| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03189/И |
| Дугаар | 183/ШШ2021/02967 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2021/02967
| 2021 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2021/02967 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................ оршин суух Цагаандай овогт Чангаравын Нарантуяа /РД:............../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................... тоотод оршин суух Б овогт О-ийн С /РД:.........../-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 360.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н миний бие О.С-д 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 844.500 төгрөгийн хүүхдийн хувцас, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 990.000 төгрөгийн хүүхдийн комбинзон, эрэгтэй куртка зэрэг барааг борлуулахаар өгснөөс 360.000 төгрөгийн үлдэгдлийг өгөлгүй өнөөг хүрлээ. Бараагаар нь авъя гэхээр байхгүй гэдэг. Иймээс хариуцагч О.С-с уг мөнгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч О.С-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 360.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзлээ.
Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, хариуцагч О.С нь нэхэмжлэгч Ч.Н-гаас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 844.500 төгрөгийн хүүхдийн хувцас, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 990.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн комбинзон, эрэгтэй куртка зэрэг барааг худалдан авч, борлуулсны дараа мөнгийг өгөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, бараа хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тусгайлан заагаагүй тул хэлцлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.
Талууд бараа, бүтээгдэхүүнийг зээлээр буюу борлуулалт хийгдсэний дараа төлөх нөхцөлтэйгээр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлнө гэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа боловч гэрээний гол нөхцөлд хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч О.С-д хэлэлцэн тохиролцсон бараагаа хүлээлгэн өгсөн байх тул биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүргийг гүйцэтгэсэнд тооцно.
Хариуцагч О.Снь аар худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй боловч худалдан авсан барааны төлбөрөөс 360.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч О.С-ээс худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 360.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Н-д олгох нь зүйтэй.
Нөгөөтэйгөөр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 11.450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.С-нээс 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Н-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 11.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.