2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1452

 

 

 

 

2025           05            29                                        2025/ШЦТ/1452 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа, Б.Бумчимэг,

Улсын яллагч О.Даваахүү,

Хохирогч: Д.Г , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч: Б.Б  түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2409038****** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ****-н 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4 ээж 2 эгчийн хамт, **** тоотод оршин суух хаягтай боловч **** тоот түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б /РД:**** /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***  зочид буудлын урд талын явган хүний зам дээр Б-тэй тухайн үед үүсэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, тэднийг салгах гэж очсон хохирогч Д.Г-гын зүүн нүд хэсэгт нь гараараа хоёр удаа цохиж хохирогч Д.Г-гын эрүүл мэндэд Зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхины шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Б.Б  нь “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***  зочид буудлын урд талын явган хүний зам дээр Б-тэй тухайн үед үүсэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, тэднийг салгах гэж очсон хохирогч Д.Г-гын зүүн нүд хэсэгт нь гараараа хоёр удаа цохиж хохирогч Д.Г-гын эрүүл мэндэд Зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхины шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.Г-гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой 20 цаг өнгөрч байхад найзууд болох Б-, Э, Т, А нарын хамт үед *** баар луу орсон. ... Баарнаас гараад ***  зочид буудлын хажууд явж байтал 180 орчим см орчим өндөртэй, цайвар өнгийн хувцастай халимаг үстэй, миний насны орчим харагдсан бөгөөд тэр залуу надаас тамхи байна уу гэж асуусан, тэгэхэд нь би "байхгүй ээ, тамхи татдаггүй ээ" гэж хариулахад нөгөө залуу өнгөрөөд явсан. Намайг эргээд харахад манай найз Б-тэй заамдалцсан байсан ба би салгахаар очтол тэр залуу манай найзын дух руу нэг удаа мөргөж, нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэр үед Б- газар унасан. Тэгэхээр нь би манай найзыг яаж байна гээд цохих гэсэн боловч оноогүй. Тэгтэл тэр залуу над руу дайрч, би хойшоо ухарсан. Тэгтэл над руу дайрч ирээд миний зүүн талын нүд рүү нэг удаа цохиход миний нүдний шил хагарсан. Тэгээд дахин зүүн талын нүдрүү цохиход шилний хэлтэрхий зүүн нүдний доод зовхинд шигдсэн байсан. Би ухаан балартаад унасан. Манай найз Эрдэнэпил цагдаа дуудсан...", "... Тухайн залуу миний зүүн нүд рүү 2 удаа цохисон. Өөр ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл байхгүй...", "...Миний зүүн нүдний дотор болон доод ухархайн яс хугарсан, доод зовхи язарсан, нүдэн дотор харвалт өгч цус хурсан. Тэр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас),

Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г, Б, А, Т нарын хамт 02 цагийн орчим *** бааранд орсон. “...Бид нар 03 цаг 30 минутын орчим баарнаас гараад баарны үүдэнд 5 минут орчим ярилцаж зогсож байгаад төв зам руу гарсан. А, Т хоёр түрүүлээд зам хөндлөн гараад явсан. Г, Б- бид 3 ***  зочид буудлын урдуур явган хүний замаар алхаж байтал саарал өнгийн малгайтай, баруун энгэр хэсэгтээ Nike брэндийн хар өнгийн логотой цамц өмссөн хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, цагаан алаг өнгийн пүүзтэй үл таних эрэгтэй ганцаараа явж байгаад Г-гын хажуугаар зүгээр зөрж өнгөрөөд надаас “Тамхи байна уу” гэж асуусан. Тэгэхэд нь би “тамхи татдаггүй” гэж хариултал тэр залуу зөрөхдөө зориудаар мөрлөж зөрсөн. Тэгээд миний ард явж байсан Б- тэр залууг “яагаад байгаа юм бэ” гээд цээж хэсэг рүү нэг түлхсэн. Тэгэхэд тэр залуу Б-ийн нүүр тус газар гараapaa нэг удаа цохисон. Тэр үед Б-ийн нүдний шил газар унасан, Б- тэр залууг цохих гэж оролдсон боловч тэр залуу түүнийг түлхээд унагачихсан. Тэр үед Г-га салгах гэж очтол тэр залуу Г-гын нүүр рүү гараараа нэг удаа цохиход Г-га хойшоо ухарсан. Гэтэл тэр залуу Г-гын хойноос гараа савчаад хөөсөн. Тэгэхдээ Г-гын нүд хэсэг рүү нь цохихдоо нүдний шилийг нь оносон бөгөөд нүдний шил нь хагарч нүднээс нь цус гараад эхэлсэн. Тэр үед бид нар тэр залууг салгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон...", "...Үйл явдал хурдан болж өнгөрсөн тул А, Т 2 хараагүй. Үйл явдал болсны дараа тэр 2 ирсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас),

 

Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 21-23-р хуудас),

Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 24-28-р хуудас),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14874 дугаартай “...1.Б.Б ийн биед баруун ташаа, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх- ийн 42-43-р хуудас),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай “...1.Д.Г-гын биед нэмэлт шинжилгээгээр зүүн нүдний хүүхэн хараа агших тэлэгч булчин урагдал /сфинктер булчин/, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхины шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.6. Дээрх зүүн нүдний хүүхэн хараа агших тэлэгч булчин урагдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхины шарх гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.5. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-49-р хуудас),

 

Хохирогч Д.Г-с хэргийн материалд хавсаргуулахаар ирүүлсэн Мэс ажилбар хийлгэсэн тухай баримт, эмчийн үзлэг болон оношилгооны талаарх баримт (хх-ийн 54-70-р хуудас),

Хохирогч Д.Г-с хэргийн материалд хавсаргуулахаар ирүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой төлбөрийн баримтууд (хх-ийн 80-82-р хуудас),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 420 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон талаарх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 85-87-р хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д-н Г-га нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 227,594 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг тус хэргийн яллагдагчаар гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000*****  дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 126-р хуудас),

 

Хохирогч Д.Г-гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх хагалгаанд ороход 3,400,000-4,000,000 төгрөгийн хооронд хэмжээний л мөнгө өгсөн яг нарийн сайн мэдэхгүй байна. Одоо дахиж хагалгаанд орж эмчилгээ хийлгэхэд ... Клиник эмнэлэг нь 6,880,000 төгрөг болно гэсэн баримт нь байгаа мөн 2024.11.09-ны өдрөөс 2025.01.16-ны өдрийн хооронд би ажлаа хийж чадаагүй бөгөөд олох боломжтой байсан мөнгөө 2025-01-16-ны өдрөөс 2025.04.09-ний өдрийн хооронд дахь дансны хуулгаа үзэхэд 45,000,000 төгрөгийн орлого олсон байх тул ажилгүй байсан 2 сарын хугацаанд ойролцоогоор багаар бодоход 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. тэгэхээр нийт 26,880,000 төгрөгийн нэхэмжилж байна..” гэх дахин мэдүүлэг (хх-ийн 128-р хуудас) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай дүгнэлтээр Д.Г-гын биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцох нь зүйтэй.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.128.829 төгрөгийг баримтаар нэхэмжилж, мөн эрүүл мэндийн даатгалын санд 227.594 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч нь 1.128.829 төгрөгийг шүүгдэгчид төлж барагдуулсан байна.

Мөн хохирогч түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сорви арилгах лазер эмчилгээнд орох 6.880.000 төгрөг, олох ёстой байсан орлого 20.000.000 төгрөг буюу нийт 26.880.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ. 

Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 123 дугаартай дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарах болохыг тогтоожээ.

Хуульзүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг баталсан ба  гуравдугаар зэрэглэлд хамаарах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор зохицуулсан.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 5.940.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б оос гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б оос баримтаар нэхэмжилсэн 1.128.829 төгрөг, сорви арилгах лазер эмчилгээнд орох 6.880.000 төгрөг,  сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 5.940.000 төгрөг, нийт 13.948.829 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэснээс хохирогчид 7.100.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Б.Б оос 6.848.829 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г д,  227.594 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэсэн болно.

Харин хохирогч түүний өмгөөлөгч нараас олох ёстой байсан орлого зэргийг нэхэмжилж байна гэх боловч хохирогч нь холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул гаргуулах боломжгүй байна гэж үзсэн болно.

Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Б оос 6.848.829 /зургаан сая найман зуун дөчин найман мянга найман зуун хорин ес/  төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г д олгож, 227.594 /хоёр зуун хорин долоон мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТҮВШИНТӨГС