| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/00925/И |
| Дугаар | 181/ШШ2022/01730 |
| Огноо | 2022-08-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2022/01730
| 2022 08 05 |
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,105,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 34,105,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Х ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цогт цэций суурьшлын бүсэд шатахуун түгээх, худалдах үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанитай П ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 03/23 дугаартай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Х ХХК-ийн зүгээс П ХХК-ийн ачаа тээврийн автомашинд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлэх, П ХХК-ийн зүгээс гэрээний хавсралт 1-д заасан шатахууныг, нэгж үнээр төлбөрийг гэрээний 4.3 дахь хэсэгт заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Уг гэрээний дагуу П ХХК-ийн худалдаж авсан шатахууны нийт төлбөр 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 585,159,700 төгрөгийн төлбөр үүссэн.
Худалдан авагч П ХХК-ийн зүгээс өр төлбөрөө цаг тухайд нь төлөх идэвхи, чармайлт гаргаагүйгээс хугацаа хэтэрсэн хоног тутмын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги бодогдож явсаар нийт 104,850,504 төгрөг болсон. Талууд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлж гэрээний үлдэгдэл төлбөр 55,916,950 төгрөг, нийт алданги 104,850,504 төгрөг болсон бөгөөд үүнийг талууд бууруулж 53,000,000 төгрөг болгож, мөн тээврийн хөлсөнд 3,188,500 төгрөгийг тооцож нийт 112,105,450 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Хоёр тал эхний хугацаанд уулзаад ийм төлбөрүүд байна гэж тохиролцоод манай талаас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх албан бичиг бэлдээд гарын үсгээ зураад явуулсан. П ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр манай байгууллага руу гарын үсэг зураад, тамга дараад өөрийн имейлээр ирүүлсэн. Одоо энэ баримтаа манай талыг дарамталж зуруулсан гэж тайлбарладаг. Хэрэв дарамтлаад зуруулсан гэж байгаа бол уг баримт нь манай байгууллагад бичгээр байх ёстой. Гэтэл эсрэгээрээ манай талаас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр цахим шуудангаар явуулаад 9 дүгээр сарын 11-ний өдөр имейл ирсэн. Дарамталж зуруулсан гэж байгаа бол яагаад манайх руу цахим шуудангаар явуулсан бэ? Гэтэл бүхэл бүтэн байгууллагын гүйцэтгэх захирал нягтлантайгаа нийлээд уг тооцоог гаргаад үлдэгдэл төлбөр дээр тооцоо нийлчихээд манай байгууллагыг дарамталж зуруулсан гэж тайлбарлаж болохгүй. Тооцоо нийлсэн актаар нийт үлдэгдэл 112,105,450 төгрөг байна гээд тохиролцсон. Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 78,000,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа 34,105,450 төгрөгийн үлдэгдэл үлдэж байгаа.
Хариуцагч талаас уг тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр эсэх асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн ковидын нөхцөл байдал үүсээд хохирсон гэж тайлбарладаг. Давагдашгүй хүчин зүйл учирсан гэдгийг тогтоож байгаа байгууллага нь Худалдаа аж үйлдвэрийн танхим. Үнэхээр ковидын нөхцөл байдлаас болоод хариуцагч байгууллагын үйл ажиллагаа доголдсон гэдгийг нотолсон баримт байхгүй. Б ХХК-ийн албан бичиг нь хариуцагчийг давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэдгийг нотлох бичиг биш.
Иймд 34,105,450 төгрөгийн төлбөртэй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа тул П ХХК-иас үлдэгдэл 34,105,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч П ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус байгууллагаас шаардаж байгаа 34,105,450 төгрөг нь үндсэн гэрээний төлбөрөөс биш алдангид дүйцүүлсэн үнийн дүнг гэрээний үүрэгт гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Манай байгууллага 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 581,971,200 төгрөгийн үнэ бүхий 329,490 литр түлш худалдан авсан. Нэхэмжлэгч талтай түлш худалдаж авах гэрээ байгуулснаас хойш манай тал дансаар болон түлшээр төлбөрийг хааж эхэлсэн. Үүнийг нотлох баримт буюу бэлэн мөнгөөр 5 удаагийн гүйлгээний банкны шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтын шаардлагыг хангахуйцаар хэрэгт хавсаргасан байгаа. Нийт 208,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, 6 дугаар сарын 03-ны өдөр, 6 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр, 8 дугаар сарын 02-ны өдөр, 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд нийт 404,054,250 төгрөгийн түлш нийлүүлсэн. Хамгийн сүүлд манай байгууллага 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 78,000,000 төгрөгийн түлш нийлүүлээд талуудын тооцоо нийлсэн үлдэгдэл болох 55,916,950 төгрөг гэх албан бичгийг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрсөн. 55,916,950 төгрөгөөс 78,000,000 төгрөгийн түлш шилжүүлсэн байхад манай байгууллага нийтдээ 23,083,050 төгрөгийн илүү төлөлт буюу илүү түлшийг нийлүүлж төлбөрийн үлдэгдлийг хаасан.
Үндсэн төлбөрөө төлчихөөд үлдэгдэлд нь 23,083,050 төгрөгөө алданги гэж дүйцүүлээд өгсөн. Манай байгууллагын захирал нэхэмжлэгч талын өрийг дуусгалаа гээд маш яаралтай хадгалж байсан түлшээсээ нэхэмжлэгч талд өгтөл шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хэн хэн нь ковидын үед, нөхцөл байдал хүндрэлтэй үед адилхан тухайн тээвэр болон хил гааль хаалттай үед ийм хүнд тээвэрлэлт хийдэг байгууллага байж аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжийнхээ ажил орлогыг дэмжихгүй, гэрээгээр дарамт шахалтаар, албан тоотоор алданги төл, төлөхгүй бол цуцална гэж сүрдүүлж, 2, 3 залуучууд орж ирж гарын үсэг зуруулсан. Энэ баримт нь өөрсдийнх нь гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй, алданги төлнө гэх П ХХК-ийн захирлын гарын үсэг байхгүй байхад алдангид 34,105,450 төгрөг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн гэрээгээр болон тооцоо нийлсэн үйл баримт дээр тээврийн зардал 3,188,500 төгрөг төлнө гэж тохиролцсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин алданги гэж 78,000,000 төгрөгийн үлдэгдэл 23,083,000 төгрөгийн түлш илүү нийлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно гэж үзэж байна.
Өнөөдөр үүрэг гүйцэтгэгчийн буруугаас буюу бид нарын буруутай үйл ажиллагаанаас болоогүй, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотой гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хугацаа алдсан зүйл байгаа. Энэ нь дан ганц ковидоос болоогүй. Өөр бусад хүчин зүйл байгаа. Үүнийг нотлох гэж хавтаст хэрэгт Б ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга н.Б гаргасан дүгнэлтийг хавсаргасан. Үүнд ковид цар тахлын үндсэн дээр бүх үйлчилгээг зогсоосон буюу тээвэр үйлчилгээ, экспорт, уртын тээвэр зогссон гэдэг нь нотлогдоно. Үүгээр манай байгууллагад давагдашгүй хүчин зүйл учирсан гэдгийг нотолж байна гэж үзэж байна.
Мөн нотлох баримт шинжлэн судлахад бэлэн мөнгө, болон түлшний төлбөрийг тооцоолж үзэхэд 8,000,000 төгрөгийн баримт нь Ц.М-ын эзэмшлийн харилцах Хаан банк ХХК дахь дансанд шилжүүлсэн гэдэг. Хариуцагч байгууллагын Х.Б-н тайлбараар Энхбат, Мөнхбаяр нарын хамт оффис дээр ирж сэтгэлзүйн дарамт үзүүлж, сүрийг үзүүлж яг одоо зураад өг гэсээр өндөр алдангитай тооцоо нийлсэн акт зуруулж авсан нь харагдаж байна. Иймд тухайн 8,000,000 төгрөг Х ХХК-ийн удирдлагын дансанд орсон гэдэг нь тогтоогдлоо. Манай байгууллагаас нийт 604,054,250 төгрөгийг бэлэн мөнгөөр болон түлшээр төлсөн байна. 581,971,200 төгрөгийг буюу үндсэн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хасаад үзвэл 23,083,050 төгрөг буюу илүү төлөлт төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн манай байгууллага 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 78,000,000 төгрөг төлснөөрөө үлдэгдэл төлбөр болох 55,916,950 төгрөгийг хасаад үзэхэд 23,083,050 төгрөгийг алдангид дүйцүүлээд төлж байгаа, хасахад татгалзах зүйлгүй гээд нэхэмжлэгч тал тайлбарласан.
Алдангийн хувьд хэт их алдангийг талуудын тооцоо нийлсэн актад тусгаад дарамталж гарын үсэг зуруулчихаад төлөх ёстой гэж шаардлага гаргаж байгаа. Мөн ганц баримт үндэслэж шаардаж байгаа нь учир дутагдалтай байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад манай тал гэрээний үндсэн төлбөрийг биелүүлсэн байна, үндсэн төлбөрт илүү төлсөн төлбөрийг алдангид дүйцүүлэн төлсөн гэх нөхцөл байдал ийм байдлаар төлөгдсөн байна гэдэг нь нотлогдож байна. Нотлох баримтаар үнэлэгдэхгүй баримтыг үндэслэж шийдвэр гаргах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байгаагаас гадна тус гэрээний үүрэгт биш алдангид тооцож шаардаж байна гэдэг нь тогтоогдчихлоо гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 328,480 төгрөг төлсөн баримт, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шатахууныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Х ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/15 тоот албан бичиг, Тооцооны үлдэгдлийн баталгаа, П ХХК-ийн түлшний тооцоо зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар итгэмжлэл, П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шатахууны зарлагын баримт, П ХХК-ийн Голомт банкны 3675100399 тоот дансны хуулга, Баян зам тээвэрчдийн холбооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар албан даалгавар, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар Журам батлах тухай тогтоол, Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар тушаал, Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаал, Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохицуулах түр журам, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 386 дугаар Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоол, П ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Шүүхийн журмаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Х ХХК-ийн [email protected] и-мейл хаягт П ХХК-ийн захирал Б-ийн [email protected] и-мейл хаягаас ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 07, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн и-мейлд үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Хаан банк ХХК-иас 50 тоот, 50 тоот данс эзэмшигчийн лавлагааг гаргуулсан. П ХХК-иас 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн магадлагааны эх хувийг, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01/79 тоот хүсэлт гаргах тухай албан бичгийн эх хувийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Х ХХК нь П ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 03/23 дугаартай шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Талууд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлж гэрээний үлдэгдэл төлбөр 55,916,950 төгрөг, нийт алданги 104,850,504 төгрөг болсон бөгөөд үүнийг талууд бууруулж 53,000,000 төгрөг болгож, мөн тээврийн хөлсөнд 3,188,500 төгрөгийг тооцож нийт 112,105,450 төгрөгийн өр төлбөр үүссэн. Тооцоо нийлснээс хойш хариуцагч П ХХК нь 78,000,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн тул одоо үлдэх 34,105,450 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: П ХХК-ийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүргээ биелүүлж дууссан бөгөөд 23,083,050 төгрөгийн илүү төлөлттэй байгаа. Мөн гэрээгээр болон тооцоо нийлсэн актаар тээврийн зардал 3,188,500 төгрөг төлнө гэж тохиролцоогүй. Тооцоо нийлсэн актад хүч хэрэглэж гарын үсэг зуруулсан. Алданги төлөхөөр тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №03/23 тоот Шатахууныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу Х ХХК нь худалдан авагч П ХХК-д 1 литр дизель түлшийг 1900 төгрөгөөр нийлүүлэх, худалдан авагч тухайн сард хүлээн авсан дизель түлшний үнийг 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдөрт шатахууны үнийг бэлнээр буюу дансаар төлөхөөр, дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх4-8/
Талуудын дээрх тохиролцооноос дүгнэвэл гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн үнэ нэмэгдсэн байх зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол шинжийг агуулаагүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний дагуу Х ХХК нь 585,159,700 төгрөгийн үнэтэй 329,490 литр дизель түлшийг П ХХК-д нийлүүлсэнтэй хариуцагч тал маргаагүй.
Гэрээний зүйлийг шилжүүлэн авсан худалдан авагч тал гэрээгээр тохиролцсоны дагуу үнийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.
Хариуцагч П ХХК нь дээрх төлбөрөөс 200,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 404,054,250 төгрөгийг түлшээр төлж барагдуулсан болох нь талуудын маргаагүй тайлбар болон хэрэгт авагдсан П ХХК-ийн түлш тооцоо гэх баримт, П ХХК-ийн Голомт банкны 3 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх13,59-63/
Талууд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж П ХХК нь 112,105,450 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ. Уг тооцоо нийлсэн актад үндсэн төлбөр 55,916,950 төгрөг, алданги 53,000,000 төгрөг, тээврийн хөлс 3,188,500 төгрөгийн үлдэгдэлтэй талаар харилцан тохиролцсон байна. /хх10,52/
Хариуцагч П ХХК-иас дээрх тооцоо нийлсэн актаас хойш буюу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 40,000 литр 78,000,000 төгрөгийн түлшийг Х ХХК-д төлсөн болох нь талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч талаас 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 50 тоот дансанд Tulshnii une Z гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг дээрх гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д Худалдан авагч нь төлбөрийн бэлэн бусаар төлөх тохиолдолд худалдагчийн Хүлэггранд ХХК-ийн Хаан банкны 50, Голомт банкны 11 дансанд шилжүүлнэ гэж заасан, 50 тоот дансыг Ц гэх хүн эзэмшдэг болох нь Хаан банкны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29/4129 дүгээр албан бичгээр тогтоогдсон тул дээрх гэрээний үүрэгт төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Мөнхбаяр нь Х ХХК-ийн удирдлага, хамааралтай этгээд гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
5. Талууд гэрээний 5.1 дэх заалтаар Худалдан авагч тал шатахууны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна.
Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч тохирсон хэмжээгээр хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй.
Хариуцагч П ХХК-иас алданги төлөхөөр тохиролцоогүй, уг тооцоо нийлсэн актыг хүч хэрэглэж гарын үсэг зуруулсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Түүнчлэн, талуудын тооцоо нийлснээс хойш П ХХК-иас Хүлэг гранд ХХК-д хүргүүлж байсан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/89 тоот албан бичигт Манай компани 2020 оны 10 дугаар сарын 30 гэхэд төлж дуусгахаар төлөвлөсөн №03/23 тоот гэрээний үндсэн төлбөр 55,916,950 төгрөг, алданги 53,000,000 төгрөгийн төлбөрийг тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаад хүлцэл өчье. Та бүхнийг нөхцөл байдлыг ойлгон 11 дүгээр сарын 30 хүртэл хүлээхийг хичээнгүйлэн хүсье гэж дурдсанаас үзэхэд талуудыг 53,000,000 төгрөгийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэв.
Иймд хариуцагчийн төлвөл зохих үүргийн хэмжээг тооцоо нийлсэн акт, төлсөн мөнгөн дүн зэрэгтэй харьцуулан тооцоход 59,105,450 /585,159,700-526,054,250/ төгрөгийн үлдэгдэлтэй боловч тооцоо нийлсэн актаар түлшний төлбөрийн үлдэгдэл 55,916,950 төгрөг, алданги 53,000,000 төгрөг гэж талууд харилцан тохиролцсон тул энэ хэмжээгээр тооцож, тооцоо нийлснээс хойш төлсөн 78,000,000 төгрөгийг хасч 30,916,950 төгрөг /55,916,950+53,000,000-78,000,000/-ийг төлөх үүрэгтэй байна.
Харин талуудын хооронд байгуулсан Шатахууныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд тээврийн хөлсийг хариуцагч П ХХК төлөхөөр харилцан тохиролцоогүй, хэрэгт тээврийн хөлсөнд 3,188,500 төгрөг төлсөн талаар баримт авагдаагүй байх тул тээврийн хөлс 3,188,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч Ковид-19 цар тахлын улмаас тухайн байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, мөн энэ нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч байгууллагад хандаж байсан талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Дээрх үндэслэлээр хариуцагч П ХХК-иас 30,916,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,188,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 312,535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан П ХХК-иас 30,916,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,188,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ