2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1386

 

 

 

         

    2025         05          23                                                 2025/ШЦТ/1386

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Шүүгдэгч: М.Б , түүний өмгөөлөгч Л.Нямцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 251100000***** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 1,  ****** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  М.Б /****** /.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь 2025 оны 02 дугаар сарын 11- ний өдөр ****  тоотод Э.Б-н эрх, эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас түүний биед дээд уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь “...2025 оны 02 дугаар сарын 11- ний өдөр ****  тоотод Э.Б-н гийн эрх, эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас түүний биед дээд уруул няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,

Хохирогч Э.Б-н гийн "...2025 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 19 цагийн үед найз Б  бид хоёр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гялгар захын ойролцоо байх Б ын нийтийн байранд бид хоёр 0,5-н багтаамжтай архи хувааж уусан бөгөөд тэндээсээ гараад бид хоёр С гэх найзын гэр болох 17 гоос дээшээ өгсөөд хаягийг нь сайн мэдэхгүй байна гэрт нь очиж С-н аваад бид гурав ** хоёр захын хажуу талын цайны газар орсон. Бид гурав замаараа тухайн архиа хувааж уусан ба Б  бид хоёр С-гаас салаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 2-15 тоотод байрлах Б ын нийтийн байрны нэг давхарт номергүй хаалгатай өрөөнд гэрт ирсэн ирэх замаараа 0,5-н хараа нэртэй архи аваад ирсэн юм. Тухайн архинаасаа хэд хэд татаад унтахаар болоод Б  газар надад ор засч өгөхлөөр нь хэвтэх гэсэн чинь дэвсгэр даавуунаас нь муухай үнэр үнэртээд байхаар нь Б ын хэвтэж байсан орон дээр гараад хажуугаар ороод хэвтчэе гэтэл намайг газар унт гээд миний мөрлүү түлхээд газар унагаачихсан. Тэгээд Б  босж ирээд миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд би цагдаагийн 102 дугаар луу дуудлага өгсөөд удаагүй цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0725/32** дугаартай “...Э.Б-гийн биед дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөт эдэлсэн талаарх лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч М.Б  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Э.Б-н гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол хор уршгийн хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-н гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгчээс 200.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч баримтаар гаргаж өгөөгүй, харин хохирогч нь эрүүл мэндийн тусламж авч Эрүүл мэндийн даатгалын санд 246.300 төгрөгийн хохирол учиржээ.

Мөн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 200.000 төгрөгийг л нэхэмжилнэ, өөр гомдол саналгүй талаар дурдсан байх тул сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэсгүй байна гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч М.Б аас 246.300 трөгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч М.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б аас 246.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

            5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТҮВШИНТӨГС