга, хот байгуулалтын газраас 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн. Дараа нь Б аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн хавсралтаар миний хүү Ө.Ад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Бидэнд тухайн үед энэ тухай огт мэдэгдээгүй ба 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр энэ талаар сонсож аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Бидний гомдлын дагуу Б аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/425 дугаар захирамжаар Б аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн хавсралтын 21 дэх заалтын Өы Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож түүний газар эзэмших эрхийг сэргээсэн. Энэ хооронд Ө сумын 5 дугаар багийн иргэд З.А, Н.Б, А.Д, Т.А нар нь Ө.Аы эзэмшил газарт ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн автомашины гарааж барьж түүний эзэмших эрхэд халдсан.Бид тухайн хүмүүстэй очиж уулзаж газрыг чөлөөлж өгөхийг хүсэхэд бидний шаардлагыг хүлээж аваагүй. Үүнээс болж Ө.А нь өөрийн эзэмшил газарт хашаа татах, байшин барих зэрэг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Бид энэ асуудлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2017 онд хандахад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай албан бичгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хашаа хайс татаж үйл ажиллагаа явуулахыг зөвлөсөн. Бид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хашаа хайс татаж үйл ажиллагаа явуулах гэхээр тухайн газарт зөвшөөрөлгүй гарааж барьснаас болж эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Ө.Аы эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан З.А, Н.Б, А.Д, Т.А нарын автомашины гараажыг албадан буулгаж эзэмшил газрыг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Ө.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2013 онд миний хүү Ө.Аы нэр дээр аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу Бн Хөгжимт драмын театрын баруун талд 400 м.кв газрын олгосон. Тухайн газарт үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгож дур мэдэн газрын албаны зөвшөөрөлгүйгээр 4 айл гарааж барьсан байна. Одоо миний нэхэмжлэлийн шаардлага бол Ө.Аы эзэмшил газарт З.А, Н.Б, А.Д, Т.А нарын зөвшөөрөлгүй, хууль бус барьсан автомашины гараашуудыг албадан буулгаж, чөлөөлүүлэхийг хүсэж байна гэв.
Хариуцагч А.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Аи овогтой Д. Дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажилладаг. 2009 оноос Ө сумын 5 дугаар багт аймгийн Хөгжимт драмын театрын хойно байрлалтай 20 айлын орон сууцанд амьдардаг. Орон сууцны эргэн тойронд маш олон гараажууд байдаг. 2011 онд манай 20 айлын орон сууцны зүүн талд байрлалтай цуваа гараажуудыг дагуулаад гарааж барьсан. Тухайн үед би гарааж барих газрыг зөвшөөрлөөр эзэмшдэг гэж бодоогүй. Манай орон сууцны эзэмшил газар тул барьж болно гэж ойлгосон. Би гараажыг 2011 онд хүн хөлсөлж материалыг нь худалдаж авч хийлгэсэн. Нийтдээ 1000000 /нэг сая/ төгрөгийн зардал гарсан. 2019 онд гараажын дээвэр унаж 200,0 мянган төгрөгийн засвар хийлгэсэн. Би гараажаа 2011 онд бариулсан. Иргэн Ө.А гарааж баригдсаны дараа газрыг эзэмших гэрчилгээ гаргуулсан байна. Энэ газар бол 20 айлын орон сууцны ногоон байгууламж, хүүхдийн тоглоом барих зориулалттай газар гэж сонссон тул иргэнд эзэмшүүлсэн нь хууль бус байна. Намайг гарааж барих хугацаанд газрын албанаас юм уу захиргаанаас хүн ирж мэдэгдэх хуудас өгөөгүй, энэ газар хэн нэгний эзэмшил газар гэдгийг мэдээгүй юм. Миний гараажыг албадан буулгавал гарааж барихад гарсан зардлыг хэн хариуцах вэ? Иргэн намайг хохироох ёсгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэгч Ө.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.А би Ө.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өы Ө.Аы эзэмшил газарт Т.Аийн барьсан автомашины гараажыг албадан буулгаж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Р.Ө нь аймгийн хөгжим, драмын театрын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж уг газрыг өөрийн хүү Ө.Аы эзэмшилд авсан байх ба энэ талаар Авилгатай тэмцэх газарт зохих журмын дагуу хандаж шийдвэрлүүлэх болно.
2. 2012 онд миний ээж Х овогтой Унь манай гэр бүлийн өмчлөлийн орон сууцны гаднах нийтийн эзэмшлийн талбайд гарааж бариулж, ашиглалтад оруулсан ба баригдаж байх хугацаанд болон түүний дараа хэн нэгэн миний эзэмшил газар гэх асуудал ярьж, шаардлага тавьж байгаагүй байна. Миний хувьд уг гараажыг бариулаагүй учраас энэ хэрэгт хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн гараажыг 3 жилийн өмнө бусдад худалдсан бөгөөд миний ээжийн эзэмшил, өмчлөлд гарааж байхгүй болно.
3. Р.Ө нь өөрийн эзэмшлийн газрыг 2012 оноос эхлэн эзэмшиж байгаад 2013 онд цуцлуулсан, улмаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/425 дугаартай Аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшиж эхэлсэн гэж тайлбарласан байх ба олон жил, сарын дараа цуцлагдсаныг мэдсэн, яагаад Засаг дарга нь 3 жилийн дараа сэргээж байгаа талаар зохих газарт гомдол гаргаж, хууль бусаар газар олгосныг зогсоолгох болно. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 4 жил гаруй хугацаанд яагаад газраа эзэмшиж, ашиглаагүй гэдэг нь тодорхой бус байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасны дагуу Р.Өы Аы газар эзэмших эрхийг гэрчилгээг Аймгийн Засаг дарга цуцлах үндэслэл бүрэн бүрдсэн, газар эзэмших эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна.
4. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/425 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар Ө.А газар эзэмшүүлсэн асуудлыг зохих журмын дагуу тогтоолгож, хүчингүй болгуулах болно.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У хотын Н дүүрэг 2 дугаар хороо 37-37 тоотод оршин суух хаягтай Ж овогт Өы Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Рахым овогтой Өы Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хариуцагч З.А гэх нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Ж овогт Өы Аы эзэмшлийн гэх газарт миний бие гарааж бариагүй ба уг гараажийг 2015 онд иргэн Б.Ууганбаяраас 1500000 төгрөгөөр худалдан авсан.
2. З.А, Н.Б, А.Д, Т.А нартай уулзаж газрыг чөлөөлж өгөхийг хүсэхэд бидний шаардлагыг хүлээж аваагүй гэж нэхэмжлэлд худал бичсэн байна. Газрыг чөлөөлөх тухай хэн нэгэн хүн надад уулзаж шаардлага тавьж байгаагүй ба уг газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулаагүй.
3. Ж овогт Өы Аы эзэмшлийн гэх газар нь 20, 40 айлын орон сууцны ногоон байгууламж барих, хүүхдийн тоглоомын талбай байгуулах зориулалт бүхий нийтийн эзэмшлийн газар юм. Учир нь 2011-2012 онуудад 40 айлын орон сууцны оршин суугчид захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган 3 шатны шүүхээс нийтийн эзэмшлийн газар мөн байна гэж үзэж оршин суугчдын талд шийдвэр гарч байсан.
4. Өмнөх газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийг шүүхээс хүчингүй болгосноос хойш дахин газар эзэмших захирамж гаргуулсан тухай оршин суугчид бид мэдээгүй ба Б аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 252 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.Б нь 1998 оноос 1-40 айлын байр баригдаж, 4 давхарт 2 өрөө байр хувьдаа авсан. Энэ цагаас манай байрны бүх оршин суугчид машины гараажыг байрны СӨХ-ийн хүн болох Х гуайд хүсэлт тавьж, уг гараажийн газрын зөвшөөрөл нийтээр авахад СӨХ-ийн даргын хөөцөлдсөн ажил болгож, уг газарт нийт 9 гарааж барьсан байдаг. Би цаашид газрын тухай маргаан гарлаа гэхэд нөгөө гараажуудыг бүгдийг буулгах нөхцөлд хүлээн зөвшөөрнө. Үүнээс миний гараажийг онцолж буулгах маргааныг зөвшөөрөхгүй гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө нь Ө.Аы хуулийн дагуу эзэмшиж байгаа Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай 400 м.кв талбайтай газарт З.А, Н.Б, А.Д, Т.А нарын хууль бусаар барьсан гараажуудыг албадан нүүлгэж, газраа чөлөөлүүлэхийг хүсжээ.
Хариуцагч З.А, Н.Б, А.Д, Т.А нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбар гаргаж, эс зөвшөөрч маргаж байгаа бөгөөд хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан эрх үүргийг нь танилцуулж, баримтад гарын үсэг зурсан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 252 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Б аймгийн газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, батлагдсан техникийн нөхцөлийн зургийн дагуу Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн Хөгжимт драмын театрын баруун талаас 400 м.кв газрыг Ө сумын 8-р багийн иргэн, БЮ85101718 регистртэй, Ж овогт Өы Ад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ө.Аы хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0390122 дугаартай гэрчилгээнд Ж овогт Ө А-д Б аймаг, Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 252 дугаартай шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 031304319 дугаар бүхий 400 м.кв /га/ газрыг 50 жилийн хугацаатай Ө сумын 5-р баг ХДТ-ын баруун тал-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов гэжээ.
Б аймгийн Засаг даргын дээрх захирамжийг үндэслэн Б аймгийн Газрын албанаас /тухайн үеийн нэр/ 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өы Ад нэгж талбарын 031304319 дугаар бүхий Ө 5-р баг ХДТ-ын баруун талд 400 м.кв газрыг 50 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, мөн өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулжээ.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ө.А нь хуульд заасан журмаар гаргасан аймгийн Засаг даргын захирамж, аймгийн Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-ээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.
Б аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаартай Захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар ... Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин хууль бусаар олгогдсон хавсралтад нэр дурдагдсан 32 иргэн, 13 аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох 37 захирамж, 5 захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцсон байх ба уг захирамжийн хавсралтын 21 дугаарт Ө А БЮ85101718, 2012.04.30. №252. 0390122. 400 гэж бичигдсэн байна.
Нэхэмжлэгч Ө.А нь Б аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаартай захирамжийг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад удаа дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус тус хүсэлт гаргасан байх ба энэхүү хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хяналтын карт нээж, хууль журмын дагуу шийдвэрлэх гэж цохилт хийж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бүртгэл хяналтын картаар нотлогдож байна.
Б аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн А/425 дугаартай Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захирамжаар аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар хавсралтын 21 дэх заалтын Өы Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд тусган бүртгэхийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгосон байна.
Дээрх аймгийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч Ө.Аы газар эзэмших эрхийг нь сэргээсэн байх ба өмнөх газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг нь хүчингүй болгосон ямар нэгэн акт гаргаагүй байна.
Энэхүү байдлаас үзэхэд нэхэмжлэгч Ө.Ад газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээг эзэмшүүлнэ гэж заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ө.Аы эзэмшлийн газрын зарим хэсэгт хариуцагч нар болох З.А, Н.Б, А.Д, Т.А нар нь автомашины гарааж барьсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан байх ба хариуцагч нар нь хуульд заасан үндэслэлээр газар эзэмшсэн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Иймд Ө.Аы хуулийн дагуу эзэмшиж байгаа Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай 400 м.кв талбайтай газарт З.А, Н.Б, А.Д, Т.А нарын хууль бусаар барьсан гараажуудыг албадан нүүлгэж, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй байна.
Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 326 дугаартай Ө сумын иргэн Ө.А танаа гэх албан бичгээр Таны ГХБХБГазарт эзэмшил газраа шинээр өмчлүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг судалж үзлээ. Эзэмшүүлсэн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул өмчлүүлэх шийдвэр гаргах боломжгүй байна. Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хашаа хайс татаж үйл ажиллагаа явуулахыг зөвлөж байна гэж хариу өгч байсан байна.
Хариуцагч З.Аын хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 32/23/518 дугаартай дүгнэлт, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 8/473 дугаартай Иргэдээс гаргасан гомдлын талаар гэх албан бичиг зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч Ө.Аы эзэмшил газраас албадан нүүлгэх, газраа чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна.
Хариуцагчид З.А, Н.Б, А.Д, Т.А, хариуцагч Т.Аийн өмгөөлөгч К.Ж нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ирцийн талаар тодруулахад ... хариуцагч нарыг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэснээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг тус тус баримтлан Ө.Аы хуулийн дагуу эзэмшиж байгаа Б аймгийн Ө сумын 5-р багт байршилтай 400 м.кв талбайтай газарт З.А, Н.Б, А.Д, Т.А нарын хууль бусаар барьсан гараажуудыг албадан нүүлгэж, хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.А, Н.Б, А.Д, Т.А нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН