Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00064

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн Э.Цэнгүүн,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Э.Атарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0058/Э индекстэй, 201706000089 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хүрхүүд ургийн овогт Эрдэнэбилэгийн Атарбаяр /РД:ГЙ79110615/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Атарбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутагт хохирогч Я.Баяраатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Я.Баяраагийн жолоодож явсан 42-63 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Атарбаярын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
201706000089 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч Э.Атарбаярын сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гараад малдаа өвс өгөх гэж байхад Баяраагийн машин манай урдуур гараад явж байсан. Би уулзахаар машиных нь урдуур ороод зогсоосон. Өмнө нь 2010 онд миний цүнхийг алга болгосон асуудлаас болоод Баяраагаас хохирлоо барагдуулах талаар уулзахад надад төлж өгч чадахгүй гээд зугтаах гэхээр нь миний уур хүрээд нэг удаа гараараа шанаа руу нь цохиж, нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд машин нь ухас хийгээд хөдлөхөөр нь өшиглөхөд зогссон. Тэгэхээр нь гараараа урд салхины шил рүү нь цохьсон. Энэ үед машин хөдлөөд явсан. Салхины шил хагарч цуурсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Миний буруутай үйлдлийн улмаас Баяраагийн бие махбодь болон эд хөрөнгөд гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 39,40 тал/, Хохирогч Я.Баяраагийн ... Би 2017 оны 03 сарын 26-ны өдөр Тэшиг сумаас Эрдэнэт орох санаатай өөрийнхөө 42-63 ОРО улсын дугаартай шаргал өнгийн аванте маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөө Атарбаярын гэрийн урдуур явж байтал Атарбаяр нь миний машины урдуур морьтой орж гараа өргөж зогсоогоод надаас олон жилийн өмнө алга болсон цүнхээ нэхээд төлж өг гээд байхаар нь би төлж чадахгүй гэж хэлэхэд намайг гараараа миний уруул хэсэг рүү цохиод миний эрүү рүү хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгэхээр нь би шууд машинаа хөдөлгөөд явах гэтэл миний машины урдуур орж гараараа машины урд шилийг цохиж хагалсан.Би тэр чигтэй яваад Эрдэнэт орсон замдаа цагдаа таараад намайг хагархай шилтэй байж байна гээд 24000 төгрөгийн торгууль тавьсан. Тухайн өглөө 07 цаг өнгөрч байсан байх.Эрт байсан Атарбаяр нь эрүүл байсан Би төрсөн эгч Батчулуун урд суудал дээр, эгчийн бэр охин Минжмаа гэдэг хүүхэн хойд суудал дээр Байгаль гэдэг замаас айлаас суусан, бас нэг хүүхэн хойд суудал дээр сууж явсан. Өөр хүн байгаагүй. Миний толгой өвдөж байгаа, хөдөлж байсан шүд арай гайгүй болсон, хиймэл шүд маань дахиж ашиглах боломжгүй болсон, өөр бусад биеийн хэсэг зүгээр байгаа. Машины шил солихгүй бол болохгүй болсон. Би одоо шүдээ хийлгэх, машиныхаа шилийг солиулах шаардлагатай байна.Өөр санал хүсэлт алга байна миний энэ хохирлыг барагдуулж өгөхгүй бол гомдолтой байна.
... Миний толгой өвдөөд байсан бариачид бариулаад одоо арай гайгүй болсон. Атарбаяр надад миний машины шилний мөнгө болох 120.000 төгрөг өгсөн. Өөр надад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй. Би хэдэн онд гэдгийг санахгүй байгаа юмаа. Шинэ жилийн өмнөхөн байсан Атарбаяр нь том хар цүнхтэй явж байсан. Дотор нь юу байсан гэдгийг нь мэдэхгүй Атарбаяр нь дотор нь юу байгаа талаар надад хэлээгүй. Би машин дээрээ сайн л даруулж хүлсэн Хужиртад очиход алга болсон байсан юмаа. Тэгээд эргэж мотоцикль морьтой явж хайгаад олоогүй. ... Би одоо шүдээ янзлуулчихмаар байна. Би нэг шүдний эмнэлэг орж асуухад таны энэ унасан шиг хийвэл 600.000 төгрөг болох байх гэж байсан. Өөр эмнэлэг орж асуугаагүй ямарч байсан хуучин шүд шигээ шүд хийлгэж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21-р хуудас / Гэрч Ц.Минжмаагийн ... Баяраа ахын машинд дайгдаад явж байтал танихгүй морьтой залуу зогсоогоод Баяраа ах тэр хүнтэй хаалгаа онгойлгоод юм ярьж байсан. Одоо байхгүй гэж Баяраа ах хэлж байсныг сонссон. Юу яриад байгааг нь ойлгоогүй. Тэгээд гэнэт морьтой ирсэн залуу морио хөтөлсөн зогсож байснаа гараараа Баяраа ахын нүүр лүү цохиод авсан. Тэгснээ Баяраа ах машинаа хаазлаад явах гэсэн чинь хөлөөрөө нэг өшиглөөд авсан, тэгээд машины урдуур ороод гараараа машины урд шилийг цохиод хагалчихсан. ТэгээД Баяраа ах машинаа хаазлаад яваад өгсөн. Би хойд талын жолоочийн эсрэг талд нь сууж явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 22-р хуудас / Гэрч Я.Батчулууны ... 2017 оны 03 сарын 26-ны өглөө 07 цагийн үед манай дүү Баяраа манайхаар ирж намайг аваад Эрдэнэт хамт явсан юмаа. Манайхаас хөдлөөд явж байтал Атарбаяр гэдэг залуу гэрээсээ морьтой бид нарын замыг тосоод зогсоосон. Тэгээд мориноосоо бууж ирээд Баяраатай юм ярьж байснаа Баяраагийн нүүр лүү гараараа цохиод хөлөөрөө нэг өшиглөх шиг болсон.Би яаж байнаа гээд буух гээд хаалгаа онгойлгох гэж байгаад сайн харж чадаагүй юмаа. Тэгэхэд Баяраа машинаа хаазлаад явах гэтэл машины урд шилийг нь гараараа цохиод хагалчихсан би бууж амжаагүй байтал Баяраа шууд машинаа хаазлаад зугатаагаад явсан. Ийм л зүйл болсон. гэх мэдүүлэг / хх-ийн 23-р хуудас /
Гэрч Г.Бат-Эрдэнийн ... 2017 оны 03 сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын Зоон давааны постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр зам дээр шалгалт хийж ажилласан ба 42-63 ОРО улсын дугаартай шаргал өнгийн аванте маркийн тээврийн хэрэгслийг шалгасан уг тээврийн хэрэгсэл нь урд салхины шил нь хагарсан байдалтай байсан. Тэгэхээр ЗХАБТХ-ийн 32.1 дэх хэсэгт зааснаар бүрэн бус тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон гэдэг үндэслэлээр 24.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан. Жолооч нь Я.Баяраа гэдэг байсан би өөрийн зөрчлийн дэвтэр дээрээ бүртгэж авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 26-р хуудас /
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаартай
1. Я.Баяраагийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг гарах тухай цаг үед үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 33 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 06-09 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 15 тал/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 16-18 тал/, “Найдвар Од Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 29 тал/, шүүгдэгч Э.Атарбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 66-69/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогоосон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Атарбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутагт хохирогч Я.Баяраатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Я.Баяраагийн жолоодож явсан 42-63 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн үйл баримт болжээ. Энэ үйл баримт нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ц.Минжмаа, Я. Батчулуун нарын ... Атарбаяр нь морио хөтөлсөн зогсож байснаа гараараа Баяраа ахын нүүр лүү цохиод авсан. Тэгснээ Баяраа ах машинаа хаазлаад явах гэсэн чинь хөлөөрөө нэг өшиглөөд авсан, тэгээд машины урдуур ороод гараараа машины урд шилийг цохиод хагалчихсан гэх мэдүүлэг, гэрч Г.Бат-Эрдэнийн өгсөн …42-63 ОРО улсын дугаартай шаргал өнгийн аванте маркийн тээврийн хэрэгслийг шалгасан уг тээврийн хэрэгсэл нь урд салхины шил нь хагарсан байдалтай байсан гэх мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн… Я.Баяраагийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, шүдний ганхалт гэмтэл тогтоогдсон талаарх 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.Атарбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн ....Миний буруутай үйлдлийн улмаас Баяраагийн биемахбодь болон эд хөрөнгөд гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид гаргасан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Атарбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Атарбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Баяраагийн биед хөнгөн гэмтэл , эд хөрөнгөнд 120000 төгрөг учирсан байх ба эд хөрөнгийн хохирлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогоогдож байна. Харин хиймэл 1 ширхэг шүд хийлгэхэд гарах зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй нь энэ хэрэгтээ хохиролыг хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Э. Атарбаяр нь гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлын нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Атарбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Э.Атарбаяр нь цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хиймэл шүд 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар рентген зурагийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хүрхүүд ургийн овогт Эрдэнэбилэгийн Атарбаярыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Э.Атарбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 /нэг/ сар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 /нэг/ жил, 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 5 /тав/ сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Үүрдмандахад оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Атарбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.Баяраа нь 1 ширхэг хиймэл шүд хийлгэхэд гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хиймэл шүд 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар рентген зурагийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Атарбаярт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Атарбаярт авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ