| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/0955/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1376 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1376
2025 05 22 2025/ШЦТ/1376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Б.Өнөбат,
Гэрч Б.Л ,
Шүүгдэгч Г.И түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.И д холбогдох эрүүгийн 2409012500*** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5 /эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг/, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.И /РД:****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.И нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ө.Б тай "...Б.Л гийн цүнхтэй хувцас буулгаж оруулсангүй..." гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохих, газарт унагах зэрэг идэвхтэй үйлдлээр зодож эрүүл мэндэд нь зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн чихний дэлбэн, баруун дал, бугалга, шуу, бүсэлхийд зулгаралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.И нь “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ө.Б тай "...Б.Л гийн цүнхтэй хувцас буулгаж оруулсангүй..." гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохих, газарт унагах зэрэг идэвхтэй үйлдлээр зодож эрүүл мэндэд нь зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн чихний дэлбэн, баруун дал, бугалга, шуу, бүсэлхийд зулгаралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 17 ху),
Хохирогч Ө.Б ын "... Тухайн өдөр би ажлаа тараад бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гэртээ харьсан. Гэртээ ирсэн чин хамтран амьдрагч Б.Л томилолтоосоо ирчихсэн байсан. Тэгээд жолоочийг нь би "чи цүнхтэй хувцсыг нь буулгаад өгчих" гэсэн чин "би яахаараа буулгадаг юм. Чи өөрөө буулга" гээд намайг түлхчихсэн. Би шалбааг нь дээр уначихсан. Миний дээр гараад намайг хэд, хэд цохисон. Би согтуу байсан болохоор тэр хүний гарын аясаар нааш, цааш болоод байсан. Гадуур өмссөн хувцас битүү шавар, шавхай болчихсон байсан. Тэгээд тэр хүнийг зугтаах гэхээр нь би машиных нь толь руу өшиглөчихсөн. Тэгээд би цагдаа дуудсан...... Цүнх буулгах, цуг явсан хүнээ бүрэн бүтэн оруулж өг гэх зүйлээс л болсон. Тэр жолооч намайг согтуу байна гээд манай хамтран амьдрагчийг аваад буцаад явах гэж байсан. Бага зэргийн хардалтаас болсон... ..Хамтран амьдрагчтай хамт томилолтоор явсан жолооч, намайг түлхэж унагаагаад хэд, хэд цохисон. Одоо миний биеийг хаана яаж цохисныг санахгүй байна. Миний зүүн мөр нэлээн зовуурьтай байгаад имрай зураг авхуулахад зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн хариу гарч байсан..." гэх мэдүүлэг, (хх-ийн 31-32 ху),
Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47*** дугаартай “...1. Ө.Б ын биед зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн чихний дэлбэн, баруун дал, бугалга, шуу, бүсэлхийд зулгаралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги
алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, (хх-ийн 26-27 ху),
Гэрч Б.Л гийн “...Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнийн 02 цагийн би *** аймгаас О, Д мэдүүлэг өгөх боломжгүй/, жолооч Г.И бид 4 хамт Улаанбаатар хотод ирээд эхлээд О-ын буулгаад дараа нь Д-ийг гэрт буулгаад хамгийн сүүлд би буухаар болоод Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны үүдэнд ирэхэд Ө.Б ганцаараа гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн намайг хүлээж байсан. Тэгээд би тээврийн хэрэгслээс буугаад өөрийн эд зүйл болон ажлын багаж хэрэгслээ буулгаад байж байтал Ө.Б ирэхээр нь би зөөгөөд гэр лүү оруулчих гэхэд Ө.Б жолоочоороо зөөлгөөд ооруулчихлаа гэхэд жолооч уурлаад би яахаараа оруулдаг юм гэхэд чи жолооч юм байгаа биз дээ гэхээр нь би жолоочид буцаад эд зүйлсийг аччихаа би ээжийндээ очлоо гэхэд Ө.Б үгүй ээ би чамайг явуулахгүй гээд зууралдаж байхад жолооч ирээд намайг салгах үед Ө.Б чи яагаад өмөөрөөд байгаа юм гэхэд жолооч шууд Ө.Б ын нүүр хэсэг рүү цохиход газарт унагаад дахиад цохиж эхэлсэн. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад дахин зодолдож эхлээд нэгнийгээ хөөгөөд явж байгаад Ө.Б жолоочийн унаж явсан тээврийн хэрэгслийн толийг нь эвдэхээр нь би цагдаагийн байгууллагат хандсан... ... тухайн жолооч Г.И нь Ө.Б ыг газарт унагаад нүүр лүү нь олон удаа цохиод, толгойгоор нь юм мөргүүлээд, грашны хашилтын дээр зандалцаж байгаад доош унагасан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 36 ху),
Гэрч Г.О-ын “...Миний бие 2024 оны 04 сарын 06-ны шөнийн 02 цагийн үед **** аймгаас Б.Л , Д-, жолооч Г.И гийн хамт Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд эхлээд **** аймагт Д-ийг М гэх нэртэй амралтын газарт буулгаад дараа намайг Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид хороололд гэртээ буусан. Тэгээд дараа жолооч Г.И гийн хамт Б.Л явсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед Б.Л над руу залгаад нөгөө жолооч Б-ыг аймар зодчихлоо би гэр лүүгээ томилолтын хэрэгслүүдийг авч орох боломжгүй болчихлоо чам руу жолоочоор явууллаа шүү гэхээр нь за гээд байж байтал жолооч над руу залгаад ирчихлээ гэсэн тэгээд би доош В1 давхарт байрлах граж руу буугаад жолоочтой уулзахад Б.Л гийн найзтай хэл амаар муудалцаад зодоон болчихлоо миний машиныг эвдчихлээ гэхээр очоод хойноос хартал зүүн талын толины ард талын хар хэсэг нь салаад унасан байсан. Тэгээд жолооч хойд хаалгаа онгойлгоод миний машин руу өдөрлөгийн хэрэгсэл гар утсыг ачиж өгөөд явсан... Тэгээд дараа нь Б.Л тэй ажил дээрээ уулзахад тэр жолооч зүрхний хийтэй юм байна лээ Б-тай миний авч явж байгаа эд зүйлсийг оруулах талаараа ярилцаад маргаан үүссэн. Тэгээд хоорондоо маргалдаад жолооч Б-ын хашаанд нүүрийг нь наагаад чирээд граш руу ордог хаалга руу өнхрөлдөөд Б-ыг дээр гарчхаад цохиод байсан гэж надад Б.Л хэлсэн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 38 ху),
Хохирогч Ө.Б ын “...Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 02 цагийн үед хамтран амьдрагч Б.Л ирэхэд би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд сууж ирсэн тээврийн хэрэгсэл баруун тал руу хараад зогсон. Тэгээд би жолоочтой муудалцаад зодуулсан. Тэгээд би хөдлөх үед нь жолооч талын толь хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би сайн санахгүй байна. Ямар ноцолдож зодолдсоноо санаж байгаа...... Би тухайн 24-54 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багаж хэсэгт очсон зүйл байхгүй. Би жолоочийн эсрэг талд жолоочтой муудалцсан. Би тухайн толиноос өөр зүйлд халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 70 ху),
Гэрч Б.Л гийн дахин өгсөн “...Тухайн үед Ө.Б болон Г.И нар нь машины цаана ороод хоорондоо зодолдоод маргалдаад байсан. Тэгээд намайг жолооч талын толины гадна хэсэг нь унацан байсан. Тэгээд би Ө.Б ыг салгаад аваад ороход Г.И өөрөө аваад толины гадна хэсгээ аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагын алба хаагч нар бид нарыг хэлтэс дээр авч ирээд Г.И гийн тээврийн хэрэгслийг үзэхэд толины гадна талаас өөр эвдрэл гэмтлийн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 72 ху) зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.И нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас насанд хүрээгүй хохирогч З.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Г.И г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршгийн хувьд:
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлжээ.
Харин хохирогч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд 250.000 төгрөгийн хохирол учирчээ.
Иймд шүүгдэгч Г.И гаас 250.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.И г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.И г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.И д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргасан боловч үүнийг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд дээрх хэрэгт шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.И г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.И гаас 250.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.И д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС