| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0474/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/432 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/432
2025 06 10 2025/ШЦТ/432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө,
улсын яллагч Э.Б /биечлэн/,
шүүгдэгч Х.Н /биечлэн/, түүний өмгөөлөгч Л.Н ҮД:0000 /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Н-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, А 3-р курсийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, 3 дүүгийн хамт С аймгийн М сумын 0-р баг, Түнхэл тосгонд оршин суух бүртгэлтэй, Б дүүргийн 00 дүгээр хороо, 00-000 тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овогт Х-ийн Н /РД:0000000000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.Н нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1-р 40 мянгатын 0 дугаар байр 0 тоотод байрлах CU сүлжээ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тухайн дэлгүүрийн бэлэн мөнгөний сейфээс 476.000 төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмч адил захиран зарцуулж “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
1. Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би оюутан мөнгө олох гээд буруу зүйл хийлээ. Хэргээ сайн дураараа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан...” гэв.
2. О.Э-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, CU сүлжээ дэлгүүрт менежерээр ажиллаж байгаа ... 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүрийн бэлэн мөнгөний орлогыг тулгахад дутсан учир сүүлийн 4 өдрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилласан Х.Н гэх ажилчин кассын доор байсан сейфнээс бэлэн мөнгө авч байгаа мэт дүрс бичлэг байхаар нь Н-д хэлэхэд Н би мөнгө аваагүй, задгай мөнгө хайж байсан гэж хэлсэн. ...Манай дэлгүүр өглөөний 07 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажилладаг бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үдээс өмнө Н, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Н, Х нар ажилласан. ...2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бэлэн мөнгөний орлогоо бүрэн тушааснаасаа хойш өчигдрийг хүртэлх дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Н-с өөр ажилчин сейфээс бэлэн мөнгө авч байгаа мэт дүрс бичлэг байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
3. Мөн О.Э-н 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Н манай дэлгүүрт 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж ажиллаж байгаа. Н-ыг манай дэлгүүр ажилд орсноос хойш гэрээ байгуулах ёстой байсан боловч миний ажил амжихгүй явсаар байгаад одоог хүртэл гэрээ байгуулсан зүйл байхгүй байгаа. 2025 оны 03 дугаар сарын 22-ны өглөөний 07 цагаас хойш 11 цаг хүртэл Н ганцаараа ажиллаж байсан. Манай дэлгүүрийн сейф кассынхаа доод хэсэгт байрладаг ба өдөр нь ажилласан ажилчид орой нь дэлгүүрийнхээ бэлэн мөнгөний орлого, гар утас зэргийг сейф рүү хийгээд явдаг ба бүх ажилчид сейфийн кодыг мэддэг юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
4. Яллагдагч Х.Н-ын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, CU 000 дугаар салбарт 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагийн ажилтнаар ажиллаж байсан. Тухайн газарт ажиллаж байхдаа ямар нэгэн гэрээ байгууллаагүй, 7 хоногтоо 1 удаа цалин авдаг. 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байхдаа кассны доод талд байдаг сейфийг түлхүүрээр нь нээж онгойлгоод бэлнээр 476.000 төгрөгийг авчихсан. ...Би өөрийнхөө хохирлыг бүрэн барагдуулж дуусгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
5. Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-2-р хуудас),
6. Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр 0 дугаар байр 0 тоотод байрлах CU сүлжээ дэлгүүрийн 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24-р хуудас/,
7. Хаан банкны 0000000000 тоот дансны хуулга /хх-ийн 26-30-р хуудас/,
8. Хохирогч О.Э-т хэргийн материал танилцуулах гэж мэдэгдэхэд санал гомдол байхгүй гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруу тогтоогдов.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Х.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Х.Н нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Х-ийн Н /РД:0000000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР