Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/423

 

 

 

                 

 

                                   

 

      

 

 

   2025          06          09                                         2025/ШЦТ/423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө,

улсын яллагч Д.Р /цахим/,

шүүгдэгч Б.О /биечлэн/, түүний өмгөөлөгч Б.Ч ҮД:0000 /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, Б аймгийн О суманд тариалангийн талбайн сахиул ажилтай, ам бүл-2, хүүхдийн хамт О аймгийн Б сумын Г 00 дүгээр баг, И-н 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух хаягтай боловч Б аймгийн О сумын М багт түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 00 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Б-н О /РД:0000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2025 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн хүлээлгийн танхимд хохирогч Л.Э-ыг унтаж байхад нь халааснаас нь түүний эзэмшлийн Самсунг А14 загварын гар утсыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч 320,000 төгрөгийн хохирол учруулж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2003 онд ханиа алдсанаас хойш жаахан уудаг болсон, үүнээсээ болж хэрэгт холбогдлоо. Би их гэмшиж байна. Прокурортой сайн дураараа ял тохирч хэргээ хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхээр болсон. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.

 

2. Хохирогч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2025 оны 04 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорноговь аймгаас Улаанбаатар хотод ирээд ...Драгон үйлчилгээний төвд буусан... хүлээлгийн танхимд нойр авчихаад маргааш өглөө нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө гэр болох Баянхонгор аймаг руу явах гэж байсан юм. Гэтэл 2025 оны 04 дүгээр сарын 17-с 18-нд шилжих шөнө би хүлээлгийн сандал дээр сууж байтал тухайн газрын хамгаалагч гэх хүн согтуу хүмүүсийг гаргаж байсан. Тэгээд миний хажууд байсан үл таних 2 залууг харахад эрүүл юм шиг байсан хэрнээ архи үнэртээд байсан. Хамгаалагч тухайн хоёр хүнийг гадагш гаргаагүй, тэгээд ариун цэврийн өрөө орчихоод буцаж ирээд сууж байгаад 03 цаг орчимд нойр хүрээд унтах гээд сандал дээр цүнхээ дэрлээд хэвтсэн. Тэгээд 05 цагийн орчим сэрээд халааснаасаа утсаа авах гэтэл байгаагүй. Тэгээд би утсаа хайгаад хүмүүсээс асууж сураглахад хажууд байсан үл таних эмэгтэй чиний хажууд сууж байсан 2 залуу чамайг сэрэхээс өмнө гараад явсан гэж хэлсэн. Би тухайн 2 хүнийг авсан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

3. Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:......Би 2025 оны 04 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Улаанбаатар хотод ирээд Драгон төвийн хүлээлгийн танхимд хотын төвийн шугамын автобус эхлэхийг хүлээж  байхад миний хажуу талд үл таних эрэгтэй хүн сандлын баруун хэсэгтээ цүнхээ дэрлээд унтаж байсан. Түүний гар утас халааснаас нь цухуйж харагдахаар нь гар утсыг нь нууцаар авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

4. Иргэн Л.Э-оос СХДЦГ-ын гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

5. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

6. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 хуудас/,

 

7. 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Б.О-өөс хохирогчийн гар утас болох Самсунг А14 загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

8. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Л.Э-д өөрийнх нь гар утас болох Самсунг А14 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

9. Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-н 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний ...Samsung A/14 гар утас, нийт хохирлын дүн нь 320,000 /гурван зуун хорин мянган төгрөг/-өөр тогтоож байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Шүүгдэгч Б.О нь хохирогч Л.Э-д учирсан хохирол болох 320,000 /гурван зуун хорин мянган төгрөг/-өөр үнэлэгдсэн Samsung A/14 гар утсыг буцааж өгсөн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хүрээ хязгаарыг Булган аймгийн Орхон сумын нутгаар тогтоох санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар камерын бичлэг бүхий 1 ширхэг CD хураагдсан ба битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн О /РД:0000000000/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 6 /зургаа/ сарын хугацаагаар Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хамт хадгалсугай.

5. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.МӨНХБАЯР