Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/357

 

2021           4               8                                       2021/ДШМ/357                                        

                                                                                                            

 

Г.Хад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч О.Санчирбал,

хохирогч зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 404 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Г.Хад холбогдох эрүүгийн 2003004910464 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овогт Г.Х, 1994 оны 5 дугаар
сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд
боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид жолооч
ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт

 

Шүүгдэгч Х нь 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 18 цагийн
үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сайншанд
хэсгийн 7 дугаар километрийн 3 дугаар зуутад байрлах төмөр замын гарам бүхий
замд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн эзэмшлийн Футан /Futon/ маркийн 17-67ЦАБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг
жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.3-т заасан “Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал” мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио /хонх/ ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно” 17.4-т “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно” мөн дүрмийн 1 дүгээр хавсралт анхааруулах тэмдэг. 1.1-т заасан “Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгаа болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилсан анхааруулна: 1.3.а, 1.3.6 “Төмөр замын гарам” 1.3.а тэмдэг нь нэг төмөр замтай, 1.3.6 тэмдэг нь хоёр буюу түүнээс олон төмөр замтай огтлолцсон хаалтгүй гарам байгааг анхааруулна”, Хориглох тэмдэг 2.1-т заасан “Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөний тодорхой хязгаарлалт тогтоох буюу хязгаарлалтыг хүчингүй болгоно”, 2.4 <Ачааны автомашины хөдөлгөөн хориотой> -бүх жин нь 3.5 тонноос илүү буюу хэрэв тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү ачааны автомашин, мөн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно”, Дарааллын тэмдэг 3.1-т заасан “Дарааллын тэмдэг нь уулзвар, зорчих хэсгийн огтлолцол буюу замын нарийссан хэсгээр тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх дарааллыг тогтооно” 3.5 <Зогсохгүй явах хориотой> хөдөлгөөний зохицуулалтгүй үед <Зогс-шугам> тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 7.13 нэмэлт тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.5 тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам буюу замын зарим шаардлагатай хэсгийн өмнө байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд жолооч <Зогс-шугам> тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол уг тэмдгийг өмнө зогсол хийнэ” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Сайншанд-Зүүнбаян чиглэлд явж байсан М62УММ-005 дугаартай илчит тэрэгтэй мөргөлдөж зорчигч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн эзэмшлийн Футан /Futon/ маркийн 17-67 ЦАБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 77.235.000 /далан долоон сая хоёр зуун гучин таван мянга/-н төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тус тус холбогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас: Г.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотолно гэж заасан ба энэ нь хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд төдийгүй хохирогч, шүүгдэгч нарын эрх зүйн байдалд чухал ач холбогдолтой. Гэтэл хохирогч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд учирсан эд хөрөнгийн хохирлыг тогтоох ажиллагаа бүрэн, эргэлзээгүй хийгдээгүй байна. Хэргийн 115-122 дахь талд авагдсан М62УММ-005 илчит галт тэрэгт гарсан гэмтлийн үнэлгээ гэх баримтыг хохирогч байгууллага гаргаж, хэрэгт хавсаргуулахаар өгчээ. Тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай зөвшөөрөл бүхий хүн, хуулийн этгээдээр тогтоолгох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1-д, 27.1 дүгээр зүйлийн 1-д,  27.1 дүгээр зүйлийн 4-д, 27.4 дүгээр зүйлийн 1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг мөрдөн шалгах ажиллагаанд зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг нотлоогүй гэж үзэх үндэслэл болох төдийгүй мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогч нарын эдлэх эрх, үүргийг эдлүүлээгүй үндэслэл болно. Хэргийн 100-105 дахь талд авагдсан Ашид Билгүүн ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 497 дугаартай “Автомашины техникийн үнэлгээ”-ний тайлан хуульд заасан шаардлага хангахгүй байна. Тодруулбал, шинжээчийн 497 дүгнэлтэд дүгнэлт гаргасан шинжээч Ч.Ж гарын үсэг зураагүй, хэргийн холбогдогч этгээдээр танилцаж зөвшөөрсөн гэж гарын үсэг зуруулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, 27.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд гэж тус тус заасныг зөрчсөн үндэслэлд хамаарна.

            Яллах дүгнэлтэд хэрэг учрал болсон өдрийг 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гэж тодорхойлсон байх боловч Х.И2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан /1хх 77/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/-ыг тогтоох, шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч, талууд тухайн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар судлуулах боломжгүйд хүргэж байна. Түүнчлэн, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нарыг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоох ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 9, 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд хийсэн атлаа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тэдгээрээс иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар мэдүүлэг авах ажиллагааг явуулсан байна. Дээрх нөхцөл байдлууд нь хэргийг прокурорт буцаах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлд хамаарах бөгөөд үүнийг шүүхийн шатанд зөвтгөх, засах боломжгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганзоригийн Хад холбогдох эрүүгийн 2003004910464 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичлээ. Үүнд, шүүх шийдвэртээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотолно гэж заасан ба энэ нь хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд төдийгүй хохирогч, шүүгдэгч нарын эрх зүйн байдалд чухал ач холбогдолтой. Гэтэл хохирогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд учирсан эд хөрөнгийн хохирлыг тогтоох ажиллагаа бүрэн, эргэлзээгүй хийгдээгүй байна. /1хх 115-122/ авагдсан М62УММ-005 илчит галт тэрэгт гарсан гэмтлийн үнэлгээ гэх баримтыг хохирогч байгууллага гаргаж, хэрэгт хавсаргуулан өгчээ...” гэжээ. Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн Улаанбаатар зүтгүүрийн депогийн өмчлөлийн М62УММ-005 илчит галт тэрэг нь зах зээлд зарж, борлогддог бараа, бүтээгдэхүүн биш тул зам тээврийн ослын улмаас түүнд учирсан эвдрэл, гэмтлийг үнэлгээний байгууллага үнэлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.5-т ”үнэ цэнэ” гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг” гэж зааснаар үнэлгээний байгууллага нь тухайн хөрөнгийн зах зээлийн “өнөөдөр”-ийн /гэмт хэрэг гарсан өдрийн/ “зах зээлийн үнэ цэнэ”-ийг ижил төрлийн хөрөнгө, бараа, бүтээгдэхүүнтэй харьцуулан гаргаж тогтоодог. Иймд хохирсон байгууллагын өөрийнх нь эвдрэл гэмтлийг сэргээн засах, хохиролгүй болоход зарцуулагдах үнийн дүнгээр хохирлыг тооцсон болно. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЗ/404 дугаартай шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Гэмт хэрэг үйлдэгдээгүй байхад байцаалт авсан гэж харагдаж байгаа нь алдаа юм. 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн. Г.Х нь албан үүргээ гүйцэтгэж байсан. Хүний амь нас хохироогүйд их баярлаж байна. Осол болсны дараа Сайншанд хотод очиж Ашид билгүүн ХХК-аар автомашины үнэлгээг тогтоолгосон. Футон /Futon/ гэх автомашин нь төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор захиалгаар орж ирсэн. Үнэлгээ хийхдээ 79.565.000 төгрөгийн хохирол гарсан байна гэж үнэлсэн. Тухайн автомашин нь 135.000.000 төгрөгийн үнэтэй, 2020 онд үйлдвэрлэгдсэн. Үнэлгээг шүүгдэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн автомашиныг захиалгаар оруулж ирсэн компани нь уг үнэлгээнээс хамаагүй бага үнээр оруулж ирэх боломжтой гэдгээ хэлсэн. Үнэлгээ үндэслэлгүй, харьцуулсан судалгаа хийгээгүй байгаа учраас дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг “Ашид билгүүн” ХХК-д гаргасан. Уг компанийн захирал нь алдаатай үнэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2020 оны автомашин учраас харьцуулсан судалгаа хийх боломжгүй байсан, 3 шинжээч томилж дахин үнэлгээг хянаж дахин үнэлгээ хийх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ дахин үнэлгээ хийхэд мөрдөн байцаагчийн тогтоол шаардлагатай гэсэн учраас дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч прокуророос хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Г.Х нь хохирлоо төлье гэхээр хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байдал үүссэн учраас анхан шатны шүүхэд дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын эсэргүүцэл гэх нь хууль ёсны байна. /1хх 115-122/ авагдсан гэмтлийн үнэлгээ талаарх баримтын талаар маргадаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлсэн. Хэргийн 116 дугаар талд М62УММ-005 илчит тэрэгт хийсэн үнэлгээ авагдсан. Уг үнэлгээнд дурдагдсан зүйлс Монгол улсын зах зээлд зарагдаж байгаа учраас үнэлгээ хийх боломжтой. Мөн засварын хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, илчит галт тэрэгний сул зогсоолын төлбөрт нийт 8.662.820 төгрөгийн хохирлоос шууд хохирол нь 2.732.206 төгрөг байдаг. Уг үнэлгээг хэргийн оролцогч нарт танилцуулахдаа шинжээчийн дүгнэлт гэсэн байдлаар танилцуулсан нь хэргийн 123-126 дугаар талд авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасны дагуу тогтоол үйлдэж, хэргийн оролцогч нарт танилцуулах ёстой байсан. Шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээчин хараат бусаар үнэлгээ гаргах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлт гарах ёстой. Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол үнэлэгдэх, материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Дүгнэлтэд гарын үсэг зураагүй шинжээчийн шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй. Хохирлын үнэлгээ эрс тэс өөр гарч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Иймд хэргийг прокурорт буцааж, уг зөрчлийг арилгах шаардлагатай. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоохдоо албан бичгүүдийг байгууллагаас нь нөхөж авсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Г.Хад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт буй баримтуудаас үзэхэд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар төмөр замд учирсан эд хөрөнгийн хохирлыг дахин тогтоох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Учир нь, иргэний нэхэмжлэгч буюу Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар төмөр замаас нэхэмжилж байгаа хохирлын хүрээнд баримтаар М62УММ-005 илчит тэргэнд гаргасан гэмтэлд 8.662.820 төгрөг гарсныг /1хх 116-118/ шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлсөн болох нь “Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэг 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 28/85 дугаартай албан тоот”-оор тогтоогдож байх тул энэ талаар дахин шалгах шаардлагагүй.

 

Харин зэвсэгт хүчний 017 дугаар ангийн эзэмшлийн Футон /Futon/ маркийн 17-67 ЦАБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 77.235.000 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргасан “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 497 дугаартай үнэлгээ /1хх 101-102/ нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна. Хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба санал зөрсөн бол саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана. ...” гэж заажээ. Бүрэлдэхүүнтэй гаргасан үнэлгээ дээр мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж гэж гарын үсэг зуралгүйгээр тэмдэг даржээ. Хуульд зааснаар дүгнэлтэнд  шинжээч  гарын үсэг зурснаар баталгааждаг бөгөөд гарын үсэг зурагдаагүй дүгнэлтийг хуулийн шаардлага хангасан гэж үзэх үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 3 гэж дугаарласан “Яллах дүгнэлтэд хэрэг учрал болсон өдрийг 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гэж тодорхойлсон байх боловч Х.И2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан /1хх 77/ бөгөөд энэ зөрчлийг арилгуулах шаардлагатай.

 

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр  Б.Тыг  2020 оны 11 сарын 9-нд томилсон атлаа 2020 оны 10 сарын 26-ны өдөр мэдүүлэг авсан асуудал нь ойлгомжгүй байгаа тул шүүгчийн захирамжийн дээрх үндэслэлүүдийг тодруулах шаардлагатай.     

Иймд шүүгдэгч Г.Хад холбогдох хэргийг прокурорт буцаан нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 404 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Оюун-Эрдэнийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 404 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ

 

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МЯГМАРЖАВ

 

                                          ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ