| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/01911/И |
| Дугаар | 101/ШШ2022/03454 |
| Огноо | 2022-08-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2022/03454
| 2022 оны 08 сарын09 өдөр | 101/ШШ2022/03454 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.С-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,904,199.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А С.М
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Н.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“И ББСБ” ХК нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр В23020030625 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 2,024,910 төгрөгийг, сарын 2.90 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “С И” ХХК-аас Samsung Note 10 загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүн “С И” ХХК-ийн Хаан банкны тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 1,139,011 төгрөг төлсөн ба 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.4, 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн манай байгууллага ковид-19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сар хүртэл нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүний авлагаас хөнгөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд зээлийн нөхцөл өөрчлөх боломж олгон, зээлийн төлөлтөд уян хатан хандан ажиллаж байгаа болно. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,404,699.00 төгрөг, төлөх ёстой хүү 474,992.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,507.59 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 1,904,199.46 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тиймээс дээрх төлбөр болох 1,904,199.46 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,417 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэв.
Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3, 4/, итгэмжлэл /хх-5/, нотариатчдын танхимын мөнгөний тасалбар /хх-6/, зээлийн гэрээ /хх-7-9/, зээлийн барьцааны гэрээ /хх-10/, зээлийн хүсэлт /хх-11-12/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-13/, бараа хүлээлгэн өгсөн акт /хх-14/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-15/, зээлийн дансны хуулга /хх-16/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь хариуцагч Ө.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,404,699 төгрөг, хүү 474,992.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,507.59 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 1,907,199.46 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүгчийн захирамжаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдэхэд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэн, нэхэмжлэлийн хувийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчид гардуулан, хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь хариуцагч Ө.Стэй 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр В23020030625 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 2,024,910 төгрөгийг, сарын 2.90 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэхээр, мөн өдөр С23020030625 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан Samsung Note 10 загварын гар утсыг барьцаалахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7-9, 10 дугаар хуудас/
Хариуцагч Ө.С нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д Samsung Note 10 загварын гар утсыг “С И” ХХК-аас хэрэглээний лизингээр худалдан авч байгаа тул зээлийн мөнгийг тус компанийн данс руу шилжүүлэх хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 14 дүгээр хуудасны ар тал/
Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан талаар маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь хариуцагч Ө.Сээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,139,011 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрөөс 620,611 төгрөг, хүүний төлбөрөөс 518,800 төгрөгийг хасаж тооцон, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр зээлийн гэрээний үүргийг дүгнэн үндсэн зээлийн үлдэгдэл 1,404,699 төгрөг, хүүний төлбөр 474,992.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,507.59 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт нийт 1,895,199.46 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Ө.Сайнбаяр нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн төлөлт болон зээлийн үлдэгдэл төлбөрийн асуудлаар тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж баримт ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан гарсан нотариатын зардал 9,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нотариатын үйлчилгээний төлбөр төлсөн 9,000 төгрөгийн баримтыг нэхэмжлэгч нотлох баримтаар ирүүлсэн боловч тухайн баримт нь хариуцагч Ө.Ст холбогдох нэхэмжлэлтэй холбоотой гарсан зардал болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нотариатын зардал 9,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн хариуцагч Ө.Сээс зээлийн гэрээний үүрэгт 1,895,199.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 45,273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Сээс зээлийн гэрээний үүрэгт 1,895,199.46 /нэг сая найман зуун ерэн таван мянга нэг зуун ерэн есөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000 /есөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 45,273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР