| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1477 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1477
2025 06 02 2025/ШЦТ/1477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч Б.Б,
шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарыг оролцуулан,
Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г-д холбогдох эрүүгийн “*******” дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
О.Г-д
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г нь Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, * төвийн баруун замд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг 55 минутын орчимд “Toyota Prius” маркийн *-**улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 1.3. (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч Б.Б-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч О.Г нь Баянзүрх дүүргийн *дүгээр хороо, Нямьянжугийн гудамж “Centrall mall” төвийн баруун замд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг 55 минутын орчимд “Toyota Prius” маркийн *-*УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 1.3. (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч Б.Балжиннямын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт "...асфалтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, явган хүний замтай, 4 эгнээ. хашлагатай, хайсгүй зам байв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3-6, 8-9 дүгээр тал/,
Жолоочийн согтуурал шалгасан баталгаажуулалтын маягт /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би тухайн өдрийн орой 23 цагийн орчимд өөрийн эзэмшлийн “Kawasaki” маркийн *-*УБ дугаартай мотоциклыг жолоодоод “*” төвөөс Дэнжийн мянгад байх гэр рүүгээ харихаар явсан. Ингээд халдвартын баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээг голлоод 40 км цагийн хурдтай явж байхад замын ертөнцийн зүгээр баруун талаас нэг машин урдуур ороод ирсэн. Би тэр машиныг хараад тоормос гишгэхтэй зэрэгцээд машины баруун хойд хэсгийг мотоциклын урд дугуй хэсгээр мөргөөд онхолдсон. Ослын дараа ойрхон түргэний машин зогсож байсан ба ирээд намайг эмч нь үзээд аваад явсан. Би ослын улмаас ажилгүй байгаа. Сард 3,000,000 төгрөгийн цалинтай ажилладаг болохоор ажилгүй байсан өдрийн цалин, мөн эрүүл мэндтэй холбоотой гарсан хохирлын зардлыг, мөн мотоциклд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би “Toyota Prius” маркийн *-**улсын дугаартай автомашиныг 2023 оны 12 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэйгээр зээлээр худалдан авч байсан ба миний эзэмшлийн автомашин байгаа юм. Осол хэрхэн яаж болсныг би хараагүй бөгөөд тухайн өдөр манай эхнэр миний машиныг жолоодоод байгууллагынхаа ажил, арга хэмжээнд оролцочхоод орой нь тарахдаа над руу чат бичээд “Би өөрөө бариад явчих уу? 1 стакан коктейль уусан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Дуудлагын жолооч дуудаад явчих” гэж хэлээд нүүр хуудаснаасаа “**” нэртэй дуудлагын жолоочийн газрын утасны дугаарыг өгсөн. Тэгээд эхнэр О.О дуудлагын жолооч дуудаад харих замдаа жолооч нь мотоциклтой мөргөлдсөн талаар надад хэлсэн. Тэгээд би “Дуудлага өгөөрэй” гэж хэлсэн. Би автомашины эвдрэл хохирлыг мөн журмын хашаанд байсан зогсоолын төлбөрийг нэхэмжилнэ. Манай эхнэр тухайн үед автомашин жолоодох боломжгүй байсан учир дуудлагын жолооч дуудсан. Тийм болохоор би биш буруутай дуудлагын жолооч бусдад учирсан хохирлыг төлөх үүргээ хүлээнэ гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-59 дүгээр тал/,
Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би тухайн өдөр байгууллагын үйл ажиллагаанд оролцоод 1 стакан коктейль уусан. Тэгээд орой 23 цаг өнгөрөөгөөд үйл ажиллагаа тарсан. Би тухайн үед нөхрийн эзэмшлийн боловч банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг “Toyota Prius” маркийн *-**улсын дугаартай автомашинтайгаа явсан бөгөөд машинаа зогсоолд байрлуулсан байсан. Тэгээд өөрөө коктейль уучихсан юм чинь машин жолоодож болохгүй байх гэж бодоод фейсбүүк зар дээрээс дуудлагын жолоочийн дугаар аваад, жолооч дуудсан. Манай ажлын үйл ажиллагаа “*”-ын зам дагуу байдаг “**” нэртэй ресторанд болсон ба би машинаа “*” төвийн урд талын авто зогсоолд байрлуулсан байсан. Дуудлагын жолооч 30 орчим минутын дараа ирсэн. Жолооч гэх залуу 20-25 орчим насны хүн байсан. Тэгээд дуудлагын жолооч машин жолоодоод би урд зорчигчийн суудал дээр суугаад “Шар хадны эцэс”-т гэр рүүгээ харихаар хөдөлсөн. Тэгэхэд жолооч залуу “Centrall mall” төвийн зүүн талын зам руу нийлэх үедээ үргэлжилсэн хос шугам даваад эргэх үйлдэл хийсэн. Тэгэхэд машины баруун хойд хэсэгт юм мөргөх чимээ гараад жолооч машинаа зогсоосон. Би гар утсаар оролдож явсан болохоор юу болсныг мэдээгүй. Цонхоо буулгаад харахад машины баруун талд мотоциклтой хүн унасан байсан. Тэр үед би мотоциклтой жолоочтой мөргөлдсөн байна гэж мэдсэн. Ослын дараагаар түргэний машин шууд ирээд мотоциклын жолоочийг аваад явсан. Дараа нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хийгээд машин ачуулаад явсан. Ослын улмаас миний биед хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 7,121,260 /долоон сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун жар/ төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь * дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх /хавтаст хэргийн 67-69 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *дугаартай “...Б.Б-ын биед зүүн тойг ясны хугарал, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 2-р хуруунд няцарсан шарх, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн *дугаартай “...*-*УБ үнэлгээгээр тогтоосон дүн 5,270,000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 108-109 дүгээр тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн *дугаартай “...*-*УАМ үнэлгээгээр тогтоосон дүн 1,442,500 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 126-127 дугаар тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1995 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 132-134 дүгээр тал/,
Иргэний хариуцагч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...”*ХХК” нь би өөрийн нэр дээрээ үүсгэсэн компани байгаа юм. Одоогоор яг тогтсон үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Харин би хувиараа “”**дуудлагын жолоочийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ажилд орох хүмүүсийг “*ХХК”-ны нэр дээр анкет бөглүүлж гэрээ байгуулан явдаг. О.Г* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай байгууллагад ажилд орохоор анкет бөглөж цагийн ажпын гэрээ байгуулсан байдаг юм билээ. Тэгээд удаагүй ажлаа хаяад явсан байсан. Осол хэрхэн яаж болсон талаар би мэдэхгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр саяхан мэдсэн. Манайхаас фейсбүүк групп пэйжүүдээр пост мэдээлэл оруулж, түүний дагуу дуудлага ирсэнийг хүлээн авч ажилладаг Иргэний хуулийн заалтыг ойлгосон хэдий ч ажилтан О.Г* нь цагийн ажлын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, манай байгууллагад ажиллаад 3 дахь өдрөө осол гаргасан юм байна. Тэгээд ослын талаар байгууллагын ажилтан нарт мэдэгдээгүй шууд ажлаа хаяад явсан. Мөн гэрээний заалтад бусдад учирсан хохирлыг жолооч өөрөө хариуцна гэж заасан байгаа тул болсон гэх зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг жолооч О.Г* өөрөө хариуцна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182 дугаар тал/,
хохирогч Б.Б* шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед эмнэлгээр яваад зураг авхуулсан. Энэ гэмт хэргээс болж миний чагтан холбоос тасарсан байна гэсэн. “Топаз” гэх хувийн эмнэлэгт хагалгаанд орсон. Одоо шүүгдэгч О.Г-аас мотоциклд учирсан хохирол, сэтгэл санааны хохирол, ажилгүй байх үеийн цалин, эмчилгээний зардал зэргийг нэхэмжилж байна...” гэх,
шүүгдэгч О.Г* шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад нотлох баримтууд шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Мотоциклын жолооч Б.Б-ыг мөргөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргийг биелүүлэх, хориглосон үйлдлийг хийхгүй байх, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул өөрийн үйлдэлд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан байна.
Шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-аас нийт 15,701,260 төгрөгийг гаргуулж, үүнээс:
- Хохирогч Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосны дагуу 8,580,000 төгрөгийг,
- Эрүүл мэндийн даатгалын санд 7,121,260 төгрөгийг тус тус олгуулж, хохирогч Б.Б* нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм хорын хохиролоо Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
иргэний хариуцагч Э.А-аас 7,077,500 төгрөгийг гаргуулж, үүнээс:
- Хохирогч Б-ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5,270,000 төгрөгийг,
- Иргэний нэхэмжлэгч Б--д тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 1,442,500 төгрөг, тээврийн хэрэгслийг ачсан зардал болох 365,000 төгрөгийг тус тус олгуулж, дээрх хохирлын дүн болох 7,077,500 төгрөгийг иргэний хариуцагч Э.А* нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Г-аас Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан.
Эрүүгийн эрх зүйд аливаа материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд хохирол, хор уршиг нь хүний эрүүл мэнд, эд хөрөнгө зэрэгт учирсан хохирлын хэмжээгээр тодорхойлогдон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэнэ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй) нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдаж хохирол учруулсан хор уршиг бий болгосон эсэхэд шалтгаант холбооны онолын хүрээнд тайлбар өгч гэмт хэргийн объектив шинжид дүгнэлт өгдөг.
Хохирогч Б.Б* иргэний нэхэмжлэгч Б.Т* нарын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Ганбатын шууд үйлдлийн үр дагавар болсон байх тул энэ үйлдлийн улмаас үүссэн хохирол, хор уршгийг тухайн хохирол хор уршиг учруулсан этгээд мөн иргэний хариуцагч Э.А* нар хариуцах үүргийг хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч О.Г-аас нийт 15,701,260 төгрөгийг гаргуулж, үүнээс:
-Хохирогч Б-д 8,580,000 төгрөгийг,
-Эрүүл мэндийн даатгалын санд 7,121,260 төгрөгийг тус тус,
иргэний хариуцагч Э.А-аас 7,077,500 төгрөгийг гаргуулж, үүнээс:
-Хохирогч Б-д 5,270,000 төгрөгийг,
-Иргэний нэхэмжлэгч Б-д 1,807,500 төгрөгийг тус тус олгуулсугай.
7. Хохирогч Б.Б- нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг, иргэний хариуцагч Э.А- нь 7,077,500 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Г-аас Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД