| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/1209/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1377 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1377
2025 05 22 2025/ШЦТ/1377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч М.Нямжав,
Шүүгдэгч Н.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Р-д холбогдох эрүүгийн 25060279*** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** инженер мэргэжилтэй, ***** холбооны албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** оршин суух албан ёсны бүртгэл хаягтай боловч ***** тоотод түр оршин суух бүртгэл хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Н.Р /РД:**** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "***” зочид буудлын 301 тоот өрөөнд Э.Д-н биед халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Р нь”...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "***” зочид буудлын 301 тоот өрөөнд Э.Д-ийн биед халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов.
Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Миний дүү гэр бүл байхгүй ганц бие явж байгаад 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхдаа өвчний улмаас зүрхний архаг дутагдал оношоор нас барсан... 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш манай дүү над руу гар утсаар яриад би С захиралтай уулзах гэж очоод С захирлын найз намайг шалтгаангүй зодчихлоо гэж надад хэлсэн... Бидний зүгээс эмчилгээний зардал өгчихвөл гомдол санал байхгүй гэдгээ манай дүү Э.Д- нь өөрөө илэрхийлсэн Тэгээд С нь миний данс руу 1,500,000 төгрөг, манай дүүгийн данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2024 оны 08 дугаар сүүлээр талийгаач ** эмнэлэгт нүдээ үзүүлээд гайгүй гэж надад хэлсэн... Амь хохирогчийн ярьж байснаар С-н найз нь миний цээжин дээр өвдөглөж суугаад толгой шанаа хэрэг рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон гэж ярьж байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл, хохирлын зэрэг тогтоох шаардлагагүй учраас гомдол санал байхгүй тул шүүх хуралд оролцохгүй гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дугаар тал/,
Гэрч Ч.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо *** зочид буудалд найз Н.Р-ын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтаж байсан. Тэгэхэд манай ажлын газрын хүн болох Э.Д- над руу залгаад ярих юм байна гэхээр нь *** буудалд байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд Э.Д- нь 1 ширхэг Евок нэртэй архи аваад ороод ирсэн. Тэгээд караны талаар ярилцаж байгаад архиа ууж байгаад би унтаад өгсөн... Буудалд байхад зодолдохыг нь хараагүй яагаад гэвэл тасраад унтчихсан байсан. Сүүлд нь сонсоход Э.Д- надад хэлэхдээ чамайг унтаж байхад найз чинь намайг цохисон гэж надад хэлсэн. Н.Р надад хэлэхдээ Н.Р-ыг унтаж байхад Э.Д- алгадаж сэрээсэн тэгэхэд Н.Р Э.Д- нар хоорондоо зодолдсон гэж хэлж байсан. Н.Р , Э.Д-ийг надтай уулзах гэж ирснийг мэдээгүй...Э.Д-ийн эгч бид 3 хоорондоо ярилцаж байгаад тохиролцоод эмчилгээний зардал болох 2,000,000 төгрөгийг Э.Д-ийн эгч болох Х-ын эгчийн данс руу шилжүүлсэн, Э.Д- надад хэлэхдээ надад гомдол санал байхгүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8881 дугаартай "...1. Э.Д--н биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, баруун тохой, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дугаар тал/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Н.Р нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Н.Н.Р-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршгийн хувьд:
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүгдэгчээс ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн тусламж аваагүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Н.Р-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Р д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцлоо.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Р д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хохирогчийн хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Р-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Н.Н.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Р д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС